Ангараг гараг дээр их хэмжээний мөсөн тунадас илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

"ЭкзоМарс-TGO" сансрын аппарат Ангараг гарагийн Маринер хөндийд байрладаг гүн хавцалд их хэмжээний мөсөн тунадас илрүүлсэн тухай шинжлэх ухааны “Icarus” сэтгүүлд бичжээ.

“TGO” аппарат олон метр зузаан тоос, шороонд хучигдсан Ангарагийн усны “баян булгийг” эрэн хайж, судлах зориулалттай. Тус аппаратад суурилуулсан “FREND” төхөөрөмж Маринер хөндийн хавцалд 40 хувь нь мөсөөр бүрхэгдсэн хэсэг газар илрүүлсэн гэж Орос, Нидерландын хамтарсан судалгааны багийн ахлагч, Оросын шинжлэх ухааны академийн Цөмийн палеонтологийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Игорь Митрофанов тодруулжээ.

Маринер хөндий нь Улаан нүдэн гарагийн өмнөд тал дахь хавцлын асар том систем юм. Хөндийг 1970-аад оны эхээр АНУ-ын “Mariner-9” сансрын аппарат нээсэн түүхтэй. Эрдэмтдийн тооцоолсноор, хавцлын системийн урт нь 4.5 мянган км, гүн нь 11 км гэнэ. Өөрөөр хэлбэл Маринер хөндий нь манай нарны аймгийн хамгийн том хавцал юм.

Эрдэмтэд олон жилийн өмнөөс энэхүү хавцлын харанхуй булан, тохойд их хэмжээний мөс байгаа гэж таамаглаж байжээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл мөсний ул мөрийг илрүүлж чадаагүй байна.

Митрофанов тэргүүтэй эрдэмтэд 2018-2021 онд “FREND” төхөөрөмжөөс Маринер хөндий дээгүүр нисэх үеэр ирүүлсэн мэдээллийг задлан шинжилжээ. Үүний дүнд гараг судлаачдын “Candor Chaos” хэмээн нэрлэдэг хавцлын төв хэсэгт их хэмжээний мөс нуугдаж буйг илрүүлсэн байна. “Candor Chaos”-ын гадаргуу доорх тунадас дахь усны хэмжээ дор хаяж 40 хувьтай болохыг одон орон судлаачид тооцоолжээ. Өөрөөр хэлбэл тус газар ус нь ямар нэгэн эрдэс дотор бус цэвэр мөс хэлбэрээр байгаа аж. Тиймээс Маринер хөндийн энэ хэсэг нь Ангараг гарагийг судлах ирээдүйн судалгааны сонирхол татсан объект гэж эрдэмтэд үзэж байна.

Ангараг гарагийн энэ хэсэгт мөсөн тунадас ууршилгүй тогтвортой оршсоор байгаа нь Маринер хөндийн уур амьсгал, геологийн онцгой нөхцөл байдал эсвэл энэ газрын усны нөөц байнга тэтгэгдэж байдгийг илтгэж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top