Цар тахлын түр журмыг ШИНЭЧИЛЖ, хязгаарлалтыг СУЛРУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.05/ боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийв. 

КОВИД-19 халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Өмнөх журам нь вакцинжуулалт хийгдээгүй, коронавирусний халдвар төдийлөн судлагдаагүй байхад хэрэгжиж байсан. Иймд журамд өөрчлөлт оруулжээ.

Өмнөх журмаар улбар шар, шар, ногоон, улаан гэх түвшин тогтоож байсан бол одоо ч энэхүү түвшинг тогтоох аж. 
 

  • Улбар шар түвшинд зайлшгүй ажиллах шаардлагатай төрийн байгууллага, банк, онцгой байдлын байгууллагын ажиллуулж, бусад салбарт хязгаарлалт хэвээр хэрэгжинэ.  
     
  • Улбар шар түвшинд ресторан, кофе шооп зэрэг 18 нэр төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинэ журмаар 15 төрлийн үйл ажиллагаа болгож, тухайн шатны онцгой комисстой хариуцлагын гэрээ хийх, 50 хувийн дүүргэлттэй байхаар журамлажээ. 
     
  • Шар түвшинд 5 төрлийн хязгаарлаж байсан бол одоо ямар нэгэн хязгаарлалт байхгүй, зөвхөн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгасан байна. 
     
  • Өмнө нь мөн төрийн байгууллага аж ахуй нэгж, хуулийн этгээд гэж ялгаатай байсан бол зөвхөн хуулийн этгээд гэсэн зохицуулалт оруулжээ. 

Цаашид нийтээр нь хаадаг, хөл хорьдог зохицуулалтаас аль болох татгалзана гэдгийг УОК онцолж байлаа. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Засгийн газрын зүгээс Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. УОК энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Цагаан сарын баяраар төрийн байгууллагын түвшинд золголт хийхгүй. Ард иргэдийн тухайд ч мөн өөрийнхөө гэр бүлийг болон бусдыг эрсдэлтэй байдалд оруулахгүйн тулд аль болох өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалж байна. 

-Эмнэлгийн байгууллагын ачаалал, орны нөөц зэрэг асуудал ямар байна вэ?

-Халдварын тохиолдол буурсан тул ковид эмчилж байсан эмнэлгүүд үндсэн эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top