Хүн амины ноцтой хэргийг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Төв аймгийн Аргалант суманд байх Мах бэлтгэлийн үйлдвэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ.

Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа.

Тэрбээр "Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сурагггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон.

Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн явуулахад махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан ажиллаж энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 07:00 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилж хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top