Таны гэр бүлийн аз жаргалтай, амар тайван, эрүүл энх амьдралын баталгаа болсон хамгийн чухал хэсэг бол таны амьдарч байгаа гэр орон, хүрээлэн буй орчин гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.
Орчин үед бидний амьдарч буй гэр орон дан ганц байр байшин, орон сууц гэсэн ойлголтоос хальж цогц төлөвлөгдсөн хотхон, хүрээлэн буй ногоон орчинтой байх болоод байгальд ойр байх гэсэн амьдрах орчны шинэ хэрэгцээ шаардлага хүчин зүйл улам бүр хүчтэйгээр урган гарч ирэх болов.
Энэхүү хэрэгцээ, шаардлагыг дагаад шинээр орон сууц худалдан авагчдын чиг хандлага улам бүр байгальтайгаа ойр, эко ногоон орчинд тэмүүлэх явдал болоод байна.
Өнөөдөр бидний амьдарч буй Улаанбаатар хотын хүн ам 1.539.810 гэсэн тоог давж, дэлхийн томоохон саятан хотуудын тоонд багтаад байна. Гэвч анх төлөвлөгдсөн хот зохион байгуулалтын багтаамжаас 3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь өнөөгийн хотжилтын хамгийн том тулгамдсан асуудал болжээ.
Түгжрэл, утаа агаарын бохирдол, харах орчныг хязгаарласан эмх замбараагүй барилгууд, зогсоол талбайн хүрэлцээ муу байдал, хөрсний бохирдол гээд бид бүхнийг стресс бухимдалд оруулсан эрүүл амар тайван амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйлүүдийг дурдаж болно.
Хэвлийдээ эндэх ураг, тархины даралттай төрөх нялхас, ханиаднаас салахгүй хүүхдүүд, цонхоо дэлгэх, гарч салхилах эрхгүй хөгшид гээд бид бүхний сэтгэлийг зовоосон асуудлууд бодитоор оршин байсаар гэвч шийдвэрлэх арга замууд бүрэн гараагүй хэвээр.
Судалгаагаар улаанбаатарчуудын өвлийн цагт амьсгалж буй агаар хүний биеийн эсэргүүцэх чадвараас 15 дахин хэтэрсэн гэсэн харамсалтай судалгааны үзүүлэлт байна.
Тэгвэл бид хэрхэн яаж эрүүл амьдрах вэ? Хэрхэн амьдрах орчноо сонгох вэ? Хэрхэн аз жаргалтай амар тайван амьдрах орчноо бүрдүүлэх вэ?
ТАНЫ БҮТЭЭЖ ЧАДАХ ДОТООД ОРЧИН
Environmental Protection /EPA/-аас гаргасан судалгаагаар хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчинд, үүнээс 70%-ийг гэртээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс таны болон таны гэр бүлийн хамгийн тухтай, амар тайван, аз жаргалтай байх орчныг өөр хаана ч биш та зөвхөн гэртээ бүрдүүлэх учиртай. Таны гэр орчин үеийн ухаалаг чиг хандлагыг дагасан эргономик шийдэл бүхий зөв зохион байгуулалттай байж, тавилга өрөөний зохион байгуулалт нь минималист байвал танд илүү тав тух болоод амар тайван стрессгүй орчныг бүтээхэд танд тусална. Мөн бүхий л үед байгальд ойр байгаа мэдрэмжийг төрүүлэх цонхоор харагдах гадна орчны харагдац, байгалийн гэрэл чөлөөтэй нэвтрэх шийдэл, хүссэн үедээ агаар сэлгэлт хийж цэвэр агаарыг нэвтрүүлэх боломжтой тийм орчныг сонгохыг зөвлөж байна.
Ингэж чадвал таны эрүүл мэнд, сэтгэл зүйлд маш сайнаар нөлөөлж амар тайван, тав тухтай аз жаргалтай амьдарч таны урт наслах үндэс болно.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ГАДААД ОРЧИН
Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас л байгаль эхээс 100% хараат байж шууд хамааралтай аж төрж амьдарсаар ирсэн билээ. Бид хэдий хөгжлийн өндөр төвшинд хүрч том хот сууринд амьдарч, улам бүр эх байгалиасаа тусгаарлагдан өөрсдийн бүтээсэн орчиндоо байх болсон ч төрөлх далд ухамсартаа үргэлж эх байгалиа хайсаар, тэмүүлсээр, хүсэмжилсээр байдаг билээ.
Хүмүүс бол яах арга байхгүй биологийн болон нийгмийн соёлыг бүтээгдэхүүн үр хөврөл юм. Бид гэрээс гараад л хүрээлэн буй гадаад орчин нөлөөнд орж өөрийгөө нийгмийн нэг эд эс гэдгээ үргэлж мэдэрдэг. Гадаад орчинд улс төр, эдийн засаг, байгаль цаг уур, ажлын байр, тухайн орны соёл, нийгэм мөн хүрээлэн буй орчин багтана. Бид бүхэн эдгээр гадаад орчны хүчин зүйлүүдээс бүгдийг нь биш ч гэсэн зарим хүчин зүйлийг өөрсдийн хүсэлд нийцүүлэн сонгох боломжтой цаг үед амьдарч байгаа нь сайшаалтай.
Нэг цаг үеийг бодвол Монгол улсад орон сууц, хороолол, хотхонуудын төлөвлөлт зохион байгуулалт сайжирч хөгжин ногоон байгууламж сайтай байгальд ойр орон сууц, хотхоныг сонгож амьдрах сайхан боломж нөхцөлтэй олон орчин үеийн шинэ төслүүд хотхонууд бүтээн байгуулагдаж байна.
Тиймээс өөрийн амьдрах орон сууцаа хотхоноо сонгохдоо таны амьдарч буй орчны сэтгэл ханамжид нөлөөлөгч гол хүчин зүйл болох байгаль ээлтэй эерэг байдал, байгальд ойр байрлал, ногоон орчин, спортоор хичээллэх боломж бололцоог та сайтар анхаарч сонгоорой гэж зөвлөж байна.
УУЛАНД АЛХАХЫН АЧ ТУС
Ууланд алхах болоод явган аяллыг чулуун зэвсгийн үеэс үүсэж хөгжиж эхэлсэн гэж үзэж болно. Тухайн үед ан гөрөө хийх, нүүх шинэ нутаг хайх зэргээр хөгжүүлсэн байна. Харин орчин үед хүмүүс амралт зугаалга чөлөөт цагаа зөв боловсон эрүүлээр өнгөрөөх чиглэлээр хөгжөөд байна. Тогтмол ууланд алхах явган аялал хийх, гүйх зэрэг хөдөлгөөн хүний эрүүл мэндэд хамгийн тустай шилдэг дасгал хөдөлгөөнүүд билээ.
Үе үе алдаг оног алхах гүйх нь үр дүн багатай харин тогтмол хийж дадал зуршил болгох явдал нь эргээд таны өөрийн эрүүл мэнддээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.
Явган аялал алхалтын ач тусыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол хүнийг эрүүлжүүлж чийрэг болгодог. Ялан гуяа ой модонд алхах үед байгалийн хүчилтөрөгч хүний биеийг дотроос нь цэвэрлэж стресс ядаргааг хамгийн сайн тайлдаг. Хүний биеийн 60-90 хувийг ус эзэлдэг. Ууланд алхахад цэвэр хүчилтөрөгч хүний биеийн илүүдэл хуримтлал хорыг шахаад гаргадаг.
Хүн ууланд алхах явцдаа хөлөрч арьсаараа дамжуулан байгалиас эрч хүч авдаг. Хүний биед бидэнд харагдахгүй олон мянган нүх сүв бий. Алхах явцад хөлөрч тэр нүхээр дамжаад хор гадагшилдаг түүнийг шар ус гарах гэж нэрлэдэг. Мөн ууланд алхахын хамгийн том ач тус нь илүүдэл жингээ эрчимтэй жигд хасах явдал юм. Ууланд алхах үед өвдөгний үений ачааллыг багасгаж, хөлний булчингийн үйл ажиллагаа сайжирч тэсвэр тэвчээр нэмэгдэж цусны даралт сахарын хэмжээ буурч, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалалт байж чадна.
Ууланд тэр дундаа шилмүүст ой модонд хоёр цаг алхахад уушги хамгийн ихээр цэвэрлэгдэж эрүүлжиж байдаг ач тустай.
ЦЭВЭР АГААР ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС
Хүний амьдралын хамгийн эрхэм үнэт зүйл бол мэдээж эрүүл мэнд. Харин эрүүл амьдрахын үндэс бол цэвэр агаар билээ. Бид эртнээс ус агаар мэт гэж амин хэрэгцээт зүйлсээ зүйрлэн ярьж заншсан ард түмэн. Хүн амьдралын анхдагч хэрэгцээ бол агаар бөгөөд бид хүчил төрөгчгүй бол бид хэдхэн минут ч тэсэхгүй. Бидний эрүүл эрч хүчтэй амьдралд агаар хүчил төрөгч маш чухал нөлөөтэй. Эрүүл хүнд нэг цагт 400-600 литр хүчил төрөгч хэрэгцээтэй байдаг. Тиймээс хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд цэвэр агаар хамгийн амин хэрэгцээт хүчин зүйл болоод байна.
Хүмүүс ихэвчлэн агаарын бохирдол нь уушгинд муугаар нөлөөлдгийг мэддэг боловч зүрх судасны өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл гэдгийг мэддэггүй. Бид эрүүл зөв хооллолт зөв дасгал хөдөлгөөний тусламжтайгаар зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө сэргийлж чадах ч агаарын бохирдлоос зугтааж чадахгүй.
Агаарын бохирдол нь хүний амь насанд хор нөлөөтэй гэдгийг дэлхий нийтээр мэддэг боловч дан ганц зүйлээс бүрдэхгүй олон тооны бичил хортой элминетүүдийн нэгдэл байдаг гэдгийг харин төдий л сайн мэддэггүй.
Эдгээр маш олон жижиг тоосонцрууд нь халдвар үүсгэгч сульфат, нитрат, хүнд металлууд хар тугалга хүнцэл зэргээс бүрдсэн хольц билээ. Агаарын бохирдлыг үүсгэгч үндсэн шалтгаан бол моторт тээврийн хэрэгсэл, үйлдвэр нүүрсээр галладаг цахилгаан станцууд, гэр ахуйн галлагаа хийхэд оролцдог бусад төрлийн түлшүүд юм.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ агаарын бохирдлын эсрэг тэмцэж ногоон амьдралын хэв маягийг эрхэмлэж, цахилгаан машин унан, унадаг дугуй хэрэглэж, бензин хөдөлгүүрт томоохон машинуудаас татгалзаж цахилгаан машинуудыг сонгож байгаа билээ. Хүмүүсийг агаарын бохирдлоос хамгаалах энгийн арга нь шинэ дэвшилтэд технологийг ашиглаж, бохирдол үүсгэгчтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж, хотыг дахин төлөвлөх явдал юм. Энэ маш их зардал болоод цаг хугацааг шаардах нь мэдээж хэрэг. Харин бид өөрийгөө хайртай гэр бүлээ хамгийн хурдан үр дүнтэй хамгаалах арга бол байгальд ойр болоод хамгийн бага агаарын бохирдолтой газар амьдрах сонголт юм.
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтээр 4 улирлын турш хамгийн бага агаарын бохирдолтой байдаг бүс нь Зайсан, Яармаг, Мишээл эскпо гэсэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрүүд байдаг.
Тиймээс та өөртөө болон өөрийн гэр бүлдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт болох эрүүл цэвэр агаартай бүсийг сонгож байгальд ойр амьдрах явдал юм.
ХҮҮХДИЙГ БАЙГАЛЬД ОЙР ӨСГӨХИЙН АЧ ТУС
Хүүхэд бол гэр бүлийн аз жаргалын хамгийн чухал хэсэг байдаг билээ. Эцэг эх бүр үр хүүхдээ аз жаргалтай амар тайван эрүүл орчинд өсгөх гэсэн чин хүү хүсэлтэй байх нь мэдээж хэрэг. Хүүхдийн өсөлт хөгжил, төлөвшил гэдэг нь тэдний бие махбод, танин мэдэхүй, нийгэмшилд гарч буй өөрчлөлтийн цогц хэлбэр хэмээн авч үздэг. Харин хүрээлэн буй орчин нь хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэнд ирээдүйд маш ихээр нөлөө үзүүлдэг. Экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүүхдүүд эрүүл мэндийн индексээр доогуур байдаг ба тааламжит орчинд өсч буй хүүхдүүдтэй харьцуулахад 1.5-2 дахин илүү байх өвчлөх хандлагатай байдаг гэсэн судалгаа байна.
Орчны тааламжгүй нөхцөл байдал нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог төдийгүй, дархлаа сул, бие бялдрын өсөлт муу, оюуны хөгжлийн хувьд ч хоцрогдолд хүргэдэг сул талтай. Харин байгальд ойр өссөн хүүхэд багаасаа эх дэлхийгээ хайрлан хамгаалах, амьд амьтдыг танин мэдэж хамгаалах ухамсартай бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсөж төлөвшдөг. Аюулгүй амар тайван, цэвэр цэнгэг агаартай орчинд өсч хүмүүжсэн хүүхэд сэтгэл санааны байдал тогтвортой өсөж, оюуны чадвар өндөр урлаг гоо зүйн өндөр мэдрэмжтэй, спортод дуртай болдог давуу талтай.
Хүүхдийг компьютер, зурагтаас нь холдуулаад долоо хоног бүр сайхан байгальд зугаалуулах хэрэгтэй. Зугаалуулах явцдаа та байгалийн зүй тогтлын талаар ярьж, модод 4 улирлыг турш хэрхэн яаж өөрчлөгддөгийг эсвэл шоргоолжнууд яаж хөдөлмөрлөж амьдардгийг та хүүхдэдээ ярьж өгөөрэй. Тэд байгальд эрх чөлөөтэй тоглож өөрсдийн бяцхан нээлтүүдийг хийж танд түүнийгээ аз жаргалтайгаар гайхуулан ярих болно. Хүүхдэдээ зургийн аппарат авч өгч эсвэл зургийн хэрэгслээр хангаж үзсэн харснаа буулгах тэмдэглэх танин мэдэх нөхцөл бололцоог хангаж өгөөрэй.
Байгальд хүүхэдтэйгээ хамт өнгөрөөх цаг хугацаа тэдний тархинд аз жаргалтай дурсамж болон хадгалан үлдэж насан туршдаа эерэг сайхнаар дурссаар байх болно.
Монгол үрс эрүүл байж маш олон болох болтугай.
Сэтгэгдэл ( 0 )