Монгол Хятад хоёр улс олон мянган жил хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд билээ. Монгол улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг [1] -ийн хэлсэнчлэн өнөөдөр манай хоёр улсын харилцаа ”түүхэн дэх хамгийн таатай үед ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон“ гэж хэлж болохоор байна.
2012 оны 11 дүгээр сард ХКН-ын XVIII их хурал хуралдаж, ноён Ши Жиньпин засгийн эрх барьснаар Хятад улсад гадаад харилцааны шинэ үзэл санаа бүрэлдэн тогтож, тус улс цаашид өөрийн онцлог бүхий их гүрний гадаад бодлоготой байна гэдгээ онцлов. Ши Жиньпин дарга дотоод, гадаад хоёр их төлөв байдалд зэрэг анхаарч, “Хятадын мөрөөдөл”-ийн дэлхий дахины ач холбогдлыг олон улсад тайлбарлан илэрхийлэхэд төвлөрч ажиллах, мөн хамтдаа хожих явдлыг гол цөм болгосон олон улсын шинэ маягийн харилцааг байгуулна гэдгээ ч зарласан юм. Түүнчлэн Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа гадаад харилцаагаа идэвхтэй эрчимжүүлж, хөрш орнуудтайгаа “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх” ба “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийг бүрдүүлэхээ илэрхийлсэн юм.
Миний бие тус нийтлэлдээ ХКН-ын XVIII их хурлаас хойшхи Хятад улсын гадаад бодлогын шинэ үзэл санаа, тэр дундаа хөрш зэргэлдээ улс орнуудын гадаад бодлогодоо авч хэрэгжүүлж буй “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх” ба “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” хэмээх ойлголтыг талаар танилцуулж, 2012-2021 онд манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажилланны хүрээнд болсон үйл явдал, тэр дундаа аюулт цар тахлын эсрэг хамтдаа тэмцсэн хийгээд хоёр талын харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн түүхүүдийг бодит жишээгээр сөхөн өгүүлэх болно.
Нэг. ХКН-ын XVIII их хурлаас хойшхи Хятад улсын гадаад бодлогын шинэ үзэл санаа
БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улсын гадаад бодлогыг үечилбэл: Нэгдүгээрт, Шинэ Хятад улс байгуулагдаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход анхаарч эхэлсэн үе. Хоёрдугаарт, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлэн, энх тайванчаар хөгжиж, өөрчлөлт шинэчлэлтийг бодлогын манлайд тавьсан үе. Гуравдугаарт, ХКН-ын XVIII их хурлаас хойш хамтдаа хожсон хамтын ажиллагааг эрхэмлэх болсон үе. Энэ нь Ши Жиньпин-ий гадаад бодлогын хүрээнд “Хоёр бүтээн байгуулалт” (两个构建) гэж нэрлэгдэж буй “Олон улсын шинэ маягийн харилцааг бүтээн байгуулах”, “‘Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийг бүтээн байгуулах” гэсэн цөм бодлогуудыг агуулдаг байна [2].
Хятад улсын дарга Ши Жиньпин-ээр төвлөсөн шинэ Засгийн газар нь дэлхий дахины өнцгөөс их гүрний (Хятад улсыг хэлж байна) үүрэг хариуцлагыг өндөрт тавих ёстой болохыг олонтаа онцлон тэмдэглэж, энэ хүрээнд “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийг байгуулах, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” хэмээх ойлголтыг анхлан 2012 оны 11 дүгээр сард болсон ХКН-ын XVIII их хурлын илтгэлд дэвшүүлжээ. Үүнд: “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл’-ийн ухамсрыг санаачлан сэдэж, өөрийн орны эрх ашгийг эрхэмлэхийн зэрэгцээ бусад улсын зүй ёсны ашиг сонирхлыг ч харгалзан үзэж, өөрийн орны хөгжлийг эрэлхийлэхийн зэрэгцээ бусад улсын хөгжлийг мөн харгалзан үздэг байх ёстой” гэж заажээ. Энгийнээр хэлбэл “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” гэдгийг аливаа улс орнууд хатуу бэрхийг хамтдаа туулах харилцаагаар холбогдох явдал юм” гэж тодорхойлоод, зөвхөн эдийн засгаас гадна, нийгэм, хүмүүнлэг, үнэт зүйл, аюулгүй байдлын хүрээнд ч давхар яригдах ёстой чиглэл юм [3] гэж тодотгожээ.
Онцлон дурдууштай нь хөрш орнуудын гадаад харилцааны ажлын уулзалтууд дээр, “Хөрш орнуудын хувь заяаны цогц нэгдэл”-ийг дэвшүүлэхийн зэрэгцээ, Ши Жиньпин дарга 2013 оны 10 сард АСЕАН-ы улс орнуудад айлчилсан үеэрээ “21-р зууны далайн торгоны зам”-ыг бүтээн байгуулах талаар дэвшүүлж, мөн 9 сард Төв Азид айлчисан үедээ “Торгоны замын эдийн засгийн бүс” буюу “Нэг бүс нэг зам”-ыг дэвшүүлсэн юм. “Нэг бүс нэг зам” нь Хятад улсын “Хөрш орнуудын хувь заяаны цогц нэгдэл”-ийг цогцлоох бодит бодлого болов. Ерөнхий сайд Ли Көчян 2014 оны 3 сарын 5-ны өдөр Засгийн газрын ажлын илтгэлдээ сайтар төлөвлөж, “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21-р зууны далайн торгоны зам”-ыг бүтээн байгуулах хэрэгтэй хэмээн тодотгосон нь “Нэг бүс нэг зам” нь хэдийнээ Хятадын төрийн стратеги болсныг илтгэсэн юм [4]. Мөн ноён Ши Жиньпин ХКН-ын XVIII удаагийн ТХ-ны V бүгд хурлын II удаагийн бүгд хуралдаан [5] дээр “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь тус улсын гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэх стратегийн нэгэн чухал арга хэмжээ, эдийн засгийн гадаад харилцааны дээд түвшний төлөвлөлт гэж үзээд, олон талт худалдааны тогтолцоог сахин хамгаалж, чөлөөт худалдааны бүсийн стратегийн хэрэгжилтийг хурдасган, өөрийн улсын хүчин чадавх, байр сууринд нийцсэн олон улсын хариуцлага, үүргийг идэвхтэй хүлээх ёстой” гэж цохон тэмдэглэв. Энэ бүгдээс харахад урьдын зарим гадаад бодлоготой адилгүй нь энэ удаагийн “Нэг бүс нэг зам” нь тус улсын стратеги болтлоо хурдацтайгаар өссөнөөр зогсохгүй, мөн Хятадын хөрш орнуудын хийгээд дотоодын холбогдох салбаруудын хэрэгжилтийг түргэтгэх Хятад улсын Засгийн газрын эрчимтэй төлөвлөлт болсныг харуулж байна.
Хүн төрөлхтөний нийтлэг дайсан Covid-19 цар тахалтай тэмцэх явцад Хятад улс “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” үзэл санаагаа тууштай баримталж, Ши Жиньпин дарга 2020 оны 3-р сард хүн төрөлхтөний эрүүл мэндийн цогц нэгдэл бий болгох санаачилгыг дэвшүүлсэн нь Хятад улсын цар тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагаанд оролцохдоо баримтлах чиглэлийг тодорхойлж [6], цар тахалтай тэмцэх Хятад улсын үүрэг хариуцлага, олон улстай хамтран ажиллах үйл ажиллагааг харуулав.
Энэ бүгдээс ноён Ши Жиньпин-ээр төвлөсөн Хятад улсын Засгийн газрын гадаад бодлогын шинэ стратеги нь хэд хэдэн онцлогтой болох нь харагдаж байна. Үүнд, юуны өмнө, Хятад улс их гүрний шинэ маягийн харилцааг бий болгохыг эрмэлзэж буй. Энэ нь тус улс хамтын, цогц, тогтвортой аюулгүй байдлын үзлийг санаачилж, их гүрний шинэ маягийн харилцааг байгуулан, олон шинэ санаа, санаачлагаар дамжуулан дэлхийн хэмжээний асуудалд бие даан, санаачлагатай оролцож, дэлхийн хөгжилд өөрийн орны хувь нэмрийг оруулах үйл ажиллагааг явуулж буйгаар илэрч байна. Хоёрт, Хятад улс хөрш улс орнууд хоорондын гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгөх болов. Энэ нь “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” хэмээх шинэ ойлголт дэвшүүлэн, “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх” хөрш орны бодлого баримталж буйгаар харагдаж байна. Гуравт, хамтран ажиллах, хамтдаа хожих хамтын ажиллагааг гол болгосон олон улсын шинэ маягийн харилцааг байгуулсан зэрэг болно.
Хятадын удирдагчид “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” хэмээх ойлголт ухагдахууныг ийнхүү тогтмол хэрэглэсээр байгаа нь энэхүү ойлголт хэдийнээ шинэ цаг үеийн Хятад улсын гадаад харилцааны бодлогын онол болон практикийн шинэчлэлийг чиглүүлэгч, түүнчлэн Хятад улс хөрш орнуудтай харилцах стратегаа боловсруулах чухал арга нь болжээ гэж хэлж дүгнэхээр байна.
Хоёр. ХКН-ын XVIII их хурлаас хойшхи Монгол Хятадын харилцаа
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм [7]. Монгол, Хятад хоёр улс 1949 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож хөгжүүлэх хүртэл, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын солилцоо зэрэг олон чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлсээр ирэв.
2014 оны 8 дугаар сарын 21 өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр тал “стратегийн түншлэлийн харилцаа”-гаа “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” болгон ахиулж чадсан юм. Ийнхүү Хятад улсын дарга 11 жилийн дараа Монгол улсад дахин айлчилсан нь тус улсын хөрш зэргэлдээ орнууд хоорондын гадаад харилцааг чухалчилан байгаагийн бодитой жишээ болсон билээ.
Эх сурвалж: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтдаа Наадам үзэж сонирхов./http://www.xinhuanet.com//world/2014-08/22/c_1112195835.htm/
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2021 оны 7 дугаар сарын 27 өдөр Тяньжин хотод Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан үедээ “Монгол Улс Хятад улстай харилцаа,хамтын ажиллагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон үнэлж байна..... Шинэ нөхцөл байдалд Хятад улс Монгол Улстай хамтаар хүчин чармайлт гаргаж, анхдагч сэтгэлээр урагшилж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ агуулга, шинэ хөдөлгөгч хүч нэмж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус авчирч, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно” [8] хэмээн онцлон тэмдэглэж, мөн “Хятадын тал өөрийн боломжийн хэрээр Монгол улсын хөгжлийг түргэтгэхэд туслах бөгөөд Монголын талтай уул уурхай, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн талууд хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байдаг [9]. 2021 оны эхний 8 дугаар сарын байдлаар, Монгол, Хятад хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт 6.8 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.5%-иар өссөн ба Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 67.3%-ийг эзэлж байна. Энэ бол хоёр улс хамтран хичээсний үр дүн гэж болно [10].
Эх сурвалж: Монгол улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тай хурал зохион байгуулав./https://www.montsame.mn/cn/read/270906/
2019 онд Монгол Улс ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийн, хоёр улс “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийг бүтээхэд хамтдаа чармайж, хоёр улсын харилцааг улам урагшлуулна гэдгээ бататгасан юм.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбар нь бие биенээ нөхөх давуу талтай ба хамтран ажиллах орон зай, нөөц бололцоо ихтэй [11]. Ши Жиньпин даргын 2014 оны 9 дүгээр сард анх удаа Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон үедээ “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг Оросын Ази, Европыг дамнасан их төмөр зам болон Монгол улсын “Хөгжлийн зам” (тухайн үед “Талын зам” нэртэй байв)-ын санаачлагатай уялдуулж, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулж болно хэмээн дэвшүүлж, холбогдох хөтөлбөрийг баталсан нь хоёр улсын төдийгүй, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой үйл явдал болсон билээ.
2019 оноос дэлхий дахинд Covid-19 цар тахал дэлгэрснээр бөмбөрцгийн улс орон бүрт урьд өмнө байгаагүй хүнд цохилтыг өгч, дэлхий даяар тогтворгүй, тодорхойгүй, эмх замбараагүй байдалд татагдан орж, дэлхий бүхэлдээ өөрчлөлт шинэчлэлтийн шинэ давалгаанд шилжлээ. Энэ амаргүй нөхцөлд Монгол, Хятад хоёр улс халдварын эсрэг гар нийлэн хүч нэгдэж тэмцсэн сайхан түүхийг бүтээсэн юм. Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээ тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр”, “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” ч гэдэг. Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд Ү-хан хотын ард иргэдийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, Хятадын талд хандивласны зэрэгцээ, Монголын Засгийн газраас санаачлан 30 мянган толгой хонь бэлэглэсэн юм. Монголчууд халуун хошуут мал—хонийг бэлэг бэлгийн дээд хэмээн үзэж дээдэлдэг бөгөөд чин сэтгэлийн илэрхийлэл болгодог. Уг бэлэг нь Монголын ард түмэн, Хятадын ард түмний гүн зузаан уламжлалт найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болсон юм. Харин Монгол Улсаас Хятадын ард түмэнд цар тахлын тусламж болгон хүргүүлсэн 30 мянган хонины хариу болгож, Хубэй мужийн Ардын Засгийн газраас PCR оношлогооны 3 төхөөрөмж, 30 мянган оношлуур тест болон цай бэлэглэв [12]. Мөн Хятад улсын Засгийн газраас 300 мянган тун вакцин манай улсад үнэ төлбөргүй хандивласныг бид мэднэ. Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-н хэлсэнчлэн “Цар тахлын сорилтын өмнө, хоёр улс харилцан ойлголцох, дэмжих зарчмаар хамтран ажиллаж, “хонины хариуд цай” барьсан сайхан түүх хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд бичигдэн, хоёр улсын ард түмний харилцааг шинэ оргил өөд тасралтгүй ахиулж [13], Монгол, Хятадын харилцаа, найрамдал нөхөрлөл улам зузаарсаар байна.
Хятад улсын зүгээс “Шинэ эрин үеийн Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа” цагаан ном ( 新时代的中国国际发展合作白皮书) [14] -нд тусгагдсан зорилгыг хэрэгжүүлэхийн хүрээнд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжаар манай улсад бодитой хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал: Нэгд, Хятад улсын Засгийн газар Монгол улсад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв" -ийг байгуулан, 2019 онд Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөв; Хоёрт, Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төслийн техник, эдийн засгийн үнэлгээний судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болж, УБ-аас 4000 км-ийн зайд орших говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километ бүхий нутагт хээрийн шинжилгээ хийн, чухал тоо баримтуудыг цуглуулж төслийн хэрэгжилтэд маш сайн суурь тавьж өгсөн [15]. Гуравт, 2016 онд Хятад улсын 1 сая ам долларын буцалтгүй тусламжаар "Монгол Хятадын хамтарсан молекул биологийн хэрэглээний лаборатори" байгуулагдав. Цаашлаад Хятад улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн 32.2 км зам болон Яармагийн гүүрийг ашиглалтад оруулсан; Улаанбаатар-Мандалговийн 330 квт-ын 250 км урт цахилгаан дамжуулах шугам, хоёр дэд станцыг байгуулан хүлээлгэн өгсөн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад Монгол талын залуус Хятадын технологи болон ажлын туршлагаас суралцаж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж чадлаа. Энэ бүгдээс харахад Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа нь хөрш орнууд хоорондын “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийн үндсэн үзэл санааг бодитойгоор хэрэгжүүлж, хоёр орны хөгжлийн стратегийг урагшлуулж, хоёр улсын харилцааны хөгжлийг улам ахиулж байгаа дүр зураг тодорч байна.
