Казахстаны үндсэрхэг үзэлтнүүд Назарбаеваас ангижрахыг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

Казахстанд болж буй эмх замбараагүй байдлын цаана хэн байгаа вэ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улсад өрнөж буй буй үйл явдал ОХУ-д хэрхэн нөлөөлөх талаар RT агентлагийн бэлтгэсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.

Казахстанд болж буй үйл явдал асар хурдтай өрнөж, нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж байна. Эхэндээ эрчим хүчний үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн жагсаал илүү ноцтой байдал дагуулахаар болж эхлэв. Учир нь Казахстан Орос тэргүүтэй цэргийн эвсэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас (ХАБГБ) тусламж хүсэж, цэргүүд нь жагсагчидтай мөргөлдөөд байна. Казахстаныг Зөвлөлтийн дараах хамгийн тогтвортой орнуудын нэг гэж үздэг. Гэсэн хэдий ч тус улс 30 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хэцүү сорилттой тулгарч магадгүй болоод байгаа юм.

Казахстанд өрнөж буй үйл явдлын тухай бичлэг дэлхий даяар тараад байна. Жагсагчид олон нийтийн барилга байгууламж руу дайран орж улсынхаа хамгийн том хот, хоёр дахь нийслэл Алматагийн захирагчийн байрыг шатаагаад байгаа юм. Үймээн самуун замбараагүй, хяналтгүй үргэлжилж байгаа бөгөөд жагсаал цуглааныг зохион байгуулсан удирдагч олдоогүйгээс гадна аль нэг улс төрийн нам эсэргүүцлийн хөдөлгөөнийг манлайлж эхлүүлээгүй аж.

Энэ сарын 2-нд  Казахстаны Засгийн газраас байгалийн хий болон шатахууны үнийг чөлөөлснөөс үүдэлтэйгээр эдгээр бүтээгдэхүүний  үнэ нэмэгдсэнээр эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Шингэрүүлсэн байгалийн хийг (LNG) ихэнх оронд иргэд бензиний оронд автомашины түлш болгон ашигладаг. Эхэндээ жагсаал тайван замаар өрнөж, цагдаа нартай мөргөлдөөгүй.  Гэвч байдал хурцдаж, энэ сарын 2, 3-нд 69 хүнийг хууль хяналтынхан саатуулсан. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газартаа даалгажээ.

Удалгүй төрийн хэвлэлийн албанаас Казахстаны шатахуун түгээх станцуудын эздийн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж,  Засгийн газар хийн үнийг зохицуулах цогц арга хэмжээ авна гэж амласан. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын тухай хуулийн  дагуу орон нутгийн зарим ШТС-ын эзэд  шатахууны үнийг литр тутамд нь бууруулах шийдвэр гаргасан байна.  Гэвч энэ нь жагсаал цуглааныг намжаахад хангалтгүй байв. Энэ сарын 4-ний оройноос эхлэн Казахстаны олон хотод жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдөж эхэлсэн. Жагсагчдын эсрэг цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан бөгөөд тэд хариуд нь албаны машин, тусгай зориулалтын машинуудыг галдан шатаасан байна.

Ерөнхийлөгч Токаев жагсагчдыг тайвшруулахыг оролдохын тулд тэдний  шаардлагыг биелүүлж, Засгийн газрыг ч огцруулсан. Гэсэн ч жагсагчдыг тайвшруулж чадсангүй. Шинэ Засгийн газрын түр тэргүүнээр Алихан Смайилов томилогдов. Өмнөх Засгийн газрын үед тэрбээр Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан.

 

ЭДГЭЭР ЖАГСААЛ НЬ КАЗАХСТАНД УРЬД ӨМНӨ НЬ БОЛЖ БАЙСАН ЖАГСААЛААС ЭРС ЯЛГААТАЙ

 

Казахстаныг олон жил удирдсан  Нурсултан Назарбаеваас өөрийн эрх мэдлээ 2019 онд Токаевт шилжүүлсэн билээ. Москвагийн Евразийн аналитик клубын тэргүүн Никита Мендкович эдгээр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын  шалтгаан нь улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдал төдийгүй Засгийн газрын үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг арга хэмжээ гэж үзэж буй талаараа ярьжээ.

Тэрбээр  “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Казахстаны Засгийн газар Оросын эсрэг арга хэмжээ авч үндсэрхэг үзэлтнүүд болон барууны талыг баримтлагч бүлгүүдтэй хамтран ажиллаж, тэднийг ихэд дэмжсэн. Үүгээрээ эрх баригчид  Казахстаны Оросыг дэмждэг хэсэг болон  тус улсын дийлэнх хувийг бүрдүүлдэг орос хэлтэй хүн амыг эсэргүүцсэн. Үүний үр дүнд эрх баригч нам 2021 оны нэгдүгээр сард болсон УИХ-ын сонгуульд нэг сая гаруй санал алдсан. Гэвч үндсэрхэг сөрөг хүчин үүнийг эрх баригч дэглэмийн сул дорой байдлын шинж гэж тайлбарласан” гэжээ.

Түүний тэмдэглэснээр, одоогийн байдлаар барууны талыг баримтлагч сөрөг хүчин болох Казахстаны Ардчилсан сонголт (DVK) болон Казахстаны Оян (OQ) нь эсэргүүцлийн жагсаалыг толгойлж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сурталчлахад ашиглахыг  оролдож байгаа аж. Мендковичийн үзэж байгаагаар ийм учраас л Засгийн газар жагсагчдын шаардлагыг биелүүлсэн ч эмх замбараагүй байдлыг зогсоож чадахгүй байгаа аж.

Харин  амьдралынхаа 18 жилийг Казахстанд өнгөрүүлсэн Оросын улс төрийн зүтгэлтэн Роман Юнеман эсэргүүцлийн хөдөлгөөний үндэс нь нутгийн үндсэрхэг үзэлтнүүд хэмээсэн нь Мендковичтэй санал нэг байгаагийн илрэл юм. Тэрбээр "Эсэргүүцэж байгаа нь либералууд эсвэл хипстерүүд биш, харин үндсэрхэг үзэлтнүүд, эх орончид юм. Тийм ч учраас тэдний олонх нь төрийн далбаа барьж, зарим нь бүр Казахстаны сүлд дууг дуулж байгааг харж болно” гэжээ.

Удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал, цар тахал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэдгийг тэрбээр тодотгожээ. Юнеман "Намайг Казахстанаас Орос руу явах үед бүс нутгийн амьдрал Оросын ямар ч хотоос ялгаагүй  байсан ч одоо амьдралын чанар хамаагүй доогуур байна. Саяхан Казахстаны Засгийн газар цар тахлын эсрэг шинэ багц арга хэмжээг танилцуулсан нь олон хүн гудамжинд гарч жагсах  шалтгаан болсон байж магадгүй юм” гэжээ.

Шинжээчдийн олонх нь Ерөнхийлөгч Токаев эсэргүүцлийн жагсаалыг дарах сонирхолгүй байгаа нь улс төрийн загалмайлсан эцэг гэгддэг Назарбаеваас ангижрахын тулд байж магадгүй гэж байна.

Назарбаев тус улсын улс төрд асар их нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.

Юнеман “Казахстанд хэн ч, тэр дундаа жагсагчид Токаев, Назарбаев хоёрыг өрсөлдөгчид гэж үзэхгүй байгаа бөгөөд Токаев экс Ерөнхийлөгчийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авсан ч ард түмнийг тайвшруулахгүй. Жагсаал эдийн засаг, нийгмийн удаан үргэлжилсэн хямралаас  үүдэлтэй.  Тиймээс энд Токаевын ирээдүйн улс төрийн шинэчлэлийн тухай ярих нь чухал бөгөөд түүний мэдэгдлийг хэрхэн хэрэгжүүлэх эсэхээс их зүйл шалтгаална. Хэрэв Токаев эдгээр шинэчлэлийн хүрээнд Назарбаевын Үндэстний удирдагч хэмээх цолыг эсэргүүцэх юм бол улс төрийн эргэлт хийх гэж байгаа нь тодорхой болох бөгөөд эдгээр эсэргүүцлийг улс төрийн тоглолт хийх зорилгоор ашигласан нь ил болно” гэв.  Эсэргүүцлийн ажиллагаа даамжирвал Москва хөршдөө илүү их  анхаарал хандуулах нь гарцаагүй. 

Орос, Казахстаны хил бараг 7000 км үргэлжилдэг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт үргэлжилсэн хуурай газрын хил юм. Казахстаны улс төрийн тогтвортой байдал нь Оросын хувьд нэн чухал.

ОХУ-ын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой туршилтын талбай болох Сары Шаган  Казахстанд байрладаг.

Энэ нь баллистик пуужингийн эсрэг (ABM) системийг турших Еврази дахь анхны бөгөөд цорын ганц газар юм. ЗСБНХУ задран унасны дараа Сары Шаган дахь зарим байгууламжийг ОХУ-д түрээсэлж, заримыг нь Казахстаны Радиоэлектроник, холбооны үндэсний төвд шилжүүлжээ. Энэхүү туршилтын талбай нь Оросын батлан хамгаалах чадавхид чухал үүрэг гүйцэтгэдэг.  Казахстанд болж буй эсэргүүцлийн жагсаал Оросын хувьд дотоод, гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг ажиглагчид онцолж байна.

2021 оноос Казахстанд үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа талаар Оросын хэвлэл мэдээлэл, улстөрчид ярьж байсан. Казахстан дахь нөхцөл байдал нь Оросын дотоод болон олон улсын аюулгүй байдал, статусыг хадгалахад чухал ач холбогдолтой тул Москва тэнд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглах нь гарцаагүй. Түүнчлэн ОХУ болон холбоотон орнууд Казахстанд цэрэг илгээхээ мэдэгдсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(192.82.89.170) 2022 оны 01 сарын 08

казакстан түүхэндээ бүрэн бие даасан тусгаар улс байж үзээгүй, монголын, зху-ын бүрэлдэхүүнд л байсанижижиг ард түмэн 20 дугаар зуунд аз тохиож тусгаар улс болох гэж оролдож яваа\nназарбаев уг нь манай чингис хаан шиг хувь хүнийхээ, гэр бүлийнхээ эд, баялагийн шуналаас хол байж чадсан бол үндэсний баатар болох байлаа. харамсалтай нь шуналаасаа болоод хийсэн гавьяагаа хог руу хийчихлээ

4  |  0
МОНГОЛ(192.82.89.170) 2022 оны 01 сарын 08

казакстан түүхэндээ бүрэн бие даасан тусгаар улс байж үзээгүй, монголын, зху-ын бүрэлдэхүүнд л байсанижижиг ард түмэн 20 дугаар зуунд аз тохиож тусгаар улс болох гэж оролдож яваа\nназарбаев уг нь манай чингис хаан шиг хувь хүнийхээ, гэр бүлийнхээ эд, баялагийн шуналаас хол байж чадсан бол үндэсний баатар болох байлаа. харамсалтай нь шуналаасаа болоод хийсэн гавьяагаа хог руу хийчихлээ

2  |  0
Top