Тонга улсын нийслэл Нукуалофа хотоос өмнө зүгт 65 км зайд усан дор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уулын дэлбэрэлтийн улмаас олон оронд цунами үүсэх эрсдэл үүсээд байна. Далайн усан доорх галт уулын дэлбэрэлтэд хамгийн түрүүнд Тонга арал улс өртжээ.
Тус улсын нийслэл Нукуалофа дэлбэрсэн галт уулаас өмнө зүгт ердөө 65 км зайтай оршдог. Тонга улсын газар нутгийн дийлэнх хэсэг үнс нурманд дарагдаж, цахилгаан эрчим хүч тасалдаж, утас, интернэтийн сүлжээгүй болжээ. Түүнчлэн Японы баруун өмнөд хэсэгт орших Амами арлын эрэгт 1.2 орчим метр өндөр цунами бүртгэгдсэн тухай NHK телевиз мэдээлжээ.
Цунамигийн улмаас хохирол учирсан талаар мэдээлэл одоогоор алга байна. Японы Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, эдгээр арал гурван метр хүртэлх өндөр давлагаанд цохиулж болзошгүй аж. Үүнээс гадна Японы Номхон далайн эргийн газруудад 30-90 см-ийн өндөр цунами үүсжээ. Энэ удаагийн цунами нь газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигаас ялгаатай, урьдчилан таамаглахад илүү төвөгтэй тул нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх магадлал өндөр байгааг холбогдох албаныхан анхааруулжээ. Японы эрх баригчид бямба гарагийн үдээс хойш орон даяар цунамигийн түгшүүр зарласан.
Түүнчлэн Цунамигийн аюулын улмаас Японы 210 мянга орчим иргэн орон нутгийн эрх баригчдаасаа нүүх заавар авсан тухай "Kyodo" агентлаг мэдээлжээ. Уг заавар нь зүүн хойд Аомори, Иватэ, Мияги, зүүн Чиба, баруун Кочи, мөн баруун өмнөд Миязаки, Кагошима мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад хамаарч байгаа аж. Эдгээр муж нь Номхон далайн эрэгт байрладаг. Байгалийн гамшигт өртөж болзошгүй бүс нутагт буух, хөөрөх дотоодын 27 нислэгийг мөн цуцалжээ. Кочи мужийн боомтуудад усны түвшин огцом нэмэгдсэний улмаас 10 орчим хөлөг онгоц хөмөрчээ. Хөлөг онгоцууд дээр хүмүүс байгаагүй байна. Америкийн Самоа болон Чили улсад мөн түгшүүр зарлажээ. Их давалгааны улмаас Савайн арлын өмнөд хэсгийн тосгоноос 100 гаруй гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын баруун эрэгт байрладаг мужуудад Тонга дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами үүсэх эрсдэл өндөр байгаа аж. Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул сүүлийн олон арван жилийн хугацаанд тогтмол дэлбэрч байсан ч бямба гарагийн дэлбэрэлт маш хүчтэй байсан тул 800 км (500 миль) зайд орших Фижи, 2300 орчимд км-ын хол Шинэ Зеландын оршин суугчдад дэлбэрэлт мэдрэгдсэн байна.
Дэлбэрэлтээс үүдэлтэй үнс нурам далайн түвшнээс дээш 20 км (12 миль) өндөрт цацагдсан байна. Тонга улсын нийслэл 1.2 метрийн өндөр цунамид өртөж, олон мянган барилга, байгууламж сүйджээ. Түүнчлэн галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэйгээр тэнгэрээс чулуу, үнсээр бороо орсон гэнэ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр галт уулын дэлбэрэлт далайн 0 гүнд 5.8 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл үүсгэсэн байна. Хунга Тонга-Хунга Хаапай арал нь Номхон далайн Полинезийн тойрогт оршдог бөгөөд энэхүү газар үргэлж газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог гэнэ. Энэхүү арал нь газар доорх 36 галт уулын нэгэн тогоо юм. Эрдэмтэд Хунга Тонга-Хунга Хаапай арлыг урт удаан хугацаагаар оршин тогтноно хэмээн таамаг дэвшүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Omg. Хэзээний мэдээ вэ!