УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Ажлын хэсэг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцээд хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдийг хамруулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хамрах хүрээг өргөжүүлжээ. Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан гэлээ. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна.
Хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд нэмж тусгажээ. Ажлын хэсэг хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 12, найруулгын шинжтэй гурав, дагасан хуулийн төслийн талаарх гурван саналыг бэлтгэн томьёолжээ. Байнгын хороо хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжлээ
Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Сайд Н.Уртнасан, “Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна. Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфтортнүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэх болсон.
Гэвч гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь нөгөө талаар Дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулах асуудлыг дэлхийн улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан. Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд дотроос автомашины агааржуулалтад өргөн хэмжээтэй хэрэглэдэг зөвхөн ГФН-134а бодис, хөргөлтийн зориулалтаар түгээмэл хэрэглэдэг В-404А бодис зэрэг нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад 3-6 мянга дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” гэлээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна. Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна.
Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ.
Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна.
Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, улсын бүртгэгчийн шийдвэр нь хуулийн дагуу, эсхүл хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэх нь шүүгчийн дотоод итгэл, үнэмшилд нөлөөлж болзошгүй юм. Иймд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд санал, дүгнэлт гаргах боломжгүй байна хэмээн танилцуулсан.
УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэгт ажилласан гурван гишүүнээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулсан. Тэрбээр, УБЕГ-ын улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлтийг хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг гаргаж УБЕГ-ын даргад хүргүүлэх, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэрт хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаарх санал, дүгнэлтийг гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, СЕХ-ны удирдлагуудад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг танилцуулсан юм. Хоёр санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав
Байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.Байнгын хороо 01 дүгээр сард Хууль зүйн туслалцааны тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулан эцэслэн батлуулахаар цаглавартаа тусган баталсан бөгөөд хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )