УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг өмнөх өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага аваад байсан юм.
Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан тул хуралдааныг хаалттайгаар хийсэн юм. Үүний дараа чуулганаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр мэдээлэлдээ “Халамжийн тэтгэврийг 180 мянгаас 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөгт, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэж, хөл хорионы үед иргэн бүрт 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийг олгосон. 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд 38.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 579.9 мянган даатгуулагчид 873.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүллээ.
Мөн энэ хугацаанд 44 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн торгууль, алдангиас чөлөөлсөн байна. Үйл ажиллагааг нь зогсоосон, борлуулалтын орлого нь буурсан 7.2 мянган ажил олгогчийн 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцан нийт 1.1 их наяд төгрөгийн зардал төллөө.
Мөн “Ковид-19”-ийн цар тахлын үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийгмийн хамгааллын нэг том хөтөлбөр болох нийгмийн даатгалын сангаас 2021 онд 719.3 мянган даатгуулагчид 2.6 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хугацаанд саадгүй шуурхай олголоо. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж нийт 21 мянган иргэнийг хамруулж, үүнээс 11.9 мянган иргэн тэтгэвэр шууд тогтоолгож, 33 тэрбум төгрөгийн олголтуудыг хийгээд байна” гэжээ.
Үүний дараа Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
Хуулийн төслийн талаар Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар нийт 689,432 хүн өвчилсөн бөгөөд 711,792 хүн эдгэрч 2,076 хүн эмнэлэгт, 3,900 хүн эрүүл мэндийн байгууллагын хяналтад гэрээр эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 96,1 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 91,7 хувь, гуравдугаар тунгийн хамралт 45,9 хувь, нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 69,6 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 66,4 хувь, гуравдугаар тунгийн хамралт 26,1 хувьтай байгаа. Коронавируст халдварын улмаас 1,978, бусад хавсарсан шалтгаанаар 131 хүн нас баржээ.
Одоогоор олон улсад коронавируст халдварыг үүсгэгч вирусын Альфа, Бета, Гамма, Дельта, Омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусууд бүртгэгдсэнээс сүүлийн саруудад Дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай Омикрон хувилбар дэлхийн олон улс орнуудад хурдацтай тархлаа. Цаашид дээрх Омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсэж болзошгүй байна.
Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага-сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн эасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.
Хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, бусад хуультай уялдуулан боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд Засгийн газар, бүх шатны Онцгой комиссын бүрэн эрхийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах хуулийн төслийг хамт боловсруулсан” гэжээ.
Ж.САЙХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )