Их Британийн хатан хаан II Элизабетын үеэл, 30 настайдаа хорвоог орхисон ханхүүгийн түүхийг мэдэх хүн ховор.
Их Британийн одоогийн ханхүү Уильямд өөр нэгэн ханхүүгийн нэрийг өгсөн гэдгийг мэддэг хүн ч ховор. 1960-аад онд британичуудын хайртай хүн бол хатан хаан II Элизабетын үеэл Глосестерийн ханхүү Уильям байв. Тэр олон бүсгүйн зүрх сэтгэлийг булааж, хайр сэтгэлээрээ гэрлэхээр бэлтгэж байжээ. Гэвч тэр 30 настайдаа эмгэнэлтэйгээр амиа алдсан юм. Түүний түүхийг өгүүлье.
Их британийн хатан хааны гэр бүлийн талаар сайн мэддэг хүмүүс ч Кембрижийн гүн Уильямаас өөр Уильям байсан гэдгийг одоо мартжээ. Их Британийн хэвлэлүүд Глосестерийн Уильямыг хүндэтгэж, британичууд түүнийг шүтдэг байлаа. Ханхүү Уильям сайхан төрсөн, ухаантай, хүнлэг, эрч хүчтэй, өөгүй хүн байсан гэдэг. Тэр гэр бүлээ хүндэтгэн дээдэлдэг ч эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу байжээ. Хатан хаан II Элизабетын хүү, ханхүү Чарльз ч нагац ах Уиллийгээ маш их хүндэлдэг байсан аж. Тэр хэдэн арван жилийн дараа анхны хүүхдэдээ түүний нэрийг өгсөн юм.
Тэр хорвоод мэндлэв!
Ханхүү Глосестерийн Уильям 1941 оны арванхоёрдугаар сарын 18-нд мэндэлжээ. Тэрээр VI Жорж хааны дүү Хенри болон хатагтай Алисагийн гэр бүлийн олон жил хүсэн хүлээсэн хүүхэд нь юм. Уилл Их Британийн хаан ширээг залгамжлах дөрөв дэх хүн тул хаан ширээнд суух магадлал багатай учир эцэг, эх нь түүний хүүхэд насыг энгийн байлгахаар хичээжээ. Гэхдээ тэд хүүгээ олны хэл амнаас хол байлгадаг байв. Тэд олон жил хүүхэд хүлээсэн тул Уильямыг төрсний дараа хязгааргүй их аз жаргалтай байжээ. Ханхүү хайр энэрэл дунд өсөж торнив. Хаан ширээ залгамжлах магадлал багатай тул Уиллийг хатан хааны гэр бүлийн анхаарлын төвөөс хол байлгажээ.
Гэвч Уильямын авга ах, Кентийн гүнгийн гэнэтийн үхлийн дараа ханхүүгийн хувь тавилан эрс өөрчлөгджээ. Австралид амбан захирагч, генерал байсан Кентийн гүнгийн оронд Уильямын аав Хенри уг албан тушаалд суух ёстой болж, тэдний гэр бүл 1944 онд өөр тив рүү нүүсэн байна. Гэхдээ Уильям Австралид ч хайр хүндлэлд умбажээ. Австраличууд Уильям болон түүний дүү Ричардыг хүндэлж, хайрладаг байв.
1947 онд ханхүүгийн гэр бүл Их Британид эргэн ирэхэд Виндзорт чухал үйл явдал хүлээж байлаа. Уг үйл явдал бол ирээдүйн хатан хааны хурим байв. 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд II Элизабет хошууч Филипп Маунтбеттентай гэрлэхэд ханхүү Уильямд энэхүү түүхэн ёслолд сүйт бүсгүйг дагалдан явах үүрэг ноогджээ.
Хайр татсан хүн
Уильям хатан хааны гэр бүлийнхний нэгэн адил өндөр боловсрол эзэмшсэн. Их сургуулийнхан нь түүний талаар “Тэр хэзээ ч хүмүүст зиндаархдаггүй, нийтийн дунд хэргэм зэргээ ашиглахыг боддоггүй байсан. Ханхүү хичээнгүй оюутан, найз нөхдөө хүндэлдэг залуу, адал явдалд дуртай нэгэн, үргэлж олны хайрыг татсан хүн байв” гэж дурсжээ.
Түүхийн багш Жайлс нь ярихдаа “Тэр маш ухаалаг залуу байсан. Үүнээс гадна тэр хатан хааны гэр бүлийн амьдралаасаа зугтдаг, хүсэл зорилгоосоо няцдаггүй хүн байсан” гэж ярьжээ.
Кембрижийн их сургуульд сурсныхаа дараа Уильям АНУ руу явахыг хүсжээ. Ханхүү АНУ-д бизнес, улс төрөөр суралцсан байна. Тэрээр Их Британийн хатан хааны гэр бүлээс Америкт боловсрол эзэмшсэн анхны хүн болсон юм.
Ханхүү Уильям англи бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан гайхалтай сайхан залуу, спортлог эр байв. Тэр цанаар гулгах дуртай, автомашины уралдаан сонирхдог, онгоцоор нисэх туйлын хүсэлтэй. Энэ нь ч бүсгүйчүүдийн дунд түүний нэр хүндийг өсгөжээ.
Нэгдүгээрт онгоц
Глосестерийн Уильям Их Британийн хатан хааны гэр бүлийн уламжлалт цэргийн карьераас татгалзаж, өөр чиглэлээр сурч, мөрөөддөг байснаараа олон газраар аялжээ. Гэвч хамгийн чухал нь онгоцоор нисэх байв. Хатан хааны ордны гадна түүний амьдрал, эрх чөлөө нь байжээ.
Ханхүү онгоцоор байнга нисдэг байв. Тухайлбал, 1967 онд тэрээр Нигерийн Лагос хотоос Японы Токио хүртэл онгоц жолоодож байв. Түүний замд багагүй сорилт тулгарчээ. Ханхүү сорилтуудыг амжилттай давж, онгоцоо Токиогийн нисэх буудалд газардуулсан гэдэг.
Хайраа олсон нь
Уильям шиг залуу олон бүсгүйн хайр сэтгэлийг булаасан нь гарцаагүй. Британи бүсгүйчүүдийн тэн хагас нь түүнтэй гэрлэхийг хүсдэг байжээ. Харин ханхүү алс холын Японоос хайраа олжээ. 27 настайдаа тэрээр нэгэн үдэшлэг дээр Зузи Старклофф нэртэй бүсгүйтэй танилцжээ. Унгар гаралтай модель бүсгүйг харангуутаа дурласан ханхүү зөвхөн түүнтэй л хамт байхыг хүсэж байв. Зузи бүсгүй хоёр удаа салсан, хүүхэдтэй, онгоцны үйлчлэгч хийдэг байжээ.
Тэд бүсгүйг завтай байх үед нь байнга хамт байдаг байжээ. Ханхүү 27 наснаасаа хамаагүй ухаантай, цэвэр ариун хүн байв. Ханхүү хоёр удаа салсан онгоцны үйлчлэгч бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай болсон тухай мэдээ Букингемийн ордонд хурдан хүрчээ. Эхнэр Уоллис Симпсоныхоо төлөө хаан ширээнээсээ буусан VIII Эдуард хааны явдал мартагдаагүй байсан Британи улсад ханхүү Уильямын явдал хатан хааны ордныг тойрсон бас нэгэн шуугиан болов. Уильям хаан болохгүй ч гэсэн хатан хааны гэр бүлийн хүн энгийн хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь шуугиан тарьжээ.
1969 онд хатан хаан Элизабетын дүү Маргарет гүнж Токиод бизнесийн хуралд оролцохоор ирсэн байна. Тэрбээр хатан хааны даалгавраар ханхүү Уильямын хайр сэтгэлийн холбоог “судлах” ёстой байв. Харамсалтай нь Маргарет үеэлийгээ ятгаж чадсангүй. Уильям удалгүй II Элизабетад өөрөө хандаж, Зузитай гэрлэхийг нь зөвшөөрөхийг гуйжээ. Хатан хаан Элизабет хариуд нь түүнд “Зүрх сэтгэлийнхээ дуудлагыг дагах хэрэгтэй. Гэхдээ хунтайж Филипп маш сэтгэл дундуур байна” гэж бичжээ.
Нэг талаас Уильям хатан хаанаас гэрлэх зөвшөөрлөө авсан байлаа. Нөгөө талаас энэ алхам нь түүнд маш үнэтэй тусахаар байв. Уильям гэр бүлээсээ урвасан байлаа. Тэр хүлээсэн үүргээсээ няцсан байв.
Дурлалт бүсгүй Зузи нь хожмоо “Түүний дотор тэмцэл явагдаж байгааг би мэдэж байсан. Гэхдээ би түүний намайг гэх хайр нь хүчтэйг мэддэг байсан. Иймээс ирээдүй рүүгээ итгэл найдвартайгаар харж байв. Би хэзээ ч түүнд шахалт үзүүлдэггүй байсан” гэж ярьжээ.
Зузи ч ухаалаг бүсгүй байсан учир Уильямд бодох хугацаа өгөөд Нью-Йорк руу нисжээ. Гэхдээ тэд захидлаар харилцаж, утсаар ярьсаар байв.
Аз жаргалгүй төгсгөл
1972 оны зун ханхүү Уильям Goodyear International Air Trophy онгоцны уралдаанд оролцжээ. Тэр Зузиг урьсан ч ажилтай байсан учир ирж чадаагүй аж. Тийнхүү дурлалт хосууд тэмцээний дараа Уильям шууд Нью-Йорк руу нисэх тасалбар авч, уулзалдахаар тохиролцсон байна.
Гэвч Уильям, Зузи нарт гэрлэх тавилан байсангүй. Ханхүү эмгэнэлтэйгээр нас барсан юм. 1972 оны наймдугаар сарын 28-нд Уильям онгоцоор тэнгэрт хөөрчээ. Гэвч гэнэт онгоцны жолоодлого алдагдаж, ханхүү хяналтаа алдан, онгоц доош унан дэлбэрчээ. 30 настай ханхүү газар дээрээ нас барсан юм.
Сүйт залуугийнх нь үхлийн талаар Зузид нэгэн сэтгүүлч Нью-Йорк руу залгаж дуулгажээ. Тэр цагаас хойш бүсгүй урт хугацаанд гашуудлын байдалтай байгаа аж. Тэр Уильямыг нас барсны дараа түүний философоор амьдрах болжээ. “Зүрх сэтгэлээ л дага” гэсэн түүний философи бүсгүйд гүн нөлөө үзүүлсэн байна.
Зузи “Уильям намайг нисэж эхлэхэд нөлөөлсөн” гэжээ. Ханхүүг нас барсны дараа Зузи нисгэгч болсноос гадна нислэгийн багш хийдэг болсон юм. Зузи өнөөг хүртэл ханхүүд үнэнч байдлаа хадгалдаг гэж хүмүүс ярьдаг.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан хүний гунигтай түүх байна, баярлалаа.\n
hezeenii ambasin uyiin yamarch uchirtai tuuhiin