Сөрөг хүчнээ халаасалсан эрх баригчид Цэцийг мэгдүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 03

Засгийн газрын гишүүд “давхар дээл” хөдрөх асуудал бол яг үнэндээ засгийн эрх авсан намынханд л хамгийн их хамаатай зүйл. Тийм атал УИХ-д үнэмлэхүй цөөнх АН-ын бүлгийн Ш.Адьшаа, Н.Ганибал хоёр, парламентад ганцхан суудалтай ХҮН-ын Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.

Тэд УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн аж. Цэц ч мэдээллийг хүлээн авч маргаан шийдвэрлэх Дунд суудлын хуралдаанаа өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж, товыг дараа зарлахаар шийдвэрлэлээ” хэмээх ганцхан өгүүлбэр мэдээ гаргаад таг болжээ.

Мэдээж, Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдэхэд амаргүй байгаа. Үндсэн хуулийн манаачид нь Үндсэн хуульд гар хүрэх тулгалтад орчихлоо шүү дээ. Нөгөө талд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсран хаших хүсэлтэй хүмүүс алгаа үрчээд, Ардын намынхаа дарга нарын өрөөгөөр явж байгаа ч юм бил үү.

Ардын намынхан он гараад Засгийн газартаа хөдөлгөөн оруулах талаар яриа гараад удаж байна. Ийм урьдач нөхцөл ч угаасаа бий. Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулахаар ирэх оны төсөвт суулгачихсан. Үүнтэй уялдаатайгаар Засгийн газрын сайд нараас ч заримыг нь хөдөлгөх тухай мэдээлэл гараад байгаа. Ер нь тэгээд өнгөрсөн хугацаанд гарсан элдэв таамгуудыг харахаар дандаа л дан дээлтэй сайд нарыг огцруулах гэнэ гэж цуурсан байдаг. Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гээд бүгд л дан дээлтэй шүү дээ. Тэднийг тус бүрд нь л элдэвлээд эхэлсэн. Бас дээр нь үнэхээр төрийн ажлын дадлага туршлага муутай, мэдрэмжгүй ажиллаж байгаа нь ч байна. Дарханы зам гэж үйл лайтай зам хэдэн ч жил олон түмнийг хохироов. Ажил нь эхэлдэггүй, эхэллээ гэж үе үе хуурдаг. Тийм болохоор Зам, тээврийн хөгжлийн сүүлийн хэдэн сайд нар сайн нэр зүүсэнгүй. Цар тахлаас шалтгаалан ганцхан жилийн дотор 2000 орчим хүн нас барсан байна. Манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд бараг төрөл саднаасаа бүгд л хэн нэгнээ алдаж, хагацал үзсэн гэсэн үг. Ийм байхад Эрүүл мэндийн сайдыг огцруулахад хэн гайхах юм. Гэх мэтээр л ярина. Энэ ч үүднээс Засгийн газрын бүтцэд нэлээд өргөн хэмжээтэй шинэчлэл хийх хүлээлт үүсээд байгаа. Тэгэхдээ бас давхар дээлтэйгээр байгуулахаар төлөвлөж байгаа бололтой.

Ер нь дан дээл, давхар дээл гэдэг нэршил бол улс төрийн хүрээнд олон жил хэл ам дагуулж байгаа сэдэв л дээ. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэдэг өөрчлөлтийн хамгийн их гал авсан нь давхар дээлтэй болгосон гэж буруутгадаг хүмүүс байдаг. Тийм ч болохоор 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөхөд давхар дээлийг тайлах асуудлаар бараг рекламдсан. Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт үнэхээр сайн болж чадаж байгаа юу. Хэр сайн болж байна вэ гэж сэтгүүлчид асуухад УИХ-ын гишүүд “Ядаж л давхар дээлийг арилгаж байна гэдэг чинь том дэвшил шүү дээ” гэж ёс мэт хариулдаг байлаа. Ийм байтал жил гаруйн дараа дахиад гар хүрч өөрчлөхөөр зэхжээ. Үүнийг парламентад байгаа сөрөг хүчний гишүүд санаачилж байна гэдэг ч тун сонирхолтой. Учир нь дан дээлтэй Засгийн газар, давхар дээлтэй Засгийн газар хоёр асар их ялгаатай шүү дээ. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямар хөнгөхөн огцорсон билээ. Ердөө дараа жил нь У.Хүрэлсүхийн Засгийн газартай парламент хариуцлага тооцох гэхэд тэсээд л гарсан. “Ардын” хэмээх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт түүнээс гадна давхар дээлтэй 15 гишүүнтэй байсанд л хамаг учир байсан юм.

Энэ өнцгөөс харах юм бол давхар дээлтэй Засгийн газар парламентаа халаасандаа хийчихсэн байдаг гэсэн үг. Хариуцлага тооцох, ажил нэхэх, хяналт тавихад энэ хэрээр хэцүү болно. Ялангуяа үнэмлэхүй олонхоороо эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд хийж байгаа үед бол бүр ч “чөтгөрийн хүлээс” баймаар. Гэтэл тэднийг сөрөн зогсох, дураараа авирлахыг нь хязгаарлах учиртай сөрөг хүчний цөөхөн төлөөлөл эрх баригчдыг улам нягт, хязгааргүй эрх мэдэлтэй болгох гээд гүйж яваад өөр л учир байх ёстой. Ер нь тэгээд Ш.Адьшаа гэж хүнийг МАН-ын гишүүнээр их удсан гэдэг юм билээ. Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрыг Х.Баттулгын заавраар МАН-д үйлчлээд хариуд нь Улсын Дээд шүүх дээр АН-ынхаа тамгыг авна гэж хардаж байгаа хүнтэй ч таарлаа. Худлаа байлгүй дээ. ХҮН бол тэр чигтээ МАН-ын охин компани шиг хэдэн жил явж байна. Сонгуулиар АН-д л гай болох ганц зорилготой, АН-ынхантай байлдах гэж төрсөн юм шиг л араншин гаргадаг.

Гол нь Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага одоо ямар шийдвэр гаргахаас олон зүйл шалтгаална. Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөнийг Цэц тогтоогоод байдаг болчихвол цаашдаа маш их хор уршигтай. Ер нь тэгээд эрх мэдэлтэй улстөрчид Цэцэд яаж ч нөлөөлж болдогыг бид энэ жил харсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн хавар Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр өөрийнх нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд оролцдог томилгоог арилгасныг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байлаа. Түүнийг дахиад ч Ерөнхийлөгч болох нь тодорхой гэж ярьж байсан цаг шүү дээ. Угаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж хийгдэж байгаа асуудал байхад Цэц хэлэлцэхээр хүлээж аваад хуульчдын хараалыг ч жинхэнэ барсан. Хэлэлцэх боломжтой гэж хүлээж авсан тэр асуудлыг нь хожим Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх “Татаад авчихья” гэхэд “За” л гэсэн юмдаг. Ийм л тоглоомын газар шиг болчихсон нөхдүүд дээ. Тийм болохоор эрх сүр нь Монголын уудам оронд нөлөөллөө тогтоочихсон байгаа МАН-ын удирдлагууд Цэц рүү ирмэдэг юм гэхэд нөгөө хэд нь үгүй гэж чадахгүй л байх. Үндсэн хуулийн цэцдээ үргэлжлүүлж ажиллах, үгүй ядах нь ээ эрх баригчдаас хамаатан садан, ах дүү нараа ажил төрөлд оруулахаар гуйхаас эхлээд амьдрал баян хойно их л юм байгаа. Сөрөг хүчнийх нь нөхдүүд МАН-ын таалалд нийцэх гээд гүйгээд байхад ҮХЦ-ийн хэдэн настангууд юу чадах юм бэ. Ийм болохоор л Засгийн газар дахиад л давхар дээлний үүр болох боломжтой гээд байгаа юм.

Дараагийн давхар дээлтэй сайд нарын нэрс ч зарим мэдээллийн хэрэгслээр харагдаад эхлэв. Д.Тогтохсүрэн ЗГХЭГ-ын дарга, Ж.Ганбаатар Эдийн засгийн хөгжлийн сайд, Б.Саранчимэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Т.Аубакир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Х.Болорчулуун Эрчим хүчний сайдад яригдаж байгаа гэх мэт. Парламентын ардчиллаас дээр дооргүй л ухрахаар шийдэж дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.5) 2022 оны 01 сарын 10

зүгээр ажлыг нь энэ сайд нараараа хийлгээд хугацааг нь дуусга.. төр тогтвортой байх нь улс орны хөгжилд хэрэгтэй тэгээд ч ерөнхий сайд нь овоо шинэчлэлт өөрчлөлт хийх гэж байж шинэ дээлээ хуучин дээлээр солих нь ямар ч хэрэггүй хог нэр хүнд нь ч гэсэн шалаар .... ерөнхий сайд залуу хүн байж зоригтой зангарагтай бвал хойшдын үйл хэрэгт нь ч тустай юмдаа

0  |  0
Зочин (202.126.89.31) 2022 оны 01 сарын 05

Цэц хууль санаачлах эрх байхгүй. ҮХ зөрчсөн эсэхт дүгнэлт гаргадаг үүрэгтэй. Давхар дээлийн асуудалыг цэц шийдэхгүй ҮХ-д өөрчлөлт оруулж шийднэ. Давхар дээл гэж ярьсаар байж ҮХ-д өөрчлөлт оруулсан биз дээ.

0  |  0
Хуульч(202.9.41.47) 2022 оны 01 сарын 04

Яах л гээд байгаа бол доо муу ноход! Хуулийн цоорхой л хайгаад бн даа.тэгээд зогсчоорой муу хүүрнүүд

0  |  0
Зочин(192.82.74.56) 2022 оны 01 сарын 04

За боль доо энэ сайд болох ноходууд одоо боль намын нэр хунд улам унана шуу дээ 2024 оны сонгуулиа сайн бодоорой

0  |  0
иргэн(202.9.47.12) 2022 оны 01 сарын 03

Үндсэн хуулийн цэц нь үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчсөн гэх дүгнэлт гаргавал жинхэнэ Зууны онгоо болох байх даа. Тэгээд ч давхар дээлийн уршгийг Ард түмнээрээ мэднэ шүү

0  |  0
би(203.17.23.221) 2022 оны 01 сарын 03

Үндсэн хуулийг өөрчлөх эрх ард үмэнд байгаа шүү . Цэц шийдэх боломжгүй.

0  |  0
зочин (59.153.112.98) 2022 оны 01 сарын 03

үндсэн хуулинд гар хүрэхээ болих хэрэгтэй дээ зүгээр л ажлаа хийж байгаа хүмүүсийг хөдлөгж юу хийнэ эд нараас илүү хийнэ гэж юу байхав дээ мөнгөн дээр очиж яамны мөнгө идэх гэсэн хэдн хүмүүсийн шунал гэж харж байна үндсэн хуулийг хэдэн жилдээ хөдөлгөж болохгүй

0  |  0
Top