Дүгнэлт
ХКН-ын XVIII их хурлаас хойш буюу ноён Ши Жиньпин засгийн эрх барьснаас хойш Хятад улсын хөгжил шинэ үе шатанд шилжиж, тус улс гадаад бодлогын онол, практикийн шинэчлэлийн шинэ үе шатанд алхан орсон юм. Хятад улсын зүгээс дэвшүүлсэн “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл” бол улс орнуудыг өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн стратегийг баримтлан, хамтдаа хөгжиж, хамтдаа хожихыг уриалдаг. Энэ нь Хятад улсын дэвшүүлсэн олон улсын шинэ маягийн харилцааг бий болгох онолын үндэс суурь гэж болно. Монгол, Хятадын харилцаа ч мөн энэ онол зарчмын дагуу урагшилж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр улсын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж ихсэж, үүнийг даган хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам нэмэгдэж, иргэд хоорондын хэлхээ холбоо улам ойртож, нийгмийн олон салбарын хамтын ажиллагаа улам эрчимжиж, энэ нь Монгол, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ ирсэнийг илтгэж байна. Түүнчлэн Хятад улс “Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл”-ийг бүтээн байгуулах ажилд төвлөрч, чармайн урагшилж байгаа нь Монгол, Хятад хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад онцгой ач холбогдолтой болох нь тодорхой юм.
Хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш Т.Чулуун-Эрдэнэ
Ашигласан эх сурвалж:
[1] Б.Батцэцэг: Монгол, Хятадуын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ байна/https://www.montsame.mn/mn/read/202084/
[2] 中国特色大国外交展现大国担当/https://www.chinanews.com.cn/gn/2021/05-29/9488240.shtml?utm_source=pocket_mylist/
[3][4] Шюй Липин, Хятад улс ба хөрш орнуудын хувь заяаны цогц нэгдэл: бүтээхүй хийгээд арга зам. Ай Эс Ди Рүби Паблишинг, Орчуулсан Т.Чулуун-Эрдэнэ, 2020 он.
[5] Ши жинь пинь төр улсыг засахуй II, Ардын Хэвлэлийн хороо, Бээжин хот, 2019 он.
[6] Хятад, Монгол хоёр улс сэргэн мандалтын замд хатуу хүтүүг хамтран давна/http://itoim.mn/article/uROQt/29777/
[7] Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. https://mfa.gov.mn/trade/61577
[8] 2021年7月28日外交部发言人赵立坚主持例行记者会/http://www.china-embassy.or.jp/qtzgnew/202107/t20210728_9431647.htm/
[9] Монгол Улс дипломат харилцааны боломж бүрийг ашиглаж байна /https://gogo.mn/r/q0o47/
[10] [6]-тай адил.
[11] Монгол, Хятадын харилцаа таатай үедээ хөгжиж байна. /https://news.mn/r/2418520/
[12] 30 мянган хонины хариуд Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв/https://gogo.mn/r/dkgnn/
[13] [6]-тай адил/http://itoim.mn/article/uROQt/29777/
[14] 新时代的中国国际发展合作白皮书(全文) /http://www.scio.gov.cn/zfbps/32832/Document/1696685/1696685.htm/
[15] БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх Мазаалай баавгайн төслийн ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурлаа/http://mn.china-embassy.org/mn/zmgx/201610/t20161012_1661457.htm/
Сэтгэгдэл ( 0 )