Казахстанд нэгдүгээр сарын 5-нд дэгдсэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, улмаар ХАБГБ энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг гаргасан.
Улмаар нэгдүгээр сарын 6-нд Казахстанд Оросын энхийг сахиулагчдын эхний ээлж болох Агаарын десантын тусгай зориулалтын 45 дугаар бригадын цэргийн алба хаагчид очсон юм. Мөн Беларусь ч энхийг сахиулах ротоо Казахстан руу илгээжээ. Энхийг сахиулах ажиллагаанд Армени, Тажикистаны цэргийн алба хаагчид ч оролцож байгаа юм.
Мөн Казахстаны цагдаагийн газар жагсагчид зэвсгээ хаяхгүй бол шууд буудна хэмээн сүрдүүлсэн байна.
Энэ талаар Алматы хотын цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч Салтанат Азирбек мэдэгджээ. "Зэвсгээ хаяхаас татгалзсан хэн бүрийг устгана" хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Казахстаны Прокурорын газар олныг хамарсан эмх замбараагүй байдал, терроризмын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт оролцогчдыг найман жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ.
Лондонд төвтэй улс төрийн эрсдэлийн “Призм” группийн төв Азийн шинжээч Кейт Маллинсон “Назарбаевын холбоотнуудын эсрэг шуурхай алхам хийлээ” гэдгийг тодотгожээ. Олон улсын энхтайвны төлөөх Карнегийн сангийн ажилтан Пол Стронски “Токаев хүүхэлдэй мэт жүжиглээд байгаад нэлээд зоримог алхам хийлээ.
Казахстаны элитүүдийн дунд асар том тэмцэл өрнөж байна. Энэ хэрхэн өрнөхийг таамаглахад хэцүү байна” гэсэн байна. Хэдэн цагийн дотор Назарбаев Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах эрхээ алдаж, Токаев энэ цолыг өөртөө авав. Токаевын энэ сарын 5-нд хийсэн үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ байсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Кейт Маллинсоны хэлснээр Токаев аюул учруулж болзошгүй гэж үзсэн хүн бүрийг ажлаас нь халахын зэрэгцээ Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллаас тусламж хүссэн нь түүний мессеж нь тодорхой байсан.
Тодруулбал, “Москва миний талд байна гэдгийг Токаев харуулахыг хүссэн” гэдгийг онцолжээ. Москвад төвтэй "Валдай" хэлэлцүүлгийн клубын судалгааны захирал Федор Лукьяновоос Оросын RT телевиз "ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг илгээх нь Казахстан дахь үймээн самууныг эцэс болгох уу" гэж асуужээ. Харин Федор Лукьянов Энэ нь Токаевт ихээхэн хохирол учруулж болзошгүй гэж үзэж буй талаараа ярьсан байна. Тэрбээр “Казахстаны дундаж давхаргынхны хувьд тогтвортой байдал чухал ч оросуудаас хамааралтай байхыг хүсэхгүй” гэжээ.
Түүнчлэн Маллинсон “Путинтэй үнэгүй үдийн хоол иднэ гэж байхгүй” хэмээв. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Оросууд танай гэрт орчихвол явуулахад хэцүү” гэсэн байна.
Урт шилжилт
Ажиглагчид өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг Казахстанд өрнөж буй урт, хүнд хэцүү шилжилтийн эхний хэсэг гэж харж байна. Назарбаев болон түүнийг тойрон хүрээлэгчид улс төрийн эрх мэдлээ алдсан ч тэд газрын тос, байгалийн хийн үйлдвэр, банкны салбарын ихэнх хэсгийг хянадагаас гадна хилийн чанадад нуулсан олон тэрбум долларын хөрөнгө бий. Саяхан “Chatham House”-аас нийтэлсэн тайланд Казахстаны цөөхөн хэдхэн элит зөвхөн Лондонд дор хаяж 720 сая ам.долларын өмч эзэмшдэг тухай дурджээ.
Тэд шинэ дэг журамтай хэрхэн, яаж эвлэрэх эсэх нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Пол Стронски хэлэхдээ, Назарбаевын холбоотнуудын эдийн засгийн асар их хүч нь "Бид эрх мэдлийн төлөөх тэмцлийг дөнгөж ойлгож эхэлж байна гэсэн үг юм” гэжээ.
Маллинсон ч үүнтэй санал нийлж байгаа ч "Назарбаевын бий болгосон системийг задлахад үнэхээр хэцүү байх болно" хэмээв. Казахстанд ажиллаж, амьдардаг сэтгүүлч Жоанна Лилис “Одоогоор Токаев Путиний утсан хүүхэлдэй болоод байна. Баасан гарагт хэлсэн үгэндээ тэрбээр Чеченийн замбараагүй байдал,бүс нутгийн босогчдын тухай ярихдаа "дээрэмчид", "татан буулгах" гэх мэт нэр томьёог хэрэглэсэн нь Путиний хэллэгтэй давхцаж байна" гэж бичжээ.
Евразиа группын ахлах шинжээч Захари Витлин "Казахстан цаашдаа дарангуйлагч, бүх зүйл нь төрөөс хамаардаг Беларусь шиг харагдах болно" гэжээ. Одоогоор Алмата хотод буун дуу тасраагүй хэвээр байгаа бөгөөд "зэвсэгт этгээдүүд"-ийг цэвэрлэх тусгай хүчний ажиллагаа үргэлжилсээр байна. Өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч Токаев "Сайтар бэлтгэгдсэн 20 мянга гаруй мянган зэвсэгт этгээд Алмата хотруу зургаан удаа довтолж үймээн самууныг үүсгэсэн" тухай мэдэгдсэн байна.
Тус хотод Казахстаны дотоод цэргээс гадна Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын тусгай хүчний 3000 орчим цэрэг дэг журам тогтоох үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )