Дээлэн цаана уламжлал устаж, малгайн дор Монгол бүдгэрэх ёсгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Юуны өмнө энд үндэсний спортоор хичээллэж, дэг жаягаар нь хөгжүүлж байгаа хүмүүсийг хамаатуулаагүй гэдгээ хэлье. Гагцхүү дээлэн цаана, малгайн дор өөрсдийгөө нуусан ашиг сонирхолтой нөхдийг хэлсэн хэрэг. Монголчуудын үндэсний уламжлалт өв соёлыг өнө эртнээс тээж ирсэн үндэсний спортод гамшиг нүүрлээд удлаа. Нүүрлээд буй гамшгийн эх үүсвэрийг сөхөхөөр юуны өмнө хууль эрх зүйн орчин, ашиг сонирхлын зөрчил, тодорхой улстөрчид байна.

Мөн өв тээгчдээс шалтгаалах зүйлс байгааг ч нуухгүй. Үүнд харамсахын шалтгаан нь маш том хэдий ч асуудал нь маш жижиг зүйл. Шалтгаан гэвэл бөх, морь, шагайн харваа нь үндэсний өв соёлыг олон мянганаар тээж, даяаршлын шуурганд Монгол Улс хэмээн харагдуулж байгаа нь маш том үнэт зүйлс. Асуудал бол мэдээж, эрлийз хурлийз, сэргээштэй сэргээшгүй, эрэгтэй эмэгтэй гэсэн маш жижиг асуудал.

Нэгдүгээрт: төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй байна. Үндэсний баяр наадмын тухай хуулиа сайн болгоход л шийдэгдээд явах асуудал.

Хоёрдугаарт: үндэсний спортын салбар хороодод хамаарах улстөрчдийн нөлөөг авч хаях юм. Ерөөсөө бодлого, хуулийг нь гаргаж өгчихөөд төр өөрөө тэндээс хол байх шаардлагатай. Сайн бодлого зохицуулалт дор сайн хуультай байгаад улстөрчдийн нөлөөнөөс хол байвал өв тээгчид жамаараа л наадаж цэнгэх болно.

Гуравдугаарт: үндэсний аль ч спортын талбарт дээл, малгайн цаана өөрсдийгөө нууж, улстөрчдийн нөлөөг үндэсний спортын салбарт хадгалж, өөрийгөө тодруулж явдаг ашиг сонирхолтой нөхдөөсөө салах цаг нь болжээ. 

Өнөөдөр энэ мэт дутагдаж байгаа учраас уралдаж, барилдаж, харваж чадахаа болив. Улстөрчдийн нөлөөн дор салбар хороо, эрх ашгаа булаалдсан хэдэн дээл, малгайн гол л боллоо.

 

САЙН ХУУЛЬТАЙ БОЛЧИХ, ТЭДНИЙ БАРИЛДАХ ЭСЭХ ХЭНД Ч ХАМААГҮЙ

 

Хэрүүл тэмцлийн дуу түмний чихэнд хадаж, аавыгаа дагуулан гоншигносон Н.Батсуурь аваргын арчаагүй дүр нүдэнд нь одоо ч харагдаж байгаа учраас үндэсний бөхөөс эхлэн авч үзье. Эрдэмтэн судлаачдын үзсэнээр 7000-11000 жилийн түүхтэй үндэсний бөх саяхан хүртэл хэрүүл маргаангүй явж ирсэн. Хэрүүл маргааны суурь нь Бөхийн өргөөний дугуй барилгын шавь тавигдахаас эхэлсэн болов уу гэх таамаг байдагтай би санал нийлнэ.

Энэ цагаас эхлэн Монгол бөхийн өргөө тойрсон маргаан мэр сэр гарах болсон хийгээд бөхийн бай шагнал жилээс жилд өндөр аван, начны найраа газар авч ханш ч өссөн. Хамгийн том шалтгаан нь улстөрчид бөхчүүдийг билгэ тэмдэг мэт дагуулж явах төдийгүй санхүүжүүлэх болов. Улстөрчдийн нөлөөтэй нөлөөгүй компани нэр дээрээсээ барилдуулж, цалин цаваг өгдөг болов. Ийм ахуй боломжийн төлөө ид барилдаж байгаа залуус уралдан тэмцэхгүй яах юм. Буруутгах аргагүй. Энэ тэмцлийн эцэст нэгнээ давж гарах гэсэн сэргээшийн асуудалд тулсан. Өнөөдөр дийлэхээ больж байна.

Аймгуудын Бөхийн холбоог бүгдийг нь улстөрчид, тойргоос сонгогдсон гишүүд тэргүүлнэ, тэндээс цолтон төрж, түрүүлбэл олон өрөө байр хаус, үнэтэй машиныг тэдний оролцоотой өгч байна. Тэд өөрсдөө хэдэн зуун сая, тэрбумаар мөнгө өгч начин төрүүлдэг жишиг ч тогтсон бололтой. Ийм халамжид орсон иртэй бяртай залуус байгалиас өгсөн авьяас чадлаа нэмэгдүүлж, бяр чадал адилхан нэгнээ давахын тулд “нэмэлт тэжээл” хэрэглэх болсон нь нууц биш. Үүний дараа улстөрчид тэднийг пиар технологийнхоо нэгэн хэсэг болгож ашигладаг үзэгдэл нь хэвийн зүйл болжээ. Сэргээш нь Э.Оюунболд, Н.Батсуурь нарын хэдэн бөхчүүдийн дундаас гарсан зүйл биш, эртнээс эхтэй гэдэг.

Бөхийн холбоо орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, шинэчлэгдэх хэрэгтэйг харуулах болов. Орчин цагийн техник технологийн дэвшлийг ашиглахаас гадна үүнтэйгээ уялдсан журам шийдвэр ч гаргах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд хангалттай харлаа.

Гэтэл манай хэд “Бөхийн өргөө” гэх дугуй барилгаа л булаалдаад байснаас энэ тал дээр анхаараагүйг удаа дараа харууллаа. Хэдэн жилийн өмнөөс Ц.Магалжав тэргүүтэй нөхөд улстөрч бөхчүүдээ дагуулан Бөхийн холбооны удирдлага руугаа дайраад байв. Тэгэхээр нь цаанаа улстөрчидтэй залуусын баг байхаар нь энэ мэт асуудлаа шийдэхээр тусгай мөрийн хөтөлбөртэйгөө ирсэн байх гэж бодов. Гэтэл тэд ямар ч бодлого, мөрийн хөтөлбөргүй ирсэн нь дугуй барилгын төлөө л улайрсан гэх сэтгэгдэл төрүүлнэ. Дөнгөж өнөөдөр “Сэргээшийн журам” гээчийг гаргаж Засгийн газарт өргөн барина гэдгээ хэлж байгаагаар илэрч байна.

Үндэсний бөх өнөөдөр чамгүй шинжлэх ухааны үндэслэлтэй спортын түвшинд хүрч хөгжсөн учраас өрсөлдөөн улам нарийсна. Бөхийн дэвжээнд эргэлддэг улстөрчдийн мөнгө ч улам ихэснэ. Одоо нэгэнт хөөсөрч гарсан зүй бус зүйлийг тийм ч амар дарчихгүй. Тиймээс төрөөс бодлого гаргаад УИХ нэг сайн хууль баталж, улстөрчдийн нөлөөнөөс хол байлгаж чадвал энэ асуудал аяндаа цэгцэрнэ.

Ганцхан жишээ дурдъя. Н.Батсуурь аваргаас сэргээш илэрсэн учраас Баяр наадмын комиссын бөхийн салбар хорооноос барилдах эрхийг 11 сараар хасаж байв. Энэ шийдвэрийг тухайн үеийн комиссын дарга, Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар гаргасан байдаг. Гэтэл Бөхийн холбооны дүрмэнд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийн барилдах эрхийг 4-8 жил хасна гэж заасантай зөрчилдөж байснаас харахад л сайн хууль хэрэгтэй.

Нөгөө талаар Н.Батсуурь аварга тухайн үеийн Баяр наадмын комиссын дарга Я.Содбаатарын хамаарал бүхий компанийн нэр дээрээс барилддаг гэхээр улстөрч, албан тушаалтнуудын нөлөөг арилгах шаардлага байгааг давхар нотолно. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий. Хамгийн наад зах нь Э.Оюунболд аваргын барилдах эрхийг дүрмийн дагуу найман жилээр хассан байж Н.Батсуурь аваргын эрхийг 11 сараар хасна гэдэг яах аргагүй өндөр албан тушаалтны нөлөө орсон гэдгийг бас бататгана.

Төр бодлого, хуулиа сайн болгочихвол тэдний барилдах эсэх хэнд хамаатай юм. Бүрэн улсын хуулийн дээгүүр ямар ч цуутан алхаж байгаагүй юм. Ингэхээр үндэсний бөхийн талбар Э.Оюунболд нь байна уу, Н.Батсуурь нь байна уу хэнээр ч дутахгүй. Дутаж яваагүй юм.

 

БҮРЭН УЛСЫН ХУУЛИАС “ТОМ” ДҮРЭМТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ

 

Үндэсний баяр наадмын нэгэн тулгуур үнэт зүйл төдийгүй уламжлалт өв соёлыг тээгч бол хурдан морь, түүний уяач. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж хэрэглэсэн төдийгүй уралдаж эхэлсэн гэдэг. Харин энэ цагт ирэхэд удам угшлаас эхлээд бүр шинжлэх ухааны үндэслэлтэй болон хөгжжээ. Аливаа зүйлийн хөгжил хэмжээндээ тулж, хаашаа явахаа мэдэхээ больж шийдэл хайдаг. Хурдан морины хувьд ч шийдлээ хайгаад хэрүүл маргаандаа нэгэнт тулсан.

Мөн улсын наадмаас эрлийз хурлийз хэмээн хасагдах нь энгийн үзэгдэл болж, наадам будилах болсон. Тухайлбал, 2020 оны наадмыг аваад үзэхэд хурдан морьдын 70 орчим хувь нь хасагдаж, Морин спорт, уяачдын холбоонд 400 гаруй гомдол ирсэн байдаг. Энд мөн л төрийн бодлого, сайн хууль шаардлагатай байгаа. Уг нь Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Х.Болорчулуун нарын гишүүд өргөн барьчихаад байгаа ч цар тахал хэмээн хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаа. Маргаан нь аанай л Бөхийн холбоотойгоо бас адил төстэй. Морин спорт, уяачдын холбоо гэж байсаар байхад дундаа хоёр хуваагдсан байдалтай хэдэн жилийн нүүр үзэж буй.

Тэгвэл Төрийн ордонд хууль барин гүйж байгаа гишүүд байхад түүнийг нь Байнгын хорооны хуралдаан дээрээс унагаадаг гишүүд байх жишээтэй. Уяачдын хувьд маргадаг нэг зүйл бий.

Морин спорт уяачдын холбооны VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д 700 гаруй уяачдын 64.3 хувийн саналаар эрлийз морьдыг зөвхөн сэрвээний өндөрөөр нь хэмжиж уралдуулахаар мэргэжлийн спортын холбоо шийдвэрлэсэн аж. Гэтэл олон уяачид үүнийг эсэргүүцэж, баталсан дүрмээ зөрчин морио сойж ирдэг. Тэгэхээр энэ асуудлыг холбооны дүрмээр бус Баяр наадмын тухай хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Монгол Улсын хуулиас “том” Төрийн бус байгууллагны дүрэм гэж байхгүй.

Гэтэл Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн гэх нөхөд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсээр ирсэн. Эдгээр нөхөд болохоор “хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалт нь адууг эрлийз, Монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр намаар нь ялгах санаа агуулсан байна гэж үздэг. Эрлийз адуу ч өнөөдөр гэнэтхэн гарч ирээд уралдаад байгаа зүйл биш. Аль тэртээ жараад оноос эхтэй.

Тухайлбал, цэрэг дайны зориулалтаар Жаргалантын морин зовадыг байгуулж, Оросоос 200 гүү, зургаан азарга авчирсан түүхтэй. Үүний дөрөв, тав, зургаа дахь үеэс олон хурдан адуу төрсний нэг нь “Амгалан төрийн ажнай шарга” байна. Үүнээс гадна “Морин тойруулга”-ын олон цуутай хурдан хүлгүүд эндээс эх үндэстэй гэдгийг уяачид батлан хэлдэг. Энэ бүгдээс харахад Монгол Улс тусгаар хуультай орон бол хуулиа орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс өөр аргагүй.

Сайн хуультай бол уяачид хуулийнхаа дагуу морио сойж, хуулийнхаа дагуу уралдахаар хаана ямар хэрүүл гарах юм. Морин спорт уяачдын холбоо, аймгуудын салбар хороо ч ялгаагүй улстөрчдийн шууд дэмжлэгт орсон нэг Төрийн бус байгууллага.  

 

ШАГАЙЧИД ЭХЛЭЭД БАЯР НААДМЫН ТӨРӨЛД АЛБАН ЁСООР ОРЧИХ

 

Үндэсний баяр наадмын төрөлд орж ирээд чамгүй хугацааг өнгөрөөж байгаа шагайн харваа ч бас асуудалтай болж эхэллээ. Гэхдээ үүнийг Баяр наадмын тухай хуулиар зохицуулж өгөөгүй. Дагалдах дүрэм журмаар баяр наадмын төрөлд оруулсан хэвээрээ байгаа. Гэтэл хуульд ч биеллээ олоогүй байж хэрэлдээд эхэлжээ. Шагайн харвааг Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэж үзэх эрдэмтэд ч байдаг. Чухам хүү Чингис хаан эр цэргүүдээ аян дайнаас ирээд амрах зуурт бодын шагайгаар хасаа хийж, богийн далыг хашлага болгон, богийн шагайгаар харваж наадуулдаг байжээ.

Учир нь тэд наадах зүйлгүй учраас сэлэм жадаар тоглож нэгнээ сүлбэх нь элбэг байсан тухай түүхэнд бий. Ингэхээр шагайн харваа нь 800 гаруй жилийн түүхтэй соёлын өв тээгч мөн. Нөгөө талаар Монголын шагайн харвааг ЮНЕСКО соёлын биет бус өвд бүртгэж авсан гэхээр яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.

Социализмын жилүүдэд шагайн харваа нь лам феодалуудын наадгай хэмээн үзэж, тоглохыг хориглосон байдаг ч өвөг дээдэс маань нууц байдалд уг наадгайн галыг таслалгүй зах зээлийн нийгэмд золгуулсан гэдэг. Харин чөлөөт нийгэмд шилжсэн цагаас хойш шагайн харваа нь эрчимтэй хөгжиж өдгөө бас л хэрүүл маргаан тарих хэмжээнд хүрчээ.

Шагайн харвааны холбоо нь орон нутагт салбар нэгжүүдээ нээн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна, Ази Европын маш олон орнуудад салбар хороодоо нээсэн өргөн хүрээтэй байгууллага. Гэтэл шагайн харвааны наадгайд эмэгтэй хүн оролцох учиргүй хэмээн үзжээ. Үндэсний шагайн харвааг спортын хэмжээнд хөгжүүлж байгаа бол эр, эм гэж ялгах салгах хэрэг байна уу. Их спортын тулааны бүх төрөлд эмэгтэйчүүд өрсөлдөж байна.

Үүнтэй ялгаагүй хөгжүүлээд явахад болохгүй зүйл алга. Ямартай ч Богд хааны үед ордны оёдолчин бүсгүйчүүд шагай харван биеийн чилээ гарган нааддаг байсныг тэмдэглэн үлдээжээ.

Энэхүү маргаан нь Монголын спортын корпорациас “Олон Улсын ШАГА Монголын Холбооны Mongolian Shaga Federation” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулж, үүнд эмэгтэйчүүдийг адил тэнцүү авч үзсэнтэй холбоотой. Харин Монголын шагайн харвааны холбооноос үүнийг буруутган “Эмэгтэй хүн шагай харвадаггүй, ёс жаягийг эвдсэнээр энэ өв устах аюултай” гэж үзжээ.

Олонхийн үзэж байгаагаар бол эсрэгээрээ өв соёлыг дэлгэрүүлэхэд нэмэр тустай гэх аж. Мөн нэг зүйл гэвэл өнөөх л эрх мэдлээ алдах вий гэсэн айдас. Тухайлбал, Шагайн харвааны холбооноос "спортын өв уламжлалыг өөрчлөн, эд хэрэглэлийг ашиглан өөр тэмцээн уралдаан зохиоход холбооноос зөвшөөрөл авч, зөвшилцөх ёстой" хэмээн ярьснаас харахад илхэн байна. Уг нь олон зууны түүхтэй шагайн харваагаар монголчууд өөрсдөө наадахад холбоо гэх нэг улстөрчдийн гар хөл болсон байгууллагаас зөвшөөрөл авах хэрэг байна уу үгүй юу.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.218.138) 2022 оны 01 сарын 19

Төрийн тэргүүн минь энэ бүгдийг нэг цэгцэлж, хэрүүл тэмцэлд цэг тавьж өгөөч.

0  |  0
Зочин(122.201.31.156) 2022 оны 01 сарын 19

дээлний цаана гэх байсан байлгүй

0  |  0
Иргэн(64.119.26.220) 2022 оны 01 сарын 19

Эхлээд холбоод дүрэм журмаа гаргах ёстой . Үүний дараа хууль яригдана. Хууль бүхнийг шийддэггүй.

0  |  0
Top