ОЛОН ӨНГӨ: Илүү зан илүү

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг хардаг зан биднийх. Энэ нь цаанаасаа, багаасаа, хүмүүжлээсээ олж авсан эрдэм гэлтэй. Нэгнийхээ амьдралд сүйд болж сүжирч туслаад байхгүй хэр нь яаж алдаж, яаж онох нь уу хэмээн анаж отож байдаг илүү зантангууд  олон. "Тэр түүнтэй хамт явж байна, одоо удахгүй хаягдана даа, сална даа" хэмээн алгаа үрчин нэг нэгэндээ дамжуулан шивэгнэх. "Тэр бие нь өвдөж гэнэ, аягүй бол архи дарснаас л болоо биз" гэж адлан хэлэлцэх.

Хэнтэй уулзахаа танаас асуух шаардлагагүй, хэзээ ч өвдсөн танаас мөнгө авахгүй учраас бусдын хэрэгт хошуу дүрэхийн хэрэг юун. Хэрэв таны өөчилж буй хүн алхам тутамдаа танаас зүүгдэж, танд түвэг удаж байдаг бол алдаа эндэгдлээс эмээх нь зүйн хэрэг. Гэтэл бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой хүний амьдралыг зааж зааварлах гэдэг нь хачин.

Зөрж зүггүйтвэл "Хамраараа шороо үмхэв ээ" гэж хашхирах. Залуу хүнийг алдаа нь хүртэл чимдэг биш билүү дээ. Онож алдаж байж л амьдралаас суралцана шүү дээ. Бидний энэ илүү зан, үзэл бодлоо тулган шаарддаг байдал Z үеийнхэнд бол бүр ч тохирохгүй. Тэд биднээс ч илүү хэрсүү, хөгжчихсөн улс. Бүхнийг аль хэдийн тооцоолчихсон, товлочихсон байдаг нь гайхмаар.

Аль хэдийний 1900-гаад оны сурган хүмүүжүүлэх арга хоцрогджээ аав, ээжүүд ээ. Бид үр хүүхдээ зөв чиглүүлж байна гэж хүсэл сонирхлыг нь хүлэхгүйгээр аясаар нь аргадаж, магтаж, хайрлаж, халамжилж өсгөх хэрэгтэй юм байна. Одоо үеийн залуус хүмүүст түвэг удахгүй, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй, бусдад гай болохгүй амьдрах гэдэг зарчимтай болж. Бид ч цаг үеэ дагаж хаа л бол цамнаж, илүү хошуулж явдаг зангаа татаж нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top