Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 87 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СҮН ГҮН МИН ЮЖОУ ГАЗАРТ ИХЭЭР БАЙЛДСАН ХҮ ЯНЬЖУО ХАРИЙН ЖАНЖНЫГ ХҮЧЭЭР БАРЬСАН

Өгүүлэх нь тэр үед Ү Янь Янь Шоу хоёр түм илүү цэрэг морийг аван улсын фүма Тай Жэнь Сюй Чин, их жанжин Ли Жинь Ү хоёулын харъяат цэрэг лүгээ нийлүүлж гурван түм таван мянга илүү болгоод жад сэлмийг тэгшлэн зэр зэвсгийг багцалсан хойно цэрэг морийг хөдөлгөж Южоу-ын зүг алан ирсэнд харуулын ард нисэх мэт довтлон ирж Сүн Жян-д мэдүүлэв. Сүн Жян цэргийн багш Ү Юн-г залж: - Урагш өдөр Ляо улсын цэрэг дараа дараагаар дарагдсан тул эдүгээ эрхгүй шилсэн цэрэг гавшгай жанжныг авч байлдахаар ирэв. Ямар арга үүсгэвээс сая хулгайг дийлж болмуй? хэмээн асуусанд Ү Юн өгүүлрүүн: - Урьдаар цэрэг морийг авч хотын гадна гараад жагсаал жагсаасан хойно Ляо улсын цэрэг хүрч ирвээс алгуураар байлдсугай. Хулгай чадалгүй бөгөөс өөсөө эгэх болой хэмээсэнд Сүн Жян үгийг зөвшөөн, цэрэг морийг авч хотын гадна гараад, хотоос арваад газар хол байх уулыг түшин усыг өшиглөсөн Фан Шань хэмээх уудам газарт есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг засч хараахан хүлээж байтал Ляо улсын цэрэг морь гурван замаар хүрч ирэв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс, Ляо улсын бага жанжин Ү Янь Янь Шоу-ын цэрэг морь бараан туг өргөж, улсын фүма Тай Жэнь Сюй Чин-ийн харъяа цэрэг улаан туг өргөж, их жанжин Ли Жинь Ү-ийн дагуулсан цэрэг хөх туг өргөжээ. Гурван замын цэрэг морь хойно хойноосоо хүрч ирсэнд Сүн Жян бас хэдийн жагсаалыг жагсааж дуусав. Үзвээс, Ляо улсын жанжин Ү Янь Янь Шоу угаас эцгийг даган үйлдсэн тул жагсаалын хөлд цагаарч, увдис эрдэмд мэргэшчээ. Тэр үед, Ү Янь Янь Шоу цааз зарлиг улаан тугийн цэрэг, хөх тугийн цэргийг тус тус зүүн баруун хоёр этгээдэд буулган, өөрийн биеэр дундад цэргийг захирч, үүлэн шатанд авиран гараад Сүн улсын жагсаасан есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг нэгэн зэрэг нарийвчлан үзээд шатнаас бууж ирсэн хойно, жихүүнээр инээж зогсохгүйд зүүн баруун этгээдийн жанжин асууруун: - Жанжин юуны учир ийн жихүүнээр инээмүй? хэмээвээс Ү Янь Янь Шоу өгүүлрүүн: - Сүн улсын тэрхүү есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг хэн мэдэхгүй аж? Хулгайн жагсаасан жагсаал хүмүүнийг мэхэлж чадахгүй. Би бас нэгэн жагсаал засаж хулгайг цочоосугай хэмээгээд цэргийн ардыг зандан гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлсэн хойно өөрийн биеэр мандалд авиран, хоёр гартаа тэмдэг туг барьж зүүн баруун этгээдийг улируулж нэгэн жагсаал жагсуулсан хойно мандлаас бууж ирээд, морь унан цэргийн дундуур шувталж жагсаалын өмнө гарч ирээд Сүн Жян-г дуудан үг өчтүгэй хэмээв. Бага жанжны бие хуягласан байдлыг үзвээс:

Тэргүүнд гурван сэрээт чандмань эрдэнэ алтан дуулга дарж, биедээ Шу газрын хэмэрлэг цэцэгт цагаан мөнгөн хуяг хэдрэн, хөлдөө бүргэдийн хоншоорт дөрвөн оосорт өөдөн гутлыг өшиглөн, бэлхүүсэндээ луун эвэр хос гархит шар ёнхор бүсийг бүслэн, аварга гүмбира-ын амт ташуурыг ард хавчуулж, цас цагаан гэрэл цацарсан хурц сэлмийг сүвээн дээр суйрчээ. Зөвтэй талдаа алтан сийлбэрт бүргэдийн нумыг агсан, буруутай талдаа мөнгөн шигтгэрт чонын араатай зэвийг зүүж, гартаа сэрээт жад атгаж, далдаа мөнгөн шигтгэрт чонын араатай зэвийг зүүж, гартаа сэрээт жад атгаж, чавган хээр моринд хөндлөн суужээ.

Түүнээс Ү Янь Янь Шоу жагсаалын өмнө гараад морин жолоог татаж өндөр дуугаар: - Та нар тэрхүү есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалаар хэнийг мэхэлсүгэй хэмээмүй? Миний жагсаалыг танимуй уу? хэмээвээс Сүн Жян Ляо улсын жанжин жагсаалаар тэмцэх санаатайг мэдэж, цэргийн ардыг зандран үүлэн шат босгуулсан хойно, Ү Юн, Жү Ү нарыг авч шатанд авиран гараад Ляо улсын жагсаалыг үзвээс тэр жагсаал гурван ангиар холболдож, зүүн барууныг хамгаалжээ. Жү Ү хэдийн жагсаалыг таниж Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Энэ болбоос үлэмж хувьсах эрдмийн жагсаал болой хэмээв. Сүн Жян бээр Ү Юн, Жү Ү хоёулыг мэдэлд үлдээж, өөрөө үүлэн шатнаас буугаад морь унан жагсаалын өмнө гарч, ташуураар Ляо улсын жанжныг зааж зандан өгүүлрүүн: - Таны тэрхүү үлэмж хувьсах гурван эрдэмт жагсаалд бас ямар гайхамшигтай газар байму! хэмээхүйеэ Ү Янь Янь Шоу өгүүлрүүн: - Миний жагсаалыг таньсан боловч дахиж улируулан өөр жагсаал хувилгаваас чи эрхгүй танихгүй болой хэмээгээд морь довтолгон дундад цэрэгт орон, мандалд авиран гараад тэмдэг тугийг хэдэн зэрэг сажилж өөр нэгэн жагсаал болгон хувилгасанд Ү Юн, Жү Ү мандалд зогсон нэгэн зэрэг ажиглаад дөрвөн дүрсийн жагсаал болохыг таньж хүмүүн зарж Сүн Жян-д мэдүүлэв. Ляо улсын бага жанжин жагсаалын өмнө гарч жад өргөн асууруун: - Миний жагсаалыг танимуй уу? хэмээхүйеэ Сүн Жян зандан өгүүлрүүн: - Чиний тэр жагсаал болбоос дөрвөн дүрсийн жагсаал болой хэмээсэнд Ү Янь Янь Шоу жихүүнээр инээсээр дахин жагсаалд орж, мандалд авиран тэмдэг далбааг зүүнш баруунш сажлан бас нэгэн жагсаал улируулан гаргав. Ү Юн, Жү Ү хоёул мандалд зогсон нэгэн зэрэг үзсэнд Жү Ү өгүүлрүүн: - Энэ хэмээгч улиран хувилах найман хүЛи Лийн жагсаал болой хэмээгээд хүмүүн илгээж Сүн Жян-д мэдүүлэв. Ляо улсын бага жанжин Ү Янь Янь Шоу жагсаалын өмнө гарч өндөр дуугаар: - Миний жагсаалыг танимуй уу? хэмээн асуусанд Сүн Жяних л инээн: - Улиран хувилах найман хүЛи Лийн жагсаалаа бас ямар гайхалтай юм болгомуй! хэмээв. Бага жанжин дотроо: - Миний энэ хэдэн жагсаал болбоос цөм нууц уламжлах сурсан болой. Эдүгээ энэ хүмүүнд цөм танигджээ. Сүн улсын цэрэгт эрхгүй эрдэмт хүмүүн баймуй хэмээн бодоод дахин морь довтолгож жагсаалд орж, мандалд авиран тэмдэг тугийг хэдэн зэрэг хоролзон сажилж бас нэгэн жагсаал улируулан гаргав. Тэр жагсаал дөрвөн этгээдэд орох үүдгүй бөгөөд дотроо найм найман жаран дөрвөн анги цэрэг морийг нуужээ. Төдий Жү Ү үүлэн шатанд авирч нэгэн зэрэг нарийвчлан үзээд Ү Юн-ын зүг өгүүлрүүн: - Энэ хэмээгч эртний У Хоу-г зассан ба Жэнь Тоу хэмээх найман хөлийн жагсаал болой. Сүүл толгойгоо нууж хүмүүнд хялбар сэрэгдэхгүй хэмээгээд Сүн Жян-г залж мандалд авируулан тэр жагсаалыг нарийвчлан үзүүлсэн хойно Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Ляо улсын цэргийг хялбараар үзэж болохгүй. Энэ жагсаалын зургийг эрхгүй нууцаар уламжилж, огт ташаарсан газаргүй болой. Урьдаар үлэмж хувьсах гурван эрдмийн жагсаал засаж, түүнээс дөрвөн дүрсийн жагсаал улируулж, түүнийг дахин хувилгаж найман хүЛи Лийн жагсаал болгов. Найман хүЛи Лийн жагсаалыг хувьсгаж найман найман жаран дөрвөн хөлөл болгосон бөгөөд хожим бас Ба Жэнь Тоу найман хөлийн жагсаал болгон засчээ. Энэ хэмээгч мохошгүй улиран гарсанд бага жанжин жад далайн, морин жолоог татаад өндөр дуугаар: - Миний жагсаалыг танимуй уу? хэмээн асуусанд Сүн Жян зандан өгүүлрүүн: - Чиний зэргийн бага жанжны нас бага цус шингэн дээр үзсэн сурсан туйлын гүехэн, үлгэрлэвээс худгийн ёроол дахь лаг мэлхий мэт тул энэ зэргийн жагсаалаа бас өөр хүний өмнө гайхуулжээ. Чиний тэрхүү тэргүүнийг нуусан Ба Жэнь Тоу найман хөлийн жагсаалаар хэнийг мэхэлсүгэй хэмээмүй? Манай их Сүн улсын нялх хүүхдийг ч мэхлэн чадахгүй хэмээхүйеэ Ляо улсын бага жанжин бархиран өгүүлрүүн: - Чи нэгэнтээ жагсаалыг таньсан бөгөөс, өөрөө бас нэгэн гайхалтай жагсаал засаж надад үзүүлбээс ямар? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Миний энэ есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаал хэдий гүехэн хэмээвч чи аймшиггүй эвдэж чадмуй уу? хэмээхүйеэ бага жанжин их л инээж: - Энэ зэргийн бага жагсаалыг эвдэхэд бас ямар бэрх газар баймуй? Чи битгий цэргийн ардаар хулгай зэв харвуулагтун. Тухайлан миний жагсаал эвдэхийг үз! хэмээв.

Түүнээс Ляо улсын жанжин Ү Янь Янь Шоу цааз зарлан улсын фүма Тай Жэнь Сюй Чин, их жанжин Ли Жинь Ү-д тус тус нэг мянган цэрэг өгч: - Намайг жагсаалыг байлдах үед та хоёул хажуугаас өмөглөн байлд хэмээн захиад, цэргийн ардыг зандан хэнгэрэг дэлдүүлэв. Сүн Жян бас цэргийн ардыг зандаж гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлж туг сажлан жагсаалын үүдийг нээсэнд Ляо улсын бага жанжин өөрийн харъяа хоёр шахам туслагч жанжныг авч нэг мянган төмөр хуягт цэргийн ардыг дагуулан жагсаалын зүг алан ирээд хуруу даран бодвоос энэ өдөр түв хэмээн галын махбод тул өмнө үүдийг байлдваас ёр муу хэмээн бодоод цэргийн ардыг дагуулан баруунш эргэж, чив баруун зүгийн төмрийн орноос цагаан тугийг дайран жагсаалд алан орсонд, Сүн улсын цэрэг холховч нум харваж хойно цэргийг хашиж зогсов. Ляо улсын хагас илүү цэрэг морь жагсаалд орж, үлдсэн нь орж чадсангүй өөрийн жагсаалдаа эгэв.

Түүнээс бага жанжин Ү Янь Янь Шоу цэргийг авч жагсаалд ороод жагсаалын дунд хүрвээс эргэн тойрон мөнгөн хэрэм төмөр хүрээ цогцолсон мэт цайрч бага жанжныг бүслэн ирсэнд Ү Янь Янь Шоу их л гэлмэн царайн өнгө шороо мэт болоод дотроо сэмээр санаруун: - Жагсаалд бас юуны хот цогцолсон аж! хэмээгээд дөрвөн этгээдийг зандран ирсэн мориороо алан ирвээс ойр орчим их ус нэлийн цайлзаж, зүг зүгээс ус урсах дуу гарснаа явах замыг олохгүй болов. Бага жанжин их л сандран цэргийг дагуулж өмнө үүдийг байлдан ирвээс түмэн зурвас туяа цацран, мянган бөөм галын сор өмнөөс дүрэлзэн ирэх бөгөөд нэгэн хуяг ч харагдахгүй тул ямар аймшиггүй өмнө үүдэнд халиран чадмуй. Бие урван зүүн үүдэн зүг алан ирвээс ягч шугуй замыг бүрхэн, ороонго зэл тор татаж, зүүн баруун этгээдэд архайж огт гарах замгүй. Бага жанжин бие буруулан умар үүдийг байлдан ирвээс хар уур тэнгэр тулж, бараан үүл нарыг халхлан, гарын алга үзэгдэхгүй Гашибын тамд унасан мэт хав харанхуй тул бага жанжин дөрвөн үүдийг бартал тойроод гарах замыг олсонгүй, их л сэжиглэж дотроо ийн санаруун: - Сүн Жян эрхгүй шимнусын увдисыг үүсгэсэн буй за. Юу ч болов, мөн үүгээр үхэн байлдаж шутлан гарсугай хэмээгээд олон цэрэгт зарлиг буулган, өндөр дуугаар хашхируулж, үхэхвэр байлдан ирснээ, гэнэт нэгэн их жанжин эчих замыг хөндөлсөн зогсоод, өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Нялх хөвүүн хааш буруулсугай хэмээмүй хэмээхүйеэ Ү Янь Янь Шоу сая жад эргүүлж угтан байлдсугай хэмээтэл ган ташуур хэдийн гавал тэргүүнийг заан бууж ирэхүйеэ Ү Янь Янь Шоу нүд хурц гар түргэн тул яаран сэрээт жадыг өргөн ташуурыг тоссонд хос ташуур буухын сацуу хэдийн жад хугарч хоёр анги болов. Ү Янь Янь Шоу их л хиртхийж бие буруулсугай хэмээтэл тэр их эр сармагчны гарыг сунган, чонын бэлхүүсийг суниалгаж, төв дундуур нь тэврэн аваад өндөр дуугаар зандарч өмөглөх цэргийг зогсоогоод морь ташуурдан ирсэнд, олон цэрэг зүг мөрөө танихгүй болж, мориноос бууж дагав. Үзвээс, Ү Янь Янь Шоу-г амьдаар барьсан тэр их эр өөр хүмүүн бус, түв хэмээн хос ташуурт барсын жанжин Хү Яньжуо асан ажээ. Илд даллан увдис үүсгэж байсан Гүн Сүньшэн Ляо улсын жанжны амьдаар баригдсаныг үзээд туг сажлан увдисыг хурааснаа, агшин зуур тэр жагсаал угийн мэт болж, улаан наран хөх тэнгэрт манджээ.

Тэр үед Ляо улсын фүма Тай Жэнь Сюй Чин, их жанжин Ли Жинь Ү хоёул тус тус нэг мянган цэргийг авч, өмөглөн байлдсугай хэмээн хүлээвээс жагсаалд огт чимээгүй бөгөөд цэрэг жанжин бас алан ирэхгүйд их л сэжиглэж байтал, Сүн Жян жагсаалын өмнө гарч өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Та хоёул бас дагахгүй ямар цагийг хүлээмүй? Бага жанжин чиний хэдийн манд амьдаар баригдав хэмээгээд илд сүх барьсан цэргийн ардыг зандран Ү Янь Янь Шоу-г жагсаалын өмнө түлхлэн гаргасанд, Ли Жинь Ү ганц биеэр Ү Янь Янь Шоу-г өмөглөхөөр ирснээ жагсаалын өмнө байсан цахилгаан тэнгэр Чинь Мин чонын араат шийдмийг өргөн Ли Жинь Ү-г угтан аваад зэвсэг өргөн хойш урагш зөрөлдөн байлдсанаа хоёр этгээдийн цэрэг уул нурж ус түлхэх мэт хашхиралцан үүсгэв. Ли Жинь Ү аюулхай цээжиндээ түдгэлзэн эмээж, атган зэвсэг самуурсанд цахилгаан тэнгэр Чинь Мин чонын араат шийдмийг дээр далайн нэгэнтээ занчсанд, ган дуулга оногдож гавал толгой дэлбэ үсрэн мориноос унав. Тай Жэнь фүма Ли Жинь Ү-ийн автагдсаныг үзээд цөс хэмхрэн цэргийг авч буруулан эчихүйеэ, Сүн Жян яаран цэргийг шаардаж алан орсноо Ляо улсын цэрэг их л дарагдаж зүг зүгтээ сарнин эчихүйеэ туг хиур тал дүүрч сэлэм жад уулан хормойг бүрхжээ. Сүн Жян Ляо улсын гурван мянга илүү агтыг хураамжилж, улсын хязгаарыг эгүүлэн авсугай хэмээн цэрэг морийг шаардан ар Ляо улсын нийслэл Яньжин хотын зүг чийрс эвхэх мэт даран ирэхийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Ляо улсын дийлдсэн цэрэг улсдаа дутаан орж, их юаньшуай Ү Янь Гуан-д золгон, бага жанжин Сүн улсын жагсаалыг эвдэж чадсангүй амьдаар баригдаж, жигүүрийн жанжин нар Сүн Жян-д буун өгч, их жанжин Ли Жинь Ү Сүн улсын жанжинд занчигдан алагдаж, улсын фүма Тай Жэнь амь мултран хааш дутаан эчсэнийг мэдэхгүй хэмээн зүй зүйгээр гашуудан айлтгасанд их юаньшуай Ү Янь Гуан их цочиж ийн асууруун: - Миний хөвүүн бага наснаас жагсаалын увдисыг хичээж, нууц эрдэмд нэвтэрсэн бөлгөө. Хулгай Сүн Жян ямар жагсаал засаж миний хөвүүнийг барив? хэмээхүйеэ зүүн баруун этгээдэд зогссон цэргийн ард хариу өчрүүн: - Ганц есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг засав. Дэмий гайхалтай бус. Бага жанжин бас дөрвөн зэрэг жагсаал жагсаасанд хулгай хар хятад бүгдийг танив. Хожим Сүн улсын хулгай бага жанжныг өдөөж: - Манай энэхүү есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг чи аймшиггүй эвдэж чадмуй уу? хэмээсэнд бага жанжин их л хилэгнэж мянга илүү морьт цэргийг авч жагсаалын баруун үүдийг байлдсанд хулгай холховч нум харвуулж хойнох цэргийг хашин зогсоосноо хагас илүү цэрэг жанжин жагсаалд оров. Хожим ямар явдал болсныг мэдэхгүй, бага жанжин хулгайн цэрэгт амьдаар баригджээ хэмээхүйеэ Ү Янь Гуан өгүүлрүүн: - Есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаалыг эвдэхэд ямар бэрх газар баймуй. Санаваас хулгай эрхгүй жагсаалыг улируулан хуваасан буй за хэмээвээс олон цэрэг өчрүүн: - Бидний олуул мандал дээрээс үзвээс хулгайн жагсаалд цэрэг морь хөдлөхгүй, туг хиур солихгүй, ганц нэгэн бөөм хар үүл жагсаалын дээр тунарчээ хэмээснээ Ү Янь юаньшуай өгүүлрүүн: - Эрхгүй шимнусын увдис хэрэглэсэн болой. Бид цэрэг үүсгэхгүй бөгөөс хулгай бас аяндаа ирмүй. Хулгайг байлдан дийлэхгүй бөгөөс би ам алдаж хоолойгоо огтлон үхсүгэй! Хэн миний өмнө хошууч болж цэрэг аван эчмүй! Би их цэргийг шаардаж түүний хойноос даруй мордсугай хэмээсэнд цацрын өмнөөс хоёр жанжин зэргээр гарч: - Бид дуртайяа хошууч болж эчихийг хүсмүй хэмээв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс, нэг нь их түшмэл Чюн Яо На Янь, нөгөө нь Яньжин хотын Сяо Чи жанжин, Коу Жэнь Юань асан ажээ. Ү Янь юаньшуай их л баярлан: - Та хоёул хичээн болгоомжилж нэгэн түмэн цэрэг авч хошууч болон уул таарваас зам нээж, ус тохиолдвоос гүүр тавь. Миний бие их цэргийг авч та хоёулын хойноос Ляо улсын Чюн, Коу хоёр жанжин зарлигийг хүлээн хошууч болж эчсэнийг өгүүлэхгүй. Өгүүлэх нь их юаньшуай Ү Янь Гуан өөрийн харъяа цэрэг морийг тэгшлэн арван нэгэн гарагийн их жанжин жич хорин найман одны жанжныг дуусган авч Сүн улсыг дайлахаар мордов. Тэр арван нэгэн гарагийн жанжин болбоос:

Адьяа гараг хааны дүү их ван Е Люй Дэ Юн таван мянган цэрэг дагуулжээ.

Сумьяа гараг Тянь Шоу гүнж Да Ли Бо таван мянган охин цэрэг дагуулжээ.

Раху гараг хааны ач Рэ Люй Дэ Хуа гурван мянган цэрэг дагуулжээ.

Илүү од хааны ач Рэ Люй Дэ Жүн гурван мянган цэрэг дагуулжээ.

Сарны хөвүүн одон хааны ач Рэ Люй Дэ Синь гурван мянган цэрэг дагжуулжээ.

Дорно зүгийн модон орны Бархасбадь гарагийн их жанжин Хи Эл Фү Лан гурван мянган цэрэг дагуулжээ.

Өрнө зүгийн төмрийн орны Сугар гарагийн их жанжин У Ли Кэ Ань гурван мянган цэрэг дагуулжээ.

Өмнө зүгийн галын орны Ангараг одны их жанжин Дүн Сянь Вэнь Рүн гурван мянган цэрэг дагуулжээ.

Умар зүгийн усан орны Буд гарагийн их жанжин Чюй Ли Чү Чин гурван мянган цэрэг дагуулжээ.

Төв дундад шороон орны Санчир гарагийн дээд жанжин их юаньшуай Ү Янь Гуан шалгадаг баатар таван мянган морьт цэргийг ерөнхийлөн дайчилж төв мандалд заларчээ.

Ү Янь юаньшуай бас гарын доорх хорин найман одны жанжин нарыг дуудав:

Зидра Сүнь Жүн

Сувади Жан Чи Шошог Лю Рэнь

Анүрад Се Ү Цисда Пэй Хи

Мол Гү Юн Син Бүрвасад Жя Мао

Удирасад Сяо Да Гуань Абизи Сюай Сюн

Шираван Юй Дэ Чин Даниста Сюй Вэй

Садабис Ли И Бүрвабадрабад Зу Син

Удирабадрабад Чэн Жу На Хай Ривади Го Юн Чан

Ашувани А Ли И Барани Гао Бяо

Гиртиг Шунь Шоу Гао Рогини Го Юн Тай

Мэргэшир Пань И Артир Жоу Бао

Бүрнавашү Түн Ли Хэ Бос Ван Жин

Аслис Лэй Чүнь Миг Бянь Жюнь Бао

Бүрвабэлгүни Ли Фү Удирабэлгүни Ди Шэн

Хасда Бань Гү Эл

Төдийд Ляо улсын их юаньшуай Ү Янь Гуан арван нэгэн гарагийн их жанжин жич хорин найман одны жанжин нарыг авч хорь гаруй түмэн шилсэн цэргийг дагуулан улс даяарыг хөдөлгөж, эзэн хааныг залж өөрийн биеэр нь дайнд мордуулав. Нэгэн анги эртний шүлэгт өгүүлсэн нь:

Хоролзон эвхрэх хар салхинд тэнгэр газар будангуйраад,

Хумхи шороо бутран хийсэж хөх үүл царцжээ.

Хятан улсын цэрэг хөдлөхүйеэ уул хайрхан юүрээд,

Гийрэн цэлмэсэн хөх тэнгэр өнгө юүгээ алдав.

Үүрсэн цавчлах хүлгийн нуруунаа харийн цэрэг хэнхийгээд

Одон гараг харвах мэт уулан хяраар нисгэжээ.

Хурц жад гэрэл цацарч раху шимнус догшроод,

Хорт уур ээдрэн бүрхэхүйеэ буг чөтгөр самуурав.

Бүргэдийн нум харцгайн зэвийг ар нуруунаа агсаж

Будрах хяруун сэлэм жад нарны гэрлийг халхлав.

 

Түмэн эвгэр туяа царцаг хэмэрлэг санжлагат хиур,

Мянган хүйс лянхуан хэлтэс хөх эсгий малгай.

Хөг нийлүүлсэн бишгүүрийн эгшиг Тянь Шань уулын дуулал,

Хүнгэнэтэл дэлдсэн хэнгэргийн дуун буйлах шар ат.

Харийн хааны хоёр этгээдэд хурц сүх даллан,

Хуулийн юаньшуай-н хойно өмнө ирт мэс хуралцжээ.

Хурц сүх ирт мэснээс хөнөөлийн уур бадарч,

Хуяг цэргийн өнгөрсөн газар үр тариа үлдэхгүй.

Хандгай гөрөөс тоглон харайлахуйяа хун галуу зүрхшээж,

Ирвэс өтөг урхиран архирахуйяа чөтгөр сахиус эмээмүй.

Южоу хотын хайсан доор мөрөн гол буцлан

Идэрхэг цэрэг жагсаал жагсан морьт хуяг довтолмуй.

Тэнгэрээс Тянь Ган одыг буулгаж түйтгэр шимнусыг дарангуйлахуйяа,

Түгэн тархсан түйвээгч одыг түрвэлгүй хураамуй.

Түүнээс Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан их цэргийг авч үерийн ус мэт даран ирэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Ляо улсын Чюн, Коу хоёр хошууч түм илүү цэрэг морийг авч хүрч ирсэнд, Сүн улсын харуулын ард хэдийн нисэх мэт довтлон ирж Сүн Жян-д золгон хулгайн ирэх сүр бага бус хэмээн мэдэхүйеэ, Сүн Жяних л цочиж, нэгэнтээгүүр Лу Жюнь Ли-г харъяа цэрэг морио дуусган авч угтан байлдахаар ирэгтүн хэмээн хүмүүн илгээж хэлүүлээд нөгөөтээгүүр бас Таньжоу, Жижоу-ын цэрэг жанжин өмнөш ирж зарлигийг хүлээ хэмээн зарласан хойно, байлдааны үйлийг захируулахаар Жао Ань Фү-г залуулж, усан цэргийн түрүүчүүд онгоц салыг аван Бажоу-д цуглаад ус хуурай хоёр замаар байлдмуй хэмээн элч илгээж хэлүүлэв.

Түүнээс усан цэргийн олон жанжин Жао Ань Фү-г хамгаалан харъяа цэрэг морийг дуусган авч Южоу-д хүрч ирснээ, Сүн Жян зэргийн олон жанжин эзний элч Жао Ань Фү-г угтан авч харилцан золгосон хойно, Жао Ань Фү өгүүлрүүн: - Жанжин чиний бие энэ мэт зовуурь зүдүүрийг амсах нь үнэхээр улс гэрийн түшиг тулгуур болох бөгөөд алдар нэр түмэн үе үлдэх болой. Доорд түшмэл би эзэн төрд эгсэн хойно эрх биш эзэн хааны өмнө батлан айлтгасугай хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Чадалгүй бага жанжин намайг өгүүлэн тоочих нь юун? Тэргүүнд болбоос эзэн хааны уудам өршөөлд шүтэгдэн дэдэд болбоос гэгээн гүнгийн барсын сүрт түшиж бага гавъяа байгуулсан хэмээвч миний өөрийн биеийн чадал бус. Эдүгээ Ляо улсын юаньшуай улс даяарыг дайчлан хорин түмэн их цэрэг үүсгэн байлдахаар ирмүй. Дийлэн дийлэгдэх цөм энэ нэгэн удаагийн байлдахад байх тул тухайлан гэгээн гүнг залуулан арван таван газрын үзүүр цацар майхан цогцолж буугаад, Сүн Жян миний нохой морины хүчийг өргөн, олон жанжны хамт хүч нэгтгэж урагшлан байлдахыг үзүүлсүгэй хэмээв хэмээхүйеэ, Жао Ань Фү: - Жанжин чиний хүчлэн байлдахыг хүсмүй хэмээв.

Түүнээс Сүн Жян Жао Ань Фү-ээс аяарлан салж Лү Жюнь И-ийн хамт их цэргийг дайчлан Южоу фү-ийн харъяат Юн Чин сянь-ий хязгаарт ирээд цацар майхан цогцолж цэрэг морийг буулгасан хойно, олон жанжныг цацарт дуудан оруулж цэрэг дайны их үйлийг зөвдөв. Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан өөрийн биеэр цэрэг авч улс даяарыг дайчлан ирэх тул үнэхээр хялбар бус. Үхэж амьдрах дийлэн дийлэгдэх цөм энэ удаагийн байлдаанд байх бөлгөө. Ийнхүү олон жанжин үхэн зүтгэх хэрэгтэй. Осолдон цалгайрч болохгүй. Өчүүхэн гавъяа байгуулбаас эзэн төрд айлтган хаан эзний хайр хишгийг хүртэх цагт хамтаар эдэлсүгэй хэмээхүйеэ олон жанжин зэргээр босож өгүүлрүүн: - Өршөөлт ахын зарлигийг хэн хүмүүн аймшиггүй үтээрч болмуй хэмээн хараахан зөвдөлцөж атал харуулын цэрэг дотогш орж Ляо улс элч илгээн байлдах бичиг хүргэж ирэв хэмээн мэдүүлсэнд, Сүн Жянирсэн элчийг дуудаж оруулснаа бичгийг өргөн барив. Сүн Жян хуудаст бичгийг нээж үзвээс Ляо улсын их юаньшуай-н цацрын өмнөх Чюн, Коу хоёр хошууч цэрэг морийг дагуулан өмнөш ирээд өдөр болзон таслан байлдахыг мэдэгдсэн бичиг тул Сүн Жян бээр авч ирэх өдөр таслан байлдсугай хэмээн хуудаст бичгийн тэргүүнд цохлон бичээд архи мах авчруулан ирсэн элчийг дайлж тавин илгээв.

Тэр үед түв хэмээн намрын сүүл өвлийн эх байсан тул цэргийн ард давхар хуяг өмсөн, хүлэг моринд арьсан хуяг тааруулахад маш зохимжтой цаг асан ажээ. Жич өдөр, таван жингийн үед хоол будаа идэн, наран мандахын сацуу цацар майхныг буулган цэргийн ардыг дуусган авч өмнөш мордоод дэмий дөрөв таван газар явсангүй Ляо улсын цэрэгт учрав. Олон хүмүүн нүд өргөн үзвээс, баруун тугийн доор Ляо улсын хоёр хошууч жанжны тэмдэг далбаа хоролзон харагдмуй. Хэнгэргийн дуун хэдэн зэрэг мандан, тэмдэг туг дэлгэмэгц Ляо улсын хошууч Чюн Яо На Янь морь хийсгэн жагсаалын өмнө гарав. Тэр жанжны бие хуягласан байдлыг үзвээс:

Тэргүүнд үүл ороосон загасан сүүлт хүрэл дуулгыг дарж, биедээ хяруу бутарсан луун хайрст ган хуягийг хэдрэн, түүний гадуур анар цэцгийн өнгөт нолмын дээл нөмрөн, бэлхүүсэндээ долоон эрдэнэт алтан бүсийг бүсэлж хөлдөө бүргэдийн хоншоор шар хавчаарт өөдөн гутал өшиглөн, ташаандаа хулсан үет цагаан мөнгөн ташуур зүүж, хатуу нумыг агсан, урт зэвийг зүүжээ. Хурдан хүлэг уул даван хадыг харайх гайхалтай араатан, хурц зэвсэг усыг урвуулж мөрнийг цалгиулах омогт луу.

Төдийд Ляо улсын хошууч Чюн Яо На Янь жад эргүүлэн морь тавьж жагсаалын өмнө гарсанд Сүн Жян тугийн доороос ирэх жанжны сүр хүч адбиш гайхалтайг үзээд: - Хэн гарч түүн лүгээ байлдмуй? хэмээх үг барахын урьд есөн луут Ши Жинь илд далайн морь ташуурдаж угтан ороод ар өврөөрөө нийлж атган зэвсэг зөрөлдөн хорь гучин удаа болсонд Ши Жинь илд далайн нэгэнтээ занчваас хий туссанд их л гэлмэн морин жолоо дарж жагсаалын зүг буруулан эчихүйеэ Чюн Яо На Янь морь тавин нэхэмжлэн ирсэнд Сүн Жян-ын хойно зогсож асан амьд Ли Гуан Хуа Рүн Ши Жинь-ий дийлдсэнийг олж үзээд саран хөвчийг дүв дүгрэг болтол татаж зэв онилон, морь довтолгон ойр болж ирээд сүрхийтэл харвасанд тэр зэв түв хэмээн Чюн Яо На Янь-ий нүүрийг онож мориноос унагав. Ши Жинь арын хойно морь бүдрэх чимээ гарахыг сонсоод гэлэвхийн бие эргэж, зэвсэг далайн нэгэнтээ цавчиж Чюн Яо На Янь-ийг алав.

Ляо улсын хошууч жанжин Коу Жэнь Юань бээр Чюн Яо На Янь- ий алагдсаныг үзээд аюулхай цээжинд алах уур мандан жад сунган морь хийсгэж жагсаалын өмнө гараад өндөр дуугаар: - Хулгайн жанжин юун хэмээн нууц зэвээр хүмүүнийг хорломуй хэмээн зандарснаа Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли морь тавьж угтан орсонд хоёр этгээдийн цэрэг хэнгэрэг дэлдэн хашхиралцах дун тэнгэр тулжээ. Төдийд Сүнь Ли-ийн хувилгаан жадыг хэрэглэх нь сахиус чөтгөр оршсон мэт хэцүү тул Коу Жэнь Юань хорин хэдэн удаа зөрөлдөөд тулан чадахгүй болж морин жолоо даран буруулж өөрийн жагсаалын хөлийг самууруулахаас болгоомжлон жагсаалд орсонгүй зүүн хойд зүгийг чиглэн буруулан эчив. Сүнь Ли тэргүүн гавъяаг булаасугай хэмээх тул юунд тавь аж. Морь ташуурдан нэхэж эчив. Коу Жэнь Юань нэлээд хол болсныг үзээд Сүнь Ли жадыг хөшиж зүүн гараар саран хөвчийг тэлж, баруун гараар зэвийг онилон, Коу Жэнь Юань-ий ар голыг зааж сүрхийтэл харвасанд, Коу Жэнь Юань арын хойно нуман хөвчийн дуу гарахыг сонсоод гэлэвхийн зайлж арын хойноос ирэх зэвсийг гарын аяар давхийтал шүүрэн авсанд Сүнь Ли дотроо их л гайхав. Коу Жэнь Юань жихүүнээр инээж: - Энэ гайхал зэв нумаар тэмцсүгэй хэмээмүй үү хэмээгээд барьсан зэвсгийг эмхлэн бүүрэгт хөшиж, Сүнь Ли-ийн зэвийг амандаа үмхэж, зүүн гараар хатуу нумыг авч баруун гараар Сүнь Ли-ийн харвасан зэвийг онилон нуман хөвчийг дүв дүгрэг болтол татаад бие эргэн Сүнь Ли-ийн зүрхэн сүвийг зааж харвасанд Сүнь Ли хэдийн олж үзээд морин дээр зүүнш баруунш хэлбэлзэн сум хүрч ирэхийн сацуу хойшоо гэдийж зайлсанд зэв хэдийн биеийн дээгүүр жавар татан өнгөрөв. Түүний унасан хүлэг газар цавчлан нисэх мэт довтлон эчив. Коу Жэнь Юань саадаг нумыг агсаж бие эргэн үзвээс Сүнь Ли эмээлийн ард хий суусан мэт тул дотроо: - Эрхгүй миний зэвд оногдов хэмээн бодов. Үзвээс, Сүнь Ли хоёр хөлөөр дөрөөг өшиглөн зоримгоор мориноос унах мэт овлож хий суусан ажээ. Коу Жэнь Юань бээр Сүнь Ли-ийг барьсугай хэмээн морин жолоо эргүүлж ирэв. Хоёр морь жан хиртэй ойр болсноо Сүнь Ли ухасхийн босож их дуугаар зандарсанд Коу Жэнь Юань их л цочиж аваад: - Чи миний зэвээс зайлж чадавч миний жаднаас зайлж чадахгүй хэмээн бархирч Сүнь Ли-ийн өвчүүг заан хүчлэн жадалсанд Сүнь Ли өвчүүг тэнийлгэн жадыг тосож жадны үзүүр хуягийн дээр тусахын сацуҮ Сүнь Ли хэлбийн жадан ишийг сугандаа хавчиж Коу Жэнь Юань-ийг нэгэнтээ шурган иртэл Сүнь Ли барсын нүдэт ган ташуураар Коу Жэнь Юань-ий гавлыг заан занчсанаа гавалын яс дэлбэ үсэрчээ. Хөөрхий Коу Жэнь Юань хагас насандаа харь улсын жанжны тушаалд сууж өнөөдөр Сүнь Ли-ийн гарт алагдаж хүүр яс нь морины өмнө унав. Түүнээс Сүнь Ли жад бүжиглэн жагсаалын зүг ирэхүйеэ Сүн Жян гурван замын цэргийг тохиж Ляо улсын жагсаалын зүг алан ирэв. Ляо улсын цэрэг эзэнгүй болж зүүнш баруунш буруулж амь тэмцэн дутаав.

Төдийд Сүн Жян цэргийг авч Ляо улсын цэргийг нэхэн алж атал өмнө этгээдэд тэмдэг буу дараа дараагаар дуугарсанд Сүн Жян яаран усан цэргийн жанжныг дуудаж нэгэн анги цэрэг өгөөд усан хаалтыг сахиулсан хойно Хуа Рүн, Чинь Мин, Люй Фан, Гуо Шэн зэрэг дөрвөн жанжныг дуудаж уулан оройд гарч үзэгтүн хэмээн илгээв. Дөрвөн жанжин захиаг хүлээн уулан оройд гараад нүд өргөн үзвээс, улаан тоос огторгуй тулж, харь улсын их цэрэг морин үерийн усан мэт түлхлэн алан ирмүй. Энэ үнэхээр: Аянга мэт хэнгэргийн дуунд харийн морьтон довтолж, манан адил хумхи шороонд хулгайн цэрэг алан ирэв. Эгнэгт цэрэг морь хааш болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзсүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top