Монгол Улсын хэмжээнд цус ойртолтод өртөөгүй аймаг үлдээгүй гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн чихэнд хүрсэн. Төрөл садан байж болзошгүй хүмүүсийг гаднаас нь хараад эсвэл цусны шинжилгээ хийгээд цус ойртсон эсэхийг мэдэх боломжгүй. Харин өөрөөс дээш есөн үеийг эцэг болон эхийн аль аль талаас нь бүрэн мэдэж байвал цус ойртолтод өртөх аюулгүй гэж үздэг. Тиймээс орчин цагт газар нутгаа сэлгэн суурьших, холоос хань ижлээ хайхаас гадна угийн бичгээ өрх бүр хөтлөх, үр хойчдоо өвлүүлэх шаардлага үүссэн. Технологийн дэвшил, амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор угийн бичгээ цахимаар хөтлөх боломжтой болжээ. Ингээд цахим угийн бичиг хөтлөх системийн үүсгэн байгуулагч Т.Батхуягтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Угийн бичгийг цахимаар хөтлөх системийг хөгжүүлэх санаа хэзээ төрөв. Үүнд юу нөлөөлсөн бэ?
-Анх 2013 онд ТББ-уудтай хамтран хөдөө орон нутгаар төсөл хэрэгжүүлэх гэж явахад угийн бичиг хөтлөх сэдэл төрсөн. Цаашлаад ах дүү нараа бүгдийг нь цуглуулж уулзъя гэхээр тогтсон платформ байхгүй учир цахим угийн бичгийг хөтөлж эхлэхээр шийдсэн. Эхэндээ зөвхөн өөртөө зориулж хийж байгаад найздаа үзүүлтэл чи ганцаараа амиа хичээж болохгүй, Монголд өөрсдийн угийн бичгийг хөтлөх сонирхолтой өчнөөн хүн байгаа тиймээс чи наадахаа цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн.
Үнэхээр л найзын минь хэлсэн зөв байсан. Хичээл заадаг оюутнуудаас маань хүртэл цахимаар угийн бичиг хөтлөх талаар ихээхэн сонирхох болсон. Шавь нартаа хийж буй системээ сонирхуулж харуулахад 30 оюутнаас нэг ч оюутан угийн бичгээ хөтөлдөггүй нь эмзэглэл төрүүлсэн. Тиймээс угийн бичгийг хөтлөх ажлыг улам дэлгэрүүлж хөгжүүлэхээр шамдсан даа.
-Системийнхээ бүтцийн талаар тайлбарлаач?
-Энэхүү системийг би ганц өөрөө бус шавь нар, ажилчид гэх мэт олон хүний тусламжтайгаар кодыг нь бичиж, сайжруулж хэрэглээнд нэвтрүүлсэн. Мөн оюуны өмчөөр баталгаажсан. Системийн бүтэц маш энгийн бөгөөд зураглалуудаар бүтээлээ. Үүнд угийн модыг хэвтээ, босоо, дугуй буюу гэр гэх мэт хэлбэрээр хийх нь илүү зохимжтой гэж үзсэн юм. Програмчлалын хувьд олон хэрэглүүр ашиглан угийн модыг хийх хамгийн тохиромжтой аргыг олоход судалгаа маш их хийж, хамгийн их анхаарал татсаныг нь хэрэглэсэн.
Хүн нэгэнтээ л төрсөн бол хаа нэгтээ амьдарч бас нас барна. Тийм учраас тухайн хүний амьдарч байсан байршил, нас барсан газар зэргийг тэмдэглэх талбар нэмсэн. Ингэснээр тав, 10 магадгүй түүнээс олон жилийн дараа тухайн хүний оршуулга, чандар хаана байгааг ах дүү, хамаатан, үр хүүхэд нь мэдэх боломжтой болно.
Цаасан угийн бичгийг бодвол цахим орчинд байршиж байгаа гэсэн утгаараа ураг удмын хүнийхээ ажил, төрсөн газар, намтар, гар утас гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг хадгалж үлдээх боломжтойгоороо давуу талтай.
Мөн эрүүл мэндийн хэсгийг бөглөснөөр өөрийн ураг удамд зонхилон илрэх өвчлөлийг харснаар ямар төрлийн өвчнөөр хэдэн хүн өвдсөн талаар мэдэж авч цаашид юун дээр анхаарах ёстойг ойлгоно. Цаашлаад хэдэн хүн нь аль гадаад хэлийг хэр зэрэг эзэмшсэн, ял шийтгэл болон гавьяа шагнал хүртсэн хүн хэд байгааг нарийвчлан харж болно. Үүнийг хөтөлснөөр эцсийн үр дүнд нь статистик мэдээлэл болж багцлагдах учиртай юм. Бүх мэдээллийг нэгтгэснээр угийн бичгийн тайлал үүснэ.
Үүн дотор ураг удмынхны маань хэд нь эмэгтэй, эрэгтэй вэ ганц бие болон гэрлэсэн нь хэд вэ гэх мэт олон үзүүлэлт багтсан. Мөн нас барсан хүмүүсийн хэдэн хувь нь өвчнөөр ахиад хэд нь осол гэмтлийн улмаас өөд болсон мэдээлэл ч орно. Үүнээс дүгнээд манай ураг удмынханд элэгний өвчлөл хамгийн их байж хэмээн ойлгож цаашид өвчнөөс сэргийлж, өөрийгөө хамгаалах сэдэл төрж болно.
Удмын модонд хамаарах хүмүүсийн гэрлэлтийн байдлыг бүрэн бөглөснөөр манай удмынхан аль аймгийн, ямар яс үндэстэй хүнтэй түлхүү гэрлэсэн байна гэдгийг мэдэж авна. Үүний дүнд өөр холын аймаг, ураг удмаас хань ижлээ сонгох хэрэгтэйг ойлгоно. Энэ бүх үзүүлэлтүүд статистик тоогоор гарах учир нэгтгэсэн дүн нь хялбар харагддаг. Угийн бичгийг цахим хэлбэрээр хөтлөх нь цаасан дээр бичсэнээс хэд дахин найдвартай мөн илүү олон мэдээллийг нэг дор нэгтгэн хадгалах боломжийг үүсгэдэг. Компьютерт суулгадаг CD хэлбэрийн угийн бичиг нь тухайн хэрэглэж буй төхөөрөмж эвдрэх, алга болох мөн вирустэх гэх мэт эрсдэлтэй. Тиймээс орчин цагт цахим орчинд үүсгэсэн угийн бичигт бүртгэлээ үүсгэх нь хамгийн аюулгүй арга болсон.
-Угийн бичгийг хөтлөхөд эцэг, эх хоёр талын удмыг зэрэг хөтлөх боломжтой юу?
-Системд ураг удамдаа хамаарах бүх хүний мэдээллийг бүрэн оруулж, цэгцэлсний дараа дээрээс нь доош чиглэсэн мод хэлбэрээр хүн болгоны намтрыг ном болгон үзүүлдэг. Үүнийг файл хэлбэрээр хадгалснаар өөрийн бусад цахим хаяг, хэрэгсэлдээ хадгалах боломжтой юм. Мөн манай системд угийн бичгээ хөтлөхөд заавал өөрөөс дээш есөн үе байхад хангалттай гэсэн шаардлага байхгүй. Есөн үеэ мэдэж байгаа тохиолдолд ахиад дээшээ мэдэх бүх үеэ мод болгон бөглөх боломжтой. Хүн эцэг эхийнхээ аль аль талын есөн үеийг мэдэж байх учиртай.
Иймээс системд хоёр тусдаа мод үүсгэн салбар бүрд нь эцгийн болон эхийн талын хүмүүсээ бичсэнээр таны угийн бичиг бэлэн болно. Нэг хүн нэг угийн бичгийг хөтөлнө гэсэн зарчмаар систем бүтсэн учир аюулгүй байдалд санаа зоволтгүй. Хүний ураг удмын талаарх мэдээлэл хэн ч халдашгүй эрхэм нандин, чухал зүйл учир 10, 20 цаашлаад 100 жил ч хадгалагдах боломжтой. Системд анх удаа бүртгүүлж буй хэрэглэгчдэд дэлгэрэнгүй зааварчилгаатай цахим шуудан очно. Нэмээд мэдэхгүй зүйл гарвал фэйсбүүк хуудас, цахим шуудан, холбогдох утас зэргээр дамжуулан тодруулж болно. Мөн интернэтэд байршуулсан бичлэг үзсэнээр илүү сайн ойлголттой болно.
-Цахим угийн бичиг анх хэзээ нийтэд нээлттэй болж эхлэв. Одоогоор хэд орчим хэрэглэгчтэй болсон бэ?
-Угийн бичиг хөтлөх системийг, 2021 оны нэгдүгээр сард системээ эцсийн байдлаар бэлэн болгосон учир одоогоор тийм ч олон хэрэглэгч байхгүй. Хүүхэд залуусын дунд настай хүмүүс л угийн бичгийг хөтлөх ёстой гэсэн ойлголт бий. Харин ч аль болох залуус цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд, эх орноо хөгжүүлэхийн тулд өөрийн ураг төрлөө мэдэх хэрэгтэй болсон. Өдөр тутмын хэрэглээнд орох боломжтой интернэт хувилбараар угийн бичиг хөтлөх систем хөгжүүлсэн байхад энэхүү асуудлыг хуучирсан сэдэв, УИХ-ын гишүүдийн л жилдээ нэг ярьдаг яриа гэж ойлгож болохгүй.
-Цаашид илүү олон хэрэглэгч татахын тулд, бүх нийтийн хэрэглээнд оруулахын тулд юуг хийхээр зорьж байна вэ?
-Оюутнууддаа хичээлийн бус цагаар системийнхээ талаар танилцуулахад их сонирхож, өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Хүүхэд залуус энэ зүйлийг сайнаар хүлээж авч сонирхдог ч юунаас эхлэх, яаж хөтлөх мэдээлэл хомс байдаг. Иймээс ирэх жил гэхэд гар утсанд зориулсан аппликейшн зохиож илүү хялбар аргаар олон хүн угийн бичгээ хүссэн газраасаа хөтлөх боломжтой болгохоор зорьж байна. Мөн утсаар холбогдож санал сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсийн хэлсэн зүйлсийг нэмж системээ сайжруулна. Гар утсан дээрх хувилбартай холбоотойгоор хөдөө орон нутагт очиж биечлэн зааж таниулах шаардлага мөн гарч байгаа.
-Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол системийг ашиглахад төлбөртэй эсэх. Тийм бол хэр хугацаанд хүчинтэй байх вэ?
-Мэдээж цахим угийн бичгийг хөтлөхөд тодорхой хэмжээний төлбөртэй. Нэг жилийн хугацаанд ашиглах эрх 40 мянган төгрөг байдаг. Мөн угийн бичгийг таван хүнд санал болгон урьж, тухайн хүмүүс бүртгэл үүсгэн төлбөрөө төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх болон урамшууллын оноо авах боломж үүснэ. Системийг олон хүн хэрэглэхэд тусалснаар урамшууллын оноогоороо та системийг үнэгүй хэрэглэх ч нөхцөл үүсэх юм. 400 мянган төгрөг төлөөд насан туршдаа цахим угийн бичгээ хөтлөх боломжтой.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Өө ашгүй ашгүй одоо л хужаагын эрлийзүүд баригдахнээ тэгвэл. Худлаа монгол нэр шаацан хужаа нарыг дээшээ 3н үе бичүүлэхэд л шар мөрний зүг чиглээд явчина хаха.