Нийлүүлэлт нэмэгдэж, зэсийн үнэ буурах төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Зэсийн үнэ 2021 онд нэг тонн нь 10.476 ам. доллар болж дээд амжилт тогтоосон билээ. Дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч Хятадын эдийн засаг сэргэснээс гадна Чили, Перу дахь олборлолтын тасалдал, Байдены засаг захиргааны танилцуулсан дэд бүтцийн төлөвлөгөө нь  ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой металлын ханшийг ийнхүү өсөхөд хамгийн их нөлөөлсөн. “Goldman Sachs” өнгөрсөн тавдугаар сарын тайландаа зэсийг  "шинэ тос" гэж нэрийдэж байв. 

 

ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

Хятад улс жил бүр бараг 14 сая тонн зэс хэрэглэдэг нь дэлхийн бусад орнуудыг нийлүүлснээс ч илүү их юм. Гэвч БНХАУ  өнгөрсөн жил дотоодын  хаягдлаа оруулаад ердөө хоёр сая тонныг олборлосон бөгөөд тус улсын зэсийн олборлолт олон жилийн турш зогсонги байдалтай байгаа билээ.

“Wood Mackenzie”-гийн  Зэсийн зах зээлийн судалгааны захирал Ник Пикенс LME форум дээр тавьсан илтгэлдээ “Африк тэргүүтэй дэлхийн  бусад улс орнуудад Хятадын эзэмшиж буй 30 орчим уурхайн импортын зэсийн баяжмал тус улсын хэрэгцээний 40 хувийг хангаж байгаа бөгөөд импорт жил бүр шинэ дээд амжилт тогтоосноор сүүлийн 10 жилийн хугацаанд энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. 2010 оноос хойш Хятад улс дэлхийн уул уурхайн төслүүдэд шууд хөрөнгө оруулалт хийж, гадаад дахь зэсийн компани, хувьцааг  худалдан авахад 16 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан. БНХАУ-ын “China Moly” 2016 онд Фрипортоос Тэнке Фунгуруме уурхайг 2.65 тэрбум ам.доллароор худалдан авсан, Зижин Майнинг Айвенхоу Майнзтай хамтарсан компани байгуулж Конго дахь Камоа-Какула уурхайд хувь эзэмшиж эхэлсэн нь БНХАУ-ын зэсийн уурхайнуудад ихээхэн ач холбогдол өгч буйн томоохон жишээ” гэдгийг онцолжээ.

 

ЭНЭ ОНД ЗЭСИЙН ХАНШ ЯМАР БАЙХ ВЭ

 

Нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар энэ онд зэсийн үнэ буурах төлөвтэй байна. Хятад дахь эрэлтийн өсөлт удааширч, Перу дахь “Anglo American” компанийн “Quellaveco” уурхайны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт шар металлын  үнийг тогтвортой байлгах төлөвтэй байна. “Refinitiv”-гийн үндсэн металлын ахлах шинжээч Карен Нортон "Зэсийн урт хугацааны хэтийн төлөв өсөх хандлагатай хэвээр байгаа ч зах зээл өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ  жил харьцангуй зогсонги байдалд орох төлөвтэй байна" гэжээ.

“Goldman Sachs”-ийн тооцоолж буйгаар зэсийн нийлүүлэлт энэ онд 3.9 хувиар нэмэгдэж, бараг 22 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн  Олон улсын зэсийн судалгааны групп боловсруулсан зах зээл 328 мянган тоннын илүүдэлтэй байх төлөвтэй байгаа тухай тайландаа мөн онцолсон байна.

“Bank of America”-ийн шинжээчид “Энэ онд эрэлт тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд зөвхөн 2023 оноос  ашигтай байх хандлага ажиглагдаж байна. Энэ онд зэсийн  үнэ дунджаар 9813 ам.доллар, 2023 онд нэг тонн нь 8375 ам.доллар болно гэж таамаглаж байна. Нүүрстөрөгчгүйжүүлэх хүчин чармайлтаас үүдэн зэсийн эрэлт нэмэгдэж, энэ онд 25 сая тоннын нөөцтэй шар металлын  зах зээлийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин эзэлнэ” гэсэн таамаг дэвшүүлжээ.

Эрчим хүчний шилжилтийн үеийн зэсийн нийт хэрэгцээ өнгөрсөн онд 1.8 сая тонн байсан бол 2025 он гэхэд гурван сая гаруй тоннд хүрнэ гэж “JPMorgan” таамаглаж байна. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар энэ онд зэсийн үнэ 9500-8800 болж буурах төлөвтэй боловч түүнээс цааш ханш өсөх хандлагатай гэнэ. Манай улс зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ч баяжмалаа энэ үнээс дөрөв дахин бага үнээр экспортлодог. Гэсэн хэдий ч зэсийн эрэлт улам өсөх нь манай улсын хувьд сайн мэдээ.

Монгол Улс 2021 оны эхний арван нэгэн сарын байдлаар 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолж 2.8 тэрбум ам.долларын ашиг олжээ. Тэгвэл Засгийн газраас энэ онд зэсийн спот үнэ дунджаар 8.916 ам.доллар гэж тооцоолж тэнцвэржүүлсэн үнээс 41.4 орчим хувиар их байх төсөөлөл гаргажээ. Мөн зэсийн орлогоос  381.3 тэрбум төгрөгийг төсвийн тогтворжуулалтын санд хуваарилахаар тооцжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top