ОЛОН ӨНГӨ: Мөс үүрч хүн болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

Манай нутагт өвлийн цагт мөс үүрэх, мөс ачих гэж нэг юм байх. Бөртийх ч үүлгүй тэнгэр мэт цэлэлзэн байсан их усан нэг л өглөө битүүрэн хөлдөж, өдрөөс өдөрт зузаарна. Сумын төвийн айлууд нуурын мөсийг цоолон цооног гаргаад тэндээсээ ус авах бөгөөд өглөө ирэхэд л өнөөх цооног нь 20-30 см зузаан хөлдчихдөг юм. Харин хөдөөний айлууд шар тэргээр мөс хагалан зөөх, бага хэмжээгээр сураар оосорлон үүрэг зэргээр ундны усаа хангана. Гэрийн гадаа овоолон хураасан мөснөөсөө айлын эхнэрүүд цай чанах, хоол хийхдээ жижиг хутгаар элтлэн оруулж ирэн гал дээрх тогоо руу хийнэ.

Өглөө эртлэн босон шараа барьж, тэрэг хөллөөд хангинуур сүх бүсэндээ хавчуулан мөсөнд явна. Өвлийн жавар ид тачигнаж байх ч хангинуур сүхээр том, том мөс хагалан цавчихад уур цан савсан халууцна. Хагалсан мөснүүдээсээ томыг нь түүж шар тэргэн дээр тавьж, сураар даруулан хүлээд л хөтлөөд алхах хачин сайхан.

Ээждээ, гэр бүлдээ цайных нь усыг дөхүүлж яваа 13-тай хүүгийн цээжэнд баяр бахдлын нар гийж, өөрийгөө том эр болсон мэтээр бодно. Уг бодлоосоо ургуулан томсоор цэвэр тунгалаг мөстэй хамт цээжнийхээ гүнд мөрөөдлөө тээсээр гэртээ харина. Хошуу дэвсэн угтаж, хэчнээн их мөс авч ирснийг минь гайхах ээж минь тээж ирсэн мөрөөдлийнхөө төлөө дүүлэн нисэх даль жигүүр хайрладаг байж дээ. Ингэж л мөрөн голоосоо мөс ачихдаа мөрөөдлөө хамт тээсэн хөвгүүд амьдралын эрээн бараанд сэтгэл гуйвахгүй алхсаар ижий, аавынхаа элгэн халуун ерөөлөөр эрийн цээнд хүрцгээдэг билээ л. Их ус, ижий нуураасаа мөс үүрч эр болно, мөрөөдлөө олоод хүн болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top