О.Батбаяр: Омикроноос сэргийлэх гол хүч нь нэмэлт тун

2021 оны 12 сарын 23

-ГЕНИЙН ДАРААЛЛЫГ ТОГТООХОД 5-10 ХОНОГ ШААРДЛАГАТАЙ-

Дэлхийн 100 гаруй улсад Ковид-19-ийн омикрон хувилбар бүртгэгдээд байна. Харин Монгол Улсад гадаадаас ирсэн хоёр иргэнээс Омикрон хувилбар илэрсэн гэдэг мэдээ цацагдсан. Энэ мэдээлэл иргэдийг багагүй сандаргаж холбогдох яамнаас албан ёсны хариулт нэхэж байв. Хэдийгээр үүнийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэсэн ч манай улс шинэ хувилбарыг тогтоож чадаж байгаа юу гэдэг нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа юм. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас энэ талаар тодрууллаа.


-Монгол Улсад Омикрон хувилбар ороод ирчихсэн гэдэг мэдээлэл тархаад байна. Энэ тал дээр албан ёсны мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй. Гадаад орноос ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр шинжилгээ авч байгаа.  Хурдавчилсан тестээр болон ПГУ шинжилгээгээр шинж­лээд эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Гадаадаас ирсэн хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Суданаас энхийг сахиулагчид ирсэн. Тэднээс Омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл яваад байна. Энэ тал дээр тодруулбал?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ээлжээ солилцож, эх орондоо ирээд байна. 241 энхийг сахиулагч энэ сарын 20-ны өдөр ирсэн бөгөөд халдвар илэрсэн 120 хүнийг өнөөдөр /2021.12.21/ ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад нь БХЯ-ны харьяа Бага баян дахь Цэргийн амралтад хүргүүлсэн.

Энхийг сахиулагчдаас PCR шинжилгээ болон ПГУ шинжилгээ хийгээд эерэг гарсан хүмүүсийн генийн дарааллыг тогтоож Дельта байна уу Омикрон байна уу гэдгийг нь тогтоолгохоор ХӨСҮТ рүү хүргүүллээ. Үүнд 5-10 хоногийн хугацаа ордог. ПГУ шинжилгээгээр Омикрон хувилбар байна уу, үгүй юу гэдэг нь гарчихдаг болохоор генийн дараалал тогтоох шинжилгээгээр Омикрон илрэхгүй байх магадлал өндөр байдаг.

-Манай улсад Омикрон хувилбарыг илрүүлэх шинжилгээний хүчин чадалд иргэд эргэлзээд байгаа юм. Япон улсад шинжилгээ нь сөрөг гарсан хүнээс Омикрон илэрч түргэн аваад байгаа шүү дээ. Ийм түүх давтагдах вий гэхээс л эмээгээд байх шиг?

-Манай улсад арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын хилээр өнөөдрийг хүртэл 54 нислэгээр 5000 гаруй зорчигч ирсэн. Бүх зорчигчдоос онгоцны буудал дээр хурдавчилсан тест болон ПГУ тестээр шинжилгээ авч байгаа. Эерэг гарсан бүх хүнийг ХӨСҮТ рүү илгээж тусгаарлана. ДЭМБ, Авсралийн Засгийн газрын байгуулсан генийн дараалал тогтоох лабораторид генийн дарааллыг тогтоож байгаа. Гадаадаас ирсэн иргэдээс энэ шинжилгээгээр Омикрон хувилбар тогтоогдоогүй.

Мөн түүнчлэн Японы Засгийн газрын тусламжтайгаар ЖАЙКА-гаас хоёр ч шинэ лаборатори ашиглалтад орох гэж байна. Тиймээс Омикрон хувилбарыг тогтоож чадахгүй байна гэсэн үндэслэл байхгүй.

-Хил дээр зөөвөрлөгдөн ирсэн эерэг тохиолдлууд иргэдийн хувьд Омикрон байх вий гэсэн хардлага төрүүлээд байна. Генийн дарааллыг тогтоох шинжилгээ үнэхээр найдвартай гэдгийг хэрхэн баталгаажуулж байгаа вэ?

-ДЭМБ-ын зөвлөмж болгож буй портоколын дагуу хил дээр эерэг гарсан бүх хүнийг тусгаарладаг. Тусгаарласныхаа дараа ПСР шинжилгээнээс гадна шинэ лабораторид генийн дарааллыг тогтоох шинжилгээг хийж байна. Үүнд 5-10 хоногийн хугацаа ордог. Манай лабораторийн гурван эмч Япон улсад бэлтгэгдсэн туршлагатай эмч байдаг. Тиймээс уг шинжилгээг найдвартай тогтоож байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

-Эерэг гарсан иргэдийг хэд хоног тусгаарлаж байгаа вэ. Гадаадаас ирэнгүүтээ энгийн амьдралдаа орчихсон явж байгаа юм биш биз?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар Омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарладаг. Бусад улсаас ирсэн иргэдээс хоёр шинжилгээ авч гэрт нь 10 хоног тусгаарлаж байна. Мөн дөрөв дэх хоног дээр нь нэмэлтээр ПСР шинжилгээ авч байна. Хилийн хяналтыг эрчимжүүлж ажиллаж байгаа учраас Омикрон хувилбар орж ирэхгүй байх боломжтой байгаа юм. Харин бид гадаад орон руу аялж буй групп жуулчдыг тусгаарлах асуудлыг шийдэх шаардлагатай байна. Олноороо явж буй аялагчдад халдвар авах магадлал өндөр байна шүү дээ.

-Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 240 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Дотоодод гарч буй халдварын тоо буурч байгаа. Омикрон хувилбарын шинж тэмдгийг коронавирусээс яаж ялгаж мэдэх вэ?

-Манай улсад халдвар болон нас барагсдын тоо эрс буурсан. Омикроны халдвар өндөр халуурах, ядрах, сульдах гээд шинж тэмдэг нь адилхан илэрдэг учраас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо нэмэгдэнэ шүү дээ. Харин ч тоо нь буурч байгаа биз. Омикроны шинж тэмдгийг бүртгэдэг аппликэйшнүүд байдаг. Эдгээрээс хамгийн сайн бүртгэдэг нь Их Британийн "zoi" гэдэг аппликэйшн байгаа. Үүнд бүртгэгдэж байгаа гол шинж тэмдэг нь коронавирусээс ялгагдах зүйл нь томуу төст өвчинтэй төстэй, нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдгүүд голлож байна гэдэг мэдээлэл байна.

Зарим улсад дөрөв дэх тунгийн асуудалд яригдаж байгаа. Ялангуяа бүүстэр тунг эрчимжүүлж эхэлсэн. Бүүстэр тун Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэсэн судалгаа бий. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгаанууд хийгдэж байгаа юм билээ. Омикрон хувилбарын эмнэл зүйн нууц үе нь маш богино, халдварлах чадвар өндөртэй байгаа.

-Улс орнуудад Омикрон хувилбарын тархалт огцом нэмэгдэж байгаа энэ үед иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Европын орнуудад Омикрон хувилбар гэрлийн хурдаар тархаад байна. Манай улс Турк, БНХАУ, Тайланд, Мальдив, Египет, АНУ, Их Британи зэрэг улс орнууд руу маш олноор аялан зорчиж байна шүү дээ. Эдгээр улсад Омикрон хувилбарын тоо нэмэгдэх хандлагатай байна. Дээрх улс орноор иргэд онцын шаардлагагүй бол аль болох зорчихгүй байх, халдвар хамгааллаа өндөрсгөх хэрэгтэй.

Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, вакцин тариулж болохгүй заалттай хүмүүстээ халдаах, амь насанд нь аюул учруулах эрсдэл дагуулж байна шүү гэдгийг бодох хэрэгтэй. Мөн тус хувилбараас сэргийлэх гол хүч нь бүүстэр тун гэж эрдэмтэд зөвлөж байгаа гэдгийг дахин хэлье

-Гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаж буй иргэд дөрөв дэх хоног дээрээ шинжилгээгээ өгөхгүй, гэртээ тусгаарлагдахгүй гадуур сэлгүүцээд байна гэсэн гомдол мэдээлэл их гарч байна шүү дээ?

-Омикрон хувилбарын нууц хугацаа нь 48 цаг болж богиноссон. Тийм учраас 72 цаг тусгаарлаад дөрөв дэх хоног дээр нь шинжилгээ аваад сөрөг гарвал гэр рүү нь явуулах зохицуулалт хийх шаардлага үүсээд байна.

-Гуравдугаар тунг иргэдийн сон­голтоор тарьж байгаа. Эдгээр вак­цины ялгаа юу байна. Хольж тариулснаар гарах үр дүн ямар байна вэ?

-Омикрон хувилбарын хувьд сулруулсан вируст зориулсан вакцин дээр Файзер вакцин тариулсан улс орнуудад ихээхэн давуу тал үүсгэж байгааг Английн Засгийн газрын зөвлөх дархлаа судлаач Жон Кэнпбэл онцолсон. Вируст сэртэнгийн, гадаргуугийн, цөм уураг гэсэн гурван төрлийн уураг бий. Сулруулсан вирусээр хийсэн Синофарм вакцин хүний биед сэртэнгийн, гадаргуугийн, цөм гэсэн гурван уургийн 20 гаруй төрлийг үүсгэдэг. Гэтэл Файзер вакцин сэртэнгийн уургийн нэг л эсийг үүсгэдэг. Гэхдээ маш сайн үүсгэдэг.

Тэгэхээр Синофарм вакцин дээр файзер вакцин хийлгэсэн хүмүүст Омикрон хувилбар дээр маш давуу талууд үүссэн. Энэ хоёр төрлийн вакциныг хольж хийлгэсэн хүмүүс Омикрон хувилбар туссан ч хөнгөн тусах магадлалтай. Тэгэхээр манай улсын хувьд томоохон давуу тал үүссэн.

-Гуравдугаар тун Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байгаа нь хэр үнэний хувьтай байна вэ?

-Омикрон хувилбараас гуравдугаар тун хамгаалах боломжтойг маш олон судалгаанаас харах боломжтой. Түрүүчээсээ энэ төрлийн судалгаануудын үр дүн гараад ирлээ. Вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө лабориторийн орчинд судалгаанууд хийж байгаа. Мөн Их Британийн судалгааны хэд хэдэн институт судалгаагаа танилцуулаад эхэлсэн. Ер нь тэдгээр судалгааны үр дүнгээс харахад бүүстэр тун Омикрон хувилбар болон халдвар, хүндрэлээс хангалттай сэргийлнэ гэдэг нь тодорхой болчихлоо. Яагаад гэхээр бүүстэр тунгийн хувьд эсрэг биеийн түвшин нэмэгдэхээс гадна дархлааны гол эс болох Т-лимфоцитийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа.

Үүнийг эрдэмтэд үзэхдээ, энэ эс маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өөрөө Омикронаас халдварласан ч гэсэн маш хөнгөн мэдэгдэхгүй хэмжээнд өвдөх боломжийг бүрдүүлж байна гэж үзсэн. Эрдэмтэд хоёр зүйлийг онцолж байна. Нэгдүгээрт, вирус мутацид орчихоор цусанд байгаа эсрэг биеүүд танихгүй байх магадлал үүснэ. Гуравдугаар тунд хамрагдсан тохиолдолд эсрэг бие нэмэгдэхээс гадна Т-лимфоцит нэмэгдэнэ. Тэгэхээр эсүүдэд шинээр халдвар орсон ч Т-лимфоцит халдварлагдсан эсүүдийг бүгдийг нь богино хугацаанд устгах, идэвхжилийг бууруулах зэргээр бүүстэр тун хамгаалах гол механизм нь юм.

-Халдварласан эсийг устгах механизм нь маш хүчтэй болсон гэсэн үг байна. Үүнийг эрдэмтэд түлхүүр ба цоожны зарчим гэж тайлбарлаад байгаа. Энгийн байдлаар тайлбарлавал?

-Хүний биед Омикрон вирус ороод ирлээ. Түүнд таарсан түлхүүр нь эсрэг биеүүд. Тэгэхээр нөгөө вирус чинь цоожоо өөрчлөөд байна шүү дээ. Түүнийг хүний биед байгаа эсрэг биет буюу түлхүүр таних чадвар буурч байж болно. Гэтэл дархлааны эс буюу Т-лимфоцит гурав дахь тунг дараа тооны хувд олширсон вирусээр халдварласан эсийг богино хугацаанд таних чадвар эрс өссөн тул богино хугацаанд таньж устгана гэсэн үг. Ийм учраас Монголд ч гурав дахь тун хийлгэсэн хүмүүс халдварт өртөхгүй өртсөн ч өөрсдөө мэдэхгүй хөнгөн өвдөөд эдгээд байгаа юм.

Омикрон дээр ч ийм байх болно учир нь вирус мутацад орж танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байгаа ч хүний дархлааны систем ч мөн вакцины бүүстэр тунгийн дараа зэрэгцээд өөрчлөгдөж түүнийг таньж устгах чадвар нь сайжирч байгаа юм.
А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top