Хэрэв сонгож болдог бол “ДАВХАР ДЭЭЛ”-тэй нь хэрэгтэй юм даа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Манай улс төрийн орчинд “давхар дээл” гэдэг нэг нэршил бий. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох уу, үгүй юу гэсэн асуулт л даа. Яг л “Орших уу, эс орших уу” гэдэг шиг зовлонтой эд. Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллах бүрд л “Давхар дээлийг тайлах ёстой. Төрийн хяналт, тэнцэл алдагдлаа” гэдэг хэл ам гардаг.

Яг эсрэгээрээ УИХ-ын гаднаас сайд нараа бүрдүүлсэн Засгийн газар байгуулагдах бүрийн дараа “УИХ-ын гишүүн хүн Засгийн газарт орж ажиллах боломжийг нээхгүй бол төрийн ажил урагшлахгүй юм байна. Чадваргүй, олон нийтийн дэмжлэггүй хүмүүс сайдаар ажилласнаас болоод төрийн ажил, нэр хүнд уналаа” гэх үгс дуулдаж эхэлдэг. Гэхдээ энэ бол дан ганц ажил хэрэгч байдлаас нь хардаг маргаан ч биш л дээ. Улс төрийн аливаа зорилгоор үе үехэн сөхөж гаргаж нэг нэгнээ дэгээддэг хэрэгсэл шахуу болчихсон зүйл.

Эргээд харахад П.Жасрайн Засгийн газар давхар дээлтэй, М.Энхсайханы Засгийн газар дан дээлтэй, Ц.Элбэгдоржийн Засгийн газар давхар дээлтэй, Ж.Наранцацралтын Засгийн газар дан дээлтэй, Р.Амаржаргалын Засгийн газар давхар дээлтэй гэх мэтээр өрнөсөн байдаг.

Өмнөхөөсөө сургамж авч аль нэг нь илүү хэрэгтэй талаар дэнсэлж бодсон хүн байна уу, ингэхэд. 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэж хочилдог хүмүүс бий. Тэнд яг юуг дордуулсан бэ гээд хүмүүсээс асуухад олонх нь “давхар дээл”-ийг хуульчилсныг нь санаад байдаг талтай. Тийм ч болохоор 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг өөрчлөлт хийсэн. Асуудлыг яг голоор нь шийдэх гэсэн монгол хүний ухаан гэх юм уу даа. Улмаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэр дагуу нь бүрэлдэж ажиллаад өнөөг хүргэлээ.

Гэтэл асуудал дуусаагүй байжээ. Өнгөрсөн жилийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргав. Тэд УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байдаг.

Энэ мэдээллийн дагуу Цэцийн Дунд суудлын хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд товлогдоод байсан ч хойшилж энэ сарын 14-нд хуралдахаар дахин товлоод байна. УИХ-аас Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулахыг дэмжиж энэ оны төсөвт суулгачихаад байгаа.

Гэвч Цэцийн хуралдааныг Засгийн газар харзнаж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжлийн яамыг, Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг давхар хамаарах болчихоод байж байна. Бүр гурван давхар дээл гэдэг юм бий болсон гэсэн үг. Ер нь тэгээд Засгийн газарт ч тодорхой хэмжээний сэлгээ орох тухай яриа бол эртнийх. Тийм ч болохоор Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргана. Үүнийг нь баримжаалж Засгийн газарт хэн хэн сайдаар очих тухай ярих бололцоотой болох юм.

Улмаар Цэцийн хуралдаанаас гарах шийдвэрийг хүлээсэн энэ өдрүүдэд “давхар дээл” хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргаан нийгмийг талцуулж эхэллээ. Мэдээж, “давхар дээл” гэдэг асуудал өөрөө сөрөг, эерэг талтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хамт хийхгүй байж, мэргэжлийн сайд нарыг ажиллууллаа гэхэд нэг талаас Засгийн газарт тавих парламентын хяналт сайн байх боломжтой. Гэхдээ гаднаас томилогдсон сайд нар нь намын байгууллагын үзэмжээр сонгогдож, салбартаа гай болж, хууль тогтоогчдод гологдоод байвал яах вэ. “Туршлага, мэдлэггүй сайд нарын оруулж ирсэн хуулийг УИХ дээр улаан цоохор болголоо” гэдэг шүүмжлэл ер тасардаггүй.

2016 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байлаа. Хуулийн төсөлд Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн гурван яам буюу Хууль зүй, Гадаад хэрэг, Сангийн сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж тусгасан байж билээ.

Тэр үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Тэрбишдагва “Дан дээлтэй сайд гэхээр, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй, уначихсан, намдаа хандив өгсөн, нэг ёсны шагналын сайд болчихоод байна. Ард түмэн ерөөсөө бүтэхгүй хүн гээд сонгоогүй хүн өнөөдөр том том улсын үйлдвэрийн аж ахуйн газрын дарга, агентлагийн дарга эсвэл сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх жишээтэй. Ажил хийдэггүй хүмүүсээр төрийг дүүргэх гээд байна.

Ерөнхий сайдаас гадна гурван яамны сайдыг нэр зааж оруулж ирэхгүйгээр дөрөв байх уу, тав байх уу гэдгээ хуулиар шийдэх боломжтой. Тийм байхад яагаад гурван сайд давхар УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Дэлхий нийтийн жишгээр жишээлбэл, Батлан хамгаалахын сайд нь парламентын гишүүн байдаг. Ерөнхийлөгчтэй хамгийн ойр байдаг хүн. Хэн байх нь хамаа байхгүй. Мөн Шадар сайд гэдэг бол Засгийн газрын тэргүүнийг орлож байдаг хүн.

Байгаль орчны асуудал цаг уурын өөрчлөлттэй холбоотой учраас хамгийн чухал салбар гээд олон улсад тодорхойлчихоод байна. Тийм учраас гурван салбарыг тодорхойлж, сайд нарын тоог зааж хайрцаглах хэрэггүй. Мэргэжил, боловсрол, туршлага харахгүй зөвхөн нам дотроо фракц хоорондын квотоор дураараа сайд хуваарилдаг тогтолцоо, практикаасаа мөн татгалзах хэрэгтэй. Тиймээс бид өөрсдөө л ажлаа хийдэг, хариуцлагатай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байсан нь анхаарал татдаг.

Засгийн газарт хөдөлгөөн орж магадгүй тухай мэдээлэл цацагдах бүрд нэр нь дурдагдаж байдаг хэдэн хүн бий. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин гэхэд өгч байгаа бэлэг, өмссөн хувцас, хэлж байгаа үгнээсээ болоод шүүмжлэлийн бай болж байгаа юм биш гэхэд цахим орчинд элдвээр шоолуулдаг хүн боллоо. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гэхэд ачаа барааны хомсдол, Дарханы замын ажил гээд чичлүүлэх юмаар элбэг л байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд Эрүүл мэндийн сайд С.Энхболд элдвээрээ л хэлүүлж явна. Гэх мэтээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гээд албан тушаалдаа тохирохгүй байна гэж үе үе цахим орчин, мэдээллийн хэрэгслээр гоочлуулдаг сайд бий. Эд нар бүгдээрээ л дан дээлтэй буюу парламентын гаднаас томилогдсон хүмүүс шүү дээ. Тэгэхээр бас дан дээлтэй, мэргэжлийн гэх сайд нарын чанар чансаа ямар байгааг бодох хэрэгтэй гэсэн үг.

Өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх эрхтэй эсэх талаар нэлээд шүүмжлэл гарч байна. Гаргаж байж ч магадгүй. Учир нь Засгийн газрын гишүүдийг өөрчлөх асуудал бол ардаа хөрөнгө, нөлөөтэй олон албан тушаалтнуудыг ажилтайгаа байх тухай асуудал юм. Тэгвэл манай хуулийн практикт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц нь хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргаж байсан явдал байна аа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2000 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт бий. Үүгээр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдоржид өргөн бариад ердөө маргааш нь УИХ-аар батлагдсан гэх асар хурдтай явагдсан 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон юм.

Үүнээс үзвэл Үндсэн хуулийн цэц нэр бүхий УИХ-ын гишүүдийн мэдээллийн дагуу Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргааныг хэлэлцэх эрхтэй юм байна. Угаасаа хуулийн орчинд өмнөхтэй ижил төстэй маргааныг хэлэлцэх асуудал гэж байдаг. Түүнээс биш өөр хүмүүс нэг маргаан гаргахаар хэлэлцээд түүнтэй утга дүйхүүц өөр хэсэг хүмүүсийн мэдээлэл гаргавал хэлэлцэхгүй гэдэг байж болохгүй.

Гагцхүү Цэц хэрхэн шийдвэр гаргах бол гэдэг л одоо хамгийн сонирхолтой байгаа юм. Гэхдээ дан дээл эсвэл давхар дээлний нэгийг сонгуулах гэхээсээ илүү аль нь манай нөхцөлд илүү тохирох вэ гэдэгт хариулт хайгаад үзье.

Өнөөгийн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн, эдийн засгийн шат дараатай асуудлууд хүлээгдэж байгаа үед Засгийн газар бат бэх оршин тогтнох ёстой. Засгийн газраас оруулж ирсэн хуулиуд УИХ дээр шуурхай хэлэлцэгдэж байх учиртай. Хамгийн гол нь ийм үед хүмүүсийн итгэл үнэмшлийг хүлээж байгаа хүн салбаруудыг удирдахад буруудах юм байхгүй. Аль нэг нам бүлэглэлээр араасаа түлхүүлсэн, эргээд хариуцлага хүлээхгүй хүн байснаас олон нийтээс ядаж санал гуйж үзсэн хүн байвал дээр биз дээ.

Намайг сонгооч гээд ард түмнийхээ өмнө гараад ирнэ гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охиныг чаддаг ажил, даадаг ачаа биш шүү дээ. Тийм болохоор хэрэв сонгож болдог бол “давхар дээл”-тэй нь хэрэгтэй юм даа гээд байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RS(202.9.41.7) 2022 оны 01 сарын 10

Монгол Улсаа хөгжүүлэе л гэвэл хариуцлагатай зангарагтай хүчирирхэг мэрэгжилийн засгийн газартай байх хэрэгтэй. УИХ ын гишүүн сайдын алба хашна гэдэг бол ард түмнээсээ давхар хариуцлага хүлээж байгаа хэрэг мөн. Төр засгийн бүх эрхийг ард түмнээсээ үнэмлэхүй хэмжээнд итгэл хүлээн авсан МАНам Улсаа хөгжүүлэх ард түмнийхээ амьдралыг сайжруулах их ажил хийх учир хүчирхэг чадварлаг мэрэгжилийн засгийн газарыг ажиллуулах хэрэгтэй. Хамгийн сайн УИХ ын гишүүнийг сайд болго.Тэгээд завсар зайгүй шах. Тэгвэл юм гарна.

0  |  0
RS(202.9.41.7) 2022 оны 01 сарын 10

Монгол Улсаа хөгжүүлэе л гэвэл хариуцлагатай зангарагтай хүчирирхэг мэрэгжилийн засгийн газартай байх хэрэгтэй. УИХ ын гишүүн сайдын алба хашна гэдэг бол ард түмнээсээ давхар хариуцлага хүлээж байгаа хэрэг мөн. Төр засгийн бүх эрхийг ард түмнээсээ үнэмлэхүй хэмжээнд итгэл хүлээн авсан МАНам Улсаа хөгжүүлэх ард түмнийхээ амьдралыг сайжруулах их ажил хийх учир хүчирхэг чадварлаг мэрэгжилийн засгийн газарыг ажиллуулах хэрэгтэй. Хамгийн сайн УИХ ын гишүүнийг сайд болго.Тэгээд завсар зайгүй шах. Тэгвэл юм гарна.

0  |  0
зочин(202.9.40.18) 2022 оны 01 сарын 10

алдаагаа давтахаа болимоор юм 30жилийн дампуурлын шалтгаан нь давхар дээл шүү дээ

0  |  0
Top