2021 онд түүхий эдийн зах зээл савалгаатай тогтворгүй байлаа. Шинжээчид ирэх жил зэс, хөнгөнцагаан, цайр тэргүүтэй металлын ханш өндөр байна гэсэн таамаг дэвшүүлж байв. Харин КОВИД-19-ийн шинэ хувилбар болох Омикрон хурдацтай тархаж эхэлснээр эдийн засаг 2022 онд цар тахлаас сэргэх эсэх нь эргэлзээтэй болж түүхий эдийн зах зээлд тодорхойгүй байдал давамгайлахаар байна.
“S&P Goldman Sachs”-ийн түүхий эдийн индекс энэ онд 35 хувиар өсөж, АНУ-ын хөрөнгийн биржийн S&P 500 индексийг сүүлийн 10 жилийн дараа анх удаа гүйцэж түрүүлэв. Газрын тос, төмрийн хүдэр, нүүрс, зэс, шингэрүүлсэн байгалийн хий 2021 онд Хятадын түүхий эдийн зах зээлд асар том үүрэг гүйцэтгэсэн.Түүнчлэн Хятадын нөлөөлөл хамгийн их мэдрэгдсэн салбар бол уул уурхай байлаа.
Хятадын эрэлт зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж, тонн нь 10.747 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Түүнчлэн төмрийн хүдэр тонн нь 235 ам.доллар болж өсөөд байсан бол арваннэгдүгээр сард 87 ам.долларт хүрч буурсан. Харин өнгөрсөн даваа гарагийн байдлаар 122.70 ам. доллар болж сэргээд байна.
Хятадын эдийн засгийн сэргэлт нь металлын зах зээлд шууд нөлөө үзүүлж байгаа юм. Энэ жилийн хувьд зэс болон төмрийн хүдрээс гадна ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрс мөн гол ашиг хүртэгч байлаа. Австралийн Ньюкасл дахь нүүрс аравдугаар сарын дундуур нэг тонн нь 252.72 ам.долларт хүрсэн нь эрчим хүчний түүхий эд болох хар алтны хувьд маш өөдрөг жил болсон.
Хэдийгээр улс төрийн маргааны улмаас Австралиас нүүрс импортлохыг албан бусаар хориглож, аюулгүй байдлын үүднээс дотоодын нүүрсний уурхайнуудаа сул зогсоосон нь БНХАУ-ыг эрчим хүчний хомсдолд хүргэж, цар тахлаас сэргэж байсан эдийн засгийг удаашруулах бас нэгэн нөхцөл болсон. Харин дэлхийн хоёр том импортлогч Хятад, Энэтхэг хоёр дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээс хойш нүүрсний үнэ буурсаар байна.
Хэрэв Ази даяараа цар тахалтай амжилттайгаар зэрэгцэн амьдарч эхэлбэл нүүрс ирэх онд ч гэсэн гол тоглогч хэвээр байна гэдгийг судлаачид онцолж байна. Эрчим хүчний эрэлт их байгаа нь байгалийн хийн үнийг ялангуяа өвлийн улиралд өсөх нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
БНХАУ дэлхийн хамгийн том шатахуун импортлогч хэдий ч газрын тосны салбарт хамгийн бага нөлөө үзүүлдэг.
2021 оны хувьд түүхий нефтийн гол тоглогч нь ОПЕК+ болон Хойд Америк, Европын орнууд байсан.
Гэвч Хятад түүхий нефтийг энэ онд өнгөрсөн 2020 оных шиг их хэмжээгээр импортлоогүй нь тус түүхий эдийн зах зээлд тодорхой нөлөө үзүүлсэн гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм. Хятадын түүхий нефтийн импорт 2021 онд ойролцоогоор долоон хувиар буурсан бөгөөд 2020 онд өдөрт ойролцоогоор 1.2 сая баррелиар нөөцөө бүрдүүлж байсан. Харин энэ жил бараг нөөцгүй болсон байна. 2022 онд эдийн засгийн хүчтэй сэргэлт нь Хятадыг илүү их түүхий нефть худалдан авалтад хүргэхээр байгаа ажээ.
Цар тахал хэрхэн үргэлжлэх, улс орнуудын вакцинжуулалт ямар түвшинд байх, эдийн засгаа нээх үү, эсвэл Хятад шиг хаалттай хэвээр байх уу гэдэг тодорхой бус байгаа. Гэхдээ шинжээчид уул уурхайн түүхий эдийн ханшийн талаар эерэг таамаг дэвшүүлсээр байгаа юм.
Тухайлбал, БНХАУ-ын хамгийн том түүхий эдийн хөрөнгийн менежментийн фирм болох “Shanghai Chaos Investment” компанийн дэргэдэх Хаос судалгааны хүрээлэнгийн захирал Донг Хао энэ талаар “Бид ирэх онд хар металлаас илүү суурь металлын ханш өснө гэж тооцож байна. Ирэх онд дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээтэй сэргэлт ажиглагдах хандлагатай байгаа бөгөөд үүнд суурь металлын ханшийн өсөлт голлох нөлөөтэй. Харин хар металлын ханшийн өсөлт Хятадын эдийн засгийн сэргэлт тэр дундаа дотоодын барилгажилт болон дэд бүтцийн эрэлтээс хамаарах болно. Хятадын зах зээлд ирэх онд зэсийн эрэлт өндөр байх хандлагатай байна” гэсэн юм.
Фитч агентлагийн тооцоолж буйгаар зэсийн ногоон технологийн эрэлт (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд чиглэсэн) энэ онд 1.4 сая тонн байсан бол 2030 онд 5.4 сая тонн болж өснө гэж таамаглажээ.
Чилийн зэсийн комисс буюу Кочилко энэ онд дэлхийн зэсийн нийт эрэлт 24 сая тонн байсан бол ирэх онд 24.7 сая тонн болж өснө гэж тооцоолсон байна. Түүнчлэн шинжээчийн олонх нь зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн төсөлтэй аливаа компани хөрөнгө оруулагчдыг “соронзон” мэт татах нь тодорхой болж байгаа юм.Зэсийн үнэ өсөж буй нь Монгол шиг экспортлогч орнуудын хувьд цар тахлын амаргүй үед ач тусаа өгч байна.
Оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.8 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.4 дахин их дүнтэй байгаа төдийгүй оны нийт төлөвлөгөөт хэмжээг давжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )