Цар тахал гэх хөшиг татчихаад энэхүү аюулт хаалтны цаана чухам юу өрнөж байна вэ гэдэг нь анхаарал татсан хэвээр байна. Энэхүү хаалтыг өнгийж харах гэхээр цар тахлын халдварын тоо өөдөөс шидэж, хөл хорио тогтоочихоод ар талд нь жинхэнэ хууль бус зүйл өрнүүлж ирснийг нуух аргагүй. Нөгөө талаар “Цар тахлын хууль” гэгчээр далимдуулан ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилгоо олноор хийж, дураараа дургисан тухай шүүмжлэл тасрахгүй байсаар өнөөдөрт ирлээ. Гэтэл тус хуулийг дахин зургаан сараар сунгасан маргаан шил даран өрнөх болов. Нөгөө талаар тус хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг ч хуульчид дурдав.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон төрийн алба хаагчдыг албанаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ. Энэ бол байнга шүүмжлүүлж байдаг Төрийн албаны зөвлөл ажлаа хийж байгаагийн нэгэн илрэл хэмээн олон нийт ч талархалтай хандаж байна.
Тодотговол, Төрийн албан зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх үүргийг шаардлагатай байгаа төрийн байгууллагад өгсөн аж.
Үүгээрээ сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх аж.
Энэ тогтоолоор “Цар тахлын хууль”-ийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон алба хаагчид болон агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөнө гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэв. Тэгвэл сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нараас хэн хэн чөлөөлөгдөх вэ гэдэг нь яах аргагүй олны анхаарлын төвд байгаа. Цахим мэдээлэлд дурдсанаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу 14 яамнаас таван Төрийн нарийн бичгийн дарга, 36 агентлагаас 23 агентлагийн дарга чөлөөлөгдөж, сонгон шалгаруулалтад орохоор боллоо хэмээн дурдсан нь ташаа зүйл аж.
Төрийн албаны зөвлөлөөс өгч байгаа мэдээллээс харахад цар тахлын үед буюу “Цар тахлын хууль”-ийн дагуу нийт 1032 албан хаагч түр томилогдож, өдгөө 511 нь нь сонгон шалгаруултад орох шаардлагатай байгааг юуны өмнө дуулгалаа. Үүнээс гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, есөн агентлагийн дарга нар сонгон шалгаруулалтад орох аж. Харин эдгээр алба хаагчид ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд асуудлаа цэгцлэх шаардлагатай бөгөөд сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй хэмээн албаныхан мэдэгдсэн.
Нэг зүйлийг дурдахад, албан болон албан бус мэдээллээс харахад зарим нэг агентлагийн хууль бус даргын нэр сонгон шалгаруулалтад байхгүй юм биш биз гэх хардлага төрж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл болон бусад холбогдох өндөр дээд албан тушаалтнууд гээд хардлага олон тийш салаалах хандлагатай. Хамгийн гол нь уг зүйлийг төрийн албаны нөөцөд байгаагүй, салбартаа ажиллаж байгаагүй мэргэжлийн бус гэх даргатай хэдэн жилийн нүүр үзэж байгаа стандарт хэмжил зүйн салбарынхан сануулж өгөхийг хүссэн юм.
Тухайлбал, 2016 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Шадар сайдын 103 тоот тушаалаар Стандарт хэмжил зүйн дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Билгүүнийг томилсон байдаг. Ийнхүү дэд даргын түр орлон гүйцэтгэгчийг жинхэнэ албанд томилоогүй байж Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 131 тоот тогтоолоор Б.Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. “Төрийн албаны тухай хууль”-д нийцүүлж жинхлэх нь байтугай тушаал дэвшүүлсэн ноцтой баримт хүртэл бий.
Мөн дараагийн Шадар сайд Я.Содбаатар 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоол гарган, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал түр даргын албан үүргийг гүйцэтгэх хугацааг хууль бусаар сунгасан ч өнөөдрийг хүртэл зургаа дахь жилдээ тушаал дэвшин ажиллаж байгааг завхрал гэхээс өөр яахав. Өдгөөгийн Шадар сайд С.Амарсайхан ч энэ тал дээр арга хэмжээ аваагүй. Анхнаасаа Б.Билгүүнийг томилсон байдал хууль бус байгаагийн зэрэгцээ тав, зургаан жил түр орлон гүйцэтгэгчээр тушаал дэвшин ажиллаж байгааг юу гэх вэ.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс тогтоолын дагуу гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, есөн агентлагийн даргыг нэрлэсэн хэрнээ тав, зургаан жил Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Билгүүний нэр байхгүй байж болзошгүйд салбарынхан гайхаж байна. Төрөөс том, хуулиас гадуур ийм нэгэн “Түр дарга” байгааг Төрийн албаны зөвлөл, Ерөнхий сайд, өөрийг нь хамаарах Шадар сайд нар мэдэж байгаа болов уу гэх хардлага ч давамгайлах болов. Цар тахлын үед Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй байхад есөн агентлагийн дарга, гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг үлдээгээд ганцхан Б.Билгүүнээс шалгалт авч, сонгон шалгаруулаагүй байх. Энд чухам ямар учир шалтгаан байна вэ. Түүнээс бус ийм олон жил хууль зөрчин ажилласан Стандарт, хэмжил зүйн газрын “Түр дарга” есөн агентлагийн даргын нэрсийн жагсаалтыг тэргүүлж байх учиртай хүн гэдгийг салбарынхан хэллээ.
Ер нь түр орлон гүйцэтгэгч нь эртнээс эхтэй бөгөөд 2016 онд Түр орлон гүйцэтгэгч нарыг олон арваар нь томилсон байдаг. Ийнхүү тэднийг “Төрийн албаны хууль”-ийн дагуу жинхэлж чадаагүй байтал цар тахлын халдвар Монгол Улсад тархаж, улмаар “Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гаргасан нь өдгөө хэрүүл тарьж буй “Цар тахлын хууль” юм.
Үүнийг үндэслэн түр орлон гүйцэтгэгч нарыг дахин бөөнөөр нь томилсон. Тус хуулийг тодорхой эрх ашгийн төлөө хэргээр гаргасан гэж хардаж болохоор байгааг энэ олон томилгооноос харж болно. Тиймээс төрийн албаны шалгалтын босго шалгуур давж ч мэднэ, давахгүй ч байж мэднэ гэсэн бодолтой түр дарга нар Монголын төрөөр тоглосон гэхэд болно. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гаргасан “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” тогтоол бол нүдээ олсон юм
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ЗГ-с стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хийлгэх захиалга өгсөн, түүний дагуу ТАЗ сонгон шалгаруулалт зарлаад материалуудаа хүлээн авсан байгаа боловч хуулинд заасан хугацаанд шалгалтаа авалгүй өнөөдрийг хүрсэн байгаа нь хэний буруу болох вэ