Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлохыг завдах, өндрөөс үсрэх зэрэг сэтгэл сэрдхийм хэргүүд гарч байна. Чухам яагаад хүүхдүүд ийм сонголтыг хийх болов, тэдэнтэй хэрхэн ойлголцож, хэрхэн хайрлах ёстой юм бэ гэдэг талаар “O-PSY” цахим сэтгэл зүйн төвийн захирал сэтгэл судлаач, докторант Б.Сайнзаяатай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхэдтэйгээ эцэг эхчүүд хэрхэн харьцах ёстой вэ?
-Өсөж явж байгаа гэдэг утгаараа хүүхдүүд нийгэм, ойр орчмын хүмүүс, томчуудын тухай бүгдийг сонирхож байдаг. Энэ үедээ суурь хүмүүжил, сэтгэл зүйн өөрчлөлтийг ялган танихад суралцаж явдаг. Хүмүүсийн зан араншинг ялган таних тухайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ сайн зааж зөвлөж байх хэрэгтэй.
Мөн муу хүмүүсээс биеэ хэрхэн хамгаалах, аливаад сэтгэл зүйн дархлаатай байх талаар ярилцаж байх шаардлагатай. Нөгөө талаар аав, ээжүүд хүүхдээ маш сайн сонсдог байх хэрэгтэй. Сонсоод өнгөрөөх биш, ач холбогдол өгч, үнэн сэтгэлээсээ ойлгож дэмжиж сонсох нь чухал. Томчууд хүүхдээ хүн гэж харахгүй хүүхэд гэж хандах өнцгөөр яриаг нь тэгсхийгээд өнгөрөөх гээд байдаг.
Том хүнтэй ярьж байгаа юм шиг ярилцаж, тулгарсан асуудлыг нь шийдэхэд тусалж дэмжих үүрэгтэй. Хүүхэдтэй харьцахад хамгийн чухал харилцаа бол харц байдаг. Хүүхэд рүүгээ аядуу зөөлөн, удаан тогтож харах нь өөрийг нь анхаарч байгаа итгэл төрүүлдэг.
-Нийгэмд чухам яагаад өсвөр насныхан дунд амиа хорлолт ихсээд байна вэ?
-Өсвөр насныхан дунд амиа хорлож буй үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг.
Нэгдүгээрт: Гэр бүлийн хүчирхийлэл давамгайлсан буюу үл хайхрах хүчирхийлэл. Сэтгэл санааны хүчирхийлэл буюу ялгаварлан гадуурхах, басамжлан доромжлох, шоолон дооглох үзэгдэл байна. Бие махбодын хүчирхийлэл буюу бэлгийн хүчирхийлэл, зодох занчих, гэмтээх өвтгөх зэрэг байна. Мөн түүнчлэн эдийн засгийн хүчирхийлэл гэж нэр томьёо гарч ирсэн. Энэ нь мөнгө төгрөгөөр боож хавчих, эсвэл “чамайг би тэжээж байна” гэж дарамтлах, үглэх загнах, зандрах явдал орно. Зүй нь бол аав, ээж хүүхдээ юугаар ч дутаахгүй тэжээж тэтгэх үүрэгтэй шүү дээ.
Хоёрдугаарт: Хүүхдийн сэтгэл зүрх, бодол санаа нь эмзэг хэврэг байгааг анзаарахгүй байснаас болж байна. Энэ үед хүүхэд маш эмзэг мэдрэмтгий байдаг учир хүүхэд өөрийгөө буруутгах, хэн ч намайг хайрладаггүй юм байна гэсэн ганцаардсан мэдрэмж төрдэг. Үүнээс үүдсэн амиа хорлох сэдэл төрөх өндөр магадлалтай.
Гуравдугаарт: Оршихуйн хямрал буюу үнэт зүйлийн дутмагшил гэж байдаг. Энэ үед сэтгэл гутралын бүх шинж илэрдэг. Амьдрах утгагүй болно, ойр дотнын бүх хүмүүстэйгээ эвгүй таагүй харилцана. Ийм төлөв байдал анзаарагдаад байхад хүүхдээ тоохгүй явснаас болж хүндэрч хүүхэд амиа хорлоход хүрэх аюултай. Сүүлийн үед илрээд байгаа бас нэг шалтгаан бол сүсэг ба итгэл үнэмшлийн шинжтэй харилцаа бий. Найз нөхдөдөө амласан амлалтандаа хүрэх гэж, хайр дурлалдаа үнэнч гэдгээ баталгаажуулах гэж шашин зан үйлийн шинжтэй үйлд хэт автаж байна. Үүнийг хийснээр ирээдүйд аз жаргалд хүрэх юм байна гэсэн итгэл үнэмшлээр амиа хорлох сэдлийг төрүүлж байдаг. Энэ бол үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдийг уруу татсан шашны гаж урсгалын золиос юм. Тиймээс хүүхдээ хэнтэй нөхөрлөөд байна, юу үзэж харж, сонирхож байна, хаагуур яваад байна гэдгийг аав, ээжүүд байнга харж анзаарч байх хэрэгтэй.
-Хамгийн сүүлд 13 настай хоёр охин амиа хорлохыг завдлаа, нэг нь хойд эцэгтээ хүчирхийлүүлж байсан гэдэг мэдээлэл бий. Нөгөө нь 21 настай залуутай дотно харилцаатай байсан гэх. Энэ тал дээр сэтгэл зүйч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Энэ талаар Шүүх, Цагдаагийн газраас эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгаа учраас хамаагүй яримааргүй байна. Гэхдээ бага насны хүүхэд өөрийнхөө санаачилгаар биш хэн нэгний өгсөн сэтгэл зүйн гэмтэл, шарх, сэтгэл санааны хямралын нөлөөнөөс болж амиа хорлох уу, урсгалаараа амьдрах уу гэдгээ шийдэж байгаа. Тэгэхээр тэдэнд ямар нэг зүйл тохиолдож шархлуулж, эмзэглүүлж, зовоосон байж таарна шүү дээ. Ер нь хүүхэд хүүхдээ гэмтээх магадлал өндөр. Бас том хүн хүүхдийг ийм байдалд хүргэж болно.
Нас биедээ даахгүй ачааг үүрүүлж, хийлгэх гэж оролддог нь хүүхдэд дарамт болж ирдэг. Энэ дарамтаас зугтах сэдэл төрж буруу хүмүүстэй учирч золиос болж байдаг. Хүүхдийн хийсэн үйлдэл дандаа бусдын төлөө байдаг. “Ээж минь тайван байвал, аав минь зовохгүй байвал, би байхгүй бол тэд жаргалтай байна байх, би байгаа учраас тэдэнд гай болдог юм байна, би л байхгүй болчихвол тэд сайхан амьдрах юм байна” гэж боддог. Өөрийгөө буруутгах мэдрэмжээр дүүрсээр, дүүрсээр эцэст нь үхлийг сонгож байгаа нь үнэхээр өр эмтэрмээр, харамсмаар.
-Энэ талаар эцэг эхчүүд яагаад мэдэхгүй, үхлийг сонгох хүртэл нь хүндрүүлээд байна вэ?
-Өөрөө сэтгэл зүйн асуудалтай байгаа хүн хажуудахь хүнээ оношилж таньж мэддэггүй. Өөрөө тайван амгалан байж бусдыг тайван байлгана. Сэтгэл зүйн асуудалтай хүн харилцаа хандлага, нөлөөлөл нь ч дандаа сөрөг байдаг. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Хэрэв таны сэтгэл зүй эрүүл тайван амгалан байдаг бол хүүхдэд чинь хэн сөргөөр нөлөөлөөд байна вэ гэдгийг оношилж тодруулах хэрэгтэй. Хэнтэй нөхөрлөж байна, анги хамт олонтойгоо ямар мэдээлэл солилцож байна вэ, хэдийд хаагуур яваад байна вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхэд заримдаа худал хэлдэг. Яагаад гэвэл үнэнээ хэлэхэд загнуулдаг учраас. Үнэнээ хэлэхэд нь учирлаж, тайлбарлаж, зөв ярилцаж байх хэрэгтэй.
-Хайр сэтгэлийг ойлгох, хүнийг таних болоогүй ийм насан дээрээ буруу зам руу халтирах, эрт бэлгийн амьдралд орох хүчин зүйл нь юу байна вэ?
-Бэлгийн харилцаанд эрт орох шалтгаан бол нэгдүгээрт эцэг, эхийн бэлгийн харилцааны ил тод байдал байдаг. Хажууд нь хүүхдээ унтсан гэж бодоод секс хийх, дэргэд нь дотуур хувцастайгаа явах, бэлгийн харилцааны талаар огт ярилцахгүй байх, бэлгийн боловсрол хүүхдэдээ олгохгүй байх, сарын тэмдэг ирэх, сэтгэл санааны өөрчлөлтийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахгүй байх зэргээс болдог. Хоёрт, нийгмийн зүгээс цахим хэрэглээний шүүлтүүргүй байдал байдаг.
Цахим донтолт болон найз нөхдийн дунд үүссэн хүмүүжлийн доголдол их нөлөөлдөг. Юм үзээгүй байх нь анги дотроо шившиг гэдэг үзэгдэл хавтгайрч байгаа нь эрт бэлгийн харилцаанд орох шалтгаан болж байна.
Нэг жишээ дурдахад наймдугаар ангийн нэг ангийн хүүхдийн 40-50 хувь нь бэлгийн харилцаанд орчихсон байсан судалгаа гарсан.
Зарим анги 12 дугаар анги төгсөтлөө хүүхдээрээ байсаар төгсдөг. Ямар ч архи дарсны хэрэглээгүй, бэлгийн харилцаагүй, цэвэр нандин байдлаа хадгалж чадсан байдаг. Энэ том хоёр ялгаа нь ангийн түвшиндээ массын хэмжээнд хүүхдүүд нь ямар байна вэ, нийлээд байгаа найзууд нь ямар байна вэ гэдгийг л харах хэрэгтэй. Гуравдугаарт, хамгаалалт сул айлын хүүхэд байна. Аав, ээж нь гадаадад ажилладаг, эмээ өвөө дээрээ байдаг, айлд амьдардаг, эсвэл маш завгүй ажилладаг гэртээ байхаасаа байхгүй нь их байх, аав ээжийн аль нэг нь сэтгэл санааны асуудалтай, ямар нэг донтолттой ийм айлын хүүхэд хамгаалалт сул байдаг.
Хүн хайрлагдах хэрэгцээгээ хангалттай авч чадахгүй байгаагаас болж ялангуяа эмэгтэй хүүхэд эцгээсээ авах хайр халамж дутагдаад ирэхээр өөр эр хүнд татагдаж, бэлгийн харилцаанд эрт орох магадлал өндөр байдаг. Эцгийн хайрын дутмагшил нь охин хүүхдийг хэн нэг эр хүнд бие сэтгэлээ тушаах алхмуудыг хийлгэдэг. Нэгэнт зүрх сэтгэлээ тушаачихсан юм чинь нөгөө хүнийхээ хий гэсэн болгоныг хийнэ гэсэн үг шүү дээ.
-Өвөрхангай аймагт сурагч охин найз залуудаа буудуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа шүү дээ. Энэ жишээн дээр сэтгэл судлаач хүний өнцгөөс ямар дүгнэлт хийсэн бэ?
-Сургуулийн дотуур байр гэдэг хүүхдийн сэтгэл зүйд асрамжийн газар шиг зохимжгүй зүйл гэж би хардаг. Хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч ойр дотнын хүнээс хол байлгах маш буруу. Тэд хамт байж хайрлагдах, халамжлуулах ёстой. Энэ жишээн дээр харахад эцэг эхийн хайхрамжгүй байдал их нөлөөлсөн гэж бодож байна. Хоёр талын эцэг, эх аль аль нь л хүүхдээ анхаарах ёстой байсан. Охины талаас аав, ээж нь найз залуутай нь аядуу эвээр харьцаж ойлголцох арга ухаан дутсан байх.
Нөгөө талаар хоёуланд нь гэр бүлийн хамгаалалт сул байсан байна. Охин, залуу хоёрын хэнийг нь ч буруутгах аргагүй. Хэн хэндээ хайртай гээд хамт үхэхээр шийдсэн ч байж болно шүү дээ. Амьд үлдсэн хүмүүс нь ч бие биеэ хэмлээд нэмэргүй. Харин цаашид бид үр хүүхдээ л ойлгож, хамгаалж байх ёстой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд хайрын дутмагшилтайн улмаас л хайр сэтгэлийн төлөө амь биеэ зольж байгаа шүү дээ. Тиймээс томчууд хүүхдээ хайрын дутмагшилтай өсгөж болохгүй гэдгийг дахин хэлье.
-Гэр бүлийн хүмүүжлийн талаар томчууд бидний алдаад байгаа алдаа дутагдал юу байна вэ?
-Хамгийн дутагдалтай зүйл бол эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгчийн сэтгэл зүйн боловсрол дутмаг байна. Тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйн тухай юу ч мэдэхгүй байна. Хүүхдийн сэтгэл зүйд нэвтэрч жолоодож чадахгүй бол хүүхэд чинь танаас үл шалтгаалж, илүү өөрийг нь ойлгох гэж хичээгээд байгаа дүр эсгэгч рүү татагдана. Тэд бол залилан мэхлэгчид байдаг. Бидний яриад байгаа 21 настай залуугийн дотор найман настай хүү ч амьдарч байж болно шүү дээ. Сэтгэл зүй нь энэ насан дээрээ гацчихсан. Магадгүй 50 настай хүн ч хүүхэд шиг аашлаад байдаг нь ийм учиртай байж болно. Ийм насан дээрээ блоклогдсон томчууд ар гэрээ авч явахдаа маш муу, чадваргүй байдаг.
Гэтэл өсвөр насны хүүхэд нь 50, 60 настай юм шиг хашир суучихсан, ирээдүйгээ төлөвлөчихсөн хүүхдүүд олон болж байгаа. Ийм хүүхдийг бид том толгойлчихсон гэж загнаад, дараад байдаг. Би л биеэ даахгүй бол намайг их дээд сургуульд оруулж чадахгүй юм байна, би л ажил хийхгүй бол амьдрал хэцүүдэх юм байна гэсэн айдас түгшүүр дунд амьдарсаар хүүхэд насаа мэдрэхгүй өсөж байгаа нь эмгэнэлтэй.
Томчууд өөртөө дүгнэлт хийж би ээж шиг ээж байж чадаж байна уу, аав шиг аав байж чадаж байна уу, эмээ шиг эмээ байж чадаж байна уу гэж эргэцүүлэх хэрэгтэй. Социализмын үед хүмүүжсэн эмээ, өвөө, аав, ээжүүд ардчилсан нийгэмд төрж хүмүүжиж буй хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй байна. Цаг үетэйгээ нийлж хоцрогдсон хэв загвараасаа салмаар байна. Яг одоо 2050 онд амьдрах хүүхдийнхээ ирээдүйг харж хүмүүжүүлэх болохоос биш 1950 оны амьдрал тэдэнд огт хамаагүй шүү дээ.
-Сэтгэл зүйч дээр үсчинд ордог шигээ байнгын хэрэглээ болгох тал дээр анхаармаар санагддаг. Хүмүүс сэтгэл зүйчид хэр идэвхтэй хандаж байна вэ?
-Сэтгэл зүйн боловсролын хэрэгцээ дутагдалтай байна гэдгээ мэдэрч сэтгэл зүйчид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Сэтгэл зүйчдийн ажлын нөхцөл байдал хүнд байгаа. Хувиараа л ажиллаж хөл дээрээ босож байна шүү дээ. Үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалах ая тухтай байдлыг хангахаас эхлээд маш их хэмжээний зардал гардаг учраас тэр бүрийд хүссэн хүн хийгээд байж чаддаггүй.
Энэ мэргэжил өөрөө маш их тэвчээр, ур ухаан, ёс зүй шаарддаг учраас сэтгэл зүйчид хэсэг ажиллаж байгаад зүрхшээж халгадаг. Миний хувьд 10 жил сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Дөнгөж ажил эхэлж байхад 500 гаруй судлаач, сэтгэл зүйчид төгсөж ажлын байран дээр гарсан боловч ажиллах орчин байхгүйн улмаас 100 хүн нь л тэнцэж үлдэж байна гэсэн үг. Сэтгэл зүйчдийн таван хүний нэг нь л тэнцэж байна. Ёс зүйн шаардлага маш өндөр мэргэжил шүү дээ. Үйлчлүүлэгчдийн хувьд үйлчилгээ авах сэтгэл зүйн байдал хараахан бэлэн болоогүй байна.
Эмчтэй үзүүлдэгтэй адил сэтгэл зүйчээс тогтмол зөвлөгөө аваад, өөрөө өөртэйгөө ажиллаад, сэтгэл зүйгээ хамгаалах, урьдчилан сэргийлээд яваад байвал сэтгэл зүйн асуудалд өртөх магадлал бага байдаг. Гэнэтийн зүйлс тохиолдох үед сэтгэл зүйгээ хамгаалах чадвар суучихдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ховсын эмчилгээ авах зэргээр хүндрүүлтэл нь явчихсан хүмүүс зөндөө байдаг. Ийм хүмүүс нийгэмдээ хор уршигтай. Нэг хүний сэтгэл зүйн байдал нөгөө хүнд нөлөөлдөг. Энэ нь халдварт өвчин шиг урхагтай. Яг л ковидтой ижилхэн халдварладаг.
-Та бүхэнд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар бэрхшээл тоочиж байна вэ?
-Ихэвчлэн гэр бүлийн харилцааны асуудал байдаг. Мөн стресс буюу сэтгэл санааны суурь шалтгаан байдаг. Амьдралын нөхцөл байдлаас үүссэн төвөгтэй асуудлаа шийдэж чадахгүй байх, өөрчилж чадахгүй байгаа хүмүүс их байна. Мөн түүнчлэн ковидын дараах шинж тэмдэг буюу нойргүйдэх, анхаарал сулрах, ой тогтоолт муудах, өөрийгөө голох, сэтгэл гутралд автах түр зуурын бөгөөд хүчтэй илрэлүүд их гарч байна.
Нийгэмд хүчирхийллийн талаар сэртхийм аймшигтай гэмт хэргүүд их гарч байна. Үүнтэй холбогдуулж хүүхэдтэйгээ ирж сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авахуулж, сургалт авах, гэр бүлээрээ хамтарсан сэтгэл зүйн засалд явах нь ихэссэн. Гурван жлийн өмнөхөө бодвол үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн.
-Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчтэй болж байгаа. Тэд хүүхдүүдэд хэр хүртээмжтэй, оновчтой ажиллаж байгаа бол?
-Энэ талаар нарийн мэдээлэл, судалгаа гараагүй байна. Ерөнхийдөө сургуулийн сэтгэл зүйчийн хийх ёстой үүрэг тодорхой байдаг. Энэ хүрээнд анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, сэтгэл санааны асуудалтай байгаа хүүхэд дээр тусгайлан ажиллаж зөв шийдэл нөлөөллийн ажил хийх, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Мөн багш, эцэг эхчүүдийн сэтгэл зүйн байдалд үнэлгээ өгч зөвлөгөө өгөх шаардлагатай бол сэтгэл заслын хөнгөн хэлбэрийн эмчилгээнд холбож өгөх ёстой. Хорооны ажилтан, сэтгэл зүйч, багш, эцэг эх хамтраад хүүхдэд гарах эрсдэлээс сэргийлэх зорилготой юм. Сэтгэл зүйчид цөөхөн хэдхэн сургуульд амжилттай ажиллаж байгаа. Ихэнх нь магадгүй таван жилийн дараа л үр дүн нь мэдрэгдэх байх.
-Хүмүүс охидоо гээд хөвгүүдээ орхичих гээд байдаг. Хөвгүүдийн хүмүүжилд хэрхэн хандах ёстой вэ?
-Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүйн боловсролын асуудал маш их хоцрогдсон. Хүйсийн ялгаатай байдал маш их гардаг. Эрэгтэй учраас уйлж, уурлаж, гоншигонож болохгүй гээд байдаг. Энэ бүх мэдээллээр хүүхдийн тархийг угааж нийгэмд өсвөр насны хүүхдийн дунд эрэгтэй, эмэгтэй гэдэг зааг ялгаа асар их гардаг. Хүүхдийг хүйсээр нь ялгаж хүмүүжүүлэх хамгийн буруу. Хүүхдээ хүмүүжүүлэхээсээ өмнө өөрөө сахилга баттай байж чадаж байна уу гэдгээсээ эхэлж анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог бол ирээдүйд тэмүүлэх манлайлах хүсэлтэй байдаг. Аав нь хүүхдийнхээ оюун, сэтгэлийг тэжээн тэтгэх, ээж нь анхаарч асрах үүрэгтэй.
Суурь сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд бие биедээ зөвлөгөө өгөөд яваад байдаг нь хамгийн бол хамгийн буруу зүйл. Энэ нь тухайн хүүхдийн гэр бүлд буруу хүмүүжил, үлгэр дуурайллаас үүдэлтэй. Эсрэг хүйстнийхээ талаар олиггүй бодолтой байх, үл тоох, үнэ цэнгүй хэрэглээ гэж харах зэрэг нь томчуудаас л авсан гажуудал байдаг. Би хөвгүүдийг буруутгаж, охидыг зэмлэмээргүй байна. Аль аль талдаа дутагдал бий. Сүүлийн үед охид нь хөвгүүдийг маш их шорддог, доромжилдог, дээрэлхдэг болчихсон. Учир нь, гэртээ аав нь хэн ч биш байгаа харагддагаас тийм авир гаргаж байгаа байх. Хэрэв ээж нь аавыг нь хүндэлдэг бол охид тийм авир гаргахгүй шүү дээ.
-Өсвөр насны охид маш эмзэг болчихдог. Охидын хүсэл сонирхлыг дэмжиж өсгөх гэхээр бодол нь нэг л мэдэхэд өөрчлөгдөөд байдаг. Мэргэжлийг нь сонголцох гэхээр та бодлоо тулгалаа гэх нь бий. Энэ тал дээр аав, ээжүүд яах учраа олохгүй байх шиг?
-Охидын эмзэгшил гурван шалтгаантай. Нэгдүгээрт, гармоны өөрчлөлт буюу сэтгэл зүйн саатал, хөөрөл ихтэй болдог. Байсхийгээд л цочмог уурлаад л, тэгснээ нэг их сайхан ааштай болчихдог ч юм уу. Үүнтэйгээ адилхан бие махбод нь амархан улайх, амархан батга гарах гээд байдаг талтай. Энэ үед гармоны шинжилгээ өгч дутагдаж буй эрдэс бодис буй эсэхийг оношлуулаад тохирсон витамин, хоол хүнсийг нь өгөх хэрэгтэй. Мэргэжил сонголтын тал дээр хүүхэд гол нь мэдээлэл хүсдэг. Мэдлэг олж авахын тулд эхлээд мэдээлэл хэрэгтэй. Дэс дараалалтай, ойлгомжтой мэдээлэлтэй болчихвол мэргэжил сонголтоо зөв хийнэ шүү дээ.
Охид өөрөө эмзэг нандин, эрхэмсэг учраас хүмүүсээс намайг хүндэлж, хайрлаж харьцах ёстой гэж боддог. Тэрхүү өөрийнхөө эрхэм үнэ цэнтэй харилцааны шаардлагад хүрэхгүй бол бухимддаг. Чимхлүүр хэр нь үнэ цэнтэй мэдрэмжийг багаас нь өгчих юм бол 30, 40 хүртлээ ч өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч явдаг бөгөөд аливаа зүйлийн сайныг нь, зөвийг нь сонгож чаддаг. Энэ бол хамраа сөхөх, их зантай байх үзэл биш юм шүү.
-Өсвөр насны хүүхдэдээ ямар үсгийг хэлж болохгүй вэ?
-“Ямар” гэдэг асуултанд хариулагддаг доромж утгатай бүхий л тэмдэг нэрийг хэлж болохгүй. Өмнөх алдаан дээр нь дөрөөлөөд сөхөж ярьж болохгүй. Өөрийнх нь үнэт зүйл, хайртай дотнын хүмүүсийнх нь талаар муу муухай үг хэлж болохгүй. Хэрэв тийм алхам хийсэн бол та хүүхдийнхээ сэтгэлээс арчигдаж, хүндлэл үгүй болж байна гэсэн үг. Хүүхдэдээ үл итгэх байдал маш хортой. Хэзээ ч хүүхдээ засаршгүй муу, юу ч чаддаггүй, арчаагүй анхиагүй гэж хэлж болохгүй. Сайн байх гэж оролдсон ч энэ үг нь дөнгө тушаа болно. Эргээд хүүхэд чинь ч танд үл итгэх байдлыг үүсгэдэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхдээ өсгөх хайрлах хүмүүжүүлэх талаар сулхан хүмүүс их. Зарим эцэг эх бүр салж өнчрүүлдэг тэрийгээ огт тоодоггүй, суугаад салаад л бдаг, хойд эцэг эх сайн нь цөөн, хүүхдийн сэтгэл санаа хамгийн их гэмтдэг байж таарна.