УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногоос эхлэн КОВИД-19 цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн. Эрх баригчдын бүлэг төсвийн зардлыг хяналтгүй болгож, төрийн албыг завхруулсан гэдэг уг хуулийн төслийн асуудлаар хоёр талцсан. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг зургаан сараар сунгах асуудлыг дэмжсэн байна.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого болон түүнтэй дагалдан гарах хуулиудын талаархи асуудлыг хэлэлцсэн.
Хоёрдугаарт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг сунгахтай холбоотой асуудал, гуравдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН-ын 30 дугаар Их хурлаар дэвшүүлсэн нэг том зорилт бол Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого. Энэ гаргасан шийдвэрээ төрийн бодлого болгох ёстой гэж үзсэн. Үүнтэй холбоотой
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд оролцож, Эдийн засгийг сэргээх шинэ бодлогын дунд хугацааны хөтөлбөр, түүнийг дагасан 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж батлах асуудлыг бүлгийн гишүүдийн олох зарчмын хувьд дэмжсэн. Уг асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.
Өмнө нь намын бүлгийн хурлаар хоёр ч удаа хэлэлцсэн
Хууль хэлбэрээр гаргах, хөтөлбөр хэлбэрээр гаргах уу гэж ярилцаж байгаад дунд хугацааны хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзсэн. Нийт 47 хуулийг батлахаас эхний 20 гаруй хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, Тусгай зөвшөөрлийн болон худалдан авалт зэрэг чиглэлийн хуулиуд багтах юм. Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой дагалдах хуулиудыг хаврын чуулганаар багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонхи үзлээ.
Хоёрдугаарт, цар тахлын хуулийг өмнө нь хоёр удаа сунгасан. Тус хуулийг зургаан сараар дахин сунгах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг шийдвэрлэлээ. Учир нь, дэлхий нийтэд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Шинэ төрлийн коронавирус гарч бусад улс оронд аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа. Мөн манай улсын экспорт, хил гааль хаагдсан. Иймээс эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байна. Иймд хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүснэ гэж үзсэн.
Дээрх хоёр үндэслэлээр тус хуулийг 2022 оны долдугаар сарын 1 хүртэл сунгаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж үзэж зарчмийн хувьд дэмжсэн.
Мөн Засгийн газар лхагва гарагийн хурлаараа хэлэлцээд, хуулийн төслийг УИХ-д өргөн бариад 2021 ондоо багтаан хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал болох төрийн үйлчилгээний албаны албан хаагчдийг гэрээгээр ажлуулахтай холбоотой асуудлаар УИХ өнгөрсөн 11 дүгээр сард шийдэл гаргасан. Үүнийг аймаг, суманд ажиллаж байгаа Төрийн үйлчилгээний ажилчид эсэргүүцэж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага мөн эсэргүүцэж байна.
Үүнтэй холбоотой МАН-ын бүлгийн хурлаараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Төрийн үйлчилгээний албан хаагчдад 2022 онд авч буй цалин хөлс, нэмэгдэл урамшуулалыг 2021 оны түвшингөөс бууруулахгүй байх шийдвэрийг Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн. Ийм байдлаар шийдвэрлэхгүй бол бага цалин авч буй хүмүүст хүндрэл учирч болзошгүй байгаа гэж бүлгийн гишүүд үзлээ. Иймээс Засгийн газар ээлжит хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, орон нутгуудад тодорхой чиглэл өгөхөөр боллоо” гэв.
Энэ үеэр МАН-ын бүлгийн даргын зүгээс “Цар тахлын хуулийг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.Төрөөс тог цахилгаан, ус дулааны мөнгийг хөнгөлж байгаа шийдвэр үргэлжлэхгүй. Иргэн, аж ахуйн нэгж өөрсдөө төлнө. Харин ипотекийн зээлийн хугацаа сунгах, төлөлт хойшлуулах зэрэг заалт хэвээр үргэлжилнэ" гэж мэдэгдлээ.
Ийнхүү олонхын бүлгээс цар тахлын хуулийн үйлчлэлийг дахин хагас жилээр сунгах асуудлыг дэмжсэн боловч сөрөг хүчин төдийгүй УИХ дахь эрх баригчдын бүлгийн олон гишүүн уг асуудлыг хатуу эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Нийгмийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгараад буй. Тиймээс хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд унах магадлал өндөр бөгөөд эрх баригчдын бүлэг бус парламентын олонх эцсийн шийдвэр гаргадаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
бүүр нэг харах царайны сонин гарууд шүү хөгшин залуугүй