Улиран одсон 2021 он цар тахлын өндөр дэглэмд намтар түүхээ бичиж үлдээсэн ч нийгэм, улс төрийн амьдрал өрнөдгөөрөө өрнөж, шинэ онтой золгов.
Өнгөрөгч жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой гэх мэт олон тэгш ой болж өнгөрсөн нь онцлох зүйл байв. Дэлхий нийтээр цар тахлын дэглэмтэй байсан ч Монгол Улсын хувьд гадаад харилцаагаа хэвийн өрнүүлж, урлаг соёл, спорт, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд бүхий л салбарт ухралт хийсэнгүй хэмээн судлаачид, шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн малчид маань мал сүргийнхээ тоо толгойг 68 саяд хүргэж, тариаланчид сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авчээ. Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол өнгөрөгч оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж үлдсэн аж.
Ийнхүү монголчууд нэгэн түүхэн оныг ардаа орхиж, Төрийн гурван өндөрлөг уламжлал ёсоор тус тусын мэндчилгээг дэвшүүллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн мэндчилгээнээс харж байхад тэд хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх эв санаан дор нэгджээ гэдэг нь харагдана.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: АЗИ ТИВДЭЭ ТЭРГҮҮЛЭХ ОРНЫ НЭГ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээнээс олон түмний олзуурхан хүлээж авсан нэг зүйл бол “Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ” хэмээсэн нь анхаарлын гадна үлдсэнгүй. Гэхдээ цаашид ч цар тахлын хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлснээр Азидаа тэргүүлнэ гэдгийг дурдана лээ. Ерөнхийдөө ард түмэн хүсэл зорилготой, төр нь хүчтэй бодлоготой байхад энэ бүхэн болох учиртай гэдгийг уриалсан гэхэд болно.
Тиймдээ ч “Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно” хэмээн ам дүүрэн хэлсэн. Тэр Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар ч, эх оронч сэтгэл, үндэсний өв соёлыг дээдлэгчийн хувиар ч ард түмэндээ хандан, Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно. Монгол хүний оюун санаа, түүх, соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бидний язгуур баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үндэс суурь болох юм гэдгийг онцолсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнөөдрийн даяаршиж буй нийгэмд хамгийн чухал зүйл гэвэл Монгол Монголоороо үлдэх, үндэсний өв соёлоо уламжлан авч үлдэх хэрэгтэйг байнга сануулдаг төдийгүй, үзэл баримтлалынхаа нэгэн чухал хэсэг болгон авч явдаг.
Үүгээр ч зогсохгүй үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа гэдгийг тунхаглан зарладаг хүн юм. Тийм ч утгаараа Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй гэж үздэг. Тэрбээр энэ бүгдийн төлөө Ерөнхий сайдаар ажиллаж байхаасаа тэмцэж ирсэн гэдгийг дуулгах нь зүйн хэрэг.
Ийнхүү Ерөнхийлөгчийн мэндчилгээнээс харахад айлсан ирсэн 2022 оныг ихээхэн өөдрөг гэгээлгээр харжээ. Монголчууд бид “Амны билгээс ашдын билгэ” хэмээн аливаа зүйлийг өөдрөгөөр харж төсөөлдөг түмэн. Гэхдээ Төрийн тэргүүний хувиар зөвхөн хувь хүний өөдрөг үзэл санаанд тулгуурлан, сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн үг биш байх. Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар байр сууриа илэрхийлсэн байж таарна.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ЭНЭ БҮГДИЙГ ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГО, САЙН ХУУЛИАР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээний эхэнд цар тахлын амаргүй нөхцөл байдлыг дурдаад ийм хүнд нөхцөлд УИХ тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа гэдгийг дуулгасан.
Тэрбээр цааш хэлэхдээ “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цаг алдалгүй хэлэлцэн баталж, цар тахлын эсрэг нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадсан” хэмээв. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь хүрч нэмэгдээд байсан ажилгүйдлийн түвшин гуравдугаар улирлын байдлаар 7.4 хувьд хүрч буурлаа. Ажлын байрыг дэмжих 3.0 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийн зээлийг 5591 аж ахуйн нэгж, 19.566 иргэнд олгосон” хэмээн онцолсон.
Тэр УИХ-ын даргын хувиар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах Эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байгаа бол Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн үзэл баримтлалтай Шүүхийн тухай багц хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар зөвхөн хууль засагладаг, шударга, ёс зүйтэй шүүхийн тогтолцоо төлөвших учиртайг дуулгана лээ. Энэ бол яах аргагүй Монгол Улсад тулгамдаад байсан асуудал учраас өдгөөгийн УИХ баталж гараанаас гаргасан нь түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Энэ ч утгаараа УИХ хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргасан гэдэг нь яах аргагүй онцлог зүйл байв.
УИХ-ын дарга болон улс төрийн тоймчид, судлаач шинжээчид 2021 онд Монгол Улс “Парламентын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийсэн он болж өнгөрсөн, энэхүү шинэчлэл ард түмний засаглах эрхийг хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулж, баталдаг болох, парламентын үйл ажиллагааг сонгодог зарчимд нь нийцүүлэх, иргэдийнхээ парламентын боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр амжилттай өрнөж байна” гэдгийг тал талаас дуулгаж байсан.
Мэдээжийн хэрэг, түүний хувьд “эдийн засагтаа шинэ сэргэлт бий болгох, нэгэнт эхэлсэн Эрх зүйн хувьсгалаа үр дүнд хүргэх, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүний хөгжлийг тэтгэж, Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна” гэдгийг хэлэв. Нэг чухал зүйл гэвэл монголчууд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, бололцоотой салбар бүрт экспортын үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн түвшний техник, технологийг эзэмших нь нэн чухал гэдгийг дурдана лээ. Гагцхүү энэ бүхнийг төрийн зөв бодлого, сайн хуулиар л хэрэгжүүлнэ гэдгийг ч УИХ дарга мэндчилгээндээ дайсан юм.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАР ТАХЛЫН ХЯМРАЛЫГ ДАВАХАД ИЛҮҮ ЭВ НЭГДЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОРИГ ТЭВЧЭЭРИЙГ ШААРДАЖ БАЙНА
Гүйцэтгэх засаглалын нуруун дээр ачааны хүнд ногддог утгаараа өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа, түүний УИХ-тайгаа хэрхэн уялдан ажиллахаас нийгмийн амьдрал ихээхэн шалтгаална.
Ерөнхий сайд юуны өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг товчхон дүгнэж дурдаад “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна.Энэ бүхэн цаг алдалгүй вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн” хэмээв.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өнгөрөгч онд эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн зургаан багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн болсоноо зарласан. Монголчууд бидэнд 2020, 2021 он ихээхэн сануулга өглөө.
Цар тахал хатуу хөл хорионы үед Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун түлш нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай байгааг сайтар ойлгуулж өгсөн. Цар тахлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлоос эхлээд юу эсийг үзсэн гэхэв. Өнөөдөр ч цар тахал хэдий хугацаанд үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч бүрэн тодорхойлж чадахгүй байна.
Тиймээс Ерөнхий сайд “Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас Цар тахлын хямралыг даван туулах шийдэл ч мөн Та биднээс илүү эв нэгдэл, хамтын ажиллагаа, зориг тэвчээрийг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол эдийн засгийн эрчимтэй өсөлт” хэмээсэн.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, монголчууд бид анх гэрээ байгуулж байсан гараан дээрээ ирлээ гэдгийг онцолж байсан. Засгийн газрын байр суурь, эдийн засагчдын зүгээс хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Төрийн 3 өндөрлөг тулгын 3 чулуу шиг байж, ажиллаж чадвал улсын хөгжилд, улс төрийн түүхэнд томоохон амжилт гаргах, үр дүнд хүргэх, тодоос тод дүрээ үлдээх олон сайхан боломжууд байна. Боломжуудаа дүүрэн ашигла.
3 малын бодлого, зорилго гэж юу байдаг юм бэ ? Их мөнгөтэй болвол хөгжил гэж боддог хүүхдийн сэтгэхүйтэй мангарууд. Дэлхийн ажил үүргийн хуваарьт оролцож, юм бүтээж, хийж чаддаг болж байж хөгжлийн тухай ярина. Түүнээс газар доорх жаахан юмаа гаргаж зараад ахиухан идэж уудаг болохыг хөгжил гэхгүй ....
ЗӨВХӨН МАН Л 1 ЦОНХООР ХАРЖ, 1 ТОЛГОЙТОЙ БАЙЖ, УЛСАА ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА ГЭДГИЙГ ҮЙЛ ЯВДАЛ ХАРУУЛЖ БАЙНА.