Нийгэмд гэр бүлийн боловсрол хамгийн чухал гэдгийг сэтгэл судлаачид онцолдог. Ялангуяа эцэг, эхчүүдийн харилцаа хандлага, хүмүүжлээс шалтгаалж үр хүүхэд тань ямар хүн болох вэ гэдэг нь харагддаг. Аав, ээжтэйгээ үл ойлголцох, үүсээд буй асуудал юунаас болдог талаар болон эцэг, эхчүүдийн насны онцлог, шилжилтийн үед хэрхэн харьцах талаар сэтгэл зүйч Б.Сайнзаятай ярилцлаа
-Монголчууд эцэг эхээ бурханчлан шүтэж асарч тэтгэдэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед нийгэмд ээж ааваа үл хайхрах, үл хүндлэх зэрэг үйлдэл их гарах боллоо. Ер нь эх үр, эцэг үрийн харилцаа ямар байх ёстой вэ?
-Эцэг эхчүүдийн өнөөдөр үр хүүхэдтэйгээ харьцаж байгаа харьцаа нь ирээдүйд өөрсөдтэй нь харьцах үлгэр болж өгдөг. Үр хүүхдээ эцэг эхтэйгээ үл хүндлэх, үл хайхрах харилцаа үүсгээд байгаа нь та хүүхдээ багад нь үл хүндэлж, үл хайхарсны тусгал юм.
Нийгэмд том хүн ба хүүхэд гэсэн заагтай харилцаа байгаад байдаг. “Жаахан юм байж том хүний өөдөөс юм хэллээ, юм дуугарах эрх байхгүй, чи хүүхэд учраас миний үгэнд орох ёстой” гэж үглэдэг. Энэ бүхнээс шалтгаалж хүүхдэд мэдэрч байгаа зүйлээ илэрхийлэхийн тулд хурдхан том болох ёстой юм байна гэсэн бодол төрдөг. Гэтэл том болох явцдаа тэр бодлууд нь хуримтлагдсаар байгаад сэтгэлийн сав нь хэлж чадаагүй гомдлоор дүүрчихсэн байдаг.
Магадгүй үүнийгээ хэлж чадахгүй явсаар байгаад нэг л өдөр маш их бухимдалтай, ууртай ширүүн байдлаар асгаад эхэлдэг. Энэ үед эцэг, эхчүүд хүүхэд маань гэнэт өөрчлөгдчихлөө, эвдэрчихлээ” гэж хүлээж аваад байдаг. Хүүхдээ “Чи том болоод тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр их том дуугардаг болжээ” гэж загнаад үл ойлголцол үүсдэг. Тиймээс хүүхэдтэйгээ цаг тухайд нь ярилцаж ойлголцож сэтгэлийн савыг нь гомдлоор биш хайраар дүүргэж амьдрах хэрэгтэй.
-Ээжүүд өөрийнхөө ямар үг, үйлдлийг хянаж явах ёстой вэ. Үр хүүхэдтэйгээ зөрчил үүсгэдэг уг шалтгааныг сэтгэл зүйн үүднээс тайлбарлавал ?
-Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ээжийн тухай тодорхойлолт олон байдгаас хамгийн түгээмэл ажиглагддаг, ялангуяа Монголд хамгийн их ажиглагдаж байгаа хэлбэр нь “Хортой ээж буюу хүчирхийлэгч ээж”-үүд /toxic mother/ олон болж байна. Энэ төрлийн ээжийн шинж нь нэгдүгээрт, хүүхдээ өөрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдлаа дээрдүүлэхийн тулд, ганцаардахгүйн тулд, эсвэл нөхрөө авч үлдэхийн тулд хэрэгсэл болгож төрүүлсэн байдаг. Ийм ээжүүд эх хүн байх, ээж хүн байх үүрэг хариуцлагыг хүлээх чадваргүй.
Тиймдээ ч нийгэмд үр хүүхдэдээ хаягдчихсан өрөвдөлтэй ээжийн дүртэй үлддэг. Энэ дүрийг хараад хүмүүс хараад хөөрхийлж, үр хүүхдийнхээ төлөө чадлаараа зүтгэж байгаа “мундаг ээж” гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлдэг. “Мундаг ээж”-үүд хүмүүсийн дунд өөрийгөө “сайн ээж” гэсэн итгэлийг олж авдаг учраас би хамгийн шилдэг ээж гэж зөвтгөж бодно шүү дээ. Мөн миний хүчинд хүүхэд минь өдий зэрэгтэй байгаа гэх зэрэг төөрөгдөлтэй бодолдоо итгэж эхэлнэ.
Энэ төөрөгдөл нь яван явсаар хүүхдээ өөрөөсөө түлхэх, хүүхдээ өөрөөсөө зугтаах байдлыг үүсгэдэг. Ийм ээжүүд хүүхдэдээ сэтгэл хөдлөлийнхөө хамгийн муухай хэсгийг хуваалцдаг, хүүхдийнхээ санаа бодлыг үл хайхардаг, байнга хүүхдээ сэтгэл зүйн “мишок” болгож стресс тайлах хэрэгсэл болгож ашигладаг. Тэд хүүхдээ өөрийнхөө хамаг зовлон зүдгүүрээ хуваалцах шаардлага тулгадаг. Ийм ээжтэй хүүхдүүд маш их стресс бухимдалтай, том болоод сэтгэл зүйн хямралтай, хүйтэн хөндий хахир хатуу хүн болж хүмүүждэг.
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ үргэлж сэтгэл дундуур байх, доогуур үнэлэх, бусдын хүүхэдтэй жиших зэрэг нь хэр зөв бол. Энэ нь тэдний дунд үл ойлголцол, хана үүсгэдэг болов уу?
-Дутуу дулимагийн мэдрэмж гэдэг хүнийг насан туршид нь юуг ч үл үнэлэх, хэний ч хичээл зүтгэлийг үл хүндэтгэх эмгэгийг үүсгэдэг. Бүх юм сэтгэлд нь нийцдэггүй, таалагддагүй, юунаас ч бүрэн бүтэн сэтгэл ханамж авдаггүй. Эцэг эхийн хайрын хамгийн чухал нь зөв хэлбэрээр магтаал урамшуулал өгөх байдаг. Магтаалд учир бий. Буруу магтсан хүүхэд хүний үгнээс өө хайдаг, үг дааж сураагүй байдаг.
Аав, ээжүүд хүүхдээ “Чи ингэчих л юм бол сайхан амьдарна” гэж нэг юманд хүргэх гээд л шахаж шаардаад байдаг. “Амьд байгаа утга учир нь ямар нэг байдлаар хүнд таалагдах зорилготой, хүнд муугаа үзүүлэхгүй байх хүсэлтэй, хэн нэгнээс дутаж хүний дор орж болохгүй” гэсэн үзэл санааг хүүхдийнхээ сэтгэхүйд чихэж оруулах гэж оролддог.
Энэ байдал нь хүүхдээ өөрөөсөө түлхэхэд хүргэдэг. Эцэг эх нь байнгын сэтгэл дундуур байдаг, хүүхдэдээ итгэдэггүй, дандаа шүүмжилдэг, бусадтай харьцуулдаг хүүхэд өөртөө итгэдэггүй, аав ээждээ итгэдэггүй хүн болж төлөвшдөг. Тиймдээ ч хэн хаана өөрийг нь дээгүүр үнэлж, өөрт нь тустай байна тэр хүнд татагддаг.
Тийм учраас цаг тухай бүрд нь хүүхдийнхээ бодит үнэлэмжийг харуулж мэдрүүлж байхгүй бол хүүхдүүд тань эргээд танд байнга сэтгэл дундуур байдаг болчихдог. Аав, ээждээ үргэлж гомдоллож байдаг, бусдад муучилдаг, бусдын эцэг эхтэй жишдэг болдог. Эцэг эхийн хүчирхийлэл дунд сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхэд өөртөө итгэлгүй, байр сууриа эзлэх чадваргүй, нийгэмд хаашаа ч холбирох шинжтэй, зорилго чиглэл нь тодорхойгүй байдаг. Мөн гэр бүлд нь дахин давтан хүчирхийлэл үйлдэгддэг байсан бол хүүхэд нь тэвчишгүй зан авир гаргаж өөрөө хүчирхийлэгч болон өсдөг.
-Ээж аавууд үр хүүхдийнхээ төлөө л хөдөлмөрлөж хичээдэг шүү дээ. Тэр их хичээл зүтгэлийг нь ойлгоосой, сайн хүн болоосой гэсэндээ хэдэн үг хэлдэг байх. Энэ нь хүүхдээ ялласан юм шиг, барьцаалсан юм шиг байдалд орчихоод байна уу даа?
-Таны хүүхэд намайг төрүүлээд өгөөч гэж гуйгаагүй, таны л хийсэн сонголт. Та гаргасан шийдвэртээ эзэн болж үүрэг хариуцлагаа хүлээх л ёстой болохоос хүүхэд чинь хүлээх ёсгүй. Нөгөө талдаа хийж өгсөн зүйлийнх нь үр шимийг огт мэдрэхгүй, хүндлэхгүй байгаа хүүхдүүд байдаг л даа. Тэгэхээр эцэг, эх нь өөрөө ажлаа ял, шийтгэл гэж боддогоос энэ байдал үүсдэг. Ажлаасаа ядарсан, уруу царайлсан, зүдэрсэн, зовсон дүртэй орж ирээд л энэ бүхнээ хэн нэгний төлөө явж байгаа мэтээр ярьдаг байдалд хүүхэд маш дургүй ханддаг.
Тэрний оронд хүүхдээ ажил дээрээ нэг өдөр аваачаад үзүүлчих хэрэгтэй. Ажил хийхийн сайхныг болон асуудалтайг яллаж, дарамталсан маягаар биш энгийн байдлаар ойлгуулж ярилцах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ ажил хөдөлмөр ба, амьдралаа авч явах үнэ цэнийн талаар дадлага суулгах нь чухал. Хүүхдээ хичээл номоо сайн хийж, гэрийн ажлаа сайн хийснээр урам зориг нь нэмэгддэг, урамшуулал нь ирдэг, нийгмийн боломж нь гарч ирдэг гэдгийг мэдрүүл.
-Ер нь 50-60 насныханд насны шилжилт сэтгэл зүйн талаасаа явагддаг уу. Энэ үед ямар өөрчлөлт илэрдэг вэ?
-Цэвэршилтийн үеийн хямрал 40-55 нас хүртэл явагддаг. Энэ насыг залгуулаад тэтгэвэрт гарах үе буюу өндөр настанд тооцогдож буй шилжилтийн үе явагддаг. Насны онцлогийн хямрал нь өөрийнх нь туулсан амьдралаас урган гарч байдаг. Энэ хямрал нь ганц бие ээжүүд, амьдралын төлөө өөрийгөө хэтэрхий их золиосолж явдаг рефлекстэй хүмүүс, өөрийнх нь хүсээд байгаа зүйлс биелэх боломжгүй байгаа хүмүүст голдуу илэрдэг.
Ийм хүмүүс итгэл үнэмшил нь бодит бус хийсвэр байдаг бөгөөд өөрийнх нь бодол санааг эсэргүүцсэн тохиолдолд маш их уурлаж бухимддаг. “Би бүх зүйлд хичээж байхад яагаад” гэх зэргээр “Би” гэсэн төвтэй байдаг. Тэд “50 хүртэл хичээсэн юм чинь одоо л жаргана” гэсэн бодолтой явж байтал байдал эсрэгээр байхаар ухамсрын түвшиндөө хүлээж авч чаддаггүй. Тиймээс анхнаасаа зөв итгэл үнэмшилтэй байвал өтөл насны хямрал тохиолддоггүй. Энэ хямралыг нь эцэг, эхдээ бага багаар өөрт нь ойлгуулж, хайрлаж энэрч, хүүхэдтэйгээ яаж харилцахыг эв зүйгээр зааж сургаарай.
-Хүүхдээ өөрийнхөөрөө байлгах гэсэн, хянаж цагдах гэсэн, амьдралд нь мөнхийн оролцдог эцэг эхчүүд олон байх шиг. Энэ зан араншинг засах өөрчлөх арга байдаг уу?
-Ийм зан төлөвийг хүүхдээ миний нэг хэсэг гэдэг өмчилсөн харилцаагаар харилцдаг, хүүхэд нь хэт хүлцэнгүйгээр даган биелүүлдэг тийм төрлийн аав ээжүүд гаргадаг. Нөгөө талдаа өөрийнх нь амьдралд хэн ч оролцож байгаагүй, маш их ганцаарддаг байсан хүмүүс “Би чамгүйгээр, чи надгүйгээр яах юм бэ” гэсэн хандлагатай, маш зальтай, өрөвдүүлсэн шинжтэй харилцаа байдаг. Ийм төрлийн хүмүүс “Ээж нь айлын ганц хүүхэд, чамаас өөр хэн намайг гэх вэ дээ” гэж хүүхдийнхээ сэтгэлийн нуруун дээр өөрийгөө тохож эхэлдэг.
Хосын харилцааг туулаагүй аав, ээжүүд хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд хошуу дүрэхээ болих хэрэгтэй. Бэрдээ, хүргэндээ “тэг ингэ” гэж заах бодит туршлага танд байхгүй. Ийм байдалд орсон хүүхдүүд аав юм уу ээжтэйгээ ярилцах хэрэгтэй. Ялангуяа аав нар бишүүрхүү, дотогшоо учир дотоод сэтгэлээ нээхгүй хуримтлуулаад л яваад байдаг шүү дээ. Архи дарс уусан үедээ ч юм уу сэтгэлийнхээ гомдол, бухимдал, гуниг харуусал хамаг юмаа асгах гээд байдаг.
Аавтайгаа хоолонд урих, хамт кино үзэх, ууланд хамт гарах, аялалд гарах зэргээр таваас дээш удаа уулзах хэрэгтэй. Энэ үед аав нар хүүхэдтэйгээ бага багаар ээнэгшин дасаж, ярилцаж эхэлдэг. Хамаг сэтгэлээ уудалсных нь дараа аавдаа бага насандаа гомдож байсан, үл ойлголцсон дурсамжаа яриад сэтгэлээ онгойлгох хэрэгтэй. Хэрэв аав, ээж тань огт ярилцах дургүй хана үүсгээд байгаа бол эцэг эхээ сэтгэл зүйчтэй уулзуулж ярилцах тухайд ятгах үнэмшүүлэх хэрэгтэй.
-Орчин үед хүмүүс хувийн орон зай гэж их ярьдаг болсон. Үүн дээр ялангуяа залуус маш эмзэг ханддаг?
-Орчин үед хувийн орон зай гэдэг зүйл маш чухал болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн орон зайд халдахгүй байх үндсэн гурван дүрэм бий. Үүний нэг нь хувийн эд зүйлд нь зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Ялангуяа хүүхдийн өрөөнд, шүүгээнд, гоо сайхны зүйлд, номын санд, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг багтана. Мөн цүнхийг нь дураараа ухаж болохгүй. Хэрэв өөрийнх нь амины эд зүйлийг хэрэглэх гэж байгаа бол заавал “болох уу” гэж асуу.
Ялангуяа өмнө нь олон хүүхэдтэй айлын хүүхдүүд, гэртээ дураараа байгаад сурчихсан хүмүүс бэр, хүргэндээ маш их хүндрэлийг учруулж байдаг. Ийм үед аав ээждээ зарим зүйлд буулт хийх, хүлээцтэй хандах хэрэг гардаг бол зарим тохиолдол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд ойлголцоод явчих нь амар байдаг. Ингэхдээ өнгөрснийг ялласан буруутгасан өнгө аястай биш учирласан, тайлбарласан, уудалсан өнгөөр яриарай.
Сэтгэл дотроо эцэг эхээ уучлах арга гэж бий. Харахаар л таагүй мэдрэмж, дурсамж сөхөгддөг тийм төрлийн хүмүүсээ уучилж өршөөх төрлийн сэтгэл заслыг суралцаарай. Хүн өөртөө гомдол тээгээд яваад байна гэдэг дотроо бул хар чулуу үүрээд яваад байгаатай адилхан. Тэрийг үүрээд яваад байхаар хүн амжилтанд хүрч, ахиж дэвшиж чаддаггүй юм.
-Мөн эцэг эхчүүд хүүхдээсээ ачлал нэхээд залуу хүний өсөж дэвжих, хүнтэй суух, амьдрал зохиох цаг боломжийг олгодоггүй аав ээжүүд байдаг. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Эцэг эхийн зүгээс ач хариулах, ачлал нэхэх, хийсэн зориулсан зүйлийнхээ үр шимийг хүртэхийг хамгийн ихээр хүсдэг. Энэ бүхнийг хүртэж чадахгүй байгаагаасаа болоод нийгэмд сөрөг турхирал үүсгэх, гомдлоо нийгэмд цацах хандлагатай болдог. Энэ нь “Одооны хүүхдүүд” гээд л шүүмжлэлээр эхэлдэг. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд таныг 70, 80 нас хүрэхэд хэн дэргэд чинь байх вэ гэдгийг л маш сайн санах хэрэгтэй.
Хэрэв одоо та 50, 60 настай бол, хөл гар чинь хөдөлж байгаа бол хүүхдийнхээ төлөө биш өөрийнхөө төлөө амьдар. Анхнаасаа хүүхдийнхээ л төлөө амьд байгаа юм шиг ойлголтыг өөртөө бүү өг. Өөрөө өөрийгөө цаг тухай бүрдээ өнөөдөр байгаагаараа л хайрлаж сур. Хэн нэгнээс ямар нэгэн өглөг, авлага нэхэх шаардлага байхгүй. Хүүхэд чинь таны насан дээр аав ээж минь ямар зүтгэснийх тэртэй тэргүй өөрийн биеэрээ мэдрэх тул та одоо мэдрүүлэх гээд үглэж дуулаад хэрэггүй.
Нас биед хүрсэн биеэ даачихсан хүүхдэдээ битгий мөнгө өг. Хүүхдэдээ мөнгөнөөс илүү гэр бүлийн боловсрол олго. Дээрх баялгийг хүүхдэдээ багаас нь өгөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд “хортой” аав, ээжүүдтэй хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлоо зоригтой шууд хэлж сурах хэрэгтэй. Хэрэлдээд ч болтугай илэрхийл. Аман харилцаагаар ойлгохгүй бол захидал бичих, бичлэг хийгээд явуулж болно. Юу ч гэж хэлээд ойлгохгүй байгаа аав, ээжээсээ зайгаа барь. “Ураг садны хол нь дээр” гэж үг дэмий ч гараагүй.
Аав, ээжээсээ авсан бага насны сэтгэл зүйн гэмтлээ эрүүлжүүлж, хэн ч чиний таагүй дурсамжийг сөхсөн өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор өөрийгөө хамгаалж чаддаг болох хэрэгтэй. Бид эцэг эхийнхээ үнэлж баршгүй хайраар хүн болсон. Үүнийг ямар ч эд мөнгөөр хариулж барахгүй. Хүний сэтгэлийг, хайрыг, үнсэлтийг, тэврэлтийг, магтаал урамшууллыг, хүндлэл дотнослыг илэрхийлэх сэтгэл хөдлөлийн нарийн торгон ухааныг аав ээждээ гаргаад байвал жижигхэн зүйлд ч баярлах хүмүүс шүү дээ.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Онлайнаар зөвлөгөө өгж байгаа хүмүүс цагаа барина гэж ёстой байхгүй юмааа. \nТөлбөрөө авах болохоор түрүүлээд авчихна….\n2цагын төлбөр төлчөөд \n20-30минут хүлээнэ. 10мин шалтаг сонсоно. Тэгээд 1:16мин ярьчаад за даалгавар өгий. \n72цагын дараа заавал холбогдоорой….\nДараагийн хүнтэй ярих болчлоо гэхийн…….. \n\nТэгээд 72 цагын дараа холбогдох гэхээр таг болоод мессэждээ ч хариу өгөхгүймаа. \nБараг 21 хонолоо хүлээгээд….. \n\nИнгэн ингэн зөвлөгөө өгмөөргүй байнаа. Надаас илүү хүнд сэтгэл зүйн гэмтэлтэй хүн байсан бол яана. \nҮнэхээр хариуцлагагүй юмааа. \n \nНээх сүртэй ТВ, сайтаар лаг лаг юм яриад лаг лаг
Ер нь бол үнэн шүү дээ. Хорвоогийн жамаар өөрсдөө хүсээд хүүхэд төрүүлж гаргачихаад том болохоор нь бид чамайг төүүлсэн ,өсгөсөн ,тэжээсэн одоо чи биднийг асарч ,халамжлах ,бидний хэлснээр байх ёстой гэж дарамтлаад л ,өр нэхээд л байж байдаг аав ээжүүд ухаарч бодох л асуудал.
Mongold humuus het eej aav gej duu shulgende oruulj shuteen bolgodog. Gadnii orond bol tegdeggui. Toruulsen l yum chini osgoh ni uureg ni shiude.
Энэ нэг эрүүл галзуу 2 ын хоорондох эргүү мал чинь өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана гэгчээр эжийтэйгээ үр хүүхдүүдийг нь алалцуулах санаачлага гаргаад байгаа юмуу хайшаа юм.ЭЖИЙГЭЭ ҮЗЭН ЯДСАН ХҮҮР ЮМААДАА ЭРГҮҮ МАЛ
Энд авах юм их байна. Гэхдээ жаахан монгол ахуй руу оруулж ярьмаар санагдлаа. Монгол ахуй, стандарт гэж бий. Нэг их гайхуулмаар биш ч өөрийн онцлогтой, анзаарч үзэхээс өөр аргагүй нийгмийн харилцаа бий. Бид материаллагийн хувьд дэвшсэн ч сэтгэл зүй, зан суртахуунаараа энэ намаг балчигтаа үлдсэн. Энэ бол шинэ машин эсвэл байр авах төдийд өөрчлөгдчихдөг зүйл биш. Үүнд төлөвшлийн хугацаа хэрэгтэй. Бас өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй байх чухал.
Bavuul aytaihan um uu
Энэ л байхгүй юу, Монголчууд харах өнцөг, сэтгэлгээгээ өөрчилөх хэрэгтэй. Энэ эмэгтэй Орос, Монголд сураагүй барууны оронд сурсан номын дуу сонсон хүн гэдэгмнь илт бна.
Yostoi mundag setgel sudlaacn bnaa
Энэ үзэгдэл бол БИДНИЙ амьдарч байгаа нийгэмийн гаж үзэгдэл шүү дээ , Үүнийг яаж засаж залруулах вэ , гэдгийг л бодож боловсруулах ёстой ...