Мал аж ахуйн салбарт төрөөс “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Тус хөтөлбөрийн талаар ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
-“Монгол мал” хөтөлбөрийг 2010 оноос батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхлэх үү?
-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд УИХ-ын 23-р тогтоолоор баталсан. Үүнээс өмнө мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг гаргасан боловч хэрэгжилт нь тухай үеийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байлаа. Тиймээс энэ салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхээр "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байгаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлээд 10 жил өнгөрч байна. Энэ хөтөлбөр нь ерөнхийдөө уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах зорилготой юм. Үндсэн шалгуур үзүүлэлтийг таван тэргүүлэх чиглэлээр тодорхойлохоор тусгасан. Чиглэлүүдийн хүрээнд үр дүнтэй олон ажлыг хийсэн тул энэ салбарын цаашдын хөгжлийн суурийг бүрэн тавьсан гэж үзэж болно.
-Хөтөлбөрийн хүрээнд гарсан хамгийн сүүлийн үеийн үр дүнгээсээ товчхон дурдвал?
-Аливаа хөтөлбөр богино хугацаанд хэрэгждэггүй. Энэ хөтөлбөрийн үр дүнг 10 жилийн дараа эцэслэн дүгнэх гэж байна. Жишээ нь, хамгийн сүүлд бид “Ногоон алт”, малын эрүүл мэндийн чиглэлээр хоёр жил судалгаа хийсэн.
Энэ чиглэлийн хүрээнд “Улс, аймаг, сумдын нийт бэлчээрийн 10 хүртэлх хувийг цаг агаар хүндэрсэн үед нөөц болгон ашиглах” гэсэн ганц заалтыг 2019 оноос эхэлж ярьсан. Энэ жил бага ч гэсэн үр дүн гаргаж авч байна. Өөрөөр хэлбэл, зургаан аймгийн нутаг дэвсгэрийн 1.9 сая га талбайд бэлчээрийн нөөц нутаг байгуулахаар боллоо. Ирэх жил Өмнөговь, Дундговь аймагт нөөц нутгийн хайгуул хийнэ. Монгол Улс өнөөдөр ердөө 10 аймгийн 783 мянган га отрын нөөц нутагтай. 1.9 сая га талбай гэдэг одоо байгаагаас бараг гурав дахин том газар нөөц нутаг хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт, улсын төсвөөс тэнд нь худаг гаргаж өгье гэж байгаа. Үүнд хөрөнгө оруулах асуудлыг ирэх жил шийдвэрлэнэ.
Энэ чинь “Монгол мал” хөтөлбөрийн үндсэн концепц. Бодлого бол энэ мэтчилэн үргэлжилж байгаа юм. “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг хандлагыг МАА-н үйлдвэрлэлд нэвтрүүлэхүй” төслийг Дундговь аймагт хэрэгжүүлсэн. Маш сайн үр дүнтэй ажил болж хаалаа. Хөтөлбөрийн тайлангаа бид ирэх жил Засгийн газарт танилцуулна.
-Улсын хэмжээнд малын тоо толгой жил бүр нэмэгдэж, тэр хэрээр бэлчээрийн даацын асуудал тулгарах болсон. Энэ тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Малыг тооноос чанарт шилжүүлэх зорилт нь бэлчээртэй холбоотой асуудал. Тоо биш, өндөр ашиг шимтэй малыг, түүнчлэн бэлчээрийн даацыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн жил “Малын тоо толгойн хууль” батлагдлаа. Энэ чиглэлээр аймгуудад сургалт хийсэн. Гэхдээ орон нутгийн малчид гэлтгүй, ХАА-н газрын мэргэжилтнүүд, сумын өөрөө удирдах байгууллагын чадавхыг сайжруулах ёстой юм байна. Өөрөө удирдах байгууллагын хүмүүс өндөр мэдлэг, мэдээлэлтэй болсноор дараа нь тоо толгойн хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа сайн зохион байгуулах юм. Нэг малаас хэчнээн төгрөгийн төлбөр авах асуудлыг зөв тогтооно.
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх нь “Монгол мал” хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг. Саяхан Засгийн газраас төсөл баталсан байна. Энэ чиглэлээр хийж буй ажлынхаа талаар ярихгүй юу?
-Ер нь МАА-н салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байгаа. Үүнийг дагаад гол нэрийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь сүү, мах гээд бүгд өсөлттэй байна шүү дээ. Энэ хэрээр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж 5.3 их наяд байсан юм. Харин 2020 онд 5.7 их наяд болсон. Энэ бол хөтөлбөрийн үр дүн. МАА-н нөхөн үйлдвэрлэл бол асар өндөр түвшинд хүрсэн. 1944-2010 оны хооронд 12 удаагийн зуданд 40.1 сая толгой мал хорогдсон байдаг. Тэгэхээр бид сүүлийн дөрвөн жилд 84 сая толгой малыг МАА-н үйлдвэрлэлд оруулсан нь нийт 12 удаагийн зудны хорогдлоос хоёр дахин их байгаа юм. Мэдээж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд байгалийн эрсдэлийг даван туулахад анхаарч байна. Одоо бид цаашдаа малын чанарыг сайжруулах тал дээр нэлээд хүчтэй бодлого явуулах нь чухал байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г бий болгох хүрээнд Засгийн газрын тогтоол, олон удаагийн хэлцэл гэх мэт ажил багтана. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох МАА-н хөгжил” гээд 30 сая ам.долларын маш том төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнээс тэжээлийн тогтвортой менежментийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Бас баруун, зүүн тус бүр хоёр аймагт 23 сая ам.долларын НҮБ-ын хүнс, ХАА-н байгууллагын том төсөл болох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон нутгийн малчид иргэдийн чадавхыг сайжруулах төсөл бий.
Үүний хүрээнд Монголын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход юу хэрэгтэй вэ, орон нутагт бэлчээрийн менежментийг хамгийн сайнаар хийх, мал, махыг борлуулах, малыг бага насанд нь бордох ажлууд зэргийг дурдаж болно. Мал борлуулах цэгүүдийг байгуулах, мал эмнэлгийн үйлчилгээг өндөр түвшинд хийх зэргийг ч дурдах боломжтой. Мөн үржил селекцийн ажлыг нутгийн онцлогт нь тохирсон малаар сайжруулах гэх мэт бүх ажлууд уялдаатай байгаа.
-Хөтөлбөрт нийгмийн хөгжлийн чиг хандлагад МАА-г тохируулна гэж байсан. Энэ талаар товч тайлбар өгөөч?
-Энэ бол маш том асуудал. Төрөөс малчдыг нийгмийн хөгжлийн чиг хандлагад тохируулсан бүтээгдэхүүн борлуулах, сайжруулах, орон нутагтаа хорших, хоршооны хууль болон түүхий эд бэлтгэх дэд бүтцийг сайжруулах гэх мэт асуудлыг нийгмийн хөгжлийн бүх чиг хандлагад тохируулаад хийж байгаа юм.
Мөн хөнгөн болон хүнсний үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудал бий. Гэхдээ боловсруулах түвшин манайд тааруу байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэгүйдээд байдаг юм. Малчин хүн малаа хотод руу зөөвөрлөн зарна гэдэг байж болохгүй. Малчин хүн малаа бэлчээрт хариулаад, эрүүл мэндийн үзлэгийг сайн хийх ёстой. Харин төрөөс хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг дэмжээд, тэр үйлдвэрүүд боловсруулалтынхаа түвшинг сайжруулах хэрэгтэй. Улмаар зориулалтын машинаар хоршооноос нь авах ёстой юм. Малчид сумын хоршоондоо бүх бүтээгдэхүүнээ өгнө. Хоршоо нь том үйлдвэр, аж ахуйн газруудтай гэрээ байгуулж, дунд нь ямар нэгэн биржээр дамжуулах зохицуулалт хийх ёстой. Энэ чиглэлийн сүлжээнүүдийг гаргаж тавих нь зөв.
Хэрэв малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй бол малчид орлогогүйгээс гадна малаа онд оруулахад бэрх. Үүнд ямар гаргалгаа байж болохыг хэлье. МАА-н хоёр тулгуурын баруун тал нь хүнс, зүүн тал нь хөнгөн гэж ойлгох хэрэгтэй. Энэ хоёрыг боловсруулах хүчин чадлыг нь 50 хувьд хүргэж чадвал МАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үнэ өртөг, үнэ цэн дээшлээд ирэх юм. Тиймээс энэ хоёр боловсруулах аж үйлдвэрийг ногоон зээл олгох замаар хөгжүүлж болно.
Зөвхөн малаас гадна энэ хоёрыг дэмжвэл түүхий эдийг хаягдалгүйгээр боловсруулах боломж бүрдэнэ. Энэ нь малчдын дундын хөрөнгө оруулалт. Малын арьс шир боловсруулах үйлдвэр бол дундын хэрэглээ юм. Тэгэхээр дундын үйлдвэрээ дэмжих нь хамаагүй ашигтай байна. Хөтөлбөрийн дэд бүтэц нь боловсруулах үйлдвэрлэл юм. Үүнд Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын бодлого байх ёстой. Гэхдээ энэ бодлого нь ногоон зээл байх юм.
Н.АНУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
хуцаж байгаа юм шүү, 10 жилийн дараа ч гэх шиг, нөгөө сонгуулиа л ярьж байхгүй юу, нээрээ хэлэх үг ч олдохгүй юм, ийм малнаасаа ялгарахгүй юмнууд бодлого барих гэж ...
”Монгол мал” Ундэсний хетелбер манайд хэрэгжуулсэн 400 гаруй хетелбереес хамгийн ур дунгээ егсен бодлогын баримт бичиг гэж уздэг юм. Мало, мужчины бодлогыг терийн бодлогын тевд тавьж малмалчин хоёр эзэнтэй болж 334 сумдада мал эмнэлэг уржлийн албатай болж ХАА-н бирж бий болж малчид мэргэжлийн дипломтой болж гээд тамга тэмдэг тэй данс юу хийж ЖДУ-н гэрчилгээтэй болсон гээд маш их ажил хийсэн дэээ.
Soliorson gar u, Mal chin bugd ovchilood duuslaa. ta nar vaccine gej hor taraadag