Дунд сургуульд өгдөг байсан мөрөөдөл бичих цаасан дээр долоон жилийн турш нэг л зүйл бичсэн. МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГТ ОРОХ БОЛНО гэж...
Волейболын үндэсний дээд лиг хоёр сарын турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн хувьд эрэгтэй төрөлд Д.Тамир дасгалжуулагчтай “Натур мед Ноён” баг аварга болсон.
Дээд лигийн тоглолт дундаас хоёр номертой солгой тоглогч довтолгоо бүрээрээ оноо авч, үзэгчдийг огшоож байлаа. Тэр бол “Натур мед Ноён” багийн тамирчин Тамираагийн Хангал. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд хамгийн өндөр буюу 428 оноо авч, Дээд лигийг шилдгийн шилдэг тоглогчоор шалгарсан билээ.
Дээд лигийн аварга болж, волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш, өвөө Д.Ренчин, волейболын шилдэг тамирчин, өдгөө “Натур мед Ноён” багийн дасгалжуулагч аав Р.Тамир, авга ах Р.Хангай нарынхаа спортын карьер, хөдөлмөрөө зориулсан волейболын спортоор хамгийн өндөр амжилт үзүүлээд буй Т.Хангалын спортод хөл тавьсан түүх болон ирээдүйн зорилгын талаар ярилцлаа.
Т.Хангал Монгол Улсын Их сургуулийн Сэтгэл судлаачийн ангийн II дамжаанд сурдаг.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
...Аав маань волейболын спортын Олон улсын спортын мастер Ренчингийн Тамираа гэж хүн бий. Ээжийг маань Дагвадоржийн Наранцэцэг гэдэг. Мөн волейболын спортын мастер цолтой. Аав, ээж хоёр маань хоёулаа волейболын тамирчид учраас би төрөхөөсөө л энэ спорттой холбогдсон гэж хэлж болно.
Бага ангиа Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуульд сурч төгссөн. Энэ үеэсээ волейболын спортод гүн шимтсэн хэлж болно. Гуравдугаар ангиасаа волейболын дугуйланд явж, спортын мастер Р. Баттулга багшаар бүх зүйлээ заалгасан.
...Миний нэг өдөр бусдын л адил өнгөрдөг. Тэмцээн эхлэхээс гурван сарын өмнөөс бэлтгэлдээ шаргуу ордог. Өдөр бүр хамгийн багадаа гурван цаг бэтгэл хийдэг Харин багаараа байрлаж, бэлтгэл хийх үед хоёр удаагийн давтамжтайгаар 3 цагийн бэлтгэл хийдэг,
...Сэтгэлд минь хамгийн сайхан дурсамж болж, тодоор үлдэх тоглолт дөнгөж саяхан болсон Дээд лигийн үеэр боллоо.
Аав маань Дээд лигт тоглодог байхдаа алтан медаль хүртэж үзээгүй байсан юм. Ер нь "Ноён" багийн түүхэн дэх Дээд лигийн аваргын анхны медалийг бид энэ жил хүртлээ.
Аавынхаа хүрч чадаагүй амжилтад хүрч, гүйцээж амжаагүй хүслийг нь биелүүлсэн болохоор маш их баярласан. Миний волейбол тоглох болсон цорын ганц шалтгаан бол аав минь. Тиймээс энэ сайхан баяраа хамгийн түрүүнд аавтайгаа хуваалцахыг хүссэн.
...Би дунд сургуулиа "Шинэ эрин" сургуульд сурч, төгссөн. Манай сургууль хичээлийн шинэ жил эхлэх бүрт цаасан дээр мөрөөдөл бичүүлдэг байсан. Би тэр мөрөөдөл бичих цаасан дээр "6-12-р анги хүртлээ Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин болно" гэж бичдэг байсан. Эцэст нь мөрөөдлөө бичлүүлж чадсан шүү. Тийм болохоор одоо би илүү холыг хардаг болсон.
Азийн болон Зүүн азийн наадамд амжилттай оролцохыг хүсэж байна.
Тив, дэлхийн болон Олон улсын тэмцээнд оролцож, гадны оронд легионер тоглогчоор тоглохыг хүсэж байна.
...Хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн бол манай багийн ахлагч М.Цэрэнбаатар ах. Ах маань давуулалт, хамгаалалт, довтолгоо, холболт гээд бүх байрлалд тэгш тоглодог. Түүний тоглолтоос сурах зүйл их байдаг, зөвлөгөө ч их авдаг. Бас аавынхаа Дээд лигт тоглодог байх үеийн бичлэгүүдийг их үздэг. Харин гадны тоглогчдоос бол ОХУ-ын Виктор Полетаев гэж солгой довтлогчийн тоглолтыг үзэж, үлгэр дуурайл авдаг.
Сэтгэгдэл ( 4 )