Цар тахлын давлагаа тасралтгүй үргэлжилж байгаа хэдий ч Энэтхэгийн эдийн засаг хурдацтайгаар өссөөр байна. Тус улс 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн хоёр дахь том эдийн засаг болж, Японыг давж магадгүй талаар судлаачид онцолж байгаа юм.
"Энэтхэгийн нэрлэсэн ДНБ 2021 онд 2.7 их наяд ам.доллар байсан бол 2030 он гэхэд 8.4 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна" гэж Лондонд төвтэй “IHS Markit”-ийн хийсэн судалгаанд онцолжээ.
Ингэснээр Энэтхэг Япон, Герман, Франц, Их Британийг давж, Азийн хоёр дахь, дэлхийн гурав дахь том эдийн засаг болно гэсэн үг юм. Хөгжиж буй зах зээлийн төлөөлөл болох Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нь дэлхий дахины тэр тусмаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нэлээд удааширсан. 2014 онд Моди засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын эдийн засаг хурдацтай өссөн ч энэ эрчээ удаан хадгалаагүй. 2017 оноос хойш эдийн засгийн өсөлт нь удааширч эхэлсэн. Нөгөө талаас томоохон эдийн засагтай Зүүн өмнөд Азийн олон оронтой харьцуулахад Энэтхэгийн үйлдвэржилтийн явц нэлээд хоцрогдсон.
Модигийн засаг захиргаанаас олон жилийн турш "Энэтхэгийг бүтээх" кампанит ажил явуулсны дараа тус улсын ДНБ-д үйлдвэрлэлийн нэмүү өртгийн эзлэх хувь 2015 онд 15.58 хувь байсан бол 2019 онд 13.6 хувь болж өсөх бус буурсан үзүүлэлттэй байна. Дели бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн RCEP хэлэлцээрийг орхисон бөгөөд Номхон далай дамнасан иж бүрэн дэвшилтэт түншлэлд (CPTPP) нэгдээгүй билээ.
Энэ хоёр хэлэлцээрт нэгдэн орсон орнууд худалдааг либералчлах, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болно. Харин энэ үед Азийн томоохон эдийн засагтай орнуудын нэг болохын хувьд Энэтхэг хэлэлцээрээс тусгаарлагдах болно.
Дели бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээрээс хол байдгаас гадна сүүлийн жилүүдэд Хятадын талаар баримталж буй эдийн засгийн бодлогодоо ихээхэн өөрчлөлт оруулж, Хятадын хөрөнгө оруулалтыг шалгах, Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бойкотлох арга хэмжээ авч эхлээд буй. Гэхдээ Хятадтай хамтран ажиллах нь Энэтхэгт илүү их ашиг авчирна гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.
Үнэн хэрэгтээ Энэтхэг эдийн засгийн хувьд Хятадтай хамтран ажиллахаас зайлсхийн оронд бүс нутгийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болохыг хүсэж байгаа бол олон салбарт Хятадтай идэвхтэй хамтран ажиллах ёстой гэдгийг “IHS Markit” судалгаандаа тодотгожээ.
Хятадтай эдийн засгийн харилцаагаа сайжруулснаар Энэтхэг бүс нутгийн интеграцчлалын хурдыг хурдасгаж, улмаар аж үйлдвэржилт болон ажлын байрыг нэмэгдүүлж, экспортоо өсгөх боломжтой аж. Түүнчлэн 2050 онд БНЭУ хүн амын тоогоор БНХАУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүнтэй ардчилсан улс болно. Сайн тал нь үүний олонх нь залуус байх бөгөөд энэ хэрээр тус улсын хөдөлмөрийн хүч нэмэгдэх төлөвтэй.
Гэвч эдгээр ажиллах хүчийг ажлын байраар хангах нь харин Энэтхэгийн Засгийн газрын томоохон даалгавар болохоор байна. Тус улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоо жил бүр 12 саяар нэмэгдэж байгаа аж. Тиймээс ажлын байрыг олноор бий болгох нь чухал байгаа. Гэтэл энэ улсын ажиллах хүчний бараг тал хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Гэтэл энэ салбар нь тус улсын ДНБ-ий дөнгөж 15 хувийг бүрдүүлж буй тул энэ салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )