Хөгжлийн банк чанаргүй зээлийн эздээ зарла!!!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Улс орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банк өнөөдөр 11 жилийнхээ түүхийг бичжээ. Ингэхдээ ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байх эрх зүйн орчинд тооноо өргөж, ханаа шийрлэсэн айл юм. Тэгэхээр энэ айл эхний 10 жилийнхээ түүхийг хэрхэн бичиж үлдээв гэхээр бараан сүүдэр дайрч өнгөрөхөөс гэрэл гэгээ тусах нь тун ховор. Тэр ч байтугай банк санхүүгийн салбарынхны үзэж байгаагаар өнөөдөр дампуурлаа зарлах хэмжээнд нэгэнт хүрчихсэн гэдгийг хэлсэн.

Монгол Улсыг хөгжүүлэх том зорилготой байгуулагдсан банк дампуурлаа зарлахдаа тулсанд ямар хүчин зүйл нөлөөлөв гэх асуудал зүй ёсоор урган гарна. Мэдээжийн хэрэг өндөр дээдэс эрх мэдлээ урвуулан, Хөгжлийн банкийг өөрийн хэтэвч мэт ашигласанд оршиж байгааг нуух хэрэггүй.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээлийн 53 хувь нь чанаргүй буюу муу зээлийн ангилалд багтжээ. Улс оронд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх учиртай банк өнөөдөр ийм байдалтай суугаа нь үе үеийн эрх баригчдын буруу. Өөрийн толгойгүй мэт ихэс дээдсийн өмнө бөхөлзөж суудаг үе үеийн удирдлагуудын ч буруу.  

Нөгөө талаар аливаа зүйлийн мэдээлэл далд, үйлдэл нь хуудуутай байхаар эцэст нь ийм байдалд хүрдэг жамтай. Хэрвээ ил тод нээлттэй ажилласан бол нийт зээлийн тал илүү хувийг чанаргүй ангилалд багтаачихсан суухгүй нь лавтай. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Хөгжлийн банк нь олон нийтэд мэдээлэлтэй ил тод ажиллах хэрэгтэйгээс гадна чанаргүй зээлдэгчдийг нийтэд зарлах шаардлага байна.

Ийн хэлэх шалтгаан нь шинэ тутам удирдлагууд улс орныг хөгжүүлэх том зорилготой банкийг татаж, хөл дээр нь босгох гэж байгаа мэдээлэл бий. Тэд далд байсан мэдээллийг нийтэд дэлгэх тухай байр сууриа илэрхийлсэн гэх сураг байгаа нь татаж босгох зорилготой байж болох юм. Итгэж байгаа бус найдлага л төрж байгаа хэрэг. Яагаад гэхээр Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн 100-120 их наядын хөтөлбөр аль эрт танилцуулсан шүү дээ. Үүнийг санхүүжүүлэгч нь Хөгжлийн банк биз дээ. Ингэхээр аль ч талаасаа магадлал байна.

Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас зээлдэгчдийн “Топ-5” аж ахуйн нэгжийг зарласан зэрэг эрх биш гэрэл гэгээ тусгаж байгаа юм. Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний мөнгө зээлээд олон жил болж байгаа “Эрэл”, “Монгол Драй Милк”, “Капитал”, “Хөтөл”, “Кью Эс Си” гэсэн компаниуд чанаргүй зээлдэгчдийг тэргүүлж байна. Тэдний авсан зээлийн нийт дүн 530 тэрбум төгрөг болжээ. Эдгээрээс “Кью Эс Си” компани 192 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд олон жилийн турш Хөгжлийн банктай шүүхийн шатанд маргаж, эцэст нь Дээд шүүхээс тус компанийг 192 тэрбум төгрөгийг зээлээ төлөх шийдвэр гаргасан. Тус банкны түүх 10 орчим жилээр хэмжигдэх ч завхарсан үйл ажиллагаа нь хэдэн арван жилээр хэмжигдэхээр арвин учраас зарим зүйлийг тодруулах хэрэг гарна. Нөгөө талаар дампуурлаа зарлахад чухам юу нөлөөлөв гэдгийг дурдах хэрэгтэй.

Уг нь стандартын дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тухайлбал, Хөгжлийн банк нь БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг 2011 оны наймдугаар сарын 30-нд байгуулж, хамтрагчид таван мэргэжилтнээ өөрийн зардлаар илгээж байжээ. Тиймээс банкны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилсон байдаг. Ийнхүү анх удаа 2011 оны арван нэгдүгээр сарын 30-д 20.0 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр, 2012 оны гуравдугаар сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргажээ.

Монгол Улсын хөгжлийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан банкны үйл ажиллагаа тун удалгүй доголдож ирсэн. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн, одоо алзахгүй хэмээн үзэж, 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгостой байгуулсан гэрээг цуцлав. Учир нь тухайн үеийн эрх баригчид Хөгжлийн банкийг хэтэвчээ болгох гэхээр солонгосчууд хэтэрхий номын загнаж, саад болсон учраас ийнхүү “хөөж туусан” гэдэг.

Энэхүү гэрээг цуцлан, өнөөх алдарт “Чингис” бондоо босгоод авснаар банкны дампуурал эхэлсэн байна. Учир нь тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бөөлж байж авчирсан 1.5 тэрбум доллароо юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо боловсруулаагүй учраас самарч эхэлсэн.

Хэн дуртай нь “Чингис” бондын мөнгөнд гар дүрж байснаас тодорхой бүтээн байгуулалт томоохон төсөлд ч энэ мөнгө орсонгүй. Н.Алтанхуяг хэдэн эвдэрхий зам ярихаас цааш юу ч байхгүйг өнөөдрийн нөхцөл байдал харуулна. Тиймээс “Чингис” бондын хүүнд сар бүр зургаан сая ам.доллар дэмий төлж, олон сар болсон гэх баримт ч байгаа. Ийнхүү Хөгжлийн банк тойрсон дампуурал, эх замбараагүй ажил өрнөж эхэлсэн гэдгийг бултаараа мэдэх биз ээ. Н.Алтанхуягийн үед ажиллаж байсан эрхмүүд бүгд л энэ банкнаас хишиг хүртэж эцэст нь бүгдээрээ л шүүхийн хаалга татсан даа.

Хөгжлийн банкны тухайн үеийн захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын олон хүн шүүхийн хаалга татсан. Гэхдээ тэдний ихэнх нь ямар нэгэн тохирох ял зэмгүй завшиж үлдсэн гэдгийг зориуд дурдах учиртай. Ийнхүү Н.Алтанхуяг нар Хөгжлийн банкийг тонож дээрэмдээд ёроолдож арай болоогүй байхад Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдав даа. Шинэхэн Ерөнхий сайд Эдийн засгийн яамыг татан буулгаад оронд нь Аж Үйлдвэрийн яамыг Д.Эрдэнэбат сайдтайгаар байгуулав. Өдгөө сүүл хавчин зугтаад байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг авахаас эхлээд алдарт Дубайн гэрээ гээд олон цуутай ажиллагааг хүн бүхэн мэднэ.

Тэгвэл өдгөө Хөгжлийн банкнаас хамгийн өндөр зээл авсан “Топ-5” компани дунд байгаа “Хөтөл”, “Кью Эс Си” компани нь Худалдаа хөгжлийн банк буюу “49 хувийнхан”-ы хамааралтай гэдгийг мартаж болохгүй. Эндээс харахад тус хоёр компани нь ямар нэгэн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах зээл авсангүй. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг авах санхүүжилтийг босголцсон гэдэг нь тодорхой болж байна.

Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нар энэ хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эцэст нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэх замаар албан тушаалаа урвуулан ашигласан Хотын дарга асан Э.Бат-Үүл хоригдож байгаа.  Энд зөвхөн АН засаглах үед чанаргүй зээл гаргаад байсан гээгүй юм шүү.

МАН ч Хөгжлийн банкны санд гар дүрсэн зүйл цөөнгүй бий. Дээрх “Топ-5” компани шиг олон зуун тэрбумаар нь зээл хуй тавиагүй ч санд гар дүрсэн тохиолдол бишгүй бий. Тухайлбал, МАН талаас хамгийн өндөр зээлдэгч нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк өдгөө чанаргүй зээлийн “Топ-5”-д багтаад байгаа. “Монполимет”-ын Д.Гарамжав гээд дурдвал АН-аас нэг их дутахгүй. Чухам зээлээ төлсөн төлөөгүй эсэхийг мэдэх юм алга.

Тус банк нь олон нийтэд “нууцын зэрэглэл”-тэй юм шиг ажилладаг учраас мэдээлэл нь ил байна гэж үгүй. Харин энд 2020 оны сүүлийн улирлын зарим нэг мэдээлэл байгаагаас шүүрдэе. Худалдаа хөгжлийн банк 2020 оны сүүлчийн улирлын байдлаар 4.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байж. Гэвч нийт хөрөнгийн 77 хувь нь зээл, зээлийн тэн хагас нь чанаргүй байсныг дурджээ. Уг нь Монголбанкны журмаар чанаргүй зээлийн эрсдэлийн санд 1.3 их наяд төгрөг байршуулах ёстой ч зөвхөн 477 тэрбум төгрөгийг хуримтлуулсан байна.

Чанаргүй зээлийн эрсдлийн санд дутуу байгаа мөнгийг өдгөө ч шүүхийн шатанд маргаж байгаа өнөөх “Топ-5” аж ахуйн нэгжийн 530 тэрбум төгрөг багтана. Үүнээс гадна ТОСК ТӨҮГ-ын 204, “Бэрэн” группын 54 тэрбум төгрөг гээд маш урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2022 оны 01 сарын 20

Энд ждүчдийн хамаатан садан тэр чигээрээ байгаа л даа. Тэгэхээр зарлах боломжгүй гэсэн үг. Учир нь одоо тэд төрийг эзэгнэнхэн төрж байгаа шүү дээ.

0  |  0
Зочин(66.181.181.64) 2022 оны 01 сарын 20

Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, М.Энхболд мэт хонгилынхон Хөгжлийн банкийг тоносон доо. Тэдний хувийн банк, хөрөнгийг битүүмжилж, дансыг нь хааж өрөө төлүүл. Мөн тэдний луйвардсан Дархан төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхай, Хөтөлийн цемент шохой зэргийг буцаан авах хэрэгтэй.

0  |  0
Top