Олон бэрхшээл дунд, адал дүүрэн 2021 он цулбуураа эвхэж, айсуй шинэ он нүүрээ харуулахад цөөн хоног үлдлээ. Өнгөрөгч он бол цар тахлын халдвар, үүнийг тойрсон өвчин зовлон, эдийн засаг, ахуй амьдралын доройтол гээд гэрэл гэгээ гэхээсээ илүү гэтэлж барахад бэрх замыг тууллаа. Гэвч эрхэмлэж явах тусгаар тогтнолоо хадгалж, эрх биш эдийн засгаа сэргээх, нийгмийн амьдралыг өөд татах гэж чармайсан он өнгөрлөө хэмээн дүгнэж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хатуу хөл хорионы горимд ажиллаж амьдарсан гэхэд бас чиг хэлэх үгтэй хийсэн ажилтай он цаг явж өнгөрлөө гэж тайлбарлах хүн олон байгаа бол бас шүүмжлэл өрнүүлэх ч хүн цөөнгүй бий. Өнөөдрийн нийгмийн амьдрал шүүмжлэхээс ч аргагүй нөхцөл байдалд байгааг нуух хэрэггүй.
Тиймдээ ч оны төгсгөлөөс анзаарахад бүхий л зүйлд сөрөг дүн гарч байна. Тэгэхээр айсуй шинэ онд ч өргөс авсан мэт нийгэм биднийг угтан авахгүй учраас өнгөрөгч оны алдаагаа давтахгүй, оносон зүйл байвал түүнийгээ бататган явах учиртай. Шинэ он бол бидэнд үйлдсэн бүх зүйлийг тэр чигт авч ирэхээс хөрөнгө мөнгө авчирч өгөхгүй.
Бидэнд өнөөдөр ганц хэрэг болж байгаа зүйл бол Тавантолгойн коксжих нүүрсний орд газар юм. Гэтэл БНХАУ-аас ачаа тээврийн тал дээр тодорхой тоо тогтоон өгөхөөс эхлээд өөрийнхөө талд байлгах гэдэг нь бас л адармаатай асуудал. Нөгөө талаас БНХАУ-д нүүрс экспортлох сонирхолтой улс орон олон байгаа нь ч биднийг өрсөлдөөнд дуудаж байна гэсэн үг.
Үүнээс гадна бидний амьдралд нэмэр болж буй Оюутолгой, “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр гээд бий. Ямартай ч өнгөрөгч оны арванхоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан ус, дулаан, хогны мөнгийг тус үйлдвэрийн газар дааж барагдуулж байгаагаас харж болно. Үнийн уян хатан байдлаас эхлээд өмнөдийн үгийг дагах гэх мэт олон зүйл шаардагдана. Эрх баригч намаас оны төгсгөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Яах аргагүй тулгамдсан асуудлуудыг багтаасан бөгөөд өнөөдөр гэхээсээ илүүтэй маргаашаа харсан бодлого байв уу гэж судлаачид хэлж байна.
Гагцхүү цаасан дээр төлөвлөн танилцуулах бус хэрэгжүүлэх нь юу юунаас хэрэгтэйг ч сануулсан. Үүний хүрээнд 100-120 их наяд төгрөг босгож, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн ажлыг босгоно гэдгээ дуулгасан.
Өнөөдрийн хувьд бол хил гааль хаалттай, шатахуун түлшний үнэ өссөн нэрийн дор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэт их өссөн нь иргэдийн нуруун дээр ачаалал иржээ. Ачаалал ийн ирж байгаа ч цалин хөлс нэмэгдэж байгаа зүйл алга. Монгол Улсын төр мөнгөний тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж байна.
Тухайлбал, цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх, уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, Монгол Улсын Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, ФАТФ-ын зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан бүрэн шилжүүлэх, энэ хугацаанд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодлого барина гэдгээ дуулгасан. Гэхдээ оронсууцны ипотекийн зээлийн хүрээнд төрөөс ийм бодлого барьж байгаа ч бодит байдал дээр өөр тийш эргэж байгаа нь үйл ажиллагаа бодлоготойгоо зөрчилдөөд эхэлснийг харуулна.
Уг нь манай эдийн засаг цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн боловч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшсан бол 2021 онд үүнээсээ уруудаж ирсэн байна. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авах шаардлагатай болсон нь олон талд сөрөг нөлөө үзүүлсэн юм.
Монгол Улсын 2021-2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв нь цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийн хурдац, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт сэргэлт, хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн өсөлтөөс ихээхэн хамаарна. Харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын хэрээр бизнесийн хүлээлт, эдийн засгийн хандлага илүү сайжрах төлөвтэй гэж Азийн хөгжлийн банкнаас үзжээ.
