Зөвлөлтийн үеийн орон зай дахь “Тогтвортой байдлын арал”, “Хөгжил дэвшлийн үлгэр жишээ” гэгдэж байсан Казахстан улсад шинэ оны босгон дээр үймээн самуун дэгдэж, гадаадын цэргийг оруулж ирэх хүртлээ нөхцөл байдал хурцадсан нь дэлхийн олон нийтийг гайхшралд орууллаа.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад үе үе өрнөдөг аливаа эсэргүүцлийн ажиллагаанд элдэв цэцэг жимсний нэр өгч, “өнгөт хувьсгал” хэмээн хөөргөдөн дэвэргэдэг байсан барууныхан хүртэл бараг таг чиг байна.
Үймээн дэгдсэн анхдагч шалтгаан нь шингэрүүлсэн хийн үнийг гэнэт 2 дахин өсгөсөнтэй холбоотой байсан, гэхдээ энэ бол ердөө шалтаг төдий байсан нь одоо нэгэнт тодорхой болжээ. Эсэргүүцэл өрнөхөд хүргэсэн шалтаг шалтгаан мэдээж олон бий, гэхдээ яг он гарангуут дэгдэнэ гэдгийг хэн ч тааж мэдээгүй нь үнэн.
Казахстаны нийгэм олон жилийн өмнөөс анги давхаргуудад гүнзгий хуваагдаж, түүхий эдээс хэт хамааралтай эдийн засгийн эрчимтэй хөгжил нь саарч, үе үе гарах огцом өсөлтийг огцом уналтууд дагалдсаар ирлээ. Гэхдээ энэ бол хаа ч байдаг түгээмэл үзэгдэл. Харин Казахстан бол залуучуудын орон учраас залуу үеийнхэн илүү нийгмийн идэвхтэй байж, авлига хээл хахууль, улс орны удирдлага дахь гэр бүлсэг байдалд дургүйцэн ханддаг гэдгийг Оросын улс төр судлаач Алексей Макаркин дурдлаа.
Авлигын тухайд хоёрхон жишээ дурдахад, 20 орчим сая хүн амтай Казахстан улсын баялгийн тал хувь нь 200-хан хүний гарт төвлөрсөн гэдгийг Credit Suisse Research Institute хүрээлэнгийн тайланд дурдсан байна. Мөн 2008-2015 онд Их Британийн эрх баригчид “гадаадын өгөөмөр хөрөнгө оруулагчид”-ад зориулан Англид оршин суух эрхийг худалдаж байх тэр үед “алтан виз”-ний оочерийн эхэнд Казахстаны 200 гаруй саятны нэр байсан гэдэг.
Үймээн дэгдсэн өөр нэгэн шалтгаан нь улс орноо 30 жил удирдсан Назарбаев эрх мэдлээ шилжүүлэн өгөх үйл явцтай салшгүй холбоотой. Тэрбээр төрийн тэргүүн, эрх баригч намын даргын албан тушаалаасаа буусан боловч засаглалын бараг бүх хүч хэрэгсэл буюу хүчний байгууллагууд, эдийн засгийн гол салаа мөчрүүд, улс төрийн элит хэсгийнхэн түүний хяналтанд хэвээр үлджээ. Назарбаев де-факто шийдвэр гаргасаар байсан нь залуу үеийнхний дургүйцлийг хүргэсэн ба боловсролтой залуус олноороо амьдардаг Алма-Ата хотод хамгийн ширүүн мөргөлдөөн гарсан гэдгийг Москва дахь Карнегийн төвийн шинжээч Тэмур Умаров онцолжээ.
Эрх мэдлийг шилжүүлэх процесс эхэлсэн 2019 оноос хойш 2 жил хагасын хугацаа өнгөрсний бүтэн 2 жил нь ковидын үе байлаа. Нийгмийн халамж, эрүүл мэндийн тогтолцоонд бугшсан системийн шинжтэй ноцтой асуудлуудыг цар тахал ил болгосноор ард иргэдийн дунд үүссэн сэтгэл ханамжгүй байдал улам нэмэгдэв. Казахстанд засгийн газар ба албан тушаалтнууд огцрох нь олонтоо боловч огцорсны дараа дорвитой өөрчлөлт гарахгүй байгаад иргэд сэтгэл дундуур байлаа.
Засаглал хоёрдмол байдалтай байгаа үед ямар ч өөрчлөлтийг хийж боломжгүй тул саяны үймээнээр Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон нь эрх мэдэл шилжих үйл явцыг улам хурдасгалаа гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ Назарбаевын хүмүүсийг халж байгаа нь төр засгийн эрх мэдэл гэр бүлсэг хүрээнээс улс төрийн элитүүд рүү аажмаар шилжиж буй жам ёсны трэнд үзэгдэл гэдгийг шинжээч Умаров хэллээ.
Назарбаев явсны дараа улс оронд шинэчлэл хийгдэнэ гэж олон хүн найдаж байсан нь талаар болжээ. Төрийн эрх Назарбаевын ойрын хүрээллийн хүн болох Касым-Жомарт Токаевт шилжсэний дараа түүний хийсэн эхний алхмуудын нэг бол нийслэл Астана хотын нэрийг өөрчилж, өмнөх ерөнхийлөгчийн нэрээр Нур-Султан болгож өөрчлөх шийдвэр. Олон хүний хувьд энэ нь Назарбаевын бий болгосон тогтолцоо хэвээрээ байна гэсэн ойлголтыг өгөв.
“Миний бодлоор, Назарбаев Казахстаны ард иргэдтэй нэг ёсондоо нийгмийн гэрээ байгуулаад байсан. Улс орны нийгэм-эдийн засгийн байдал илт сайжирч байсан тэр үед хүмүүс Назарбаевыг дэмжиж байлаа. Гэтэл 2015 оноос хойш эдийн засгийн байдал дордож эхлэв. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас тус улсад инфляц асар хурдацтай өссөн” гэдгийг Британийн Хатан хааны Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Кейт Маллингтон дурдлаа.
Сүүлийн жилүүдэд төр засгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдал улам газар авч, Назарбаевын дэвшүүлсэн “юуны түрүүнд эдийн засаг, дараа нь улс төр” гэдэг лоозон хүмүүст төдийлөн таалагдахаа больж, нийгмийн гэрээний хэрэгжилт бүтэлгүйтэх тийшээ хандав. Сайн тал руугаа өөрчлөлт шинэчлэл гарна гэдэгт хүмүүс итгэхээ больж, гутруу бодол санаа цар тахлын үед улам лавширсан” гэдгийг Британийн шинжээч онцлон тэмдэглэжээ.
Төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явц нийгмийн бүлгүүдийн оролцоогүйгээр явагдаж байна гэсэн улс төрийн шүүмжлэлээс гадна Хятадаас ихэнх бараагаа импортолдог Казахстаны хувьд ковидын улмаас хил хаагдаж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдсон, өнгөрсөн зун ган болж ургац алдсан гэх мэт эдийн засгийн шалтгаанууд ч бас бий.
Гэхдээ энэ удаагийн үймээн бол Казахстаны цэвэр дотоодын сөргөлдөөн бөгөөд Оросын, Барууны эсвэл Хятадын нөлөө огтхон ч байхгүй гэдгийг Москва дахь Карнегийн хүрээлэнгийн шинжээч Темур Умаров дурдлаа.
Тэгээд ч Казахстаны төрийн тэргүүн Орос, Беларусийн адилаар эсэргүүцлийн ажиллагааг өдөөсөн гэж Барууны орнуудыг буруутгасангүй, харин засгийн газраа огцрууллаа. Казахстан улс Орос-Барууны сөргөлдөөнд татагдан орохгүй байх бодлогыг баримталсаар ирсэн ба Орос, АНУ, Европ, Хятадтай харилцахдаа тэнцвэрийг чухалчилдаг гэдгийг Карнегийн төвийн шинжээч А.Баунов хэллээ. Нөгөөтэйгүүр, Барууны орнууд Казахстаны уул уурхай болон бусад салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулсан тул тус улсын байдал тогтвортой байх нь тэдний эрх ашигт нийцэх учиртай.
“ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ХУЙВАЛДААН”
Ганцхан өдрийн дотор шингэрүүлсэн хийн үнийг 2 дахин нэмэгдүүлнэ гэдэг бол улс орны байдлыг зориудаар тогтворгүй болгож, олон түмнийг үймээн самууунд түлхэх гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж Оросын шинжээч Андрей Грозин дүгнэжээ. Тэр тусмаа нефть, хий олборлодог бүс нутгийн ард иргэдийн автомашиных нь шатахууны үнийг ингэж огцом өсгөнө гэдэг бол тун эрсдэлтэй шийдвэр. Тэгэхээр энэ бол Казахстаны улс төрийн дээд зиндааныхны дотор үүссэн хагарал зөрчлийн илрэл байж болох талтай. Тухайлбал, 2021 оны эцсээр Назарбаев эрх баригч “Нур-Отан” намын даргын албан тушаалаа Токаевт шилжүүлэн өгсөн нь түүнийг улам хүчирхэг болно гэдгээс айсан өрсөлдөгчид нь урьтаж хөдөлсөн байж магадгүй.
Тухайлбал, сайтар бэлтгэгдсэн 20 мянган террорист этгээд Алма-Ата хотод нууцаар нэвтэрч орж ирээд, 6 удаа дайралт хийсэн тухай ерөнхийлөгч Токаев мэдэгдлээ. Ийм олон тооны алан хядагчийг КНБ буюу Үндэсний аюулгүй байдлын хороо, тагнуулын алба болон бусад тусгай албад огт анзааралгүй нэвтрүүлжээ гэвэл хэн ч үнэмшихгүй. Харьцуулваас, 2014 онд “Исламын улс” бүлэглэл Сири ба Иракийн нутгийн талыг эзэлж, ид хүчирхэгжиж байх үедээ 20 мянган хүнтэй байсан. Гэтэл 18 сая гаруй хүн амтай улсад ийм тооны зэвсэгт дайчдыг бэлтгэх нь техникийн хувьд ямар ч боломжгүй, тэр тусмаа тэднийг нууцаар хил давуулна гэдэг бол төсөөлөхийн ч аргагүй.
Тэгэхээр дотоодын хүчний байгууллагууд, тусгай албадынхан хуйвалдаан зохион байгуулсан байж магадгүй гэсэн хардлага төрж байгаа тухай хэвлэлүүдэд бичээд эхэлжээ. Тухайлбал, Алма-Атад үймээн дэгдсэнээс хойш 2 хоногийн дараа КНБ-ийн дарга асан Карим Масимовыг баривчилж, төрөөс урвасан хэрэгт буруутгаж байна.
“Нисэх онгоцны буудлыг эзлэн авах, цэргийн объектууд руу дайрах зэрэг өргөн хүрээтэй ажиллагааг тусгай албадын оролцоогүйгээр хийх ямар ч боломжгүй, тэгэхээр эдгээр албад жагсагчдын дунд нууц ажилтнуудаа оруулж замаар үймээн самуун дэгдээсэн гэж би бодож байна. Улс төрийн дээд зиндааны зарим төлөөлөгчид нөхцөл байдлыг тогтворгүй болгох замаар Токаевын байр суурийг ганхуулахыг хүсэж байгаа” гэж Лондоны Дорно дахин ба Африк судлалын факультетийн профессор шинжээч Бхавна Даве дүгнэлээ.
Түүний ярьснаар, тодорхой эдийн засгийн ашиг сонирхол бүхий бизнесийн бүлэглэлийнхэн, отог овгийнхон, лоббичид Казахстанд олноороо байдаг ажээ. Энэ бол маш нарийн бүтэцтэй олон векторт тогтолцоо бөгөөд түүнийг Назарбаев олон жилийн турш хяналтандаа байлгаж байв. Энэ системийн дотор янз бүрийн хүчнүүд хоорондоо тэмцэлдэж байсан боловч Назарбаевын байр суурь руу хэн ч халдаж зүрхэлдэггүй байлаа. Гэтэл одоо уг тогтолцоо нуран унаж буй үед Назарбаевыг залгамжлах хүн яг тодорхой болоогүй эгзэгтэй агшин таарчээ.
Б.Аахүү
Сэтгэгдэл ( 1 )
админийх нь оруулсан муу орчуулж хуулсан нийтлэлийнх нь байгааг хар даа. Олон улсад өрнөж буй үйл явдал, учир шалтгааны талаар ямар ч мэдлэггүй. Редактор нь өөрөө мэдлэг боловсролоо дээшлүүлээчээ!!!!