Индонез 21 хоногийн хугацаанд эрчим хүчний нүүрсний экспортоо зогсоосон билээ. Хэдийгээр тус улс нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлж эхэлсэн ч Австрали, Индонезид бороо үргэлжлэн орсоор байгаа тул нүүрсний үнэ дахин өсөхөөр байгааг ажиглагчид онцолж байна.
“S&P Global Platts Analytics”-ийн тээвэр хариуцсан менежер Мэттью Бойл "Гол эрсдэл нь спот үнэ. Одоо нэлээд өндөр байгаа тул ханш нь дахин өсвөл импортын эрэлт буурах магадлалтай" гэжээ.
Дотоодын нөөц багассан гэх шалтгаанаар Индонези улс нэгдүгээр сард нүүрсний экспортдоо хориг тавьсан билээ. Харин нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 139 аж ахуйн нэгжид жилийн үйлдвэрлэлийнхээ 25 хувийг хямд үнээр дотооддоо нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьж хоригоо зөөллөсөн. "Хэдийгээр Индонез нүүрсний экспортын хоригоо цуцалсан ч хоёрдугаар сард нүүрсний үнэ өсөх болно. Учир нь аадар борооны улмаас Индонезийн нийлүүлэлт төдийлөн өсөхгүй" гэж “Platts Analytics” нэгдүгээр сарын 18-ны тайландаа дурджээ.
ХЯТАДЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Индонезийн уурхайчид Хятадын боомт, инженерийн шугам сүлжээн дэх овоолгын нөөц шавхагдаж байгааг дурджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Чинхуандао дахь овоолгын хэмжээ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд 4.77 сая тонн байсан бол нэгдүгээр сарын 20-ны байдлаар 4.10 сая тонн болж буурсан байна.
Гэхдээ дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгчийн арванхоёрдугаар сарын олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 9.34 хувиар нэмэгдэж, 384.67 сая тоннд хүрсэн талаар Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлсэн билээ.
Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хомсдол үүссэний улмаас эдийн засагт нь ноцтой хямрал бий болсон. Хямралаас яаралтай гарахын тулд эрх баригчид дотоодын нүүрс олборлогчдод бүрэн хүчин чадлаараа ажиллах үүрэг өгсөн билээ. 2021 онд эдийн засаг сэргэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм. Тухайлбал, АНУ, Европын холбоо 2020 онтой харьцуулахад 20 хувиар илүү эрчим хүчийг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. Үүний багагүй хувийг нүүрснээс гаргасан эрчим хүч эзэлж байгаа.
ХАМГИЙН ИХ АШИГ ХҮРТСЭН НЬ АВСТРАЛИ
Худалдан авагчид Индонезийн оронд Австралийн нүүрсийг худалдан авч эхэлсэн билээ. Үүнээс үүдэж Австрали хамгийн их ашиг хүртсэн байна. Гэсэн хэдий ч цаг агаарын нөхцөл байдал, Омикрон хувилбарын тархалт зэрэг нь цаашид Автралийн нийлүүлэлтийг удаашруулахаар байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австралийн 5500 ккал/кг илчлэгтэй нүүрсний үнэ 23 хувиар өсөж, 99.577 ам.долларт хүрсэн байна. Харин арванхоёрдугаар сарын 31-нд 103.5 ам.доллар, нэгдүгээр сарын 19-нд 136.05 ам.доллар болж өсжээ.
Гэхдээ Австралийн нүүрсний спот үнэ цаашид өсөхгүй гэж “Platts Analytics”-ийн судлаачид үзэж байна. Одоогоор Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1 хувиар өсөж тонн тутамдаа 2227 юань буюу 363 ам.долларт хүрээд байна.
Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ. Тус бирж дээр лхагва гарагт 62 хувийн агуулгатай төмрийн баяжмалын ханш 129 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үед тонн нь 85 ам.долларт хүрч буураад байсан төмрийн хүдрийн ханш ийнхүү тасралтгүй өссөөр одоогийн түвшинд очоод байгаа юм. Түүнчлэн төмрийн хүдрийн гол нийлүүлэгч улс болох Бразилд хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсын зүүн өмнөд хэсгийн уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосноор үнэ өсөх бас нэгэн хүчин зүйл боллоо. Бразил улсын холбогдох албаныхан уурхайнуудын хаягдлын далангийн аюулгүй байдлыг хянах ажлыг зохион байгуулж буй ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )