“Угаартаж үхлээ” гэх бичиг барьсан залууг энэ сарын 13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр мэдүүлэг авсан. АНУ-аас гэр бүлээрээ ирсэн тус иргэн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж буй тул тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн нь ийм үр дүнд хүргэжээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүдэд гэнэтийн шалгалт хийх үеэр нэгэн өрх галаа өрдөхийн тулд ороолт шатаасан зөрчлийг илрүүлж буй бичлэг цахим орчинд тархсан юм. Тухайн иргэний хувьд сайжруулсан шахмал түлш асахгүй удсан тул модгүйн улмаас ороолт шатаасан хэмээн үнэнээ хэлсэн байдаг.
Эрүүл мэндийн төлөө дуугарах иргэн бүрийн үзэл бодолд агаарын бохирдол гэр хорооллоос болсон хэмээн холбогдох яамнаас хариу өгсөн. Гэтэл гэр хорооллын иргэд мод авах боломжгүйн улмаас зориулалтын бус зүйлийг шатааж байгаа юм. Үүнийг Цагдаагийн ерөнхий газар зөрчил хэмээн илрүүлсэн. Хөлдөж үхэхгүйн тулд иргэдэд өөр арга зам байхгүй. Улмаар иргэд сайжруулсан шахмал түлш чийг ихтэй тул асахад хэцүү гэх гомдлыг өгөв.
Ноцох нь удаан сайжруулсан шахмал түлшийн талаарх гомдолд Мэргэжлийн хяналтын газраас стандартын дагуу найрлагатай тул сайжруулсан түлшинд асуудал байхгүй боловч сайжруулсан түлшийн хадгалалтын горим алдсан байх магадлалтай хэмээн тайбар өгсөн байдаг.
Харин "Тавантолгой түлш" компаниас сайжруулсан түлшийг стандартын дагуу хийдэг ба иргэдийн гомдлыг ч хүлээн авч байгаа гэсэн юм. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо/ОББҮХ/-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул “Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааны нөхцөлийг судлахад зөвхөн шахмал түлш хамааралгүй байв. Чанаргүй шатахуун, насжилт өндөртэй авто машинууд утаа их ялгаруулж, агаар бохирдож байгаа” хэмээн мэдэгдэв.
Гэтэл шатахуунтай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газар/АМГТГ/-ын Нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Төмөр “Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд чанаргүй шатахуун борлуулж байна гэдэг нь ташаа ойлголт. Мөн устай холилдсон шатахуун байх боломжгүй” гэсэн юм.
Энэ бол олон жилийн турш хөндөгдөж буй агаарын бохирдол, гамшгийн хэмжээнд хүрсэн утааны эргэн тойронд өрнөж буй дээс томж найзыгаа авардаг шоргоолжны үлгэр шиг нөхцөл байдал юм. Буух эзэнгүй, асуудлаас зайлсхийсэн, хариуцлагыг өөр нэгэнд үүрүүлэх арга. Хэдийн дөрвөн есийн хүйтэн эхэлж буй энэ үед агаарын бохирдол ихэдсэн гол шалтгаан бол гэр хороололд байрлах яндангийн тоо гэдгийг хүн бүрийн “зүрхэнд сийлэх”-ээр албаны хүмүүс хэлж буй. Зөвхөн яндангийн тооноос хамаарч байгаа юу гээд үзвэл бас үгүй.
Гэвч иргэд зориулалтын бус галлагааны зүйлээр галаа өрдөх нь агаарыг бохирдуулж, угаарыг нэмж буй талаар долоо хоног бүр ярьсаар. Гурван сая иргэний гуравны нэг нь ядуу байгаа энэ нийгэмд тэд өөр хэрхэн амьд үлдэх гэж тэмцэх билээ. Ямар сайндаа л Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Уртнасан дрон нисгэж хамгийн их утаа ялгаруулж буй янданг олно гэхэв. Аргаа барсан хүний л үйлдэл. Түүгээр ч зогсохгүй сайжруулсан шахмал түлшний үнэ түүхий нүүрснээс илүү хямд байгаа тул иргэд ихээр түлж байна хэмээх логикийн алдаатай тайлбарыг ч олон нийтэд өгсөн.
Харин өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нартайн хамт албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Хийж буй ажлынхаа талаар мэдээлэл дутмаг бол чөлөөлөгдсөн нь илүү өлзийтэй хэрэг биз. Түүгээр ч зогсохгүй Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болжээ.
Нэгэнт иргэд агаарын бохирдол, агаарын чанартай холбоотой дуу хоолойгоо нэг нэгээрээ илэрхийлсээр буйтай ч холбоотой биз. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг.
Нэг л өдөр бөөндөө угаартаж үхлээ гээд жагсаж ч мэдэх иргэдтэй улс. Иргэдийг тайван байлгахын тулд доод албан тушаалын хүмүүсээрээ “тахил” өргөж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Угтаа бол агаарын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа явдлаа халхалж буйгаас өөрцгүй.
Улаанбаатар хот агаарын чанарын индексээр дэлхийд 12-т эрэмбэлэгддэг. Сайн талаар биш нь ойлгомжтой. Манай хотын агаар дахь ширхэгт тоосонцрын хоногийн хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байдаг. Агаарын чанар цаг ямагт эрүүл бус түвшинд байсаар ирсэн. Одоо ч тэр л хэмжээнд байгаа.
Нийслэлийн агаарын чанар өнгөрсөн долоо хоногийн пүрэв болон баасан гарагт бохирдол багатай байгаад зогсохгүй агаар бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байсан талаар ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлсэн юм. Гол шалтгаан нь салхи. Салхи секундэд дөрвөн метр хүрсэн нь агаар бохирдуулагч бодисын хэмжээг сийрэг байлгаж буй гол хүчин зүйл аж. Гэвч агаарын бохирдол багатай байсан гэдэг нь хязгаарлагдмал ойлголт юм. Хараад дүгнэж хэлсэн үү, бусдын сонсохыг хүссэн зүйлийг хэлсэн үү гэдгийг таашгүй.
Ямартай ч дэлхийн агаарын чанарын мэдээнд манай хотын агаарын чанарын индекс өчигдрийн байдлаар 154 байв. Харин баасан гарагт бохирдол багатай хэмээн ярьж байсан ч агаарын чанарын индекс 152 байсан юм. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэвэл агаарын чанар иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө хүндээр илэрнэ гэсэн үг. Хэдийн сөрөг нөлөө нь илрээд ч удаж байгаа. Зөвхөн цар тахалд анхаарал хандуулж буй энэ цаг үед бусад өвчнийг нүдээ анин өнгөрөөсөөр байна.
Улаанбаатар хотод зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29 хувь, уушгины хорт хавдрын улмаас нас барсан тохиолдлын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байдаг аж. Ингээд үзэхээр нийт нас баралтын 10 хувьд агаарын бохирдол нөлөөлж байгаа гэх тоо баримтууд ар араасаа цувсаар.
Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор амьсгалын замыг гэмтээдэг бол нарийн ширхэгт тоосонцор уушгины цулцанд байрлаж, зүрх судас, амьсгалын замын өвчлөлийг үүсгэдэг байна. Агаарын бохирдол, чанарт ямар нэгэн гарц, шийдэл олохгүй бол шийдвэр гаргасан нэрийн дор хүн бүр чимээгүй үхэлд ойртсоор байх нь дээ.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
УТААГҮЙ ТҮЛШ ГЭЖ ЭРГҮҮТЭЖ БАЙХААР ЦАХИЛГААН ХАЛААЛТ, ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР АСУУДЛАА ШИЙДМЭЭР БНА. БИД 21 -Р ЗУУНД АМЬДАРЧ БНА ШҮҮ ДЭЭ
УТААГҮЙ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА НӨХӨД БОЛОХ ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНЫХАНД ӨНДӨР ХАРИУЦЛАГА ТООЦМООР БНА\n
НҮҮРС ХИМИЙН ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕРИЙН ХУВЬД ЗӨВЛӨГӨӨ ӨГЬЕ ӨӨ. \nТАВАНТОЛГОЙН НҮҮРС НЬ ХОРТ ЭЛЕМЭНТ ХҮХРИЙН АГУУЛГААРАА БАГАНУУР НАЛАЙХ ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ ХҮХРЭЭС ДАРУЙ 4-5 ДАХИН ИХ УЧИР АХУЙН ХЭРЭГЛЭЭ УУРЫН ЗУУХАНД ШУУД ТҮЛЖ БОЛОХГҮЙ БАЯЖУУЛАН ХҮХРЭЭС АНГИЖРУУЛЖ БАЙЖ ТҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ ДЭЭ. ҮМХИЙ ҮНЭР ГАРААД БАЙНА ГЭДЭГ НЬ ХОРТ ХИЙХҮХРИЙН ҮНЭР ШҮҮ ДЭЭ. ХҮХЭР НЬ АГААРЫН ЧИЙГТЭЙ ШУУД НЭГДЭЖ ХҮХРИЙН ДАВХАР ИСЭЛ ЦААШЛААД УРВАЛЖ ОРЖ ХҮХРИЙН ХҮЧИЛ ҮҮСГЭДЭГ ЮМ АА. ҮҮССЭН ХҮХРИЙН ХҮЧИЛ НЬ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА УУРЫН ЗУУХНЫ ЭД АНГИ, ГЭРИЙН ЗУУХ ЯНДАНГ ИСЭЛДҮҮЛЭН ЗЭВРҮҮЛЖ ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРГАХ АЮУЛТАЙ БАЙТ
Zundui Manjiljav\nӨнгөрсөн 44 жилийн хугацаанд БАГАНУУРЫН НҮҮРСЙИГ ТҮЛЛЭЭ ГЭЭД НЭГ Ч ХҮН УГААРТАЖ НАС БАРААГҮЙ ЮМ ШҮҮ
Bid oorsdoo buruutai .garaad bugd orij chadahgui bn shdee.edniig bugdiig zailuuj chadahgui amidaaraa uhej bn daa
Ирэх жилээс Улаанбаатарын дулаан цахилгааны асуудал ихээхэн хурцадмал байдалд орно шүү. Эртхэн Эрдэнэт шилжье дээ. Ирэх жил УБ ХӨЛДӨНӨ