Энэ оны эцэс гэхэд дэлхийн даяар нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл есөн хувиар нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа тухай Олон улсын эрчим хүчний агентлаг баасан гарагт мэдээлжээ.
Нүүрсний эрэлт 2021 онд зургаан хувиар өсөж, 8.11 тэрбум тоннд хүрсэн тухай Парист төвтэй тус групп жилийн тайландаа онцолсон байна. Нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ 2019 болон 2020 онд дараалан буурсан бөгөөд 2018 оны хувьд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл оргилдоо хүрсэн үе гэж үзэж байсан. Гэвч 2021 оны өрнөлөөр ийнхүү уг үзүүлэлт шинэчлэгдэж байна.
Түүнчлэн нүүрсний эрэлт 2022 онд дахин дээд цэгтээ хүрэхээр байгаа бол Ази дахь нүүрсний эрэлтийн өсөлтийг АНУ болон Европын холбооны хэрэглээний бууралт нөхөхөөр байгаа ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр чулуужсан түлшний эрэлт нэмэгдэж байгаа нь эдийн засаг төсөөлж байснаас хурдан сэргэж, цаг агаарын өөрчлөлтөөс болж цахилгаан эрчим хүчний хангамж тасалдаж, хийн үнэ өссөнтэй холбоотой гэнэ.
Нүүрс бол дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын цорын ганц хамгийн том эх үүсвэр билээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “Энэ жил нүүрсний хэрэглээ түүхэн дээд түвшинд хүрч буй нь утааг бууруулах зорилт биелэхэд хэр хол байгааг илтгэж байна" гэжээ. Тэрбээр "Улс орнуудын Засгийн газар нүүрсний хэрэглээгээ бууруулах яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах боломж бидэнд бараг байхгүй болно" гэдгийг тодотгосон байна.
COP26 ТУС БОЛСОНГҮЙ
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 190 гаруй орон хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, ирээдүйн нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах тохиролцоонд хүрсэн. Харин Энэтхэг, Хятад нүүрсийг хэрэглээнээс хасахыг дэмжээгүй нь чулуужсан түлшний хэрэглээг зогсоох хүчин чармайлтыг сулруулсан. “Wood Mackenzie”-ийн судлаачид нүүрсний хэрэглээгээ бууруулахад урт хугацаа шаардлагатай гэдгийг мөн онцолж байгаа юм.
Одоогоор Хятад дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн тал орчим хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын хэрэгцээ нь цаашид ч өсөхөөр байгаа юм байна.
Дэлхийн нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг Энэтхэг, Хятад зэрэг орны хувьд нүүрсний эрэлтийн хэтийн төлөвийг голлон тодорхойлж байна.
2020 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 4.4 хувиар буурсан нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн огцом бууралт болсон. Гэсэн ч цар тахлын үед нүүрсний хэрэглээ илүү их хэмжээгээр буурна гэж тооцоолж байсан тухай тайланд өгүүлжээ. Нүүрсний хэрэглээний тухайд өнгөрсөн онд Хятадын хувьд нэг хувиар өссөн бол АНУ, Европын тухайд 20 орчим хувиар тус тус буурчээ. Мөн Энэтхэг, Өмнөд Африкийн нүүрсний хэрэглээ найман хувиар буурчээ.
Гэхдээ Уур амьсгалын асуудлаарх судалгааны “Ember” төвийн тэргүүн Дэйв Жонс " "Нүүрсний эрчим хүч удахгүй буурч эхлэх нь гарцаагүй. Хятад 2025 оноос эхлэн нүүрсний хэрэглээгээ багасгах амлалт өгсөн бол Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний салбартаа ихээхэн хөрөнгө хаяж эхэлсэн" хэмээжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )