Цагдаа нарыг иргэдтэй ХАГАРАЛДУУЛСАН ШИЙДВЭР

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас их хэмжээний хөрөнгө зарцуулж, утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн боловч өнөөдөр бид бодит үр дүн үзэлгүй, эрүүл мэндээрээ хохирч, эрхээ зөрчүүлсэн хэвээр байна.

Энэ хугацаанд улстөрчид, албан тушаалтнууд “утаа”-гаар бизнес хийж гаршсан гэхэд хилсдэхгүй. Тэд нийслэлийн агаарын бохирдлын гол шалтгааныг гэр хороололд амьдарч буй айл өрхүүд гэж тодорхойлоод, түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан.

Улмаар “Утаагүй түлш”-ний үйлдвэр байгуулж, сүүлийн хэдэн жил бидэн дээр “туршилт” хийж байна. “Туршилт” гэсний учир нь гурван жилийн өмнө хоногтоо л арав, арваараа хүмүүс угаартаж, нас барж байсныг одоо ч бид санаж буй. Гэтэл албаныхан энэ бүхний бурууг иргэдэд эргүүлэн тохож байлаа. Тэд айл бүрээр явж, яндангаа хөөл, зуухаа соль хэмээн стандарт, дүрэм журам ярьсаар “Утаагүй түлш”-ээ цэвэрхэн авч гарсан байдаг.

Тэгвэл энэ өвөл утаа эрс нэмэгдсэн шалтгааныг мөн л иргэд рүү чиглүүлж, бүр салбарын сайд нь хүртэл айл, өрхүүд сайжруулсан түлш түлэхгүй байгаад асуудал байна гэж тогтоон, гэр хорооллын айлууд түлшиндээ юу хэрэглэж байгааг тандаж мэдэх, хэрэв сайжруулсан түлшнээс бусад буюу түүхий нүүрс түлшиндээ хэрэглэж байвал эргээд хариуцлага тооцно гэж мэдээлсэн.

Сүүлийн өдрүүдэд энэ ажилд цагдаагийн алба хаагч нарыг дайчилж, айл өрхүүдээр явж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлж эхэллээ. 

Түүнчлэн цагдаагийн алба хаагч айлуудаар явж, шалгалт хийж байгаа нь хууль сахиулагчид өөрсдөө хууль тогтоомжоо илтэд зөрчиж буй хэрэг хэмээн тодорхойлж байна.

Тэгвэл энэ ажлыг хэрхэн, хаанаас зохион байгуулж байгаа талаар БОАЖ-ийн яамнаас тодруулах гэсэн боловч шинэ сайд Б.Бат-Эрдэнэ "Ажлаа аваад удаагүй учраас хэвлэлийн төлөөлөгчгүй байгаа, энэ асуудлаар тайлбар өгөх хүн одоогоор байхгүй" гэдэг хариу өгсөн юм.

Харин цагдаагийн албаны эх сурвалжаас дээрх ажлын тухай тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Ерөнхийдөө цагдаагийн алба хаагчид дээрээс өгсөн үүрэг даалгаварын дагуу ажиллаж байна” гэдэг мэдээллийг өгч байна.

Нэг талаас Монгол улсын Засгийн газраас өгсөн үүргийн дагуу цагдаагийн алба хаагчид айлын хаалга нүдэн, зөвшөөрөлгүй нэвтэрч, шалгалт хийж байгаа ч нөгөө талаас нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид айлын тогоо шанага, үнс нурамтай зууралдаж явах гэж тангараг өргөөгүй байлтай.

Нохойд барьдаг мод гэдэг шиг, цагдаагийн алба хаагчдыг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгт хамаарахгүй ажилд татан оролцуулж, иргэдтэй хагаралдуулж байгаа нь цагдаагийн байгууллага, албаны нэр хүндийг унагаж байгаатай алба хаагчид ч санал нэгдэж байна.

Түүнчлэн үндсэн чиг үүргээсээ өөр ажилд дайчлагдсан цагдаа нарын ажлын ачаалал нэмэгдэж, албаны хүн хүч хомсдож, төр иргэдийн амгалан, аюулгүй байдлын төлөө хүүлиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамдын удирдлагууд анхааралдаа авч, дээрх шийдвэрээ эргэн харж, хуульд нийцэх үйл ажиллагаа явуулах нь зөв биз ээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
зочин (192.82.68.187) 2022 оны 01 сарын 24

Иргэн гуай цагдаа нар үндсэн ажлаа хийхгүй байгаа юм биш .Засгийн газар нь том том дарга нар нь үндсэн ажил ,чиг үүргийг нь алдагдуулаад бна гэсэн байгаа биз дээ. Ойлгож унших гээд оролд.

0  |  0
Иргэн(103.10.21.236) 2022 оны 01 сарын 24

Цагдаа нар үндсэн ажлаа хийнэ үү айл нэгжих нь та нарын ажил биш

1  |  1
Top