Том утгаар нь авч үзвэл Монгол Улсын нийгэм эдийн засагт энэ мэт зүйл өрнөх нь дамжиггүй. Харин биднээс шалтгаалах зүйл олон байна. Хамгийн наад зах нь хуурамч шатахууныхаа учрыг олчихож чадахгүй байгааг юу гэх вэ. Энэ бол бидний өдөр тутмын хэрэглээ. Өнөөдрийн парламентад шатахуун импортлогчид орж ирээд суучихсан, өөрөө нефтийн компанигүй ч нефть импортлогчдоо хамгаалаад сууж байдаг олон гишүүн байгааг дурдахад буруудах зүйл алга.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүний үнэ хэт их хөөрөгдөлтэй, бодит байдлаас давсан, цаг үеийн бэрхшээлийг далимдуулсан байдал илтэд байхад ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь айсуй онд нөхцөл байдал дордуулахыг харуулсан хэрэг. Төрийн бус байгууллагаас мэдээлж байгааг харахад 2021 он гарсаар манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг ГЕГ-аас өгсөн ч 3300 тонн керосин авсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлсэн.
Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эд бүгдээрээ хуурамч шатахуун тээвэрлэдэггүй ч дийлэнх хэсэгт хуурамч шатахуун борлуулж байгааг удаа дараа дуулгаж байсан. Дотооддоо, өөрсдөө шийдэж болох энэ мэт асуудлыг ийн зөнд нь орхиж байгаа нь харамсалтай. Шатахуун импортлогч компанийн ил далд эзэд УИХ-д олноороо сууж байгаагийн нэг жишээ энэ юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ч сайн дураар явж байна. Ямар нэг шалгуур алга. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гэж нэг байгууллага байдаг ч чухам ямар ажил явуулдгийг мэдэх юм алга.
Мэргэжлийн хяналтын газар ч нэг байгууллага том том мэдэгдэл хийхээс хэтрэхээ больжээ. Хамгийн аюултай нь цар тахал хэмээх давагдашгүй хүчин зүйл рүү түлхэх хандлага бий болчихсон. Болчихсон ч юу байх вэ, аливаа болж бүтэхгүй зүйлийг цар тахал руу түлхдэг болсон. Тахал хэмээх хөшиг татчихаад сөрөг зүйл өрнүүлж байгаа газар ч байна.
Алдаатай оноотой он цаг өнгөрч, шинэ он ирж байгаа ч энд шинэ зүйл гэж огт байхгүй. Айсуй 2021 онд байсан өнөөх л бэрхшээл угтан уулзана. Өнөөх л оносон бүхэн нь угтана. Тэгэхэд Монголын төр, иргэд олон нийтийг багагүй бэрхшээл тосон авах нь дамжиггүй. Үнэн хэрэгтээ Монгол Улс “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрээ жигдхэн ажиллуулаад, Оюутолгойдоо цэг тавьчихалгүй, урьд хөрштэйгөө хэл амаа ололцон, нүүрсээ гаргаад байвал тийм ч дор орох хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй. Гагцхүү энэ давагдашгүй хүчин зүйлээр далимдуулдаг байдлаа зогсоох хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ дэлхийд бидний цөөхөн монголчуудын хүссэн,хэлсэн тоо хэмжээгээр саадгүй авдан улс хэд байдаг бол.!?Хм ангайвал 2 хөгрш биднийг хаалаа боолоо гэх бүр төрийн түвшинд бодлогоор хаадаг боодог хөгжүүлэхгүй байлгадаг гэх кккк Хөөрхий оросууд бишгүйдээ л үйлдвэр байгуулж өгсний хүүхдүүд нураахыг нь нурааж,үнэгүйдүүлж авахаа авчихаад юугаа ч ярьдаг хүүхдүүд бол?Хятадуу ч манай олон бүтээн байгуулалт хийсээн Налайхад шилний үйдвэр, 40, 5о мянгат 120 -ийн байрууд их дэргүүр,энх тайваны гүүр гээд зөндЦаг үеийн нөхцөл байдал хэрэгцээ зэргээ тооцоод өдөр авах нүүрсний тоог хэлвэл хавчсан болчино.
Ард иргэдийн амьдрал үнэхээр хэцүү болж байнадаа юмны үнэ арай дэндүү дэндүү гэхэд арай дэндүү нэмж байнаа 350000 төгрөг авдаг хөгшчүүл бол шинэ оноор цайны сүүниий ч мөнгө алгадаа ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-яЭРДЭНЭ ГУАЙ ЯАЖ АМЬДАР ГЭЭД БАЙГАА ЗАСАГ ВЭ БИД ҮХЭХ ЁСТОЙ ЮМУУ ТЭГВЭЛ ТАЛБАЙ ДЭЭР ГАРААД ҮХЧИХИЙЛДАА БИТГИЙ ХАРИН ЧИРЧ ГУЛДРААД ЗОВООГООД БАЙГААРАЙ.ОЮУНЭРДЭНЭ САЙДАА ТА ИЙМ АЙМШГИЙН ХҮГ ГЭЖ ҮҮ МУУСАЙН ХӨГШЧҮҮЛИЙГ 350000 МЯНГААР ЯА ГЭЭД БАЙГААН БЭ.ТЭТГЭВЭР НЭМЭЭЧЭЭ ЯДАЖ 450000 БОЛГООД ӨГӨӨЧ ХҮҮХАА