-МОНГОЛБАНК КОВИД-ЫН ХУУЛИЙГ СУНГАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭДЭГ САНУУЛГА ӨГӨВ-
Юун түрүүнд, КОВИД-ын хууль гэж юу вэ гэдгийг мэдээд авахад гэмгүй. КОВИД-ын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилготой. Мөн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд Засгийн газарт Үндсэн хуулиас ч давсан онцгой эрх олгосон болохыг энд дурдах ёстой.
Дараа нь бид энэ онцгой дэглэмд ямар амьдрал туулсан гэдгээ эргээд санах хэрэгтэй. Хянасан, хязгаарласан, анхааруулсан, айлгасан, дархлаажуулсан, дарласан. Үүний араас Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүй зарцуулсан, албан тушаалтнууд төсвийн мөнгө идсэн уусан. Эцэст нь бидний эмээ өвөө, аав ээж, ах дүү, найз нөхөд хорвоог орхисон гунигт түүхийн гэрч бид болж байна. Гэхдээ ийм хүнд нөхцөлд эмч, сувилагчид түүнээс ч олон хүний алтан амийг аварсан нь бол бахархал. Үндсэндээ цар тахлын үеийг баяр гэхээсээ илүүтэй гуниг харуусал дунд өнгөрөөж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд УИХ-аас Засгийн газарт онцгой эрх эдлүүлсэн КОВИД-ын хууль монголчууд энэ зовлонг гэтлэхэд дэм болсон уу. Энэ хууль уншигч таны амьдралд сайн нөлөө үзүүлсэн үү, муугаар эргүүлэв үү. Дүгнэх эрх танд бий. Ямартай ч Засгийн газар энэ оноор дуусаж буй уг хуулийн үйлчлэлийг дахин хагас жилээр сунгаж, дархан эрхээ үргэлжлүүлэн эдлэхээр болж байх шиг байна. Эцсийн шийд гараагүй бөгөөд биднийг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад сууж буй УИХ-ын гишүүд үүнд маш тодорхой хариулт өгөх учиртай.
Саяхан Засгийн газраас КОВИД-19 цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах санаачилга гаргаж, эрх баригчид буюу УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжлэг авсан. Уг хуулийн хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаас бусад хөнгөлөлтийг цуцлах асуудал хөндөгдөнө гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Тэрбээр КОВИД-ын хууль өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн эсэхийг тогтоох ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буйгаа бас хэлсэн.
Тэгвэл Монголын эдийн засгийн салбарын гол хүн болох Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр “Ипотекийн зээлийг өнгөрсөн жил хагасын хугацаанд хойшлуулсан. Цаашид үргэлжлүүлбэл дараагийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэргүй болох төлөвтэй. Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлт хугацаандаа хэвийн төлөгдвөл, дараагийн зээлдэгчдэд илүү их боломж гарч ирнэ гэж харж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч санхүүгийн салбарын 90 хувийг бүрдүүлж буй банкны салбар, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалах замаар иргэдэд дарамт болж буй үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай гэдгийг үүгээрээ дайсан байна.
Гэтэл Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-ын хуулийн зохицуулалтаар төрөөс явуулж буй худалдан авах ажлуудыг хяналтгүй хийж ирсэн болон төрийн албанд мэргэжлийн бус түм буман томилгоо хийсэн зэрэг нь ард түмний хувьд тус хуулийг эсэргүүцэх шалтгаан болоод буй. Ийм эсэргүүцэлтэй тулгарсан КОВИД-ын хуулийг УИХ анх нэг удаагийн үйлчлэлтэй хэмээн тодотгон баталсан.
Тэгвэл энэ удаад сунгагдвал нэлээн хэдэн үйлчлэлтэй цар тахлын хууль гэдэг нэр зүүнэ. Улмаар өнгөрсөн хугацаанд КОВИД-ын хууль эрүүл мэнд, эдийн засагт дэм болсон уу гэдэг асуулт надад ч, танд ч өөрийн эрхгүй дахин урган гарч таарна. Засгийн газар КОВИД-ын хуулиар олж авсан эрх мэдлийнхээ хүрээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих амлалт өгөн, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Засгийн газар манлайлж, Монголбанк хэтэвч маягаар оролцсон энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь цар тахлаар өвчилж, нас барагсдын тоо 2000 дөхөөд байна. Эдийн засгийн хувьд хаа хаанаа гацаа үүсэж, үнийн өсөлт (инфляц) сүүлийн 10-аад жилд байгаагүй өндөрт хөөрлөө. Зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтгээгдэхүүний үнэ 20 орчим хувиар өссөн нь иргэдийн амьжиргаа дордсон болохыг илтгэнэ.
