Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Улсын онцгой комисст зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Дэлхий даяар коронавирусийн Омикрон хувилбарын тархалт 90 гаруй улсад тархаад байна. Омикрон хувилбар тархсан болон тархахаас сэргийлж улс орон бүр янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байна.
Монгол Улсын хувь нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоногийн тусгаарлалтын байранд тусгаарлан хяналт тавьж байгаа.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь 3 хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжиж энэ ажлыг зохион байгуулахыг Улсын Онцгой комисст үүрэг өглөө.
Гадаадаас ирж байгааа иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбоотой шийдвэр, яг хэзээнээс хэрэгжиж эхлэх зохион байгуулалтын асуудлаар УОК хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Энэхүү шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг дараах байдлаар танилцуулав.
Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар 90 гаруй улсад Омикрон хувилбар тархаад байна.
Хоёрдугаарт, хилийн боомтод хийж буй хяналт буюу гадаадаас ирж байгаа иргэдээс авч буй шинжилгээгээр халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Тодруулбал, Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 11-р сарын 27-ноос гадаадаас ирж байгаа иргэдээс авч байгаа PCR шинжилгээнд өнөөдрийн байдлаар 5,680 хүн хамрагдсанаас 180 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.
Гуравдугаарт, 11 улсаас бусад улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног гэрийн тусгаарлалт хийж 4 дэх хоног дээр давтан PCR шинжилгээ авч байгаа ч өнөөдрийн байдлаар гадаадаас ирэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэд 4 дэх хоногт шинжилгээнд хамрагдаж буй хувь ердөө 30 хувьтай байна.
Гэтэл Омикрон хувилбар, коронавирусийн халдварын шинжилгээнд илрэхгүй байх нууц хугацаа 2.5 хоног байна.
Дөрөвдүгээрт, Омикрон хувилбарын тухайд олон улс дахь судалгаанууд үргэлжилсээр байна. Эрүүл мэндэд учрах эрсдэл нөлөөллийн судалгаанууд үргэлжилсээр байна. Хамгийн түрүүнд тодорхой болсон зүйл нь халдварын тархалт дельтай хувилбартай харьцуулбал 2-3 дахин их байна. Мөн амьсгалын дээд замыг гэмтээж байгаа нь энэ өвчнөөр хүүхдүүд хүндээр өвчлөх эрсдэлтэй судалгаанууд гарч байна. Өөрөөр хэлбэл өвчлөл хөнгөн байна гэж дүгнэхэд эрт байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.
Их Британи, АНУ-д Омикрон хувилбараар халдварласан иргэний нас баралт бүртгэгдээд байна.
Ерөнхий сайдын зүгээс дотоодод Омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа өнөөгийн нөхцөлд аль болох хатуу хөл хорио тавихгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах зорилготойгоор гадаадаас ирж буй иргэдийг богино хугацаагаар тусгаарлах саналыг ийнхүү дэмжлээ.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд бас нэгэн үүргийг УОК-т өглөө.
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож байгаа тул Цагаан сарын баяртай холбоотойгоор холбогдуулан зарим чиглэлийг өглөө.
Цагаан сарын баярын Төрийн золголтыг энэ удаад дахин зохион байгуулахгүй байх, мөн айл өрх, иргэдийг цомхон хүрээнд буюу зөвхөн гэр бүлийн хүрээнд баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зөвлөмжийг УОК-ыг боловсруулж танилцуулах үүргийг өгөв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч Омикрон хувилбарын хурдтай тархалттай холбоотойгоор баяр, наадам, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах уриалга, зөвлөмжийг гаргаад байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мөн вакцины III тунгийн хамралтыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, хүүхдийн вакцины нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох сайд нарт өглөө.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 27% вакцины III тундаа хамрагдсан бол энэ нь зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 45.6 хувь (870,175) байна.
Ингээд иргэдийгээ үргэлжлүүлэн III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )