Л.Энх-Амгалан: Цахим хичээлийн хүртээмж, чанар бодсон шиг байсангүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Ковид цар тахлын халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай улс бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг 2020 оны 1 дүгээр сараас зогсоож, хичээл, сургалтыг 2 жил зайн, цахим хэлбэрээр зохион байгуулсан. 

Тэгвэл үүний улмаас Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт өдрийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62.5-68.0 хувийг тус тус зайн, цахим хэлбэрээр гэр бүлийн орчинд суралцсаныг салбарын сайд хэлж байна.

Танхимын сургалт зайн, цахим хэлбэрт шилжсэн хугацаанд боловсрол, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим баримтлан 5,756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2,775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээлийг тус тус бэлтгэн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор дохионы хэл, тува, казах хэлний орчуулгатайгаар телевиз, радиогоор дамжуулан хүргэх ажлыг телевизүүдийн холбоо, хувийн хэвшил болон олон улсын байгууллага (Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан)-тай хамтран зохион байгуулжээ.

Цар тахлын үед төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтын талбарыг үүсгэн цахим хичээлийг улсын хэмжээнд X-XII ангид хичээл зааж байгаа шилдэг 602 багш удирдаж, хот, хөдөөгийн сургуулийн ахлах ангийн 30.1 мянган сурагч онлайн хичээлд хамрагджээ.

Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан.

Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй гэж Л.Энх-Амгалан сайд хэллээ.

Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178,5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн.  Энэ нь биднийг цахим, зайн сургалтаас гадна өөр хувилбаруудыг бий болгох хэрэгтэйг илтгэж байна. Цахим, зайн сургалтын чанар хангалтгүй байсныг эцэг эх, асран хамгаалагч шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш нарын цахимаар ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАГШ(202.9.46.51) 2022 оны 01 сарын 12

Энх-АМгалан сайд аа ....СУИС-д маш их но бий.... Сонинтогосын тэтгэврийн нас нь 10 жилээр хэтэрсэн, мэргэжлмйн бус, ёс зүйгүй, бүдүүлэг, хэд хэдэн хаустай болсон, багш ажилтнуудыг хүссэнээрээ халж сольдог, харааж зүхдэг, сүрдүүлдэг, бөгс долоогчидоор жижүүрээс эхлээд захирал хүртэлх бүх ажлын байрыг дүүргэсэн гээд тоочвол барагдахгүй. МАН боловсролын яам ийм авгайг хууль зөрчин 10 жил байлгаж байгааг авилга авсан гэж хардахад хүргэж байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top