Инфляцын өсөлтттэй зэрэгцэн төсвийн алдагдал ч гэрлийн хурдаар нэмэгдэж, компаниуд ажлын байраа байгаа чадлаараа танаж эхэлсэн. Дээр нь Засгийн газар, Монголбанкнаас ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хоосон мэдэгдэл хийсний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө, тэр дотроо орон сууцны зах зээл дээр 2013 оноос хойших хамгийн том хөөс үүсээд байна. Мэдээж, хил гаалийн хүндрэл эдгээр ноцтой нөлөө үзүүлсэн гэдэг тодорхой. Тэгвэл одоогийн байдлаа бүр дордуулж болохгүй.
Одоогийн нөхцөлд УИХ-аас КОВИД-ын хуулийг сунгаснаар Засгийн газрын арван салаанд байгаа төсвийн бодлого тэлэх нь дамжиггүй. Энэ эрсдэлийг КОВИД-ын хуулийн хүрээнд Засгийн газрын мэдэлд очих Монголбанк бүр нэмэгдүүлнэ. Засгийн газар ямарч үр дүнгүй байгаа 10 их наядын хөтөлбөрөөрөө дамжуулан ипотек, репо зэрэг зээлийн санхүүжилтийг Төв банкнаас гаргана.
Ингэснээр Төв банкны өнөөдөр зургаан хувийн зөөлөн мөнгөний бодлого барьж буй төв банкны мөнгө авдрыг бүр мөсөн шавхахаар зэхэж байгаа. Ийм байдал эдийн засгийн өсөлтийг дэмжиж, инфляц тэнгэрт шидэж орхино. Харин азаар энэ үед хил хаалттай, Эрээн, Тяньжинд Монгол руу чиглэх ачаа овоорсон хэвээр байх учраас валютын ханш тогтвортой байна гэж тооцож байгаа болов уу.
Эцэст нь Засгийн газар ийм маягаар эдийн засгийн өсөлт гэх тоо үйлдвэрлэн хоосон гавьяаг өөртөө наах бол хамаг буруу буюу үнийн өсөлтийг Төв банк руу тохоод өнгөрнө. Хамгийн харамсалтай нь ард иргэдэд үнийн өсөлтийн хүндийг үүрүүлэх юм. Тэр үед амтай болгоныг ангайлгаж буй 10.5 хувийн өндөр инфляц юу биш болно гэсэн үг.
ОУВС-гаас хэдхэн хоногийн өмнө үүнийг анхааруулсан. Тус сангаас Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн ээлжит тайлангаараа, Монгол Улс цар тахалтай тэмцэж эхэлсэн цагаас хойш Монголбанк, Засгийн газрын харьяанд орсон болохыг анхааруулсан. Энэ нь Монгол Улс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд хийсэн олон дэвшлийг олон жилээр ухраах алхам болж буйг сэрэмжлүүлсэн юм.
Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөчлөг сөрсөн бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг багасгаж, Монгол Улсын сэргэлтийг сааруулах эрсдэлтэй гэж дүгнэсэн.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл “Мөнгө болон гадаад тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Парламентаар шийдвэрлэсэн томоохон хэмжээний, зорилтот бус, төсвийн болоод хагас төсвийн, санхүүгийн арга хэмжээнүүд нь макро эдийн засгийн эмзэг байдлыг үүсгэж байна.
Тиймээс Монголбанк инфляцыг өдөөсөн төсвийн шинжтэй үйл ажиллагааг төсөвт шилжүүлж, эхлүүлсэн хөтөлбөрүүдээ үе шаттайгаар зогсоох шаардлагатай. УИХ-аас Төв банкийг мөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргахыг эсэргүүцэх ёстой” зэрэг дурдсан байгаа.
Ерөнхийдөө Засгийн газар, Монголбанкны цар тахлын эсрэг авсан арга хэмжээ ихэнхдээ нүдээ олоогүй гэдгийг ОУВС-гийн шинжээчид хэлээд өгсөн байна лээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй.