УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийлээ. Уг хурлаар цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар доорх үүргийг өглөө.
Үүнд:
- Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг вакцины нэмэлт 3,4-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, зорилтот бүлгийн хүн амын 3-р тунгийн хамрагдалт 50%-д хүрээгүй аймгууд болох Дундговь 42.3%, Хөвсгөл 45%, Говьсүмбэр 47%, Өвөрхангай 48.4%, Говь-Алтай 49,6% аймгууд анхаарч ажиллах. Бусад аймгууд улам идэвхижүүлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх.
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, орны бэлэн байдлыг хангаж, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулалтыг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлтэд онцгой анхаарч ажиллах, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах;
- Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, Омикрон хувилбарын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэх;
- Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цахимаар тэмдэглэх талаар уриалга гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх;
- Иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, УОК болон ЭМЯ-аас гарч буй тушаал, шийдвэр, албан даалгавар, зөвлөмжийн хүрээнд санамж, зөвлөмж, постер болон мэдээ, мэдээллийг бэлтгэн тухай бүрт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх;
- Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Гамшгийн хор уршгыг арилгахад холбогдон гарсан зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, уг асуудалтай холбоотой хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Сумын засаг дарга нараас гамшгийн хор уршиг арилгах зардал гаргуулах асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс албан бичиг, хүсэлт байнга ирүүлж байна. Аймгийн хэмжээнд батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх боломж, гарцууд бий. Өнгөрсөн онд цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд хөрөнгө, мөнгийг зарцуулсан учир хүндрэлтэй байсныг ойлгож байна. Төсвийн жил шинээр эхэлж байгаа тул холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангаж, шат шатны хяналтаар орсны дараа УОК, Засгийн газарт аймгийн Засаг даргаар дамжуулж ирүүлэх шаардлагыг хангаж ажиллах,
- Гамшгийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд аливаа хязгаарлалт, хорио тогтоох асуудлыг УОК-той зайлшгүй зөвшилцөж урьдчилан мэдэгдэж байж шийдвэрлэх. Тухайн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгөхдөө анхаарах. Засгийн газар, УОК-ын бодлого, байр суурьтай зөрчилдсөн мэт ойлголт төрүүлж, нийтэд бухимдал, талцал үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )