Ерөнхийлөгч геодези, зураг зүйн салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв

2021 оны 12 сарын 24

Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, инженер техникч, эрдэмтэн, судлаач Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад геодези, зураг зүйн салбарын хувь нэмэр их билээ.

Аливаа улс орны батлан хамгаалах, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, соёл, шинжлэх ухаан, барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, байгаль орчны хамгаалал зэрэг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаанд геодези, зураг зүйн судалгаа, мэдээ мэдээллийг өргөнөөр ашигладаг.

Иймд өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийн мөнхийн хөдөлгөөнийг тооцон геодезийн сүлжээг шинэчилж, газар нутгийг бүрэн зурагжуулах ажил Монгол Улсын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Салбарын мэргэжилтэн Та бүхэн Монгол Улсын 8200 гаруй км урт хилийг хамтран тогтоох, шалгах, зураглах, НҮБ-д бүртгүүлэх, улсын нийт нутаг дэвсгэр болон суурин газрын төвийг өндөр нарийвчлалтай зурагжуулах, Үндэсний атлас зохиох зэрэг Монгол Улсын хил дархан байх, газар нутаг бүрэн бүтэн байх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Тэрчлэн 416 км урт Тавантолгой – Зүүнбаян, 240 км урт Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын түвшинг тогтоох, Оюутолгой ордын 1300 метрийн гүн дэх барилгын геодезийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж байгаа нь салбарын хөгжил дэвшил, амжилт бүтээлийг тодорхой харуулж байна.

Түүхэн ойн баярын энэ өдөр хийснээ үнэлэн дүгнэж, хийж байгаагаа эргэцүүлэн цэгнэж, хийхээ төлөвлөн бодох нь зүйн хэрэг.

Геодези, зураг зүйн салбарынхны 1980-1985 онд тогтоож баталгаажуулсан  уул, ус, газар нутгийн нэрс өөрчлөгдөх, мартагдах явдал сүүлийн үед гарах болсон тул тэдгээрийг хамгаалах, сэргээн тодруулах замаар ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асуудал Та бидний өмнө тулгарч байна.

Идэр залуус ахмад үеэ үлгэрлэн дуурайж мэргэжилдээ шинжлэх ухаанчаар, чин сэтгэлээр, үнэнч шударга хандан салбарынхаа хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй бүрэн бүтэн байдал, ард түмний түүх, соёлыг хамгаалах ариун үйлсээ нэр төр, үүрэг, хариуцлагатайгаар үргэлжлүүлэн биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.

Геодези, зураг зүйн салбарын нийт хамт олон Та бүхэндээ салбарын түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндийг дахин дэвшүүлж, ажилд үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг, амьдралд нь аз жаргал, сайн сайхны дээжийг хүсэн ерөөе!

 Мөнх тэнгэрийн хүчин дор, өвөг дээдсээс өвлүүлсэн эх нутагтаа

 Монгол Улс, Монголын ард түмэн өнө мөнх, энх амгалан орших болтугай” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.95) 2021 оны 12 сарын 25

геодези, зураг зүйн газрын дэд дарга Одбаяр гэгч авилгалч хүн бий. Хотын ерөнхий архитектор байхдаа хясан боогдуулах замаар авилгал нэхдэг хүн байсан даа. Ийм хүнийг дарга Ганхүү шиг нь албан тушаалаас нь зайлуулах ёстой.

0  |  0
Top