Манай улсад арванхоёрдугаар сарын сүүл болон нэгдүгээр сард томуугийн оргил үе тохиодог. Томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр "идэвхжлийн түвшинд" байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс үүдэн коронавирусний халдвар идэвхжиж, томуутай хавсрах байдлаар илрэх, омикрон, дельта вирусуудын халдварлах чадвар өндрийн улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.
-Ковидын яг одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Өмнөх сарынхтай харьцуулахад идэвхжил нь нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо нэлээд өндөр харагдаж байна?
-Түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлоор мэдээлэхэд энэ оны хоёр дахь долоо хоногт коронавируст халдварын нийт 29,225 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт n=9,648) бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад харьцангуй өссөн байна. Энэ сарын 08-14-ний өдрүүдэд бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 4175 байсан нь өмнөх долоо хоногоос 2797-р, нэгдүгээр сарын 14-нд 6616 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдлын тоо байв. Мөн батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж өссөн үзүүлэлттэй байна.
-Энгийн коронавирусээс дельта болон омикрон хувилбар яг юугаараа ялгаатай вэ. Ялангуяа Омикрон хувилбарыг маш богино хугацаанд халдаах чадвартай гэж эмч, эмнэлгийн байгууллагаас мэдээлж байна. Тэгэхээр хэр хурдан хугацаанд хүний биеэс илэрдэг, хүний биед халддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Омикрон (B.1.1.529) хувилбар нь олон тооны мутацитай бөгөөд, урьдчилсан байдлаар Дельта зэрэг бусад хувилбаруудтай харьцуулахад халдварлах чадвар өндөр тул онцгой анхаарал татах хувилбар гэж бүртгэсэн. Омикронтой холбоотой нийт эрсдэл хэд хэдэн шалтгааны улмаас маш өндөр хэвээр байна. Нэгдүгээрт, Халдварын эрсдэл дэлхийд маш өндөр хэвээр байгааг бид бүхэн харж байна.
Хоёрдугаарт, одоогийн мэдээллээс харахад Омикрон нь хүн амын дунд мэдэгдэхүйц хурдацтай тархаж байгаа учир тохиолдлын тоо өсөж эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэх магадлалтай. Энэ сарын 06-ны байдлаар Омикроны хувилбарыг ДЭМБ-ын зургаан бүсийн 149 оронд илрүүлсэн. Мөн Омикроны халдвар авсан өвчтөнүүдийн эмнэлзүйн хүндрэлийн талаарх мэдээлэл нэмэгдсээр байна. Өмнөд Африк, Их Британи, Канад болон Дани улсын мэдээллээс харахад Омикрон нь Дельта хувилбартай харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл бага. Гэхдээ омикронтой холбоотой хүчилтөрөгчийн хэрэглээ, механик агааржуулалт, нас баралт зэрэг эмнэлзүйн хүндрэлийн шинж тэмдгийн талаар мэдэхийн тулд өөр улс орнуудын мэдээлэл бидэнд хэрэгтэй. Эхний судалгаагаар SARS-CoV-2-ын бусад бүх хувилбаруудын нэгэн адил Омикроны хүндрэл нь өндөр настан болон вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд элбэг байна гэж гарсан.
-Дельта болон Омикроны халдвар авсан иргэдийн тоог мэдээлэх боломжтой юу. Энэ тоо цаашид өсөх магадлал хэр өндөр вэ?
-Био-организмын удмын мэдээллийн бүрэн дарааллыг тогтоох дэвшилтэт Next Generation Sequencing технологийг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид нэвтрүүлж Омикрон хувилбараар өвдсөн, зөөвөрлөгдсөн 10, дотоодын таван тохиолдлыг илрүүлсэн. /Жич: Амьсгал болон дуслын замаар халдварладаг цар тахлын үед шинжилгээний хариу эерэг гарсан хүн болгонд хувилбар тодорхойлох шинжилгээ хийгддэггүй, тандалтын зорилгоор түүвэрлэн хувилбар тодорхойлох шинжилгээ хийгддэг болно/
Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 14-ний байдлаар тухайн өдрийн бодит R утга 1.4 (0.9-2.2), өсөлтийн хурд 10 хувь (-2.6 хувь-28 хувь) байна. Халдварын тархалт яг энэ чигээр үргэлжлэн, өөр хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд нэгдүгээр сарын 14-нд батлагдсан тохиолдлын тоо долоо хоногт хоёр дахин өсөхөөр (doubling time) харагдаж байна. Хариу арга хэмжээнд ямар нэг өөрчлөлт ороогүй тохиолдолд дараагийн 14 хоногт хотын хэмжээнд нэг өдөрт батлагдах шинэ тохиолдлын тоо 8000-аас дээш болох өндөр магадлалтай.
-Ковидын өөр хувилбарын тархалт огцом өссөн нь юутай холбоотой вэ?
-2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэх хүн амын хөдөлгөөн цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 143 хувиар, суурьшлын бүс орчмын хөдөлгөөн 43 хувиар, барааны дэлгүүр, зоогийн газраар үйлчлүүлэх нь 62 хувиар, автобусны буудал буюу хүн амын шилжилт 81 хувиар, цэцэрлэгт хүрээлэн чиглэх хөдөлгөөн 57 хувиар, ажлын газар орчмын хөдөлгөөн долоон хувиар тус тус ихэссэн. Мөн коронавируст халдварын Омикрон хувилбараар үүсгэгдсэн өвчлөлийн давалгаа эхэлсэн учир өдөрт илэрч байгаа халдварын 60-70 хувийг Омикрон хувилбар эзэлж байна.
-Омикрон хувилбарын давалгааг бууруулах ямар ажил хийгдэж байгаа вэ. ЭМЯ-аас ямар бодлого баримталж ажиллаж байгаа бол?
-Энэ вирусний давалгааг бууруулахын тулд нийгмийн эрүүл мэнд талаасаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон нийтэд түлхүү явуулах, маскийн хэрэглээг нэмэгдүүлэх, маск дотроо мэс заслын маск, N95 маскийн хэрэглээг сайжруулах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхэд болон өөрсдөө ч гэсэн явахгүй байх мөн гарын ариун цэврийн асуудал өнөөдрийг хүртэл чухал хэвээр байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлын хамгийн чухал зүйл бол вакцинд хамрагдах. Үүнийг бид нэлээд чухалчилж анхаарч байна. III тунгийн хамрагдалт, шаардлагатай тохиолдолд IV тунд хамрагдах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр нэн шаардлагатай хэвтэх тохиолдлын ангиллыг сайжруулах, орны бэлтгэл ажлыг хангах зэрэгт нэлээн анхаарч байгаа. Дельта хувилбарын халдвараас үүдэж улсын хэмжээнд 23 мянган орыг дэлгэж ажиллуулсан. Энэ удаагийн Омикрон хувилбарын тархалтын түвшин 3-5 дахин их байх магадлалтай боловч 23 мянган орыг дэлгэж ашиглах боломжийн хувьд тааруу байна. Яагаад гэхээр үндсэн тусламж үйлчилгээ зэрэгцэж явж байгаа энэ үед нөөц орны боломж, хүн хүчний тухайд ч тааруу үе юм. Гэхдээ зайлшгүй тохиолдолд авах хүмүүс дээрээ ор зохицуулах багууд, аймаг, дүүргийн хариу арга хэмжээний багуудаар дамжуулан ажиллаж байна.
-Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын дунд ковидын халдвар нэлээд өндөр байгаа талаар мэдээлж байсан. Хүн хүчний нөөц тааруу байгаа энэ үед цагаан сарын үеэр ямар хуваарийн дагуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол. Шинжилгээ авах цэгүүд ажиллах уу. Иргэдийг вакцинд хамруулах ажлыг үргэлжлүүлэх үү?
-Эмнэлгийн ажилчдын халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийн тоо мэдээгээр хэлэхэд нийт халдварын 1,4 хувийг эзэлж байна. Нийтдээ 11,631 ажилтан ковидын халдвар авсан. Үүнээс 60 хувь нь ажил, үйлчилгээ хийж явахдаа халдвар авсан бол 40 хувь нь гэр бүл, найз нөхдөөсөө халдвар авсан гэсэн судалгаа гарсан. Энэ нь ковид анх дэгдсэн цагаас халдвар авсан ажилчдын нийт тоо юм. Нэлээд өндөр тоо учир эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдыг хүний нөөцийн хомсдолд оруулж байгаа.
Бидний тухайд эмнэлгийн байгууллагын ажилчдаа аль болох л халдвар, хамгааллын дэглэмийг нь сайн баримталж, шаардлагатай хувцсаар хангах, илүү цагийг нь олгох зэрэг ажилд анхаарч, ажиллаж байна. Яг улаан бүсэд орж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хувьд халдварын голомтод ажилласан гэдгээр цалингийн урамшууллаа тогтмол авч байгаа.
Халдварын тархалт энэ хэлбэрээр улам ихэсвэл одоо байгаагаасаа ч илүү хүний нөөцийн хомсдолд гарцаа байхгүй орно. Гэтэл цагаан сар болж байгаа гэдэгтээ холбоотойгоор эмнэлгийн ажилчдыг цөөнөөр ажиллуулъя гэсэн бодлого барих ямар ч бололцоо байхгүй. Үндсэн хуваарийн дагуу ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс үзүүлэх хамгийн том дэмжлэг бол аль болох халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах, вакциндаа идэвхтэй хамрагдаж байж л эрүүл мэндийн салбарт ирж байгаа ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлж чадна. Харин сар шинийн үеэр шинжилгээний цэг болон вакцины цэгүүд хэрхэн ажиллах талаарх шийдвэрийг ирэх долоо хоногт эцэслэн гаргаж, олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байна.
-Гаднаас ирж байгаа иргэдийг тусгаарлах ажил хэвээр үргэлжилж байгаа юу?
-2021 оны арванхоёрдугаар сарын 25-аас нэгдүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд гадаад улсаас ирж байгаа зорчигчдыг тусгаарлан, ажиглах байранд гурав хоног хөл хорионд байлгаж хоёр удаагийн бх-ПГУ шинжилгээний хариу сөрөг тохиолдолд гэрийн хяналтад шилжүүлж байсан. Нэгэнт Омикрон хувилбараар үүсгэгдсэн дотоодын давалгаа эхэлсэн тул энэхүү арга хэмжээг зогсоосон байгаа.
-Манай улсын вакцины нөөц хэр байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар халдварын дөрвөн төрлийн (AстраЗенека, Файзер/БиоНТеx, Спутник-V, Вероцелл) 8,397,550 тун вакциныг дөрвөн эх үүсвэрээс хүлээн авснаас ХӨСҮТ 8,317,750 тун вакциныг хүлээн авч аймаг, дүүрэгт түгээж зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 21 аймаг, есөн дүүргийн зорилтот бүлгийн хүн амыг эхний болон нэмэлт тунгаар вакцинжуулахад шаардлагатай вакциныг түгээж, тээвэрлэлтэд хяналт тавиад явж байгаа. Вакцины нөөцийн тухайд улсын хэмжээнд 2,8 сая тун Синофарм үйлдвэрлэгчийн Вероцелл болон Файзер, БиоНТеx үйлдвэрлэгчийн Комирнэти вакцины нөөцтэй байна.
-Иргэдийн IV тунгийн хамрагдалт хэр байгаа вэ?
-IV тунгаар вакцинжуулах талаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалын дагуу III тунд хамрагдсан, гурван сараас дээш хугацаа өнгөрсөн иргэдэд хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 35 мянга гаруй иргэн хамрагдаад байна.
-Цаашид дэгдэлт өсвөл тунг дахин, дахин хийх төлөвлөгөөтэй байгаа юу. Үүнээс болоод хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү. Судалгаа байгаа юу?
-Дэлхий дахинд цар тахал гарч эхэлсэн цагаас эхлэн халдварыг судалж байгаа бөгөөд цаашдаа ч гэсэн өвчний тархалт, халдварлалт зэргээс шалтгаалан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байх болно. Үүний нэг нь өвөрмөц сэргийлэлт буюу вакцин. Вакцин ч мөн судлагдаж ямар хугацаанд хамгаалах, ямар хугацаанд давтан хийж байх талаар дэлхий судалсаар л байна.
Вакцин хийлгэсэнээр хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө гэж байхгүй. Харин вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацаанд хариу урвалууд илэрдэг бөгөөд энэ нь хэсэг хугацааны дараа өөрөө аяндаа арилдаг. Зарим тохиолдолд илэрсэн шинж тэмдгийн эсрэг эмчилгээг эмчийн заавар зөвлөмжийн дагуу хийхэд 2-3 хоногийн дотор хэвийн байдалд ордог.
-Омикрон хувилбарын дэгдэлт их байгаа энэ үед хэрвээ халдвар авсан бол ямар арга хэмжээ авах вэ. Өмнөх ковидын эмчилгээ хэвээрээ юу. Зарим иргэд энгийн томуу шиг учраас ардын, уламжлалт аргаар эмчлэгдэж байна, антибиотик бүү хэрэглэ гэх мэтээр нэг нэгэндээ зөвлөгөө өгч байна л даа. Үүн дээр мэргэжлийн талаас нь юу зөвлөх вэ?
-Омикрон хувилбарын хувьд эмнэлзүйн хэлбэр нь хоёр байдлаас хамаарч байна. Нэгдүгээрт, цоо эрүүл хүмүүсийн хувьд хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Томуу, томуу төст өвчний шинж тэмдгийн хэлбэрээр илэрч байгаа гэсэн үг. Эмчилгээний тухайд ч томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг эм, тариаг хэрэглэхэд хурдан эдгэж байна. Хатгаа болох магадлал нь Дельта хувилбараасаа хамаагүй бага. Хоёрдугаарт, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй бүлэг болох жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай иргэд, архаг хууч өвчтэй хүмүүсийн тухайд хөнгөн гэж хэлж яасан ч болохгүй.
Зарим тохиолдолд хүнд хэлбэрээр өвдөж байна. Энэ тохиолдолд эмнэлзүйн явцаасаа хамаараад антибиотик хэрэглэх үү, эс хэрэглэх үү эсвэл вирусний эсрэг эмчилгээ хийх үү гэдгийг шийдэж байгаа юм. Хүнд, нэн хүнд хэлбэр дээр шаардлагатай тохиолдолд антибиотик заавал хэрэглэхээс өөр аргагүй.
Б.ЭНХ-УЯНГА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )