БНХАУ их хэмжээний хүнс худалдан авсны улмаас хүнсний бүтээгдэхүүний зах зээлд хямрал нүүрлэж, үнэ өсөж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Известия мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад дэлхийн хүнсний нөөцийн тал орчим хувийг худалдан авсан байна. БНХАУ-ын агуулахуудад цагаан будааны дэлхийн нөөцийн 60, улаан буудайн 51, бууцайн буурцагны 30 гаруй хувь хадгалагдаж байгаа тухай АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүний асар их нөөцийг бүрдүүлсэн гэдгийг Хятадын тал ч баталсан байна. 2020 онд гэхэд л БНХАУ хүнс худалдан авахад 98 тэрбум ам.доллар зарцуулжээ.
БНХАУ ХҮНСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЖ БУЙ НЬ ХЭД ХЭДЭН ШАЛТГААНТАЙ
Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ ийнхүү хүнсний нөөц бүрдүүлж буй нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Тухайлбал, Хятадын дотоодын үйлдвэрлэл зогсонги байдалд орсон, хөрсний бохирдлын улмаас ургац бага авсантай холбоотой аж. Түүнчлэн их хэмжээний хүнс худалдан авснаар худалдааны дайн, эрчим хүчний хямралаас үүдэлтэй сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой байж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Аж үйлдвэрийн бие даасан шинжээч Леонид Хазанов "БНХАУ одоо хүртэл хөл хорио тогтоосон хэвээр байгаа бөгөөд хотын оршин суугчдын дунд хүнстэй холбоотой үймээн самуун гарахаас зайлсхийхийн тулд ийм арга хэмжээ авч байж магадгүй” хэмээжээ.
УГ АРГА ХЭМЖЭЭ ЯМАР УЛСАД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛӨХ ВЭ
Токиогийн Байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Акио Шибата “Хятад хүнсний нөөц бүрдүүлснээр дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нэг шалтгаан болно” гэсэн байна. “The Wall Street Journal” "Эдийн засгийн онцлог, импортоос хамаарч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний байдлаас шалтгаалан Бразил, АНУ, Канад, Европын холбоо, Хятад, Япон зэрэг улс хамгийн их хохирол амсаж магадгүй" тухай нийтэлжээ. ОХУ-ын хувьд 2022 онд хүнсний үнэ дахин 15-20 хувиар өсөх магадлалтай байгаа аж.
ДЭЛХИЙ ДАЯАР ХҮНСНИЙ ҮНЭ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТОХИОГООГҮЙГЭЭР ОГЦОМ ӨССӨН
Дэлхий даяар хүнсний үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд тохиож байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлсэн билээ. Сүүлийн жилд, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар, ургамлын тосны үнэ аравдугаар сард 10 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт гэнэ. НҮБ-ын мэдээлснээр, нийлүүлэлт тасалдах, түүхий эдийн үнэ өсөх, үйлдвэр хаагдах болон улс төрийн тогтворгүй нөхцөл байдал гээд олон хүчин зүйл хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад үр тарианы үнэ 22 хувиар өссөн байна. Улаан буудайн үнэ эрс өссөн нь энэхүү үзүүлэлтэд нөлөөлжээ.
НҮБ-ын мэдэгдсэнээр, Канад, Хятад, Орос зэрэг томоохон экспортлогч ургац муу авсны улмаас улаан буудайн үнэ 40 хувиар нэмэгдсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Орост үр тариан ургац өнгөрсөн жилийн үзүүлэлтэд хүрэхгүй байгаа гэнэ. Тус улс 127 сая тонн ургац хураана гэж Оросын Хөдөө аж ахуйн яам таамаглаж байгаа бөгөөд харин өнгөрсөн жилд ОХУ 133 сая гаруй тонн үр тариа хураан авчээ. Зарим бүс нутагт ган гачиг нүүрлэсний улмаас ургац муу байгааг шинжээчид онцолсон байна. НҮБ-ын Хүнсний байгууллагын мэдээлснээр, наргил мод, бууцай, наран цэцэг болон рапсын тосны өртөг өссөний улмаас ургамлын тосны үнэ нэмэгджээ.
Наргил модны тосны тухайд гэвэл гол нийлүүлэгч Малайзад үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Коронавирусний халдварын улмаас улс орнууд хилээ хааж, цагаач ажилчид дутагдалтай болсны улмаас Малайзад тосны үйлдвэрлэл эрс буурчээ.
Сүүн бүтээгдэхүүний үнэ мөн адил өнгөрсөн арван сар дараалан өссөн байна. Харин махны үнэ 2.3 хувиар өсжээ. Элсэн чихрийн үнийн хувьд сар сараар дөрвөн хувиар буурч байгаа ч өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өндөр байгаа юм. Ажиллах хүчний хомсдол бусад оронд ч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх зардал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал, Австралид бүтээгдэхүүн тээвэрлэх олон хөлөг онгоц ирсэн ч цар тахлын улмаас ажилчид нь ирээгүй, хүн хүч хангалтгүй байгаа аж.
Үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн хүмүүс нь орлого багатай бүлгийнхэн бөгөөд энэ нь тэднийг улам л ядууруулж, нийгэм болон улс төрийн хямралыг даамжруулж мэднэ гэж НҮБ анхааруулжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хүнсний хомсдолоос үүдсэн Дэлхийн 3-р дайн нэг улсыг чиглэн дэгдэх нигууур өндөр болжээ