Олборлогч орнууд Хятадад нүүрс борлуулахыг хичээж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Хэдхэн сарын өмнө эрчим хүчний хомсдолд ороод байсан дэлхийн хамгийн том нүүрс импортлогч  Хятадад нүүрсээ борлуулахыг хичээж буй олон улс байна. Орос, Индонез, Монголын нүүрс экспортлогчид БНХАУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэллээ.

Бээжинд өнгөрсөн даваа гарагт болсон 2021 оны Хятадын нүүрсний дээд хэмжээний уулзалтын үеэр тус улс руу  нүүрс экспортлогч 12 аж ахуйн нэгж болон Орос, Индонез, Монголын нүүрс экспортлогчтой 2022 он хүртэлх эрчим хүчний нүүрс нийлүүлэх дунд болон урт хугацааны эхний ээлжийн гэрээнд гарын үсэг зуржээ.Эхний багц гэрээ 2.49 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Гурван улсын нүүрс экспортлогчид Хятадад 25.82 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэх аж. 

Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотын түүхий эдийн судлаач  Хан Жианжүн Глобал Таймс сонинд өгсөн ярилцлагадаа “2020 онд Хятадын нүүрсний импорт 300 сая тоннд хүрсэн бөгөөд сая байгуулсан эдгээр гэрээ нь манай улсын жилийн нүүрсний импортын бараг 10 хувийг эзэлж байна” гэжээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан статистик мэдээллээр, тус улс 2021 оны эхний 11 сард 292.3 сая тонн нүүрс импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.64 хувиар өссөн байна.

"Дэлхийн нүүрсний зах зээлд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитик зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 2022 онд Хятадын нүүрсний импортын хэмжээг таамаглахад хэцүүгээс  гадна энэ жилтэй харьцуулах боломжгүй" гэдгийг Хан Жианжүн тодотгосон байна.

БНХАУ-ын гол нүүрс нийлүүлэгчдийн нэг болох ОХУ  2021 оны эхний 10 сард 47.58 сая тонн нүүрс нийлүүлсэн нь Хятадын нийт нүүрсний импортын 18.57 хувийг эзэлж байгаа тухай SGS группын нүүрсний шинжилгээ, баталгаажуулалтын шинжээч Лю Хайтао онцолжээ. Тэрбээр  Европын нүүрсний хэрэглээ буурч байгаа энэ үед Ази тив нүүрсний гол төв болоод байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ эрчим хүчний экспортоо Ази Номхон далайн бүс нутаг руу шилжүүлээд байна. Мөн ОХУ Алс Дорнодыг Хятадтай холбосон төмөр замаа шинэчлэхээр төлөвлөж буй. Коксжих нүүрсний хувьд Монголын нүүрсний экспортод цар тахал хамгийн их нөлөөлсөн.

Энэ талаар Шиамэнь Шианю группын ерөнхий менежерийн орлогч Жан Жунтиан “Хятад, Монголын нүүрсний импортын томоохон сувгуудын нэг болох Ганцмод  боомт тахлын улмаас хэд хэдэн удаа хаагдаж, өдөрт нэвтэрч буй нүүрс тээврийн машины 200-аас доош болж буурсан. Ердийн өдрүүдэд 600-аас 1000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан” хэмээжээ.

Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хил дагуух хоёр талын худалдааг эрчимжүүлж, 2022 оны хоёрдугаар сарын эцэс гэхэд Цагаан хаданд байгаа бүх нүүрсийг нэвтрүүлэхээр  тохиролцсоныг хоёр улсын Засгийн газар тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд автомат удирдлагатай машин, чингэлэг өргөх байгууламж зэрэг олон тооны тоног төхөөрөмжийг Монгол Улсыг холбосон олон боомтод байрлуулахаа Хятадын талаас мэдэгдээд буй.

Хятадын нүүрсний импорт, экспортын мэргэжлийн хорооны гүйцэтгэх захирал Ван Пэнбо дэлхийн нүүрсний худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан тул Хятадын эрэлт хэрэгцээ дэлхийн нүүрсний зах зээлд нэн чухал юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top