Дэлхий даяар нийт 9 тэрбум тун вакцин хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Дэлхийн нийт 184 улс оронд коронавирусний эсрэг вакцины нийт 8.95 тэрбум тун хийгээд байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Зуун хүн тутамд 116 тун вакцин ногдож байгаа бол өдөрт дунджаар 43.4 сая тун вакцин хийгдэж байна. Хэрэв вакцинжуулалт энэхүү хурдаа хадгалбал таван сарын дараа гэхэд дэлхийн нийт хүн амын 75 хувь нэг тундаа хамрагдсан байх юм. Шинжээчдийн үзэж буйгаар, хэвийн амьдралд эргэн орохын тулд хүн амын 75 хувийг хамруулах ёстой. Одоогоор, 38 улс орон энэ босгыг даваад байна.

Вакцинжуулалтын үйл явц тэгш бус байгааг Блүмберг агентлаг онцолжээ. Өндөр орлоготой улс орнуудад вакцинжуулалтын үйл явц бага орлоготой улсуудаас 10 дахин хурдацтай байна.

Блүмберг агентлагийн тооцоолсноор, Хятад улсад 2.7 тэрбум тун хийснээс, хүн амынх нь 88.6 хувь нь эхний тун, 85.2 хувь нь бүрэн тундаа хамрагджээ. АНУ-д 61.7 хувь, Францад 79.6 хувь, Германд 70.9 хувь, Их Британид 70.7 хувь нь бүрэн тундаа хамрагдсан бол Ардчилсан Конгод дөнгөж 0.1 хувь, Чад улсад 0.5 хувь, Гаитид 0.6 хувь, Йеменд 1.2 хувь нь бүрэн тундаа хамрагджээ.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 279.55 сая хүн халдвар авч, 5.4 сая хүн эндээд байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын кампанит ажил  үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top