ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ши Жиньпинтэй цахим уулзалт хийж, АНУ-ын санаачилгаар зохион байгуулсан ардчилсан орнуудын дээд хэмжээний уулзалт буюу AUKUS-ын талаар хэлэлцэж, НАТО цэргийн хүчээ зүүн зүгт өргөжүүлж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүн мөн "Сибирийн хүч-2" төслийн талаар ярилцсан тухай онцолжээ. "Сибирийн хүч-2" жилд 50 тэрбум шоо дөрвөлжин метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай, Монголоор дамжин өнгөрөх мега төсөл юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахимаар уулзсанаас ердөө нэг өдрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Кремльд хүлээн авч уулзан, “Сибирийн хүч-2” төслийн ахиц дэвшлийн талаар мөн ярилцав. Үүний дараа ОХУ-ын төрийн тэргүүн сэтгүүлчдэд хийн хоолойн хамгийн оновчтой маршрут болон бусад үзүүлэлт аль хэдийн тодорхой болсон бөгөөд ойрын хэдэн долоо хоногт ТЭЗҮ-ийг нь хийж дуусгана гэдгийг мөн тодотгосон байна.
Удаан хүлээгдэж буй хийн хоолой ашиглалтад орсноор энэ жил эрчим хүчний хомсдолд орсон Хятадад нийлүүлэх Оросын байгалийн хийн экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд зогсохгүй Москвагийн Европын зах зээлээс хараат байдлыг бууруулахаас гадна АНУ-ын байлдааны хөлөг онгоцнуудын хяналтад байдаг далайн замаас Бээжин хараат бус болох юм. Шиамэний их сургуулийн Хятадын эрчим хүчний бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Лин Боцян "Давуу тал нь маш тодорхой. Орост эрчим хүчний нөөц байгаа, Хятадад зах зээл бий. Тиймээс Орос, Хятад хоёр "Сибирийн хүч-2"-ын эцсийн тохиролцоонд эртхэн хүрч чадвал илүү олон төсөл хэрэгжиж магадгүй” хэмээсэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн хий Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийн нэг болоод байна. 2014 онд Оросын "Газпром" болон Хятадын үндэсний газрын тосны корпорац Хятадын хойд хэсгийг зүүн Сибирийн байгалийн хийн ордуудтай холбосон 2200 км урт үргэлжлэх "Сибирийн хүч-1" хий дамжуулах хоолойг барихаар 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байв.
Уг хоолой нь 2019 оны сүүлчээр ашиглалтад орсон бөгөөд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай. 2013 оноос хойш Хятадын хөрөнгө оруулагчид 27 тэрбум ам.долларын өртөгтэй “Yamal LNG” төслийн 30, “Arctic LNG” төслийн 20 хувийг 21 тэрбум ам.доллароор худалдаж авсан бөгөөд хоёуланг нь Оросын байгалийн хийн Новатек компани удирддаг. Хоёр улс олон жилийн турш Сибирийн эрчим хүчний хоёр дахь хоолойг барих талаар ярилцсан бөгөөд энэ нь Оросын хийн Хятадад экспортлох хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боловч ахиц дэвшил багатай байсан юм.
Баруун Сибирийн байгалийн хийг Хятадын Шинжаан муж руу Алтайн нурууг дайруулан нийлүүлэхийг санал болгосон Газпромын маршрутыг Бээжин дэмээгүй бөгөөд 2019 оны сүүлээр Газпром бууж өгч, Бээжинд таалагдсан өөр маршрутаар тавихаар тохиролцсон. Ингэснээр хийг Монголын нутгаар дамжуулан Хятадын төв хэсгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутаг руу шууд тээвэрлэх юм.
Тэр цагаас хойш Оросын байгалийн хийн “Сибирийн эрчим хүч-2”-ыг Монголын газар нутгаар дайруулан тавих талаар Улаанбаатартай хэлэлцэж эхэлсэн. Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд "Газпром" компани Монголд охин компаниа бүртгүүлж, төслийн ТЭЗҮ-ийг эхлүүлсэн. Харин аравдугаар сарын сүүлээр Газпром болон Монголын Засгийн газар “Сибирийн эрчим хүч-2”-маршрутын талаар тохиролцоонд хүрснээ зарласан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн арваннэгдүгээр сард 2024 онд хийн хоолойн барилгын ажил эхэлнэ гэж найдаж буй талаараа ярьсан.
Москвагийн Карнеги төвийн ахлах ажилтан Александр Габуев “Nikkei” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Газпромын Хятад руу нийлүүлэх өмнөх хийн хоолойноос ялгаатай нь "Сибирийн хүч-2" нь тус компанийн Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн ордуудыг ашиглах болно. Тиймээс "Сибирийн хүч-2"-ыг бодит ажил болгох нь Газпромд Европын хэрэглэгчидтэй ярилцах, ялангуяа Орос, Барууны хоорондын харилцаа хурцадсан үед нэмэлт хөшүүрэг болно. Хятад Европын зах зээлд нийлүүлэх бүх нийлүүлэлтийг орлохгүй ч гэсэн ихээхэн хэсгийг буюу дор хаяж гуравны нэгийг нь хариуцаж чадна.
Сүүлийн саруудад Украины асуудлаарх сөргөлдөөн үүссэн энэ үед хийн хоолойн тухай асуудал Москвад ихээхэн хамааралтай болсон. Энэ сард Берлиний шинэ Засгийн газар Украинд Кремлийн зүгээс ямар нэгэн шинэ шахалт үзүүлвэл Оросоос Герман руу чиглэх удаан хүлээсэн “Nord Stream-2” хийн хоолойг ашиглалтад оруулахыг хориглоно гэж анхааруулсан.
Үүний зэрэгцээ Хятад 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтын хүрээнд байгалийн хий рүү шилжихээ мэдэгдсэн. Хятадын жилийн хийн хэрэглээ ойрын хэдхэн жилийн дотор 620 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байгаа юм. Шиамэний их сургуулийн Лин Боцян байгалийн хий Хятадын хувьд нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний хооронд үр дүнтэй "гүүр" болно гэжээ. Гэсэн хэдий ч зарим судлаач "Сибирийн хүч-2" төсөл үр өгөөжөөс гадна эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулжээ.
Габуев нэг сул тал нь Оросыг байгалийн хийн худалдан авагчийн хувьд Хятадаас хэт хараат болгож болзошгүй, Кремль болон барууны хоорондын харилцаа муудсаар байвал энэ асуудал улам дордох магадлалтай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Монголд маш их ач холбогдолтой, айл өрхүүд хямд хийн хэрэглээтэй болно, жил болгон сул тэрбум $ орж ирнэ. 2 дахь Оюутолгой бий боллоо. Гэхдээ газар ухаж гол горхи ширгээдэггүй цэвэр орлого орж ирдэг болох нь.
Энэ хоолойгоо хамгаалана гээд цэрэгээ оруулаад ирэх вий украйныг яаалаадаа