Нэгэнтээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Мэндийн Зэнээ таалал болж, түүний оронд Су.Батболд парламентад орж ирж байв. Энэ үеэр Су.Батболдыг “Бүргэдийн суудалд суусан болжмор” хэмээн шуугьж байсныг санаж байгаа байх. Ц.Идэрбатын хувьд ч өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон зайг нөхөн парламентад орж ирсэн нь дээрх үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Тэр ч бүү хэл бүргэдийн өндөрт ниссэн болжмор мэт санагдах. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, шинэхэн гишүүн Ц.Идэрбат хоёрыг харьцуулахад нэг ийм дүр зураг л бууна.
“Яарвал даарна” гэдэг дээ. Хар залуудаа улс төрд, тэр тусмаа өндөрлөгт гарч ирчихээд өдгөө хэн ч биш болчихсон жишээ олон бий. Тухайлбал, хорин хэдэн настай УИХ-ын гишүүн болж, 30 шүүрэх насандаа Гэгээрлийн сайдаар ажиллаж, эцэст нь зүтгэж бусдыг түлхэж байж сайд, Ерөнхий сайдын албанд очсон Ч.Сайханбилэг өнөөдөр эх орондоо ч ирэх нэр нүүргүй тэнүүчилж явна. Түүнийг хилийн дээс алхлаа л бол юу хүлээж байгааг нийгэм даяараа мэдэж байгаа.
Мөн хорин хэдтэй УИХ-д хөл тавьж, удаа дараа сайд, даргын суудалд заларсан С.Баярцогт гээд яарч ирээд даарч хөрсөн нөхөд алийг тэр гэхэв. Хорин хэд, гучин хэдэн нас гэдэг бол Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага, дарга, сайдын суудалд залраад байх нас биш. Сурч мэдэх, туршлага суух, ухаан тэлэх ийм л сайхан нас. Ядахад зугаалж цэнгэх, алдаж онож үзэх хэрэгтэй биз дээ. Гэтэл Ч.Сайханбилэг нарын хувьд улс төрийн талбарт 30 шахам жил ямар нэгэн байдлаар өндөрт заларч, өнөөдөр 50 эргэм настайдаа улс төрийнхөө жолоо цулбуурыг эвхэж байгаа нь харамсалтай.
Уг нь олон улсын жишиг, бусад зүйлээс харахад өдийд л улс төрийнхөө амьдралыг эхлүүлж байх учиртай санагдана. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” ч гэдэг дээ. Эр хүний 50 эргэм нас гэдэг бол сурч мэдсэн, хийж бүтээсэн, ухааны цараа тэлж, юунд ч барьц алдахааргүй, айл гэр бүү хэл улс орноо аваад явах, алдаж онож үзсэн тийм сайхан үе санж. Уг нь энд би Ц.Идэрбат хэмээх шинэхэн гишүүний тухай тэрлэх санаатай байсан ч энэ мэт гашуун туршлагыг сануулан дурдах хэрэгтэй гэж бодлоо. Түүнээс бус Ц.Идэрбат гишүүнийг өөчилж гоочлох гэсэнгүй. Улс төрийн урт замд нь хэрэг болуужин хэмээн дурдсан хэрэг.
Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө Хэнтий аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтнаар улс төрд хөл тавьж байсан Ц.Идэрбат хэмээх нөхөр богино хугацаанд өндөр авч, өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон сууна. Өөрийгөө “Чингис хотын захирагч” хэмээн зарлан тодорч байсныг санаж байгаа байх. Уг нь Монгол Улсад Улаанбаатараас өөр албан ёсны хот байхгүй ч өөрийгөө “Хотын захирагч” хэмээн сүрхий нэрлэсэн нөхөр гэнэт гарч ирсэн. Ингээд зогсохгүй гэрлийн хурдаар явж, Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдож, нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болчихсон. Дөчин насыг шүүрч яваа эр хүний хувиар төрийн өндөр дээд албан тушаалд орж ирж болно.
Гэхдээ гэрлийн хурдаар яаран даран өндөрт залрах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг би дээр тодорхой дурдсан. Нөгөө талаар өдгөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай нэгэн нутаг ус хэмээн цоллуулах төдийгүй чамгүй дэмжлэг авдаг гэх нь бий. Арваадхан жилийн өмнө Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан энэ залуу ийм хурдан өндөрлөгт ирснийг бодоход дэмжлэг байдаг биз ээ. Тиймээс шинэхэн гишүүн маань ихээхэн ухаан зарж явах ёстой. Улс төрийн талбарт байх олон ургальч үзэл, нэгнээ түлхэсэн араншин, фракц дундын зодоон гээд юу эс мундах билээ.
Гэхдээ Ц.Идэрбатад нэг сайн жишиг байна. Учир нь сум, аймаг, нийслэл, дүүрэг дамжаагүй залуусыг шуудхан УИХ-д нэрийг нь дэвшүүлж, сайд болгож байгаа нь Монголын төрд оруулж ирсэн муу жишиг. Үүнийг л эвдэж байгаа болохоос биш, улс төрд орж ирэх нь түүнд хэтдээ хэрэггүй зүйл болж магадгүй. Яагаад гэхээр хэтдээ тэдэндээ боорлуулна. Энэ бүхнийг эх сурвалжууд ярихын сацуу түүнийг У.Хүрэлсүхийн ойрын хүн гэж байна. Няцаах аргагүй үнэн байх. Түүнээс бус Ц.Идэрбатад ах намд гайхуулаад байх гавьяа үгүй. Түүнийг Засаг даргаар томилж байх үед “Мэргэжлийн, туршлагатай, залуу хүмүүстээ хариуцлага үүрүүлж, ийм томилгоо хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын залуу үеэ дэмжиж буй дараагийн, ээлжит томилгоо нь энэ юм” хэмээн хэвлэл мэдээллийн хуудснаа үзэгдэх болсон нь санаандгүй хэрэг огт биш. Энэ үеэс л тэр ихэд өндөр авсан.
Уг нь Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар дөрвөн жил чамбай ажиллаад ирэх 2024 онд нүүр бардам нэр дэвшсэн бол улс төрийн зам нь цаашид дардан байх байлаа. Ядахад Н.Ганбямба шиг ажиллачих хэрэгтэй байв. Одоо УИХ-д нэгэнт ороод ирчихсэн учраас цаашдынх нь зам тийм ч дардан байхгүй л болов уу гэдэгт эргэлзээ төрнө.
Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба ажлаа түүнд хүлээлгэж өгөхдөө “Бид нэг баг. Баг дотроосоо аймгийн Засаг дарга маань тодорч байна. Бид баг болж дөрвөн жил гар нийлэн ажилласан. Аймгийн маань эдийн засаг өнөөдрийн байдлаар 506,7 тэрбум төгрөгийн ДНБ-тэй, аймгийн төсөв 4.4 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй байна. Ингээд шинэ Засаг даргадаа гялалзсан сайхан амжилтыг хүсье” гэж түүнийг ерөөж байв. Гэтэл тэрбээр өнөөдөр ямар ч үзүүлэлтгүй УИХ-д орж ирчихсэн сууна.
Энэ үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ц.Идэрбат өөрөө “Н.Ганбямба даргын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар 2016 оноос сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд орон нутагтаа 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, олон арван бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг шинэ шатанд хүргэж чадсан юм. Тиймээс хөгжлийн хөрсийг амжилттай тавьж, дөрвөн гишүүнтэй мэт ажиллаж чадсанд Н.Ганбямба даргадаа талархлаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье” хэмээн Ц.Идэрбат дарга мэдэгдэж байв.
Аймгийн Засаг дарга нарыг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга тэгтлээ төвөгшөөгөөгүй. Тэр тусмаа Ц.Идэрбатыг бүр ч амархан томилсон. Тэрбээр багш мэргэжилтэй Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг хэмээн тодотгодог. Орон нутгийн хэмжээнд 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч хэмээн өөрийгөө нэрлэж ирсэн л хүн. Мэдээжийн хэрэг, МАН-д орон нутгийн хэмжээнд зүтгэсэн гавьяа байдаг л байх. Түүний хувьд Хэнтий аймгийн намын хорооны улс төрийн ажилтан, Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлага байгааг үгүйсгэх аргагүй. Үнэнийг хэлэхэд байгуулсан гавьяа байхгүй, тарьсан гай ч үгүй нэг нөхөр гэрлийн хурдаар Төрийн эрх барих дээд байгууллагад ирчихсэн байна. Нөгөө талаар Хэнтий зүгийн улстөрчид байнга өндөрт залраад байх уу, үгүй юу.
Улс төрд өндөр дээрээс өргөж түлхүүлж орж ирсэн нөхдийн байр суурь бат бэх байх нь ховор. Учир нь татаж түлхсэн нөхөд нь унахаар хамт унадаг жишиг бий. Иймээс Ц.Идэрбат нэгэнт хөл тавьсан талбартаа арга эвээ олох хэрэгтэй. Улс төрд байх фракц бүлэглэлүүдэд эртхэн тал засаж байхад гэмгүй байх. Уг нь мэдрэмжтэй залуус бол ирээдүйд хүчирхэг мандах фракцыг олоод оччихсон байх юм билээ.
Яахав, бас чиг хамт УИХ-ын гишүүний тангараг хамт өргөсөн Э.Батшугараас тохой илүү юм даа. Э.Батшугарын хувьд МАХН-ын нөмөр нөөлгөөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх алба хашиж байснаас өөр намтарсаад байх зүйл алга.
Төрийн албаны дадлага туршлага ч алга. Ядахад л хөдөө гадаа даарч хөрж үзээгүй нөхөр байх. Үүнээс харвал Э.Батшугарынхаа дэргэд “хал үзэж халуун чулуу долоосон” гэж хэлж болохоор. Тэгэхээр Ц.Идэрбат нутгийнхаа ах нарын нөлөөнд үүнээс илүү өндөрт шунах хэрэг алга. Өндөр авах тусам чанга унана. Одоогийн байдлаар тэр УИХ-ын гишүүнийхээ карьерыг хадгалж, тойргийнхоо зон олон, цаашилбал энэ Монгол Улсын төлөө зөв сэтгэлтэй зүтгэвэл зам нь дардан байх магадлалтай. Улс төрд ухаан, заль хэрэгтэй. Зөв зүйл хийхээсээ илүүтэй зөв харагдах, сонсогдох учиртай.
Сэтгэгдэл ( 4 )
Хүүкийн буян их юм даа. Яавал ийм ахтай болох вэ? Буянтны буяныг зөв хүртээрэй Идэрбат гишүүнээ..
Ха ха нэг ийм үзэг барьсан оркуудаар улс төр дүүрчихлээ.Ийм дөхөөний гарууд гай болохгүй зайвал их юм.Гавъяа байгуулах толгой хүрэхгүй
Чааваас
harvaas debil