Инфляцын "халуурал"-ыг намжаах бодлогын орон зай бий юу?

2022 оны 01 сарын 13

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувь, өмнөх сараас 2.1 хувиар өссөн байна.

Үнийн өсөлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Харин  46.3 хувь нь импортын барааны үнийн  өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн  үеэс 2.8 нэгж хувиар нэмэгджээ. Тодруулбал:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь (мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувь) 

 

  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь

 

  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь

 

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь

 

  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Инфляц  2021 оны 12 дугаар сард өмнөх сараас 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхины  бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь, орон  сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Тодотгоход, Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 
үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сард хуралдаж, Бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг шийдвэрийг танилцуулах үеэр хэлэхдээ:

Инфляцын хувьд өмнөх төсөөллөөс нэмэгдэн Төв банкны зорилтот түвшнийг даваад байгаа ч дунд хугацаанд зорилтын орчимд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляц энэ оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьд хүрч нэмэгдээд байна. Үнийн өсөлтөд, нэг талаас эдийн засгийн аядуу сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч, дийлэнх хэсгийг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс тайлбарлаж байна.

Тодруулбал,

 

  • Хил, гааль дээр үүссэн импортын хадгалалт, тээвэрлэлтийн зардал,

 

  • Малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт,

 

  • Дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг дагасан шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.

 
Ийнхүү, богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шинжтэйгээр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын түвшин рүү буурах төлөвтэй байна. Гэвч цаашид нийлүүлэлтийн болон зардлын шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарахгүй байх нь инфляц дунд хугацаанд өндрөөр тогтох эрсдэлийг үүсгэж байгаа тул нийлүүлэлтийн хүчин зүйлсийн дам нөлөөнөөс үүдэлтэй хоёр дахь үеийн инфляцаас сэргийлэх зорилгоор ирэх оноос шаардлагатай тохиолдолд бодлогын хүүний тохиргоог хийнэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эдийн засгийн идэвхжил сайн биш хэвээр байна. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбаруудын идэвхжил буурдаг хүйтний улирлаас гадна ковидын тархалт дахин өсөж буй нь  хил гаалийн нөхцөл байдалд нэмж эрсдэл үүсгэж байна. Тэгэхээр ийм үеийн инфляцын халуурлын эсрэг Мөнгөний бодлогыг хэрхэн хөдөлгөх нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.187) 2022 оны 01 сарын 13

Тэтгэврийн доод хэмжээ 350000төгрөгөөр яаж аиь зогоох вэ

0  |  0
Top