Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ШӨНӨ ЗАВДАЖ И ЖИНЬ ГУАНЬ-ИЙГ ӨНГӨРСӨН Ү СЮАЙ ЖЮ АРГА ҮҮСГЭЖ ВЭНЬ АНЬ СЯНЬ-ИЙГ АВСАН
Өгүүлэх нь мөн өдөр Оу Ян Ши Лан айлтгаруун: - Сүн Жян-ын энэхүү хоршоо болбоос цөм Лян Шань уулын баатар хүчит сайн эрс мөн болой. Эдүгээ Сүн улсын нялх хаан зальхай түшмэл Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн дөрвөн хүмүүнд бачлагдан эрх товчоог бариулсан тул мэргэд лүгээ атаархан эрдэмтнийг гадуурчилж, чадвартны замыг бөглөн хааж ураг төрөл бус болбоос халгаахгүй, ашиг өргөхгүй болбоос хэрэглэхгүй тул хожмын өдөр тэднийг хэрхэн ахуулж болмуй! Ийнхүү түшмэл миний мунхаг санаагаар болбоос дээд эзэн зэрэг хэргэм хайрлаж, алт мөнгө, магнаг дээл, сайн морь үлэмж шагнаваас түшмэл би төрийн элч болж тэднийг ятган хэлэлцэж их Ляо улсад дагахаар ирүүлсүгэй. Дээд эзэн хэрвээ энэ нэгэн хоршооны цэрэг морийг олбоос Жүн Юань-ий газрыг авахад гарын алга урвуулах мэт хялбар болмуй. Доорд түшмэл ямар аймшиггүй зоригоор үйлдэж болмуй. Богд эзний гэгээндээ толилохыг мөргөн гуймуй хэмээхэд Ляо улсын эзэн өгүүлрүүн: - Чиний айлтгасан нь мөн зүйл тул даруй элч болж зуун найман сайн морь, зуун найман бүхэл сайн торгыг миний сийрүүлсэн зарлигийн бичгийн хамт авч эчээд Сүн Жян-г улсыг хамгаалах их жанжин бөгөөд Ляо улсын цэргийг ерөнхийлөн захирах их юаньшуай өргөмжилж шижир алт нэгэн тэвш, хэсэгт мөнгө нэгэн авдар шагнаж итгэмжит эд болгосугай. Олон дайван-ын овог нэрийг бүртгэн авч ир. Мөхөс би тоо ёсоор зэрэг хэргэм өргөмжилсүгэй хэмээвээс их цэргийн ерөнхий захирагч Ү Янь Гуан зэргээс давшиж айлтгаруун: - Сүн Жян-ын нэгэн хоршоо самуун хулгайг элсэн дагуулж юун хиймүй. Доорд түшмэл миний гар доор хорин найман одны жанжин, арван нэгэн гарагийг их жанжин, тоолшгүй олон шилдэг цэрэг хүчирхэг жанжин байх тул түүнийг дийлж чадахгүйгээс эмээх газар баймуй уу? Хэрвээ эдгээр хар хятадын цэрэг ухрахгүй болбоос боол би өөрийн биеэр цэрэг авч байлдан дарсугай хэмээвээс хаан өгүүлрүүн: - Чиний бие жигүүр ургасан барс мэт сүрхий сайн эр болох тул энэ нэгэн хоршооны хүмүүнийг олбоос бас нэгэн жигүүр нэмэгдэх буй за. Чи дэмий хориглох хэрэггүй хэмээгээд Ү Янь-ий үгийг авсангүй тул өөр хүмүүн айж дуу гарч чадсангүй. Угт энэхүү ерөнхий захирагч Ү Янь Гуан болбоос чив хэмээн Ляо улсын тэргүүн зэргийн их жанжин, арван найман зүйлийн зэвсгийн эрдэмд нэгмөсөн цагаарч, цэргийн бичиг байлдааны бодлогод гүн нэвтэрчээ. Насны байдал гучин тав зургаа хүрсэн бөгөөд төрсөн байдал сүр гэрэлтэй, биеийн өндөр найман тохой илүү, царай цагаан уруул улаан, сахал шар нүд хөх, ухаан баатар хослон бүрдсэн ажгуу. Байлдаанд ороход ган үзүүрт урт жадыг хэрэглэх бөгөөд алалдаж халамшваас сүүжинд суйрсан төмрөөр жянь-ийг суга татан занчиж үүсгэхүйеэ түмэн эр тэнцэж чадахгүй баатар бөлгөө.
Түүнээс ерөнхий захирагч Ү Янь Гуан-ын эзнээ ятган хориглосныг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Оу Ян Ши Лан бээр Ляо улсын эзний зарлигийг хүлээн бэлгийн эд, талын морь зэргийг авч хүлэг мориндоо мордон Жижоу хотноо хүрч ирснээ Сүн Жян түв хэмээн Жижоу хотноо жанжин цэргээ амуулж байсан тул Ляо улсын элч ирэв хэмээн сонсоод ирсэн санаа ямар болохыг мэдэхгүйд даруй хувилгаан эхийн хүЛи Лийг гаргаж орхиж үзвээс дээд сайн төлгө буусан тул Ү Юн-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Дээд сайн төлгө бууснаас үзвээс эрхгүй Ляо улсын биднийг илбэн дагуулахаар элч илгээв. Чухам хэрхвээс сайн? хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Үнэхээр ийн бөгөөс чив хэмээн аргад нийлүүлэн арга хэрэглэж түүнд дагаад энэхүү Жижоу хотыг хошууч жанжин Лү Жюнь И-д тушааж, түүний Бажоу фү-г сундалсугай. Хэрвээ Бажоу фү-г олж чадваас Ляо улсыг эвдэж чадахгүй хэмээн зовох газаргүй. Эдүгээ нэгэнтээ түүний Таньжоу фү-г эзэлсэн тул Ляо улсын зүүн гарыг тасалсан болой. Энэ хэрэг их л хялбар болой. Хүчрээс хялбарт орж түүний сэжгийг урьд дийлбээс зохимуй хэмээв.
Түүнээс Оу Ян Ши Лан хотын хаалганы өмнө ирсэнд Сүн Жян цааз зарлан хотын хаалгыг нээлгэн дотогш тавьж оруулсанд, Оу Ян Ши Лан жоу-ын яамны өмнө ирж мориноос үсрэн бууж танхимд орон ёслон золгож гэрийн эзэн зочны ёсоор суулцсан хойно Сүн Жян асууруун: - Ши Лан Та юуны учир морилон ирэв? хэмээвээс Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Нэгэн бага хэргийг эрхин авгайд мэдүүлэхээр ирэв. Зүүн баруун жигүүрийн ардыг түр зайлуулмүу? хэмээхүйеэ Сүн Жян жигүүрийн ардыг зандан зайлуулж дотоод ордноо залсанд, Оу Ян Ши Лан Сүн Жян-ын зүг бие мэхийн өгүүлрүүн: - Манай их Ляо улсын эрхин жанжны их алдрыг сонсож удсан боловч түмэн уул мянган усыг алсалж байх тул гэгээн нүүрт золгох завшаан таарсангүй. Бас жанжин таныг Лян Шань уулын их цайзнаа тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж олон ах дүү нар лугаа сэтгэл нэгтгэн хүч хамтатгаж баймуй хэмээн сонсов. Эдүгээ Сүн улсын зальхай түшмэд эрдэмтэн мэргэдийн замыг хааж эд ашиг өргөснийг их ноён болгон хүндэд хэрэглээд, эд ашиг эс өргөвөөс хэдий улс гэрт их гавъяа байгуулав хэмээвээс хугасаар булагдаж огт дэвшүүлэн шагнахгүй. Зусар нам эрхийг барьж ховч ард цагийг олж, эрдэмтэн лүгээ атаархан мэргэдийг гадуурчилж шагнах шийтгэх нь тодорхойгүй тул дэлхий дахин ихэд самуурав. Жяннань орон, хоёр Жэ- ийн газар, Шаньдун, Хэбэй-н нутагт хулгай дээрэм самуурч зүггүй эзэдсэн тул шударга иргэн гал усны гашуун зовлонд унаж, сэтгэл амраар аж төрж чадахгүй болов. Эдүгээ жанжны бие арван түмэн шилдэг цэргийг авч ганц сэтгэлээр дагасан атал хошууч жанжин хэмээх тушаалаас өөр зэрэг хэргэм шагнасангүй. Бус олон ах дүү нар алжаалгүй улсад хариулж атал үтэл ардаас өөргүй. Бас зарлигаар цэрэг дагуулан элс манханд ирж үйл зовлонг хүлцэж улс гэрийн төлөө гавъяа байгуулсан атал хаан төр өөр хишиг хүртээсэнгүй. Энэ цөм зальхай түшмэдийн зусар арга болох буй за. Хэрвээ зам зуур алт мөнгө эд эрдэнэсийн зүйлийг уулгалан дээрэмдэж хүмүүн заран хээл түлхэж зальхай түшмэл Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн дөрвөн хулгайд өргөн бариваас зэрэг хэргэмээ баталж эзний хишгийг олж хүртмүй. Хэрвээ ийн ёсоор үйлдэхгүй болбоос эрхин жанжин хэдий ганц сэтгэлээр улсад хариулж их гавъяаг үлэмж байгуулавч хаан төрд харьсан хойно ял олж шийтгэгдэхээс хэлтэрч чадахгүй. Эдүгээ их Ляо улсын эзэн тухайлан өчүүхэн түшмэлд нэгэн хуудас жуу бичиг тушааж, эрхин жанжныг Ляо улсын улсыг хамгаалах их жанжин бөгөөд цэрэг морийг ерөнхийлөн захирах их юаньшуай өргөмжилж, шижир алт нэгэн тэвш, хэсэгт мөнгө нэгэн авдар, өнгөт торго зуун найман бүхэл, нэрт морь нэгэн зуун наймыг шагнав. Энэхүү далимд зуун найман дайван-ын овог нэрийг бүртгэн авч улсад эгсэн хойно нэр дараалан зэрэг хэргэм өргөмжилсүгэй хэмээмүү. Миний бие эрхин жанжныг өдөөн хэлэлцэхээр ирсэн нь бус, манай эзэн их жанжны түгээмэл эрдмийг хэдийн сонсож, тухайлан жанжин тэргүүлэн олон баатрыг залан аваачиж нэгэн сэтгэл нэгэн зоригоор Ляо улсыг тэтгэх болов уу хэмээн Оу Ян Ши Лан намайг элчээр илгээсэн болой хэмээхэд Сүн Жян хариу өчрүүн: - Ши Лан-ын өгүүлсэн нь маш зүй болой. Сүн Жян миний бие доордсоос бие гарч, Юнь Чэн сянь-ий өчүүхэн түшмэл болж ялд унан оргон дутаагаад усан цайз Лян Шань Фү-д түр хоргодож, гай зовлонгоос зайлахуйяа Сүн улсын тэнгэрийн хөвүүн гурван зэрэг зарлиг буулган, ялыг хэлтрүүлж илбэн дагуулав. Хэдий зэрэг бага тушаал доор хэмээвч эзэн төрийн өршөөн хэлтрүүлсэн хишигт хариулах гавъяаг хараахан байгуулаагүй болой. Эдүгээ Ляо улсын эзэн хишгээр надад хүнд хэргэм шагнаж зузаан бэлэг хүргэсэн боловч өчүүхэн хүмүүн хүлээн авч чадахгүй. Эрхин Ши Лан түр хойш эгэгтүн. Эдүгээ тэнгэр халуун өдөр бүгчим тул цэрэг морийг амуулж түр Ляо улсын эзний энэ хоёр хотыг зээлэн цэрэг буулгаж намрын сэрүүн орсон хойно жич зөвлөн тогтсугай хэмээхэд Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Жанжин хэрвээ гээхгүй болбоос түр миний эзний илгээсэн алт мөнгө, магнаг торго, хүлэг морийг хүлээн авах болов уу. Өчүүхэн хүмүүн харьсан хойно алгуураар дахин ирж зөвдөвч мөн оройтохгүй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Эрхин Ши Лан мэдэхгүй болой. Манай энэ нэг зуун найман хүмүүн нүд чих олон тул живдрээ гарган үг задруулбаас хэрэг өдөж зовлон болмуй хэмээхүйеэ Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Цэргийн эрх бүрнээ жанжны гарт байх тул хэн аймшиггүй үл дагамуй? хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Ши Лан та нягт үйлийг мэдэхгүй болой. Манай олон ах дүү нарын дотор зан шулуун хатуу догшин сайн эр үлэмж байх тул Сүн Жян би улируулан ятгаж олны сэтгэл нэг болсон хойно алгуураар хариу өчихөд бас ч оройтохгүй хэмээв. Шүлэгт өгүүлсэн нь:
Алт мөнгийг тэнийтэл ачиж Жижоу хотоос гараад,
Аясын салхинаа эгж буцахуйяа өвчүү дүүрэн ичингүйрэл.
Ар Ляо-ын эзэн ван дагахаар ирэхийг асууваас,
Асарт тунарах гийвэн сар уулнаа хөвхөлзөх үүл.
Түүнээс Сүн Жян ширээ засан хүндлэн дайлаад Оу Ян Ши Лан-г хотоос үдэж мордуулсан хойно цэргийн багш Ү Юн-г залж ийн зөвлөрүүн: - Өнөө ирсэн Ляо улсын элч Оу Ян Ши Лан-ын үгийг хэрхвээс сайн? хэмээхэд Ү Юн урт шүүрсийг алдаж дуугарахгүй тэргүүн дарж бодлого болоход, Сүн Жян асууруун: - Цэргийн багш ямар учир санаа алдав? хэмээхүл Ү Юн өгүүлрүүн: - Би санаваас эрхин ах ганц шударга журмаар эш болгох тул эмээж дуу гарсангүй. Миний санахад Оу Ян Ши Лан-ын өгүүлсэн үг үнэхээр ёсонд нийлмүй. Эдүгээх Сүн улсын тэнгэрийн хөвүүн хэдий мэргэн гэгээний туйлд хүрэв хэмээвч Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн энэ дөрвөн зальхай сайд эрхийг эзэлсэн тул дээд эзэн тэдний үгийг итгэмжлэн сонсмуй. Хожмын өдөр хэдий гавъяа байгуулав хэмээвч магад дэвшүүлэн шагнахгүй буй за. Манай зэргийн олон хүмүүнийг илбэн дагуулснаас хойш ах хэдий эрхин хэмээвч ганц хошууч хэмээх хоосон тушаалыг өгөв. Өчүүхэн миний мунхаг санаагаар болбоос Сүн улсыг гээж Ляо улсад дагаваас үүнээс дээд буй за. Тийн хэмээвч эрхин ахын шударга журмын сэтгэлийг хөргөхөөс эмээмүй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багш ташаарсан болой. Ляо улсад дагасугай хэмээх үгийг огт дурдаж болохгүй. Хэдий Сүн улсын төр намайг үтээрэвч би хэрхэвч Сүн улсын төрийг үтээрэхгүй. Шударга журмыг гүйцэтгэмүй. Хожмын өдөр хэдий гавъяа шагналыг олохгүй боловч хөх сударт нэр юүгээ үлдээж чадмуй. Хэрвээ төвийг эсэргүүлэн сөргүүг дагаваас дээд тэнгэр таалахгүй! Манай зэргийн олон хүмүүн үхэн үхтэл шударга сэтгэлээр улсад хариулбаас зохимуй! хэмээхүл Ү Юн өгүүлрүүн: - Эрхин ах энэ мэт шударга журмыг сахих тул үүнээс нэгэн арга үүсгэж түүний Бажоу фү-г сундлан авч болмуй. Эдүгээ түв хэмээн халууны гол байсаар тул түр хүлээлзэж цэрэг морийг амуулсугай хэмээн Ү Юн лүгээ зөвлөн тогтоод олон хүмүүнд хэлсэнгүй. Түүнээс олон жанжны хамт Жижоу хотноо сууж сэрүүн орохыг хүлээв.
Жич өдөр Сүн Жян дундад цэргийн цацарт Гүн Сүньшэн лүгээ сул зоог хэлэлцэх зуур ийн асууруун: - Авгайн багш Ло Жэнь Рэнь-ийг мандсан төрийн увдист хувилгаан хэмээн сонсож удав. Урагш өдөр Гао Тан жоу-г байлдаж асан цагт Гао Лянь-ий гажуу увдисыг эвдлэхээр тухайлан Да Зүн, Ли Күй хоёулыг зарж авгай таныг эрж эчвээс: “Дээд багш Ло Жэнь Рэнь эрдэм увдис зэргээс хэтэрхий” хэмээн үзсэн бөлгөө. Олдхул мэргэн дүү жич маргаадар Сүн Жян намайг номын ширээний өмнө дагуулан аваачваас өчүүхэн хүмүүн хүж асаан мөргөн золгож ертөнцийн тоосыг наманчлан арилгасугай хэмээмүү. Ганц эрхмийн санаанд нийлэх эсэхийг мэдэхгүй хэмээвээс Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Ядуу бумба би бас настай эхдээ эргэж, эрдэмт багшдаа золгохоор эчсүгэй хэмээж асан боловч эрхин ах өдөр дараалан цэрэглэх тул аймшиггүй үг гаргаж чадсангүй. Энэ өдөр өршөөлт ахад чөлөө айлтгасугай хэмээн санаж атал санасангүй ах бас одсугай хэмээх тул маргаадар өглөө хамт мордож уулан багшид уулзан мөргөж настай эхийг дашрамд эргэсүгэй хэмээв.
Түүнээс жич өдөр Сүн Жян цэрэг морийг түр цэргийн багш Ү Юн-д тушаан захируулж, үнэрт хүж, амтат жимс, сувд тана, хив магнаг зэргийн бэлгийг багцлан Хуа Рүн, Дай Зүн, Люй Фан, Гуо Шэн, Янь Шүнь, Ма Линь зэрэг зургаан хүмүүнийг авч Гүн Сүньшэн-ийн хамт наймуул таван мянган явган цэргийг дагуулан Жю Гүн сянь-ий аршийн уул Эл Сянь Шань-ийг чиглэн явсаар өндөр уулын бэрх хавцалд орж ирвээс хөх нэрс зөргийг бүрхэж сэрүүн салхи нүүрийг илбэж халуун зуны байлдал огт үгүй бөгөөд уулыг үзвээс өнгө үзэмж төгс бүрдсэн ажгуу. Гүн Сүньшэн морин дээрээс өгүүлрүүн: - Энэхүү уулыг Юй Би Шань хэмээмүй хэмээсэнд Сүн Жян уулны байдлыг нүд өргөн үзвээс:
Энүүгээр тэрүүгээр үүлэн хад түнтийж, эргэн тойрон энхэл гуу залгалджээ. Улаан туяа давхар давхар хөх тэнгэрийг гийгүүлж, уянгалах эгшиг хангис жингис нисэх хүрхрээг дэлгэв. Мурийлцах горхи ариун хасыг илбэж, мушгирах хад номин чулууг зэрэглэжээ. Цагаан үл эвхэрсэн агуйн өмнө, бор хулс дүүжигнэн ороолдож ээтэн санжлага хийсгэмүй. Хөх хад үргэлжилсэн оргилын доор, улаан анар дээш мацаж номин залааг мяралзуулжээ. Хөгшин сармагчин өглөө үдэш сонин жимсийг өргөж, буурал гөрөөс өдөр шөнө этгээд цэцгийг үмхжээ. Мянган оргил өнгө мөчөөрхөж үдшийн бүрийд цагаан тогоруу номын дууг сонсруун. Түмэн асга үзэмж тэмцэж, урьхан салхинаа болжмор шувууд хөг нийлүүлэн донгодмуй. Сав ертөнцийн улаан тоос хүршгүй газар, сансар дэлхийн хар тэргүүтний мөр гараагүй орон.
Түүнээс Гүн Сүньшэн бээр Сүн Жян лугаа Зи Сюй Гуань хийдийн өмнө ирж мориноос буун дээл малгайгаа засаад, хүж зул зэргийн өргөцийн юмаа цэргийн ардаар дамнуулж хийдийн доторх тогоруут харшийн өмнө ирснээ олон тойн хуварга нар Гүн Сүньшэн-ийн ирснийг үзээд урагш давшиж наманчлан ёсолж Сүн Жян лугаа ёслон золгосон хойно Гүн Сүньшэн асууруун: - Миний багш хаана баймуй? хэмээвээс олон тойн өгүүлрүүн: - Дээд багш ойрын өдөр хойд этгээдийн сэлүүн өрөөнөө наманчлан суух тул их хийдэд дэмий идэхгүй хэмээсэнд Гүн Сүньшэн даруй Сүн Жян лугаа уулан арын сэлүүн өрөөг чиглэн одож хүрээнээс гарваас нарийн зөрөг залгалдаж мурий цуваа өргөмжилсөн ажгуу. Явсаар дэмий нэгэн газар болсонгүй нэрс майлс хөхрөн ургасан шивээн хүрээний сонин өвс гайхалтай цэцэг дэлгэрсэн газар гурван тасалгаа сэрүүн агуй амуй. Ло Жэнь Рэнь бээр агуйн дотор завилан сууж ном уншмуй. Бяцхан банди зочин ирснийг олж үзээд үүд нээн угтан гарахуйяа Гүн Сүньшэн урьд улалжин гэрийн дотор орж өөрийн багшдаа мөргөн ёслоод: - Үр шавийн хуучин нөхөр, Шаньдун газрын Сүн Гүн Мин илбэн дагуулахыг хүлээж, эдүгээ эзний зарлигаар хошууч жанжин болж цэрэг байгуулан Ляо улсыг дайлахаар Жижоу хотноо ирээд тухайлан багш чамд ёслон золгосугай хэмээн энд ирэв хэмээсэнд Ло Жэнь Рэнь сонсоод түргэн дотогш оруул хэмээв.
Сүн Жян улалжин гэрт орохуйяа Ло Жэнь Рэнь индрээс бууж угтав. Сүн Жян бээр Ло Жэнь Рэнь-ийг дээш суулгаж, мөргөн ёсолсугай хэмээхэд Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Жанжин хэмээгч улс гэрийн дээд жанжин, ядуу бумба болбоос аглаг уулны гүдэг хүмүүн болох тул ямар аймшиггүй хүлээн авмуй хэмээвээс Сүн Жян огт хүлээхгүй хэрхэвч мөргөсүгэй хэмээх тул Ло Жэнь Рэнь арга буюу дээш суусан хойно Сүн Жян хүж асаан хүлст хатгаж найман зэрэг мөргөсөн хойно, Хуа Рүн зэргийн зургаан дайванг дуудаж бас мөн ёсоор мөргүүлэв. Ло Жэнь Рэнь олон хүмүүнд суудал хайрлаад бандийг дуудан манз боорцог бариулсан хойно ийн өгүүлрүүн: - Эрхин жанжин дээдэд болбоос тэнгэрийн одонд тохиолдож доордод болбоос гарагийн хувилгаан лугаа нийлж нэгэн хамтаар тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулсаар эдүгээ Сүн улсын төрд илбэгдэж дагасан тул ариун нэр түмэн он баларшгүй болов! хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Сүн Жян миний бие анх Юнь Чэн сянь-ий өчүүхэн түшмэл аж. Ялд унан агуулаг гарахуйяа завшаанаар дөрвөн зүгийн ардхан баатад салхины аяар хурж ирээд дуугарваас дуу нэг, амьсгаваас амь нэг болж элгэн садан мэт янаг, уруул шүд мэт дотно найралдав. Эцэг тэнгэрийн ивээл ёроор одон гарагийн хувилгаад нэгэн газар хурж цугларсныг мэдэв. Эдүгээ эзний зарлигийг хүлээн их цэргийг дайчилж Ляо улсыг дайлахаар ирээд сахиусны оронд ирэх дашрамд анхны ерөөл тавилгаагаар хувилгаан нүүрт олж золгов. Ийнхүү багш Жэнь Рэнь хишиг соёрхон хожмын үйлийг сэрэгдүүлэн сануулбаас үнэхээр түмэн завшаан болой хэмээхүйеэ Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Завшаанаа жанжин голохгүй биеийг гутаан сурвалжлахаар ирэв. Гэрээс гарсан гэлэн би ертөнцийн үйлийг гээж удсан тул элэг зүрх унтарсан гал мэт болж ачлах зүйл хэмээн огт үгүй. Эрхин жанжин эс буруушаах ажааму хэмээсэнд Сүн Жян дахин мөргөж сургаал хайрлахыг гуйчилсанд Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Эрхин жанжин түр суугтун. Нэгэн цагийн цав барьсугай. Наран ташиж орой болсон тул аглаг уулын улалжин гэрт нэгэн шөнө бие амарч маргаадар өглөө эгвээс ямар? хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Сүн Жян би чив хэмээн эрдэмт багшийн сургаалыг хүртэж мунхарсан сэтгэлээ гэгээрүүлсүгэй хэмээх тул хэрхэн салан эчиж түвдмүй хэмээгээд дагасан ардыг дуудан алт сувд, хив магнагийн зүйлийг гаргаж Ло Жэнь Рэнь-д өргөн барьснаа Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Аглаг уулын ядуу бумба өндөр хийдэд бие орших тул алт сувдын зүйлийг хүлээн авав хэмээвч хэрэглэх газар огт үгүй. Биеийг халхлахаас бөс дээл байх буй за. Хив магнаг торго дурдангийн зүйлийг угаас эдэлж үзсэнгүй. Эрхин жанжин хэдэн түмэн их цэргийг дайчилж байх тул цэрэгт түгээх шан хэрэгсэл асар үлэмж болой. Ийнхүү хайрлан шагнасан зузаан бэлгийг хойш эгүүлэн аваачму хэмээхэд СүнЖян дахин дахин мөргөж өргөсөн бэлгийг хүлээн авму хэмээн хүчлэн гуйвч Ло Жэнь Рэнь маргаж хүлээн авсангүй. Төдийд цав барьж манз аягласан хойно Ло Жэнь Рэнь бээр Гүн Сүньшэн-г дуудан гэртээ харьж настай эх юүгээ эргээд маргаадар өглөө ирж жанжны хамт Жижоу хотноо буцагтун хэмээн илгээв. Мөн шөнө Сүн Жян-г гэртээ үлдээж зоог хэлэлцэх зуур Сүн Жян элэг зүрхний хэргийг зүй зүйгээр гарган хэлж төөрсөн хүмүүнд зам зааж өгмү хэмээн гуйсанд Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Эрхин жанжны шударга журмын сэтгэл нь тэнгэр газар лугаа нэгэн адил болох тул бурхан сахиус эрхгүй ивээн өршөөх буй за. Хожмын өдөр амьд сэрүүндээ Хоу-ын зэргийг хүртэж өөд болсон хойно тахил тавигийг олж эдлэх нь магад буюу. Ганц жанжны хувь нимгэн заяа дурган тул бүртгэн эдэлж чадахгүй хэмээхүйеэ, Сүн Жян Гуань асууруун: - Багш минь, ийн бөгөөс Сүн Жян би сайнаар олж эцэслэхгүй буюу? хэмээхэд Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Бус болой! Эрхин жанжин эцэслэхэд өнгө гэрэлтэй, үхсэн хойно онгон бумбатай болой. Ганц төрөлх заяа нимгэн, зовлон үлэмж жаргалан хомс болой. Цагийг олж дэгжсэн хойно тухайг үзэн ухарваас зохимуй. Хэрхэвч баян эрхэмд сэтгэл хоргодож болохгүй хэмээвээс Сүн Жян бас гуйруун: - Багш минь, баян эрхэм болох нь Сүн Жян миний хүсэл бус. Ганц ах дүү нар үүр хамт байваас хэдий ядуу доорд хэмээвч мөн сэтгэл дүүрэн болох буй за. Ганц бүгдээр амар сайхан аж төрвөөс барав хэмээхүйеэ Ло Жэнь Рэнь инээн өгүүлрүүн: - Тоо хэмжээ болсон хойно таны зэргийн хүний санаагаар хэрхэн болмуй? хэмээсэнд Сүн Жян дахин мөргөж сунтаг хайрламу хэмээн гуйсан Ло Жэнь Рэнь бяцхан бандиар цаасыг ацруулж найман шад сунтаг бичиж хайрлав. Сунтгийн үг нь:
Чин журамтан огоо цөөн,
Чигч найртан эгнэгт ховор.
Ар газар гавъяа бүтэвч,
Агаарын саран мэт хоосон.
Хөхөө өвөл лүгээ уулзваас,
Хун галуу нисэн сарнимуй.
У-ын эх Чу-ын сүүлээр
Хэргэм пүнлүү зэргээр дуусмуй.
Сүн жян бичгийг авч нэгэн зэрэг үзээд учрыг нь ухсангүй тул дахин мөргөж гуйруун: - Авралт багш алтан сунтагийн агуулга утгыг тайлан сургаж мунхаг сэтгэлийг гэгээрүүлэн соёрхму хэмээвээс Ло Жэнь Рэнь өгүүлрүүн: - Энэ хэмээгч тэнгэрийн нууц болох тул задруулж үл болмуй. Хожмын өдөр ёр илэрвээс эрхин жанжин аяндаа мэдмүй. Бүрий тасран шөнө болсон тул эрхин жанжин хийдийн буудалд бие амарч жич маргаадар дахин золгосугай. Ядуу бумба үдшийн ханднаа уншиж хараахан төгсөөгүй тул даруй эгж бясалгал хийсүгэй. Жанжин битгий буруушаагтун хэмээсэнд Сүн Жян найман шад сунтагийг авч өвөрлөөд Ло Жэнь Рэнь-ээс аяарлан салж их хийдэд ирснээ олон тойн буудлын гэрт угтан оруулж ор засан нойрсуулав.
Жич маргаадрын өглөө Сүн Жян эрт босоод Ло Жэнь Рэнь-д золгохоор ирвээс Гүн Сүньшэн хэдийн улалжин гэрт ирээд хүлээж асан тул Ло Жэнь Рэнь ариун манз цагаан цав бэлтгэж дайлсан хойно Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Ядуу бумба миний бие жанжин чамд нэгэн үг айлтгасугай. Миний шавь Гүн Сүньшэн угаас ядуу бумба намайг дагаж гэрээс гаран гэлэн хувраг болж ертөнцийн улаан тоосноос хагацан зайлж винайн ёсыг хичээж амуй. Хэдий тийн хэмээвээс нэгэн адил тэнгэрээс буусан одон хувилгаан болох тул эс илгээвээс болохгүй. Эгэл явах цаг охор, мөрийг засах цаг урт болой. Хэрвээ энэ өдөр уулнаа үлдээж ядуу бомбыг өргөн харгалзуулсугай хэмээвээс ах дүү нарын анхны найрыг үтээрмүй. Ийнхүү энэ өдөр эрхин жанжныг дагаж эчээд их үйлийг бүтээн ялгуусан дууг дуулан Жин хотноо эгсэн хойно миний шавийг уулнаа илгээхийг найдсугай. Ийн бөгөөс тэргүүнд ядуу бумбад увдис эрдмээ уламжлах шавьтай болмуй. Жичид болбоос настай эхийн үүднээ түшиж бараа харан мөрөөдөн санах сэтгэлийг хангамуй. Жанжин хэмээгч шударга журмыг сахих баатар тул эрхгүй шударга журмаар явах буй за. Ядуу бомбын мунхаг үзэл эрхин жанжны мэргэн санаанд нийлэх эсэхийг мэдэхгүй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрдэмт багшийн захисан захианаас өчүүхэн шавь ямар аймшиггүй зөрж болмуй? Тэр ч байтугай Гүн Сүньшэн авгай Сүн Жян миний хамт байхад эчиж ирэх нь цөм өөрийн дур болох тул хэн аймшиггүй хориглож болмуй? хэмээхүйеэ Ло Жэнь Рэнь жич Гүн Сүньшэн алга хамтатган ёслоод: - Эрхин жанжны алтан амлалд талархаж амуй хэмээсэнд олон хүмүүн слаах ёсыг хийж эчихүйеэ, Ло Жэнь Рэнь бээр Сүн Жян нарыг үүд гартал үдэн мордуулаад: - Эрхин жанжин энх тэнхлүүн явж эртхэн гавъяа байгуулж эрхэм хэргэм олтугай хэмээсэнд Сүн Жян салах ёсыг хийж их хийдэд ирэхүйеэ дагасан ард хэдийн сүмийн хүрээнээ тэжээж асан хүлэг морьдыг хөтлөн ацарч хүлээж асан бөлгөө. Олон тойн Сүн Жян нарыг сүмийн үүднээ хүртэл үүдэж хойш эгсэнээ, Сүн Жян морийг хөтлүүлэн тэгш газар хүрсэн хойно Гүн Сүньшэн нарын хамт мориндоо мордож Жижоу хотноо эгэв.
Түүнээс замын зуур учиргүй, даруй Жижоу хотноо хүрч жоу-ын яамны өмнө мориноос буув. Төдийд хар хуй Ли Күй угтан гарч өгүүлрүүн: - Ах та Ло Жэнь Рэнь-ийг үзэхээр одохдоо юуны учир дүү намайг дагуулан аваачихгүй аж хэмээвээс Дай Зүн өгүүлрүүн: - Чи түүнийг алсугай хэмээсэн тул тэр чамд их л тавгүй баймуй хэмээн Ло Жэнь Рэнь өгүүлж амуй хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Тэр бас намайг нэгэн зэрэг сүрхий гасалгасан болой! хэмээхэд олон хүмүүн тачигнатал инээлдэв. Төдийд Сүн Жян яаманд орохуйяа олон хүмүүн цөм хойд танхимд эчив. Сүн Жян бээр Ло Жэнь Рэнь- ий бичиж өгсөн найман шад сунтагийг гаргаж Ү Юн-д үзүүлбээс мөн учрыг нь олсонгүй. Олон хүмүүн дам дамаар авч үзсэн боловч хэн ч гэмээн тайлж чадсангүй тул Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Энэ хэмээгч битүү утгат тэнгэрийн нууц болох тул задруулбаас болохгүй. Эрхин ах сайн хадгалбаас насан турш хэрэглэж гүйцэх тул ийн тийн хэмээн тааварлаж яамуй. Эрдэмт багшийн соёрхсон сунтагийг хожмын өдөр эрхгүй мэдмүй хэмээсэнд Сүн Жян даруй үгийг дагаж тэнгэрийн бичигт хавчуулан хураав.
Түүнээс хойш их цэрэг Жижоу хотноо сар илүү суутал байлдааны үйл огт таарсангүй. Долоон сарын арвадын үеэр цэргийн яамны эрхин сайд Жао шүми Таньжоу хотоос нэгэн битүүмж бичиг ирүүлж эзэн төрийн буулгасан зарлигийг уламжлан цэрэг дайчлан байлдахаар морд хэмээсэнд Сүн Жян яаран цэргийн багш Ү Юн лүгээ зөвлөж Юй Тянь сянь-д хүрч Лү Жюнь И нар лугаа нэгнээ нийлж цэрэг морийг боловсруулж, хуяг зэвсгийг засаж, жанжин цэргийг тэгшлээд дахин Жижоу хотноо эгж, жагсаалын тугийг тахиж өдөр сонгон мордсугай хэмээтэл зүүн баруун жигүүрийн ард ирж мэдүүлрүүн: - Ляо улсаас элч ирэв хэмээхэд Сүн Жян угтан гарваас харин Оу Ян Ши Лан байсан тул хойд танхимд залан оруулж харилцан ёсолж золгосон хойно, Сүн Жян асууруун: - Ши Лан-ын ирсэн санаа юун? хэмээхүйеэ Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Жигүүрийн ардыг түр зайлуулагтун хэмээсэнд, Сүн Жян жигүүрийн ардыг зандан зайлуулбаас Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Манай их Ляо-ын эзэн эрхин авгайн эрдмийг их л хүсэх тул жанжин хэрвээ эргэлзэхгүй дагахаар эчиж их Ляо улсыг тусалбаас эрхгүй гавъяа тэмдэглэн Хоу-ын зэрэгт өргөмжилмүй. Ийнхүү олдохул их журмыг эртхэн бүтээж манай Ляо улсын эзний хүсэж мөрөөдөх санаанд нийлүүлэх ажааму хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Миний энд өөр хүнгүй тул эрхин Ши Лан-д үнэнээ өчсүгэй. Анхан удаа Ши Лан чамайг ирсэнд олон цэрэг чиний санааг цөм төсөөлж хагас тоог эзлэх хүмүүн цөм дагах дургүй болой. Хэрвээ Сүн Жян миний бие Ши Лан-ын хамт Южоу-д хүрч Ляо улсын эзэнд бараалахаар эчвээс дэд хошууч Лү Жюнь И эрхгүй цэрэг дагуулан нэхэмжлэх тул танай тэндэх хотон өмнө гар хөдлөн байлдваас манай ах дүүгийн хооронд дахь хуучин найр эвдрэхэд хүрмүй. Ийнхүү би урьд сэтгэл зүрх мэт хэдэн хүмүүнийг авч танай тэндэх нэгэн хотыг зээлж түр бие зайлан суусугай. Тэр хэрвээ миний нуусан газрыг мэдээд цэрэг авч нэхэмжлэн ирвээс би сэдэв гаргаж зайлуулан өчсүгэй. Хэрвээ хэрвээ үгийг дагахгүй болбоос жич түүн лүгээ байлдавч оройтохгүй болой. Тэр хэрвээ манай эчсэн зүгийг мэдэхгүй болбоос Жин хотноо цэрэг эгээд эрхгүй өөр арга үүсгэх тул Сүн Жян би тэр цагт чиний эзэнд мөргөн золгож их Ляо улсын цэрэг морийг байгуулан түүний зүг байлдахаар ирэхэд мөн оройтохгүй хэмээхэд Оу Ян Ши Лан цээж дэлбэртэл баярлаж ийн өгүүлрүүн: - Эндэх Бажоу фү-ийн орчим хоёр чухал боомт баймуй. Нэг нь И Жинь Гуань хэмээх боомт болох бөгөөд хоёр этгээдэд нь бартаат уул түнтийлцэж дундуур нь өртөөний зам нэвтэрмүй. Нэг нь эргэн тойрон эгц хад Сүндэрлэн хүрээлсэн Вэнь Ань сянь хэмээх боомт болой. Бэрх хавцлыг өнгөрөн гарваас Сянь-ий зурагт хүрмүй. Энэ хоёр газар болбоос чив хэмээн Бажоу фү-ийн хоёр их хаалга болох тул эрхин жанжин үнэхээр ийм санаа байваас Бажоу-д эчиж бие далдлан сууж болмуй. Тус жоу-г манай Ляо улсын улсын нагац Кан Ли Дин Ань сахиж байх тул эрхин жанжин тэнд хүрсэн хойно улсын нагац лугаа хамт сууж эндэх байдал ямар болохыг ажиж хүлээтүгэй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Ийн бөгөөс Сүн Жян би шөнө дүлээр өрх гэртээ хүмүүн илгээж настай эцгийг нүүлгэн ачраад эргэлзэх замыг тасалсугай. Эрхин Ши Лан сэмээр хүмүүн илгээн Сүн Жян намайг удирдан аваачигтун. Бид мөн шөнөдөө юм хүмээ багцалсугай хэмээсэнд Оу Ян Ши Лан их л баярлан, яаран Сүн Жян- аас салж морь давхиулан эчив. Шүлэгт өгүүлсэн нь:
Чигч хүмүүн харьд дагаваас эрэлхэг зориг шантармуй,
Цаг үүр хулгайг харааваас алдар нэр ариун.
Цуурхай эр Сүн Гүн Мин Ляо улсад дагаваас
Цайзат уул Лян Шан-д дайван суусан лугаа адил.
Түүнээс мөн өдөр Сүн Жян бээр Лү Жюнь И, Ү Юн, Жү Ү-г Жижоу хотноо залж Бажоу-г аргаар авах үйлийг зөвлөн тогтсон хойно Лү Жюнь И захиаг хүлээж эгэв. Ү Юн, Жү Ү сэмээр олон жанжинд арга сургаж ийм тийм ёсоор үйлд хэмээв. Түүнээс Сүн Жян дагуулах хүмүүнийг салгаж, Линь Чүн, Хуа Рүн, Жү Түн, Лю Тан, Мү Хүн, Ли Күй, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Люй Фан, Гуо Шэн, Күн Мин, Күн Лян зэргийн арван таван жанжин, явган морьт цэрэг нэгэн түмэн хүмүүнийг тэгшилж Оу Ян Ши Лан-г ирсэн хойно мордохоор болов. Дэмий хэдэн өдөр болсонгүй Оу Ян Ши Лан нисэх мэт довтлон ирж Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Манай Ляо улсын эзэн жанжныг сайн сэтгэлт хүмүүн хэмээн магтаж баймуй. Эдүгээ завшаанаар дагасугай хэмээх тул тэр муҮ Сүн улсын цэргээс эмээх учир юун? Манай Ляо улсад шилдэг цэрэг шалгадаг жанжин баатар эр хурдан хүлэг үлэмж байх тул бартаагаар өмөглөж ялгуумуй. Эрхин жанжин настай эцгийн учирт сэтгэл амаргүй болбоос түр улсын нагацад хань болж түр Бажоу-д эчиж суугтун. Би хүмүүн илгээн авчруулахад оройтохгүй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Эчих дуртай жанжин цэргийг тэгшилж дуусав. Хэзээ мордвоос зохимуй? хэмээхэд Оу Ян Ши Лан өгүүлрүүн: - Мөн шөнө даруй мордсугай. Жанжин та цааз зарлагтун хэмээсэнд Сүн Жян цааз зарлан унасан морины хонхыг авуулж, цэргийн ардад сум үмхүүлэн морд хэмээгээд ирсэн элчийг хүндлэн дайлсан хойно бүрий тасрах үе баруун хаалгыг нээж мордон гарахуйяа Оу Ян Ши Лан хэдэн арван морьтныг авч өмнө орон зам удирдаж Сүн Жян цэрэг морийг дайчлан түүний хойноос дагаж хорин газрын үзүүр гарсан хойно Сүн Жян гэнэт морин дээрээс: - Аяа барав! хэмээн дуу алдаж ийн өгүүлрүүн: - Цэргийн багш Ү Юн лүгээ нэгэн хамт их Ляо улсад дагахаар болзоод санасангүй мордох хэмээн яарсны эрхээр түүний ирэхийг хүлээсэнгүй. Цэрэг морийг алгуур явуулж, хүмүүн илгээн түүнийг угтаж авчруулсугай хэмээв. Төдийд чив хэмээн гуравдугаар Жин болж, хэдийн И Жинь Гуань боомтын өмнө хүрч ирэхүйеэ Оу Ян Ши Лан их дуугаар: - Хурдан хаалга нээ! хэмээсэнд боомтыг сахисан жанжин цэрэг хаалга нээн дотогш оруулснаа гэгээ орох үед их цэрэг Бажоу хотын өмнө ирэв. Оу Ян Ши Лан бээр Сүн Жян-г хотноо залж улсын нагац Кан Ли Дин Ань-д учруулав.
Угт энэхүү улсын нагац болбоос их Ляо улсын эзний Хуанхэү-ийн төрсөн ах болох тул эрх сүр зэргээс хэтэрхий бөгөөд баатар цөсөөр олноос цолгорсон ажгуу. Төдийд Жинь Фү Ши Лан Е Чин Ши Лан хэмээх хоёр Ши Лан түшмэл лүгээ Бажоу-г сахиж асан бөлгөө. хүмүүн ирж Сүн Жян дагахаар ирэв хэмээн мэдүүлсэнд улсын нагац цааз зарлан цэрэг морийг түр хотын гадна буулгаж, ганц тэргүүлсэн жанжин хошууч Сүн Жян-г хотноо залж оруулагтун хэмээхэд, Оу Ян Ши Лан даруй Сүн Жян-г дагуулан улсын нагац Дин Ань-д учруулснаа, Дин Ань нүд өргөн үзвээс Сүн Жян-ын төрсөн байдал адбиш сүр гэрэлтэй тул индрээс бууж хойд танхимд угтан оруулж харилцан ёслон золгож дээш суулгасан хойно Сүн Жян өгүүлрүүн: - Улсын нагац болбоос алтны салаа хасын мөчир, өчүүхэн жанжин болбоос дагахаар ирсэн доорд ард болох тул энэ мэт хүнд ёсоор аваачихыг хэрхэн хүлээж болмуй. Энэхүү ачийг Сүн Жян би хэрхэн хариулж чадмуй? хэмээвээс улсын нагац Дин Ань өгүүлрүүн: - Эрхин жанжны их алдар дөрвөн далайд дуурьсаж, баатар сүр дундад оронд мандаж, ариун цол их Ляо улсад алдаршсаныг сонсож удав. Манай эзэн тэсгэлгүй мөрөөдөж баймуй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн жанжин улсын нагацын хишиг буяныг хүртсэн тул ганц сэтгэлээр эзний их ачийг хариулбаас зохимуй хэмээсэнд Дин Ань их л баярлаж ширээ засуулан хурим тавиад нэгэнтээгүүр бас үхэр хонь алуулж олон цэрэгт шагнасан хойно, хот дотор гэр цэвэрлэж Сүн Жян, Хуа Рүн нарыг буулгасан хойно сая их цэргийг бүрнээр хотноо оруулан суулгав. Хуа Рүн тэргүүлэн олон жанжин яамнаа ирж улсын нагац зэргийн олон хүмүүнд ёслон золгосон хойно харь аймгийн олон жанжин Сүн Жян лугаа нэгэн газар амрахуйяа Сүн Жян яаран Оу Ян Ши Лан-г залж ийн захируун: - Эрхин Ши Лан хүмүүн илгээн боомт сахисан хуяг цэрэгт зарлан хэлж цэргийн багш Ү Юн ирвээс боомтноо оруулж миний энд явуултугай хэмээгтүн. Өчигдөр шөнө хэтэрхий яарсны харгаагаар түүнийг хүлээж чадсангүй. Миний бие авгай лугаа урьд мордохыг бодоод цэргийн багшийг умартав. Цэргийн үйлийг зөвлөж таслахад тэр хүнгүй болбоос болохгүй. Нэнд бас цэргийн багш бичиг цэргийн эрдэм хосолж ухаан бодлого төгс бүрдэж зургаан арга гурван бодлогод эс нэвтэрсэн нь үгүй болой хэмээсэнд Оу Ян Ши Лан яаран захиа буулган, И Жинь Гуань, Вэнь Ань сянь-д хүмүүн зарж боомт сахисан жанжин цэрэгт ийн захируун: - Ү Юн хэмээх нэгэн бичгийг хүмүүн ирвээс боомтноо тавьж оруул хэмээв.
Жич өгүүлэх нь Вэнь Ань сянь-ий түшмэл бээр Оу Ян Ши Лан-ын захиаг олсон хойно И Жинь Гуань боомтонд хүмүүн илгээж нягт учрыг мэдүүлсэнд харуулын ард боомтын асар дээр гарч үзвээс хог тоос нарыг халхалж хүдэн манан тэнгэрийг бүрхэж нэгэн багийн цэрэг морь нисэх мэт довтлон ирсэнд боомт сахисан жанжин цэрэг үхэр буу өнхрөх чулууг бэлтгэн ирэх дайсныг угтсугай хэмээтэл нэгэн оюутны төлөвтэй хүмүүн морь унаж ардаа нэгэн явуулын хуушаан, нэгэн бадрын тойн жич хэдэн арван сул иргэнийг дагуулж уулны өмнүүр гарч ирээд боомтын өмнө ойртсон хойно өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Би болбоос Сүн Жян-ын гар доорх цэргийн багш Ү Юн мөн. Эдүгээ ахын хойноос эрж ирэхүйеэ Сүн улсын цэрэг шахамдуулан нэхэх тул хурдан боомтын хаалгыг нээж намайг тэнхрүүлэн авагтун! хэмээхэд боомт сахисан жанжин өгүүлрүүн: - Санаваас Ү Юн хэмээгч магад энэ хүмүүн буй за хэмээгээд яаран боомтын хаалгыг нээж Ү Юн-г тавьж оруулахад тэр хоёр явуулын хуушаан, бадрын тойн мөн дотогш орсугай хэмээтэл харуулын цэрэг яаран давшиж халхалбаас бадрын тойн хэдийн дотогш шурган оров. Гадна хоцорсон хуушаан өгүүлрүүн: - Манай хоёр гэлэн хүмүүн цэрэг моринд хөөгдөж гачигдахын туйлд хүрсэн тул биднийг түргэн аврах болов уу? хэмээсэнд харуулын цэрэг огт хүлээхгүй гадагш түлхэхэд хуушаан тойн хоёул ихэд уурлаж: - Бид хоёул болбоос гэрээс гарсан гэлэн бус, чив хэмээн хүмүүн алах амьд эрлэг Лү Жишэнь, Ү Сүн хэмээгч мөн болой! хэмээгээд хоёул төмөр шийдэм, ган илдийг дээр далайн нүдгүй занчин үүсгэж гуа хагалан ногоо хэрчих мэт алан оров. Тэр хэдэн арван сул иргэн болбоос өөр хүмүүн бус, түв хэмээн Се Жэнь, Се Бао, Ли Ли, Ли Юнь, Ян Линь, Ши Юн, Ши Чянь, Дуань Жинжү, Бай Шэн, Юй Баосы зэргийн сайн эр мөн болох тул хэдийн боомт дайран орж цухал хавцлыг сундлан эзэлсэнд Лү Жюнь И цэргийг захиран боомтноо ороод цугаар Вэнь Ань сянь-ий зүг дайран эчив. Боомтыг сахисан олон түшмэл дайсныг халхалж чадсангүй цөм Вэнь Ань сянь-д дутааж одов.
Түүнээс Ү Юн морь довтолгон Бажоу хотын өмнө ирсэнд хаалга сахих харуулын ард дотогш орж мэдүүлбээс Сүн Жян, Оу Ян Ши Лан хоёул хотоос гарч угтан аваад улсын нагац Кан Ли Дин Ань-д учруулахуйяа Ү Юн өгүүлрүүн: - Ү Юн Би баахан хожигдож, хотоос гараад хараахан явж атал санасангүй Лү Жюнь И сэрж мэдээд боомтноо хүрч иртэл нэхэмжлэв. Өчүүхэн хүмүүн арай завдаж хотноо орж ирэв. Тэндэх байдал эдүгээ чухам ямар болсныг мэдэхгүй хэмээтэл бас туршуулч ард нисэх довтлон ирж хэлрүүн: - Сүн улсын цэрэг Вэнь Ань сянь-ийг нэгэнтээ аваад манай энэ Бажоу хотын зүг алан ирэв хэмээхэд улсын нагац Дин Ань яаран цэрэг гарган дайсныг угтуулсугай хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Түр цэрэг гаргах хэрэггүй. Түүнийг хотын ойр ирсэн хойно Сүн Жян би сайн үгээр хэлэлцэн дагуулсугай. Тэр хэрвээ эс дагаваас цэрэг гарган байлдавч оройтохгүй хэмээн хараахан хэлэлцэж атал бас туршуулч ард довтлон ирж: - Сүн улсын цэрэг хотын ойр хүрч ирэв! хэмээсэнд улсын нагац Дин Ань бээр Сүн Жян лугаа хотын хайсан дээр гарч үзвээс үзвээс Сүн улсын цэрэг морь тэгш жагсаалаар хотын гадна жагсан зогсоод, Лү Жюнь И дуулга даран хуяг өмсөж морь хийсгэн жад мушгиж цэрэг салган жанжин дайчилж, сүр мандуулж жагсаалын тугийн доор жолоо татан зогсож өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Хаан төрөөс урван тэсрэглэсэн Сүн Жян түргэн гарч ир! хэмээсэнд Сүн Жян хаалган дээрх хайсангаас Лү Жюнь И-г хуруугаар зааж: - Дүү минь, Сүн улсын шан шийтгэл тодорхойгүй, зальхай түшмэл зарчмыг эзэлж, ховч ард эрхийг атгасан учир миний бие их Ляо улсын эзнийг дагав. Чи мөн сэтгэл нэгдэн намайг өмөглөн тусалж нэгэн хамт их Ляо улсын эзнийг үйлчилж тэтгэвээс Лян Шань уулнаа удаан өдөр зузаан хоног хамт суусан найрын санааг алдахгүй болой хэмээвээс Лү Жюнь И хараан өгүүлрүүн: - Миний бие Бээжин хотноо энх амгалангаар аж төрж асан атал чи намайг хууран гэнэдүүлж уулнаа аваачив. Сүн улсын тэнгэрийн хөвүүн гурван зэрэг зарлиг буулгаж манай олныг илбэн дагуулсан бөлгөө. Чамд өчүүхэн төдий осол болсон газар баймуй уу? Чи ямар аймшиггүй хаан төрөөс урван тэсэргүүлмүй? Үзэл охор чадал дорой амьтан чи хурдан нааш гарч ир. Эдүгээ эрэгчин эмэгчнээ ялгаруулсугай! хэмээхэд Сүн Жяних л хилэгнэж Линь Чүн, Хуа Рүн, Жү Түн, Мү Хүн зэргийн дөрвөн жанжныг хотоос гарч тэр муу боолыг амьдаар баригтун хэмээн илгээсэнд Лү Жюнь И огт эмээхгүйгээр цэргийн ардыг зогсоож морь ташуурдан жад далайж байлдан ирэхүйеэ Линь Чүн зэргийн дөрвөн жанжин угтан авч дэмий хорин удаа болсонгүй морь эгүүлэн хотын зүг буруулахуйяа Лү Жюнь И жадаа өргөж нэгэнтээ даллаваас арын хойнох их цэрэг давалгаа мэт дарж ирснээ Линь Чүн, Хуа Рүн унуул гүүрийг эзлэн авч бие урван нэгэн зэрэг байлдаад хуурмагаар дийлэгдэн буруулж Лү Жюнь И-г өдөөн хотноо дайран оров. Арын хойнох олон цэрэг аянга мэт бархиралдан үүсгэхүйеэ хот доторх Сүн Жян зэргийн олон жанжин нэгэн зэргээр гар хөдөлж Сүн улын жанжин цэргийг өмөглөн угтаж дөрвөн этгээдэд зууралдан байлдахуйяа Ляо улсын жанжин цэрэг гар дугтуйлж мэхийн дагав. Улсын нагац Дин Ань үүнийг үзээд биеийн сүнс биед үгүй болж цөс хэмхрэн сүнс зайлаад Ши Лан нарын олон хүмүүн лүгээ хүзүү бөхийн хүлүүлэв.
Түүнээс Сүн Жян цэрэг морийг авч хотноо орсон хойно олон жанжин жоу-ын яамнаа ирж ёслон золгохуйяа Сүн Жян цааз зарлан улсын нагац Дин Ань тэргүүлэн Оу Ян Ши Лан, Жинь Фү Ши Лан, Е Чин Ши Лан нарыг залуулж суудал ялган суулцаж зочны ёсоор хүндлэв. Сүн Жян өгүүлрүүн: - Танай Ляо улс нягт учрыг мэдэхгүй тул биднийг ташааран аваачив! Манай хоршоон сайн эрсийг уулан шугуйд хуран цугласан өчүүхэн ард лугаа адилтгаваас болохгүй. Нэгд нэгнээр тэнгэрийн одноо тохиолдсон сайд болох тул эзнээс урваж Ляо улсыг дагах ёс баймуй уу? Ганц таны Бажоу хотыг авсугай хэмээн тухайлан ийм аргыг хэрэглэв. Эдүгээ гавъяа бүтсэн тул улсын нагац тэргүүлэн таны зэргийн олон хүмүүн эргэлзэж сэжиглэхгүйгээр өөрийн улсадаа эгэгтүн. Бид таны амийг хөнөөх санаагүй болой. Ийнхүү таны олон тус тусын харъяа ард жич гэрийн хотлоороо авч өөрийн улсадаа харигтун. Энэхүү Бажоу хот нэгэнтээ тэнгэрийн төрд харъяалагдав. Таны зэргийн хүмүүн дахин мөчөөрхөхөөр ирж болохгүй. Үүнээс хойш цэргийн хөл хүрсэн газар хэрхэвч найр тавихгүй хэмээсэнд хотноо асан харь аймгийн олон түшмэл бүрнээ хөдөлж улсын нагац Дин Ань-ийг даган Южоу-д одов. Сүн Жян нэгэнтээгүүр зар гарган иргэнийг тохруулж дэд хошууч Лү Жюнь И-д хагас цэргийг өгч Жижоу хотыг сахиулахаар илгээгээд үлдсэн хагас цэргийг Сүн Жян нар үлдээн Бажоу-г сахиад, нэгэнтээгүүр элч зарж сэтгүүл довтолгон эрхин сайд Жао шүми-д Бажоу-г эзлэв хэмээн мэдүүлсэнд Жао Ань Фү их л баярлаж айлтгал үйлдэж хаан төрд мэдүүлэв.
Түүнээс улсын нагац Дин Ань гурван Ши Лан тэргүүлэн олон хүмүүнийг авч Яньжин хотноо эгж Ляо улсын эзэнд бараалхаж Сүн Жян хуурмагаар дагасан учраа хар хятадад мэхлэгдэж Бажоу хотыг алдав хэмээн зүй зүйгээр тоочин хэлснээ Ляо улсын эзэн их л хилэгнэж Оу Ян Ши Лан-г хараан өгүүлрүүн: - Энэ муу бялдууч боол нааш цааш хоншоор зөөж гүйсээр миний чухал хот Бажоу-г алдуулав. Эдүгээ Яньжин хотыг минь хэрхэн бэхэлмүй? Энэ боолыг түлхэн гаргаж тэргүүнийг нь цавчигтун хэмээсэнд их цэргийн юаньшуай Ү Янь Гуан зэргээс давшиж айлтгаруун: - Дээд эзэн зовних хэрэггүй. Өчүүхэн хулгайн учирт дээд эзэн сэтгэлээ ийн зовоож яамуй. Оу Ян Ши Лан-ын ялыг түр хэлтрүүлэгтүн. Доорд боол надад өөр сайн арга баймуй. Өөрийн хүмүүнийг алж Сүн Жян-ын чихэнд хүрвээс гэдрэг биднийг доогломуй хэмээсэнд Ляо улсын эзэн айлтгасныг зөвшөөж Оу Ян Ши Лан-г хэлтрүүлэв. Оу Ян Гуан бас айлтгаруун: - Боол би өөрийн харъяа хорин найман одон жанжин, арван нэгэн гарагийн баатрыг авч жагсаал засаж өдөөн байлдваас Сүн улсын хулгайг нэгэн хэнгэрэгт хураамжилж болмуй” хэмээх үг дуусахын урьд их цэргийн дэд юаньшуай урагш давшиж айлтгаруун: - Богд эзэн сэтгэлээ сул тавь. Боол надад нэгэн арга баймуй. Эртний үгст “Өчүүхэн тахиаг алахад үхэр алах хутгыг хэрэглэхгүй” хэмээсэнчлэн их юаньшуай Ү Янь өөрийн биеэр хөдөлж яамуй. Ганц өчүүхэн хүмүүн нэгэн бага аргыг хэрэглэвээс хулгай нар хүүр ясаа тавих газаргүй болмуй! хэмээвээс Ляо улсын эзэн ихэд баярлаж: - Элэг зүрх мэт янаг сайд чиний дээд аргыг сонсохыг хүсмүй хэмээсэнд дэд юаньшуай хэл билүүдэн хоншоор хөдөлгөж нэгэн аргыг хэлж гаргаснаар дэд хошууч Лү Жюнь И нэгэн газар байлдахаар ирээд агт морьд өвс тасарч, жанжин цэрэг амуу тасарч, түгшлийн туйлд хүрмүй. Энэ үнэхээр баатар шаламгай хуяг цэрэг сүнс завхтал цухалдаж нэгэн үеийн тасархай баатад бас ч хөмсөг зангидав. Эгнэгт Хэ юаньшуай ямар арга хэлж гаргахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )