Омикрон хувилбар нь КОВИД-19-ийн анхны болон Дельта хувилбараас 70 дахин хурдан үрждэг нь Хонконгийн их сургуулийн багийнхны хийсэн судалгаагаар тогтоогджээ. Судалгааг удирдсан Майкл Чан Чи-вай “Хэдийгээр Омикрон маш хурдан үрждэг ч хүний дархлааны хариу урвал болон дархлааны систем хэр тогтвортой байгаагаас их зүйл шалтгаална.
Хэдийгээр Омикрон өөрөө эмгэг төрүүлэгч бага боловч хүнд өвчтэй хүн халдварласан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй. Тиймээс Омикрон маш аюултай байх магадлалтай" гэжээ.
Луизианагийн их сургуулийн микробиологи, дархлаа судлалын дэд профессор Жереми Камил “24 цагийн турш ажиглаж үзэхэд гуурсан хоолойд буй Омикрон хувилбар нь Дельта болон анхны хувилбараас дунджаар 70 дахин хурдан үржиж байсан. Гуурсан хоолой нь амьсгалын дээд замын эрхтэн биш ч гэсэн илүү их вирус тарааж, халдварыг илүү амархан дамжуулахад хүргэдэг” гэжээ. Коронавирусний шинэ хувилбар болох Омикрон маш хурдтайгаар тархаж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цар тахалтай тэмцэх тусгай төлөөлөгч Дэвид Набарро анхааруулсан.
Тэрбээр мөн уг хувилбар нэн хурдтай тархаж, хоёроос гурван өдөрт л тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байгааг онцолжээ. Түүний үзэж буйгаар ийнхүү хурдтай тархаж буй нь ноцтой аюулд хүргэж болзошгүй гэнэ. Хэдийгээр омикрон халдвартай холбоотой нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг мэдэхгүй байгаа ч өөрийнх нь зөвлөгөөг дагахыг Набарро уриалсан байна. Анх Өмнөд Африкт өнгөрсөн сард илэрч байсан Омикрон хувилбар дэлхийн 80 орчим оронд бүртгэгдсэн юм.
Дельта хувилбараас ялгаатай нь энэ штаммын халдварын үед сульдах, пульс нэмэгдэх, хоолой эрвэгнэх, булчингаар өвдөх, хуурай боловч багахан ханиах шинж тэмдэг илэрдэг байна.
Коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр албадах арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна. Дэлхийн олон оронд вакцин тариулаагүй хүмүүсийг торгох, зорчих эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа бол Бельгид вакцин тариулаагүй хүмүүс халдвар авсан тохиолдолд эмчлэхээс татгалзсан тохиолдол нэг бус удаа гарчээ. Энэ улсад нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчилж байгаа аж.
Тиймдээ ч энгийн нэг эмийн санд ч нэмэлт тун тариулах боломжийг бүрдүүлжээ. Хэдийгээр Бельгид вакцин эсэргүүцэгчид долоо хоног бүр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа ч ихэнх хүмүүс вакцин тариулаагүй хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )